| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/0110/э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан
улсын яллагч Б.Ануужин
шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Номч овогтой Пүрэвийн Эд холбогдох эрүүгийн 2517000990113 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн ........ сумын ..... дугаар баг, ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар ял шийтгүүлж байсан гэх Н. овогтой П*ийн Э, /..............., утас:......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Н. овогтой П-ийн Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” дэлгүүрийн замын орчимд хохирогч Д.Эыг шалтаг шалтгаангүйгээр зүүн гар орчим хэсгийг архины шилээр зүсэж, биед нь зүүн бугалгад зүсэгдсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч П.Эын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/
2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/
3. Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
3.1. “...Би 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21:00 цагийн орчимд - байсан. Тухайн үед бид хоёр бага зэрэг архи ууж, халамцуу байсан ба бид хоёр Дэнжийн андуудын хажуу талын эзэнгүй хашаа руу ороход тухайн хашаан дотор С болон Э нараас гадна 1-2 хүн байсан тэр хэдийн нэрийг бол мэдэхгүй байна. Тэгээд тэр хэдтэй цуг хашаан дотор сууж байсан ба Э гэх хүн С гэх хүний идэж байсан гоймонг булааж аваад ирсэн. Би тэгэхээр нь уурлаж “ядарсан хүний гоймонг яах гээд авч байгаа юм бэ өгөөч” гэж хэлэхэд Э хэлэхдээ чамд хамаагүй гэж хэлээд хашаанаас гарч явсан ба намайг дуудсан тэгэхээр нь би түүн дээр явж очиход Э хашааны гадаа байх үедээ ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд миний зүүн гарын булчин руу ямар нэгэн зүйлээр хатгах шиг болсон, миний зүүн гарын булчингаас их хэмжээний цус гарч байсан. Э харин шууд тухайн газраас зугтааж явсан ба би буцаж хашаа руу орж Ад юу болсон талаар хэлсэн ба тэр уяагаар миний зүүн гарыг уяж, цусыг нь тогтоож байгаад эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирж намайг авч явсан болно. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг (хх-н 15-р хуудас),
4.Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
4.1. "... 2025 оны 07 дугаар сарын 26-ны өглөө би гэрээсээ гараад Э-ын хамт гараад Төмөр замд гар утасны засварын О-ийн байрны гадаа архи уусан. Өдөр нар халаад байхаар нь О.дэлгүүрийн зүүн талын сааданд сүүдэрт сууж байгаад орой болсон хойно гэртээ харихаар бид хоёр манайх руу алхсан. Харих замдаа дэнжийн андууд орчихоод 0,33 литрийн лавлагаатай хараа архи аваад дэнжид байдаг Б- гэж айлд очиж, тэр архийг хувааж уучихаад гараад дахиад Дэнжийн андууд руу явж байхад С ах бид 2-ыг дуудахаар нь яваад очиход тэр Уулзварын 1-133 тоот дотроо гэр, байшингүй эзэнгүй хашаанд 2-3 хүмүүстэй архи уучихсан сууж байсан. Тэгтэл С бид хоёрыг зуу татах уу гэхээр нь тэгье гэж хэлээд тэр хүмүүсийн хажууд нь сууж байхад Э гэх хүн нь Стай маргалдаад байсан ба надтай хамт явсан Э- чи яах гэж настай хүнтэй маргалдаад байгаа юм болиоч гэхэд Э-ын өөдөөс Э чамд ямар хамаатай юм гээд шууд босоод тэр хашааны зүүн талын онгорхой том хаалгаар гараад явчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр хашааны хойд талын жижиг хаалган дээрээс Э Эыг чи наашаа гараад ир дээ гээд дуудахаар нь би яах гээд байгаа юм бэ гэхэд Э шууд босоод Э руу явсан. Бид хэдийг тэнд сууж байхад Э манийг чинь Э ийм болгочихлоо гэж хэлээд ороод ирсэн. Тэр үед 22 цаг өнгөрч байсан, яасан юм гэхэд зүүн гараа надад харуулсан. Гэрэл тусгаад харахад зүүн гарынх нь тохойноос дээшээ бугалганы ар хэсэг хутгаар зүсчихсэн цус гарч байсан. Тэгэхээр нь би яасан юм гэсэн чинь Э хутгаар зүсчихээд зугтаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-н 17-р хуудас),
5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 184 дугаар дүгнэлтэд:
Д.Эын биед зүүн бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/
7. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч П.Эыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Э нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Прокуророос шүүгдэгч П.Эын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч нь шүүх хуралдаанд оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч П.Эын хүлээн зөвшөөрсөн 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялын хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.Эаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 55,566 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч /........./ Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгож, шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт П-ийн Э /РД:......../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н овогт П-ийн Э /РД:......../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг 1 /нэг/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Эд оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар–425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Эаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 55,566 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч /........../ Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдсугай.8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА