Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга П.Энхбат,

Улсын яллагч Б.Ануужин,

Шүүгдэгч Х.Х түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х-ийн Хд холбогдох эрүүгийн 2517000000109 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн ............ сумын .........дугаар баг, ....... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Завхан аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Л овогтой Х-ийн Х, регистрийн дугаар /РД:............../.

Холбогдсон хэргийн талаар:

/прокурорын яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч Л. овогтой Х-йн Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, Тагт 1-10 тоотод байх өөрийн амьдардаг гэр дотор эхнэр Б.Бг шалтаг шалтгаангүй архины шилээр толгойн тус газар цохиж, хохирогчийн биед нь толгойн оройд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 09-р сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3-р баг тагт 1-10 тоот хашаанд эхнэр Бгийн хамт шавар зуурч хашаа тохижуулах ажил хийсэн. Тэгээд оройн 19:00 цагийн орчимд эхнэр Б.Б нь /ямар нэртэй архи гэдгийн санахгүй байна/ 2 шил архи авч ирсэн ба тухайн архийг эхнэр Б.Б бид хоёр хувааж уусан. Архи ууж байх хугацаанд Б.Б бид хоёроос өөр хүн архи уугаагүй гэж би санаж байна. Тэгээд орой болж оройн 22:00 цаг болж байсан байх би ядраад түрүүлээд унтсан тэгээд нэг мэдсэн Б.Б намайг алгадах шиг болсон ба би зөрүүлээд архины шил гарт таарахаар нь Б.Бгийн толгой руу 1 удаа цохисон. Тэгээд тухайн архины шил хагарч Б.Бгийн толгойноос цус гарсан. Тухайн үед болсон зүйл ердөө энэ болно би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэчихсэн байсан болохоор зарим зүйлсийн талаар сайн санахгүй байна. Одоо би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна, би хэргээ өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 76 дүгээр хуудас/

2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “Би 2025 оны 09-р сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг Тагт 1-10 тоот хашаандаа хашаа тохижуулах ажил буюу цемент зуурч нөхөр хүүгийн хамт ажилласан болно. Тухайн өдөр би гэртээ хоол хийсэн ба тухайн цаг ойролцоогоор 18:00 цаг болж байсан ба манай нөхөр гадаа байх цайндаа архи ууж нэлээн халамцуу болчихсон байсан. Тэгээд гэрт орж ирж хоол хийсэн ба түүний дараа би гудамжинд байх хүнсний дэлгүүрээс Агар гэх нэртэй 2 шил 0,5 0,33 литрийн архи авч ирж тухайн тоот хашаан дахь гэртээ нөхөр Х.Хгийн хамт бид хоёр хувааж уусан. Тэгээд нөхөр Х.Х их архи ууж согтчихсон байсан ба Х.Хг босгох гээд ганц нэг удаа түүний нүүр лүү алгадсан ба Х.Х уурлаж архины шилийг гараараа барьж байгаад гэр дотор байсан модон ширээг 1 удаа хүчтэй цохиж тухайн архины шил хагарсан ба хагархай архины шилээр миний толгой руу цохих үед тухайн хагарсан шилний үзүүр нь миний толгойг зүссэн болно. Тэгээд нэг мэдсэн чинь эмнэлэгт би байсан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэчихсэн байсан болохоор зарим зүйлсийн талаар сайн санахгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 дугаар хуудас/

4. Шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 24ы өдрийн ГОС0725/206 дугаар дүгнэлтэнд:

  1. Б.Бгийн биед толгойн оройд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.     

 Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 28 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 26 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, Тагт 1-10 тоотод байх өөрийн амьдардаг гэр дотор эхнэр Б.Бг шалтаг шалтгаангүй архины шилээр толгойн тус газар цохиж, хохирогчийн биед толгойн оройд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Хгийн өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 09 дүгээр сарын 23ы өдрийн ГОС0725/206 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Иймд шүүгдэгч Х.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Х.Х нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Х.Х  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй байна.

Шүүгдэгч Х.Х нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Бгийн Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлсний төлбөр 105 462 /нэг зуун таван мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг шүүгдэгч Х.Х Эрүүл мэдний даатгалын санд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Улсын яллагчаас шүүгдэгч Х.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Л. овогт Х-ийн Х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Тагтын 1-10 тоотод байх өөрийн амьдардаг гэр дотор эхнэр Бг шалтаг шалтгаангүйгээр архины шилээр толгойн тус газар нь цохиж, хохирогчийн биед толгойн оройд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хэрэгт иргэний нэхэмжлэл болох Эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Х.Хгийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигтаа төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шүүхэд саналыг гаргаж байна. Шүүгдэгч энэ хэрэгтээ баривчлагдсан бөгөөд цагдан хоригдсон хоноггүй. 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. Энэ хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Харин эд мөрийн баримтаар шилний хэлтэрхий хураагдсан. Эд мөрийн баримтыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хүрэлийн Хгийн хүсэлтээр түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 263 102 төгрөг төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргасан. Мөн эрүүгийн хариуцлагын тухайд прокурортой тохиролцож түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүгдэгч Х.Х нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүхээс шүүгдэгч Х.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч Х.Хгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ял оногдуулж, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн 2517000000109 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Х-ийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 1 ширхэг архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

             7. Шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.АРИУНЖАРГАЛ