| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/02748/И |
| Дугаар | 101/ШШ2023/01988 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/01988
| 2023 04 19 | 101/ШШ2023/01988 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0000 тоотод оршин байрлах С к ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0000 тоотод оршин суух Ц.Э /рд:0000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 79,327,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С к ХХК нь Ц.Эгийн хүсэлтэд үндэслэн 2019 оны 09 сарын 13-нд 23,000 ам.долларыг Ц.Эгийн Хаан банкны 5133225166 тоот дансанд шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн. Ийнхүү зээлийг шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримтаар нотлогдоно. Зээлдэгч Ц.Э нь 7 хоногийн дотор зээлийг эгүүлэн төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд зээлдэгч Ц.Эгаас 23,000 ам.доллар буюу (нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан өдрийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн) Монгол банкнаас зарласан ханш болох 3449 төгрөгөөр шилжүүлж тооцсоноор 79,327,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:
Миний бие С к ХХК-иас зээл аваагүй. 2019 оны 9 сард миний нөхөр байсан Бахрени улсын иргэн М б нь миний хаан банкны 5133225166 тоот дансаар дамжуулан 23,000 ам.доллар гаргуулан авч байсан. Би С к ХХК-тай зээлийн гэрээний харилцаанд ороогүй. А Кгэх манай нөхөрийн найз нь манай нөхөр М бд төлөх өртэй байсан. Уг өрөндөө тооцуулахаар 14,100 ам долларыг С к ХХК-ийн захирал Дилашид Алигийн данс руу А Ктөлсөн. Мөн дараа нь 4000 ам долларыг манай нөхөр М б нь Д А бэлнээр өгсөн. Ингээд нийт 18,100 долларыг төлөгдсөн. Одоо 4,900 доллар үлдсэн байгаа ба уг мөнгөө л төлөх ёстой гэдгээ би хэлсэн. Гэтэл С к ХХК-ийн захирал Д А нь өөрөө 18,100 ам доллараа авчихсан атлаа компаниараа нэхэмжлэл гаргаад надаас 23,000 ам долларыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Манай нөхөр М Б нь одоо Монголд байхгүй, намайг өр төлбөрт үлдээчихээд явчихсан. Гэхдээ би үлдэх 4900 ам долларыг төлнө гэжээ.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан Улсын бүртгэлийг гэрчилгээний хуулбар, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, тус компанийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/21 дугаар тушаалын хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18/394 дүгээр тушаалын хуулбар, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга,
3.2 хариуцагчаас гаргасан Хаан банкны дансны хуулга, итгэмжлэл,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт, гэрч нарын мэдүүлэг, компанийн дүрэм, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С к ХХК нь хариуцагч Ц.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,792,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, нийт 79,327,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4900 ам долларыг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэгт маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч С к ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 23,000 ам долларыг хариуцагч Ц.Эгийн эзэмшлийн Хаан банк дахь 0000 тоот дансанд С к ХХК-иас түр зээл гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, дансны хуулгаар тус тус тогтоогдсон.
3.1 Дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч нь зээлийн гэрээ байгуулах зорилгогүй байсан, уг мөнгөн хөрөнгийг өөрийн дансыг ашиглуулан бусдад буюу нөхөр М Бд авч өгсөн, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.
3.2 Хариуцагч Ц.Эгийн данс руу С к ХХК-иас түр зээл гэх гүйлгээний утгаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
3.2.1 Хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг С к ХХК-ийн нягтлан бодогч нь өөрийнхөө эзэмшлийн данснаас шилжүүлсэн байгаа нь зээл олговол зохих этгээдээс олгогдсон гэж үзэхгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй бол гуравдагч этгээдээр дамжуулан гүйцэтгүүлж болно. Нэхэмжлэгч нь өөрийн нягтлангаар дамжуулан 23,000 ам долларыг С к ХХК-иас түр зээл гэх гүйлгээгээр юунд зориулж шилжүүлсэн болох нь тодорхой байна.
4. Хариуцагч Ц.Э нь зээлийн гэрээний үүсээгүй гэж маргадаг боловч 23,000 ам доллараас 18,100 ам долларыг нь С к ХХК-ийн захирал Д А төлсөн, үлдэх 4,900 ам долларыг төлнө гэж тайлбарладаг. Энэ талаар 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...бид 4900 ам долларыг төлөх ёстой гэдгээ хэлсэн, 4900 ам долларыг төлнө гэж тайлбарласан.
4.1 Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг С к ХХК-иас олгосон тул уг компанид л төлөх ёстой, захиралд төлсөн гэх төлөлт нь энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбарлаж, маргадаг.
4.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс С к ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь Д А болох үйл баримтад маргаагүй, энэ талаар өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбарласан. Мөн хэргийн 27 дугаар талд авагдсан ажилд авах тухай тушаалд С к ХХК-ийн захирал Д А гэж гарын үсэг зурагджээ.
4.3 Хариуцагч Ц.Эгаас гаргасан ...18,100 ам долларыг С к ХХК-ийн захирал Д А-д төлсөн гэх тайлбар нь дараах нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байна. Үүнд,
4.3.1 А КЗаб Т гэх иргэнээс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр С к ХХК-ийн захирал Д А-ийн эзэмшлийн Тээвэр хөгжлийн банк дахь 9000020231 тоот дансанд 40,552,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдсон. /хх-108-109 дүгээр тал/
Уг мөнгөн шилжүүлгийг хариуцагч Ц.Э нь ...манай нөхөр М Бд түүний найз А КЗ Т өртэй байсан, уг өрийг нь төлүүлэхдээ С к ХХК-ийн захирал Д А өгөх өр рүү 14,100 ам долларт тооцон 40,552,000 төгрөгийг шилжүүлүүлсэн гэж тайлбарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон М.Махераас ...Д А, Б М А, А Кнар бүгд миний найзууд болохоор эдгээрийн дунд ямар хэмжээний мөнгө зээлсэн талаар би сайн мэддэг. Д Ааас Б М А нь мөнгө зээлэхээр болоод эхнэр Ц.Эгийн дансаар 23,000 ам доллар авсан. Д А нь мөнгөө нэхээд байсан болохоор Б М А нь А Кавах байсан авлага болох 14,100 долларыг Д А төлүүлсэн гэсэн гэх мэдүүлэг болон Голомт банкны төлбөрийн баримтаар тус тус нотлогдож байна.
4.3.2 Түүнчлэн хариуцагч Ц.Э нь 4000 ам долларыг С к ХХК-ийн захирал Д А бэлнээр төлсөн гэж тайлбарладаг ба уг тайлбар нь гэрч М.М-аас ...Б М А нь 4000 ам долларыг Д А миний хажууд бэлнээр өгсөн. Би тэр хоёрын найз болохоор зээлсэн мөнгөний асуудлаас үүдээд муудалцаад надаар дамжуулж харилцдаг болсон гэх мэдүүлгээр нотлогдсон.
4.4 Иймд дээрх баримтуудаар хариуцагч Ц.Э нь 18,100 ам долларыг С к ХХК-ийн захирал Д А төлсөн болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан.
4.4.1 Зээлийн гэрээний үүрэгт 18,100 ам долларыг Ц.Э нь Б М А болон А Кнараар дамжуулан С к ХХК-ийн захирал Д А төлсөн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
4.4.2 Мөн нэхэмжлэгчээс гаргасан ...компанид төлөөгүй, захирал Д А төлсөн нь компанид төлсөн гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлгүй, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар С к ХХК-ийн эрх бүхий этгээд болох захирал Д А үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн байна.
5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ц.Э нь 18,100 ам долларыг нэхэмжлэгч С к ХХК-д төлсөн, үлдэх 4,900 ам долларыг төлөөгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.1 Нэхэмжлэгч нь анх 1 ам долларыг 2904 төгрөгөөр тооцож зээлийн гэрээний үүргийг төгрөгт хөрвүүлж шаардаж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 12 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Монгол банкнаас зарласан ханш болох 3449 төгрөгөөр тооцож нэмэгдүүлж шаардсаныг буруутгах үндэслэлгүй, төлбөр төлөх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
5.2 Иймд хариуцагч Ц.Эгаас 16,900,100 төгрөг /4900 ам доллар х 3449 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч С к ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 62,426,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 16,900,100 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 242,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,858 /491,910+62,675/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Д А оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч хариуцагчаас тодорхойлсон хаягт тухайн гэрч оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Шүүх хариуцагчийн хүсэлтээр удаа дараа шинээр тодорхойлж өгсөн хаягуудаар гэрчийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа явуулсан боловч дурдсан хаягуудад оршин суудаггүй талаар харьяалах Засаг даргуудын тодорхойлолтууд ирсэн.
8.1 Хариуцагч нь гэрч Д Ааар 18,100 ам долларыг хүлээн авсан үйл баримтыг гэрчлүүлэхээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан. Тухайн гэрчээр гэрчлүүлэхийг хүссэн үйл баримт нь хэргийн бусад баримтаар тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулах хүсэлт гаргасан тал нь тухайн этгээдийн оршин суух хаягийг шүүхэд гаргаж өгөх ба шүүх боломжит бүх байдлаар гэрчийг дуудан ирүүлэх ажиллагааг хариуцагчаас өгсөн хаягийн дагуу явуулсан боловч заасан хаягт оршин суудаггүй, гадаад улс руу явсан болох нь онгоцны тийзний баримтаар тогтоогдсон. Иймд гэрч Д А оролцуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон тул шүүх гэрчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Эгаас 16,900,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С к ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,426,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 242,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ