Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/1071/З |
Дугаар | 128/ШШ2023/0223 |
Огноо | 2023-03-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2023/0223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Д
Хариуцагч: С
Гуравдагч этгээд: Б.Б нарын хооронд үүссэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Б.Б, Х.Мд газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Д.Д нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Снд хандан газар эзэмших тухай хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгойн зусланд байрлах 342 м.кв газрын кадастрын зургийг хавсаргажээ.[1]
2.2. Сны 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 17/904 дүгээр албан бичгээр хүсэлт гаргасан байршил нь бусдын эзэмшиж буй газартай давхцалтай тул шүүхэд хандах тухай хариуг Д.Дд өгсөн.[2]
2.3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжийг[3] үндэслэн С.Б*******ад Сүхбаатар дүүрэг, майхан толгойд зуслангийн зориулалтаар 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгож, ******* дугаар гэрчилгээ олгож[4], 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч О.Ц тус газрыг хүү Б.Бт өвлүүлэхээр 0009 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь газрын хувийн хэрэгт авагдсан байна.[5]
2.4. Улмаар Б.Б нь Снд газар эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжаар шилжүүлсэн.[6]
2.5. Харин Х.М нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших тухай хүсэлт гаргаж[7] Сүхбаатар дүүргийн 2012 оны Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмших эрхийг баталгаажуулах тухай 216 дугаар захирамжаар Майхан толгойд зуслангийн зориулалтаар 441 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн 2019 оны 06 дугаар сарын 21-ний А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж шийдвэрлэжээ.[8]
2.6. Дээрх захирамжийг үндэслэн Снаас Х.Мд 441 м.кв газрыг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 000060579 дүгээр гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, кадастрын зургийг баталгаажуулсан байна.[9]
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс “... 1998, 2000 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч, 2020 онд албан ёсоор газар эзэмших хүсэлт гаргасан байхад, тухайн газраа оршин суудаггүй иргэдэд давхцуулан газар олгосон нь амьдарч байсан газраа өөрийн нэр дээр авах эрхийг зөрчсөн ...” гэх зэргээр маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс “... бусдын эзэмшиж буй газартай давхцалтай тул Д.Дгээс 2020, 2021 онд гаргасан өргөдлийг шийдвэрлэх боломжгүй, Д.Дг газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө 2006 болон 2012 онд дүүргийн Засаг дарга өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд бусдад газар эзэмшүүлсэн” гэж тайлбарлаж байна.
2.8. Гуравдагч этгээд Б.Бын зүгээс “... 2006 онд газар эзэмшихэд тухайн газар нь хоосон, бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан, 2021 онд өв залгамжлалын журмаар шилжүүлэн авснаар гэрчилгээ авч, газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулсан, ...харин Д.Д нь газар эзэмшигч биш, газрыг зөвхөн гэрээ, гэрчилгээний дагуу эзэмших боломжтой тул нэхэмжлэл нь үндэслэлгүй ...” гэх зэргээр тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Дийн Д миний бие өөрийн эзэмшлийн СБД-ийн 19-р хороо Майхан толгой-2 зуслангийн газраа бусдад хууль бусаар алдсан тухай тус дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргад өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлийн хариу нь "маны эзэмшлийн газар өөр хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байгаа тул шүүхийн байгууллагад хандана уу" гэсэн утга бүхий хариу өгсөн бөгөөд уг хариуг эс зөвшөөрч дараах агуулгаар нэхэмжлэл гаргаж байна. Д.Д миний эцэг, эх болох Т.Д, Я.Д нар нь тус дүүргийн 19-р хороо Майхан толгой 2 зусланд тухайн үеийн засаг захиргаанаас зөвшөөрөл авч 1998 оноос хашаагаа хатган байшингаа барьж зусланд гарч байгаад насан өөд болсон байдаг. Миний Дийг амьд сэрүүн байх үеэс би өөрийн нөхөр, хүүхдүүдийн хамтаар 2000 оноос эхлэн жил бүр тус зусланд гарч тасралтгүй 22 жил амьдарч байгаад өөрийн эзэмшлийн газраа хууль ёсоор өөрийн нэр дээр бүртгүүлэн авахаар 2020 оны 05-р сарын 11-ний өдөр холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн өргөдлийн хамт тус дүүргийн газрын албанд гаргасан юм. Тухайн үед тус дүүргийн 19-р хороо Майхан толгой 2 зуслангийн газрыг хариуцаж байсан газар зохион байгуулагч н.Э /утас *******, 310762/ гэгч залуу "Танай газрын тал хэсгийг Сгийн Б******* гэдэг хүн 2006 онд өөрийн нэр дээр)) Засаг даргын захирамж гаргуулан авсан байна, мөн Хын М гэдэг залуу танай газрын тал хэсгийг 2012 онд Засаг даргын захирамж гаргуулан өөрийн нэр дээрээ тус тус гаргуулан авсан байна" гэж надад хэлсэн. Ингээд яагаад ийм юм болдог билээ, тийм байх ёсгүй "бид энэ газраа хашаалан авч байшин барин 1998 оноос хойш /ээж, аав амьдарч эхэлсэн үеэс/ тасралтгүй 24 жил амьдарч байхад яагаад эдгээр хүмүүс хууль бусаар бидний газрыг ингэж авсан байдаг билээ" гэж асуухад Э байцаагч "Та өргөдлөө өгчихөө бид шалгаж үзээд хариу өгнө тэгэхээр нь шүүхээр явж шийдүүлээрэй" гэж хэлээд шалгасан ч зүйл байхгүй, миний гаргасан өргөдөлд нэг ч удаа албан ёсны хариу өгөөгүй бөгөөд удаа дараа, маш олон удаа биечлэн очиж мөн утсаар асуухад "Ковид-19 цар тахлын с хатуу хөл хориотой байна, удахгүй өгнө, амралттай байна, гадуур ажилтай байна гэх мэт зүйл ярьсаар бүтэн жил өнгөрөөсөн. Ингээд 2021 дахин газрын албанд очиход и.Ч******* гэдэг байцаагч томилогдсон байсан ба болсон учир байдлыг тайлбарлан асуухад өөрийн даргаасаа зөвшөөрөл авч, даременка отсон үүргийн Ранай горыг хууль бусаар оруулийн хур материалуудыг архивласан бидэнд гаргаж бөгөөд " Танай газрыг ийм хүмүүс өөрсдийн нэр стру шилжүүлэн авсан байна. Таны омно эссон өргөдөл байхгүй байна та дахиво орхоолоо бичээд ир, бид асуудлыг чинь шийдэж өгье, албан ёсоор хариу вле" гэж хэлсний ялгуу дахин бичиг баримтаа бүрдүүлэн өргөдлийн хамт 2021 оны 06-р сарын 14-ний өдөр газар зохион байгуулалтын албанд өгсөн. Түүнээс хойш удаа маш олон удаа биеэр очиж арабайж 1 жилийн дараа буюу 2022 оны 5-р сарын 12-ний өдөр таны газар бор хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байгаа тул шүүхэд хандана уу" гэсэн хариуг өгсөн юм. Нэхэмжлэгчийн зүгээс газрын архиваас гаргаж өгсөн материалыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдлууд дүгнэж байгаа юм. Иргэн Сгийн Б*******ын тухайд: Тэрээр миний эзэмшлийн хашаанд хууль бусаар нэвтрэн кадастрын зураг хийлгэн баталгаажуулсан байсан ба уг кадастрын зургийг тус дүүргийн газрын албаны мэргэжилтэн П.Б үйлдэж, газрын албаны дарга Ё.Э хянан баталгаажуулж гарын үсгүүдээ зурж тамга дарсан байдаг. Хамгийн сүүлд биднийг тус дүүргийн газар зохион байгуулалтын албанд өргөдлөө өгөөд шалгуулж байх хугацаанд буюу дүүргийн засаг даргын 2021 оны 06-р сарын 23-ний өдрийн А/ дугаар захирамжаар уг газрыг С.Б******* нь өөрийн төрсөн хүү Б.Бт миний эзэмшлийн газрыг шилжүүлэн өгсөн. Яагаад С.Б******* гэгч этгээд уг газрыг хэзээ ч эзэмшээгүй байж, уг газарт 1 өдөр ч майхан ч болсон бариад хонож үзээгүй байж, нэг ширхэг хашааны мод хатгаж хадаас хадаагүй байж энэ газрыг өөрийнх болгох гэж аймшиггүйгээр сэтгэж, шунахай бодлоо хэрэгжүүлэх зорилгоор бусдын ХАШААГАА ХАТГАН БАЙШИН БАРИН бүтэн 24 жил амьдарч байгаа миний газарт хууль бусаар нэвтэрч кадастрын зураг хийлгэх мэт олон арван асуултууд гарч ирнэ. Жишээлбэл: Газрын албаны мэргэжилтэн бусдад газар олгохдоо тухайн газар дээр очин ядаж орц гарцыг нь харж, байшин барилга байна уу, хашаа хороо хатгасан байна уу гэдгийг судлалгүйгээр ЯАГААД С Б******* гэгч этгээдийн нэр дээр кадастрын зураг баталгаажуулсан бэ? Эсвэл С. Б******* гэгч нь дээрх хаяг бүхий зуслангийн газрыг өөрийн эзэмшлийн газар, миний байшин гэж хуурамч баримт бичиг бүрдүүлэн өгсөн байхаас өөр гарц байхгүй байна. Ийм тохиолдолд хэрэг маргааны бодит үнэнийг тогтоохын тулд С. Б******* гэгчээс та энэ газарт нэг өдөр хонож үзсэн үү? гэж ганцхан асуулт асуухад л хангалттай гэж бодож байна. Иргэн Хын Мын тухайд: Тэрээр миний эзэмшлийн хашаанд 2012 оны 04-р сарын 20-ний өдөр хууль бусаар жороор кадастрын зураг хийлгэн р тус дүүргийн газрын албанд и СХД-ийн 15-р хороо Майхан толгой зусланд 442 мкв газар эзэмшиж байгаа учир газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож олно уу" гэсэн утга бүхий өргөдлийг гаргасан байдаг ба уг аргаалийн дагуу 2012 оны 10-р сарын 23-ний өдөр “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар" газар эзэмших эрхийн № ******* тоот гэрчилгээг гаргуулан авсан байна. Уг гэрээ гаргуулан авахад үндэслэсэн шийдвэр нь тус дүүргийн Засаг даргын 2012 он 06-р сарын 15-ний өдрийн 216 тоот шийдвэр байсан ба энэ шийдвэр нь газрын албаны архиваас бидэнд гаргаж өгсөн материал дунд байхгүй байдаг. Х.М гэгч этгээд уг газрыг хэзээ ч эзэмшээгүй байж, уг газарт 1 өдөр и маскан ч болсон бариад хонож үзээгүй байж, нэг ширхэг хашааны мод хатгаж хадаас хадаагүй байж, энэ газарт байгаа модон жорлонд нэг ч удаа биеэ засаж үзээгүй байж, эн газрыг өөрийнх болгох гэж аймшиггүйгээр сэтгэж, шунахай бодлоо хэрэгжүүлэх зорилгоор бусдын хашаагаа хатган байшин барин бүхэл бүтэн 24 жил амьдарч байгаа газарт хууль бусаар нэвтэрч , өөрийн эзэмшлийн газар гэж кадастрын зураг уйлодкг компаниад итгүүлэн зураг хийлгүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн манай газрын албанд гаргаж цаашлаад бүүр газар эзэмшихээр Засаг даргаар захирамж гаргуулан, газар эзэмших гэрчилгэг хүртэл өөрийн нэр дээрээ авч гэр байгуулсан байна. С.Б******* нь Х.Мөнхнайрамдлын хадам аав бөгөөд энэ хоёр этгээд дүүргийн газрын албаны ажилтануудтай холбоо сүлбээтэй байж болзошгүй гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Учир нь газрын албаны мэдээллийн санд уг газрын эзэмшигчээр миний вир бүртгэлтэй байсан бөгөөд уг мэдээлэл устаж алга болсон ба оронд нь эдгээр этгээдүүдийн мэдээлэл орсон байсан. Мөн аливаа газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо тухайн газрыг хариуцсан газар зохион байгуулагч газар дээр нь биечлэн оч шалгах ёстой атал тийм зүйл байхгүйгээр, шалгалгүйгээр түүнд газар эзэмших эрхийн р олгосон байдаг. Хэрэв газар дээр нь очиж шалгасан бол тухайн хашаан дотор модон байшин, саравч гэх мэт зүйлүүд байсан. Манай газрыг өөрийн нэр дээрээ хууль бусаар шилжүүлэн авсан X. М гэдэг хүнийг ойр хавийн хөршүүдээс нэг ч хүн тангүй тул үнэн бодит байдлыг яг газар дээр нь зогсоох боломжтой байсан. Харин эргээрээ сүүлийн 20 жил хөршийн холбоо болж амьдарч байгаа хөршүүд маань намайг газар сүүлийн 20 гаруй жил амьдарч байгаа гэдгийг гэрчилж өгнө. Х.М, Б.Б нарын газар эзэмших гэрээ хүчингүй байх тухайд: Анхнаасаа хуурамч баримт бичиг бүрдүүлж авсан газрын гэрчилгээ хүчингүй байх нь хууль зүйн хувьд зав юм. Дээр нь энэ этгээдийн авсан газар эзэмших гэрчилгээний хугацаа нь 2017 онд дуусгавар болсон нэг ч удаа сунгалт хийлгээгүй. Уг газрыг эзэмших хугацаандаа гэрээнийхээ үүргүүдийг огт биелүүлээгүй "угаасаа энэ газрыг огт эзэмшиж үзээгүй хүмүүс юм. Д.Дгийн эзэмшиж байсан газар дээр Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжаар Х.М, Б.Б нарт газар эзэмших эрх олгосон нь бусдын эзэмшиж байсан газар ашиглах эрхийг хөндөж, газраа хуульд заасны дагуу ца эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлан зөрчсөн үйл ажиллагаа болсон юм. Газар зохион байгуулалтын албанаас хариу мэдэгдэхдээ иргэн Х.М, Б.Бт олгосон газартай давхцалтай байна мэдэгдсэн явдал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сорог нөлөөлөл, үр дагаврыг шууд бий болгож байгаа юм. Ийнхүү нэхэмжлэгчийн газартай давхцалтай тухай хариуцагч талаас мэдэгдсэн тул давхцалын маргаан үүссэн гэдгийг нотлож байна. Тус нэхэмжлэлд дурьдсан маргаан нь өв залгамжлал болон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй этгээдийн хувиар бус өөрийн болон эцгийн эзэмшиж байсан газрыг өөрийн нэр дээр авахаар шаардаж буй агуулгаар гаргасан нэхэмжлэл юм. Иймд Сүхбаатар дүүргийн засаг даргын 2019 оны 06 сарын 20-ны өдрийн А/ тоот захирамжийн Х.Мд холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн засаг даргын 2021 оны 06-р сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Засаг дарга 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжаар иргэн С.Б*******ад дүүргийн 19 дүгээр хороо, Майхантолгойн зусланд 400 м.кв газар эзэмшүүлсэн. Газар эзэмшигч нас барсны дараа газар эзэмших эрхийг дүүргийн дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжаар иргэн Б.Бт шилүүлсэн. 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэн Х.М Газрын тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, шинээр 441 м.кв газар эзэмших хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг дарга 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар захирамжаар газрыг эзэмшүүлсэн байна. 2019 онд иргэн Х.Мын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж, хугацаа сунгах хүсэлтийг дүүргийн Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 21-ний А/ дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Иргэн Д.Дгийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшихээр гаргасан өргөдлийн хариуг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 17/431 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд үүндээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасны дагуу дээрх албан бичгээр шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн. Иймд дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.3. Гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006.04.11-ний өдрийн ******* захирамжаар тус дүүргийн 15-р хороо, Майхан толгой зусланд 400 м кв газрыг 15 жилийн хугацаатай С Б*******ад анх олгож, 2006.08.15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. С.Б******* нь тухайн үед эзэнгүй, хоосон байсан газрыг холбогдох журмын дагуу анх авч. кадастрын зургаа хийлгэн, өргөдлөө өгч авсан. Тухайн үед уг газрыг хэн ч авааг газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байхгүй газрын ийнхүү авсан. С.Б******* нь өөрийн төрсөн хүү Б.Бын нэр дээр СБД-ийн Засаг даргын 2021.06 23-ны өдрийн А/-р захирамжаар газрыг хууль ёсны дагуу шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ өвлөх эрхийн гэрчилгээний дагуу шилжүүлж, 2021.08.02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч, мөн өдөр газар эзэмших гэрээг байгуулж, кадастрын зураг нь шинэчлэн гарсан. Мөн тухайн газартаа 2021.05.25-ны өдөр газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2021.06.09-ний өдөр газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргасан. Б нь Газрын тухай хуулийн 271 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан дагуу дээрх газрын хууль ёсны эзэмшигч, залгамжлагч юм. Гэтэл нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 271-д заасныг зөрчиж тухайн газарт удаан жил амьдарсан тул уг газрыг эзэмших эрхтэй гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 27.4 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд гaзap эзэмшихийг хориглоно. гэж заасны дагуу маргаан бүхий дээрх газарт нэхэмжлэгч Д.Дд хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй тул тэрээр газар эзэмшигч биш, түүний газар эзэмших эрхийг захиргааны байгууллага зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад дээрх газарт нэхэмжлэгч Д.Д болон түүний эцэг, эхэд газар тухайн үед олгож байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байхгүй, тухайн үед уг газрыг авах талаар хүсэлт ч гаргаж байгаагүй байна. Энэ талаарх баримт байхгүй байна. Харин одоогоос 17 жилийн өмнө C.Б******* нь хууль ёсны дагуу уг газрыг авч, газрын төлбөрөө өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн байтал өнөөдөр нэхэмжлэгчээс миний газар эзэмших эрхийг зөрчиж миний аав ээжийн авсан газарт бусдад олгосон нь хууль бус гэж маргах нь үндэслэлгүй байна. Харин Д Д нь бусдын газарт зөвшөөрөлгүй хашаа, амбаар барьж гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхэд хууль бусаар халдсаар байх тул гуравдагч этгээд нараас жич иргэний шүүхэд газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргах болно. Х.Мын хувьд Н.Д нь газрыг эзэмших хүсэлтийг гаргаж байгаагүй. Түүний эцэг, эх ч гаргаж байгаагүй. Харин энэ газрыг хэзээ анх авъя гэсэн хүсэлтийг авъя гэдэг хүсэлтээ албан ёсоор өгсөн талаар хавтаст хэргийн 28 дугаар талд байдаг. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрийн нэр дээр захирамжийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн байдаг. Энэ газрыг 2006 онд авчихсан. 16 жилийн дараа бусдын хууль ёсны эзэмшил бүхий газрыг авахаар хүсэлтээ өгсөн байдаг. Шүүхээс тухай үед Н.Д 19 дүгээр хороонд газар эзэмших талаар тайлбар, хүсэлт гаргаж байсан эсэх талаарх баримтыг Снаас шаардсан байдаг. Гэтэл энэ талаарх баримт ирээгүй. Өөрөөр хэлбэл Н.Д нь тухайн газар 2000, 2006 онд, түүний эцэг, эх ч гэсэн хүсэлт гаргаж байгаагүй. Үүнээс үзвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж байна. Энэ талаарх баримтыг өөрсдөө ч өгөөгүй, шүүхээс шаардсан ч ирээгүй. Харин энэ газрыг 2006 онд н.Б*******, 2012 н.М эзэмших хүсэлтээ өгч тухайн үед гэрээ байгуулагдсан. Д.Д нь энэ газрыг миний аавын нэр дээр байсан гэж маргадаг. Гэтэл энэ талаарх баримт байдаггүй. Эцэст нь энэ мэдээлэл устсан гэж захиргааны байгууллагыг ч хардаж, буруутгадаг. Үүнийг шалгуулах бүрэн боломжтой. Анхнаасаа хууль бусаар нотлох баримт бүрдүүлж, уг газрыг авсан гэж гуравдагч этгээдийг гүтгэдэг. Иймд зүйл огт байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл ямар ч үндэслэлгүй байна. Баримт, нотолгоогүйгээр гуравдагч этгээд болон төрийн байгууллагыг гүтгэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий газрыг аав, ээж нь анх өгсөн гэж ярьдаг. Газрыг аав, ээж нь өгөхгүй. Үүнийг захиргааны байгууллага хууль журмын дагуу олгодог. Газрын тухай хуульд ч тухайн газарт урт хугацаагаар амьдарсан нь эзэмших давуу эрхтэй гэсэн зохицуулалт байхгүй. Харин анх энэ газарт хэн өргөдөл, хүсэлт холбогдох журмын дагуу өгч, хууль ёсны дагуу гэрээ, гэрчилгээ авсан хүн газрыг хууль ёсны эзэмшигч болохоос тэнд урт хугацааны турш амьдарсан учраас бидний газар гэдэг маягаар маргаж байгаа нь нэхэмжлэгч талын газар эзэмших эрхийг огт зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Дгээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/ дугаар захирамжаар Х.Мын газар эзэмших хугацааг сунгахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг тус тус үндэслэжээ.
1.2. Дээр дурдсан маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэл болох, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус заажээ.
1.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээний хүрээнд холбогдох эрх бүхий этгээд болох С нь дүүргийн хэмжээнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрх хэмжээтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
1.4. Хэрэгт авагдсан баримт болон хуулийн зохицуулалтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны Газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмших эрхийг баталгаажуулах тухай 216 дугаар захирамжаар Майхан толгойд зуслангийн зориулалтаар 441 м.кв газрыг эзэмшүүлж[10], 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Х.Маас гаргасан гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг[11] үндэслэн гэрчилгээний хугацаа сунгасан захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
1.5. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Д нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргахдаа “Б” ХХК-ийн үйлдсэн 342 м.кв байршлын кадастрын зураг хавсаргасан[12] бөгөөд хүсэлт гаргасан байршил нь Х.Мын эзэмшлийн нэгж талбарын 14******* дугаартай 441 м.кв газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/193 дугаар албан бичгээр тогтоогдсон.
1.6. Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/ дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсэг хуульд нийцсэн бөгөөд түүний с нэхэмжлэгч Д.Дгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.7. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Дгийн хүсэлт гаргасан байршил нь иргэн Х.Мын эзэмшил газартай давхцалгүй нь тогтоогдсон тул газар эзэмших хүсэлт гаргасан иргэний хувьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Х.Мыг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг тухайлан дурдаж байна.
Хоёр. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хамтран эзэмшигч нэмэх, хасах тухай” А/ дугаар захирамжаар Б.Бт газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, мөн зүйлийн 21.5.3 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.
2.2. Маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэл болох, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.
2.3. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд дүүргийн Засаг дарга нь дүүргийн хэмжээнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхтэй, эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн шилжүүлэх эсэх талаар шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна.
2.4. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр захирамжаар С.Б*******ад эзэмшүүлж[13], Сүхбаатар дүүрэг, майхан толгойд зуслангийн зориулалтаар 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай олгож, ******* дугаар гэрчилгээ олгосон[14] байх бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч О.Ц тус газрыг хүү Б.Бт өвлүүлэхээр 0009 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь газрын хувийн хэрэгт авагдсан.[15]
2.5. Улмаар Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, өөрийн эцэг С.Б*******ын нас барсны бүртгэлийг хавсарган газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай өргөдлийг Газар зохион байгуулалтын албанд гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/ дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 000153035 дугаар гэрчилгээ олгожээ.[16]
2.6. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасан бөгөөд Б.Б нь хууль ёсны өв залгамжлагч болохын хувьд нотариатчаар гэрчлүүлсэн баримтыг хавсарган өргөдөл гаргасан байх тул түүний нэр дээр шилжүүлсэн захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй.
2.7. Д.Д нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Б” ХХК-иар кадастрын зураг үйлдүүлэн 342 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой зуслан байршилд эзэмших зорилгоор хүсэлт гаргасан байршлын кадастрын зураг хавсаргасан[17] бөгөөд хүсэлт гаргасан байршил нь гуравдагч этгээд Б.Бын эзэмшлийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай 400 м.кв газартай бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/193 дугаар албан бичгээр тогтоогдсон.
2.8. Нэхэмжлэгч Д.Д нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Снд 342 м.кв газар эзэмших өргөдөл гаргаж 2227 дугаарт бүртгэгдсэн[18] бөгөөд хүчингүй болгуулахаар маргаж буй газар эзэмших эрх нь 2006, 2012 оны захирамжаар нэгэнт үүссэн болох нь тогтоогдсон тул “...1998, 2000 оноос хойш амьдарч байхад бусад этгээдэд газар эзэмшүүлсэн 2019, 2021 оны захиргааны акт хууль бус, тэдгээр иргэд нь тухайн газартаа амьдарч байгаагүй...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй.
2.9. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” гээд, 3.1.3 дахь заалтад "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхийн тулд гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
2.10. Газрын тухай хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл, газар эзэмших эрх нь захиргааны акт, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр үүсдэг хууль зүйн ойлголт бөгөөд тухайн газарт олон жил амьдарсан, эсхүл эцэг эх амьдарч байсан, хашаа, байшин барьсан гэх үйл баримт нь газар эзэмших эрхийг үүсгэх хууль зүйн үндэслэл болохооргүй байна.
2.11. Нэхэмжлэгчийн зүгээс “... кадастрын зураг 2020 онд анх хийлгэсэн, урьд газар эзэмших талаар албан ёсоор хүсэлт гаргаж байгаагүй ...” гэж шүүхийн үзлэгийн явцад тайлбарласан[19] бөгөөд Б.Бын газар эзэмших эрх 2021 онд өв залгамжлалын үндсэн дээр үүссэн, анх С.Б*******ын газар эзэмших эрх 2006 онд үүссэн нь тогтоогдож байх тул даруй 14 жилийн дараа гаргасан хүсэлт гаргагчийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
2.12. Харин иргэн Д.Д нь Газрын тухай хуулийн дагуу бусдын эзэмшил, ашиглалтаас бусад байршилд өргөдөл гаргаж, газар эзэмших эрх нь хууль зүйн хувьд нээлттэй болохыг тэмдэглэв.
2.13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Дгээс гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:
3.1. Шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б*******аас шүүхэд ирүүлсэн “ээлжийн амралтаа авсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул хүлээн авах боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгааны с оролцох боломжгүй талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн боломжгүй.
3.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлт, шүүх хуралдаанд өвчний учир биечлэн оролцох хүсэлтийг тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б*******аас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хэргийн материал танилцах хүсэлтийг хүлээн авч, түүний хүсэлтээр шүүх хуралдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутад товлож, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байна.
3.3. Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогч нар товын баримтад гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Д “... гэртээ хүүхэд харж байгаа тул очиж чадахгүй” гэж, Т.О “... Д.Д шүүх хуралдаанд өөрөө оролцоно” гэсэн тайлбарыг шүүхийн захиргааны ажилтанд шүүх хуралдаанаас өмнө утсаар мэдэгдсэнийг хэрэгт баримтаар хавсаргажээ.
3.4. Дээрх үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцсон, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг удаа дараа хангаж, боломжийг бүрдүүлсэн тохиолдолд шүүх хуралдаанд биечлэн болон зайнаас оролцох, хууль зүйн туслалцаа авах болон үзүүлэх үйл ажиллагаа нь талуудын хүсэл зоригоос хамаарах тул шүүх хуралдааныг хойшлуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг тухайлан дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Дгийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийн Х.Мд холбогдох хэсэг, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/ дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 26-28 дахь тал
[2] Хх 7 дахь тал
[3] Хх 107 дахь тал
[4] Хх 120 дахь тал
[5] Хх 119 дэх тал
[6] Хх 157 дахь тал
[7] Хх 125 дахь тал
[8] Хх 87 дахь тал
[9] Хх 80-85 дахь тал
[10] Хх 158 дахь тал
[11] Хх 92 дахь тал
[12] Хх 9 дэх тал
[13] Хх 107-108 дахь тал
[14] Хх 120 дэх тал
[15] Хх 119 дэх тал
[16] Хх 110 дахь тал
[17] Хх 9 дэх тал
[18] Хх 27-30 дахь тал
[19] Хх 162 дахь тал