Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Г-ын Өт холбогдох эрүүгийн 2517001160106 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн гагнуурчин эрхэлсэн ажилтай, ам бүл 3, аав ээжийн хамт ......... аймгийн ....... сумын ....... дугаар баг, ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Д. овогтой Г-ын Ө, регистрийн дугаар /.............../.

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Д. овогтой Г-ын Ө нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээр хасуулсан байх хугацаанд дахин согтуугаар буюу 2025 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” дэлгүүрийн орчимд 42-92 УЕЕ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг 0,29 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд

1. Шүүгдэгч Г.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

2. Гэрч Э.А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдөр найз болох О-ийн Лүнгийн эгнээний 129 гэрт Ө, Огийн хамт бид 3 утсаар mobile legends гэдэг тоглоомыг гар утсаараа тоглоод, хөгжилдөөд байж байсан. Тухайн үед усны 1,5 литрийн багтаамжтай усны саванд хийсэн айргийг О гаргаж ирээд бид 500 грамын аягаар хувааж уугаад дуусгасан. Цагаа сайн санахгүй байна “Green house” руу Би хамаатны эгч З-тай уулзахаар болоод нөгөө 2 асуухад О СU явна гэж хэлж байсан нэг мөр явахаар болсон. О айраг уусан гайгүй биз дээ гэхэд Ө гайгүй айраг уусан юм чинь гайгүй бэлгүйдээ гэж хэлээд Green house руу Лүнгийн эгнээнээс гараад засмалаараа Green house-ын гадаа ирэхэд ардаас цагдаа гарч ирээд Өыг шалгаад цагдаа руу авч явлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг.  /х.х-ийн 21 хуудас/

3. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2025 оны 08 сарын 29-ний өдөр би 17 цагаас шөнийн 02:00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн эргүүлийн үүргийг олон нийтийн цагдаа Б.О-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан юм. Сүмбэр сумын 2 дугаар баг дэнжийн андууд орчим үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн үед “Green house” орчим үүрэг гүйцэтгэхээр очиход, гадаа нь урд зүгээс ирж зогссон 42-92 УЕЕ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг шалгахад Тухайн үед жолооч эрэгтэй жолооч байсан бөгөөд багажаар шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Г.Ө гэх хүн байсан. Г.Ө нь машиндаа нэг хүнтэй явж байсан. Тэгээд Г.Өыг цагдаагийн хэлтэс дээр авч ирэх замд машин дотор архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн учир согтолтын зэрэг тогтоодог тусгай багаж руу үлээлгэж үзэхэд 0,29% гэсэн тоон үзүүлэлт гарсан. Тухайн үед Г.Өыг юу уусан болох хаанаас хаа хүрч байгааг асуухад нэг лааз пиво уусан найзыгаа хүргэж өгөх гээд дэнжийн Андуудаас “Green house" хүртэл явсан талаар хэлж байсан. Тэгээд тус 42-92 УЕЕ улсын дугаартай хар өнгийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг журамлаж, Г.Өыг ар гэрт нь хүлээлгэн өгсөн хүлээлгэн өгсөнгэх мэдүүлэг.  /х.х-ийн 21 хуудас/

4. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-5 хуудас/

5. Жолоочийн үнэмлэхний лавлагаа авсан тухай тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/465 дугаартай Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар /х.х-ийн 18, 27-28 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 26 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Ө нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээр хасуулсан байх хугацаанд дахин согтуугаар буюу 2025 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” дэлгүүрийн орчимд 42-92 УЕЕ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг 0,29 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/465 дугаартай Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Өын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Э.А, М.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, цагдаагийн рапорт, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/465 дугаартай Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч Г.Өт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ө нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.

ХОЁР. Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Д овогт Г-ын Ө нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд дахин согтуугаар 2025 оны 08 дугаар сарын 27-оос 30-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Андууд дэлгүүрийн орчим тээврийн хэрэгслийг 0,29 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндсэн журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиггүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.Өын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай тусгай хэргийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 1 сарын хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч энэ хэрэг дээр баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай, энэ хэрэгт хураасан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэсэн саналыг,

Шүүгдэгч Г.Ө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүгдэгч Г.Өт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Уг ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Шүүгдэгч Г.Ө нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Г-ын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ