Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Б.Ануужин,

өсвөр насны шүүгдэгч Н.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн Цэд холбогдох 2517000910100 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 2007 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн ......... сумын ....... дугаар баг, ........ ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б. овогтой Нгийн Ц, регистрийн дугаар /......../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны яллагдагч Б. овогтой Нгийн Ц нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах Хаялга нуурын баруун эрэг орчимд 2025 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед 29-01 ДГО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Grand Магк 2 загварын тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а) Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, улмаар хохирогч Б.Бийн эрүүл мэндэд зүүн шилбэний гадна хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зүүн тавхайн 1 дүгээр хурууны улны шивнүүрийн зөрүүтэй ил хугарал, баруун гуянд шарх, дух, шанаа, 2 шуу, нуруу, өвдөг шагайнд гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Өсвөр насны шүүгдэгч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2025 оны 07 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед би гэртээ байж байхад найз Б чат бичээд андаа Хаялга нуур явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэгье гэж хэлсэн. Найз Бсоо ямар ажлаар яах гэж Хаялга нуур явах гэж байгаа талаар асуухад Б Б өнөөдөр Эрдэнэтээс Чойрт ирж байгаа тэгээд гурвуулаа Хаялга нуур дээр очиж жаахан сууя гэж хэлсэн. Б тэгээд намайг Гарден цэцэрлэгт хүрээлэн дээр очоод хүлээгээд байж бай Б бас гарден дээр хүлээж байгаа гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад шууд гарден цэцэрлэгт хүрээлэн дээр очсон. Тэгээд Б, Б бид гурав гарден дээр очоод хөл бөмбөгийн зүүн талд байдаг сагсны шийдэн дээр уулзацгаасан. Бид гурав уулзаад мөнгөө нийлүүлээд гарден цэцэрлэгт хүрээлэнгээсээ хөдлөөд Дэнжийн Андууд орж гадаа нь явж байсан нэг танихгүй ахаас ахаа та Андууд ороод гурван ширхэг том пиво аваад өгөөч гэж хэлээд тэр ахад мөнгөө өгөөд дэлгүүр оруулсан. Тэр ах гурван ширхэг 2,5 литртэй пиво авч өгсөн. Тэгээд Б, Б бид гурав дэлгүүрийн наанаас пиво авчихаад шууд хөдлөөд Хаялга нуур луу гарсан. Тэгээд Хаялга нуурын баруун овооны энгэр дээр очоод зогсоцгоосон. Бид гурав машинаасаа буугаад машины хажууд суугаад юм ярьж суунгаа пиво ууцгаасан. Б, Б бид гурав пиво ууж дуусгаад Б, Б хоёр бие засах гээд босоод явцгаасан. Би Бод Чойроос гараад Хаялга руу явах замдаа найз нь Хаялга дээр очоод машиныг чинь унаад ганц древит эргэчих үү гэж асуухад тэгээ тэг андаа гэж хэлсэн байсан. Тэгээд би наашаа ирэх замдаа Бод хэлчихсэн юм чинь гэж бодоод Б, Б хоёрыг босоод явах хооронд машиныг нь унаад Б, Б хоёрын хажуугаар нь тойрч явсан. Тэгсэн найз Б андаа цаагуураа нэг эргэчихээд ир ээ тэгээд болноо гэж хэлсэн. Тэгээд би зүүн дараад яг баруун эргэсэн Б доошоо тонгойгоод газар дэвсгэр дэвсэж тараад тэгээд гадаа шөнө харанхуй болсон байсан болохоор эргэн тойрноо сайн харж чадаагүй яг баруун дараад эргэж байхад машины гэрэлд Б харагдаж таараад тэгээд л би машиныхаа тооромзыг гишгээд зогссон тэгсэн яг Бийг мөргөөд машин доогуур ороод зогссон. Би машинаа унтраагаад бууж очоод Б бид хоёр Бийг өмсөж байсан хувцаснаас нь татаж гаргаж ирсэн. Бид гурав машиндаа суугаад Чойр луу хөдлөөд Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж дээр ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:Би 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас ирээд байж байтал оройны 20 цагийн орчим манай найз Б “Бөөндөө уулзалдъя, Хаялга нуур явъя” гэсэн чатыг миний “Б.Б” гэх нэртэй фейсбүүк чат руу бичсэн байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэн дээр уулзахаар болоод би өөрийнхөө найз М, Б, Б нарын хамт 21 цаг өнгөрч байхад ирсэн. Биднийг ирэхэд Л, Ц, Б 3 ирсэн байсан бөгөөд Б нь мөнгөлөг саарал өнгөтэй, Магк-2 загварын /улсын дугаарыг нь мэдэхгүй байна/ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Намайг очиход Ц, Б нар уух юм аа аваад машиныхаа ард хийсэн байгаа гэж ярьж байсан, тэгэхээр нь шууд тэндээсээ Хаялга нуур руу явсан, тухайн үед Б тээврийн хэрэгсэлээ жолоодож явсан, харин жолоочийн эсрэг талын суудалд Ц суусан, арын суудалд М, Б, Б, Л бид 5 суусан юм. Тэгээд Хаялга нуурын баруун урд талд нуурын эргээс нэлээд зайтай уулын энгэр орчим газар ирээд зогссон. Тэгээд зогстол Ц машиныаа хойд багаажнаас ногоон өнгийн 2,5 питрийн савалгаатай, нэрийг нь мэдэхгуй шар айраг 5 ширхэгийг гаргаж ирээд түүнийгээ хувааж ууцгаасан бөгөөд шар айргаа ууж байхдаа бид нар ярьж хөөрөөд сууж байсан ямар нэгэн муудалцсан, маргалдсан зүйл огт байгаагүй юм. Тэгээд 3 ширхэг шар айргийг хувааж уучихаад Б бид хоёр “Одоо бид хоёр шар айраг уухгүй" гэж хэлээд 01 цаг өнгөрч байхад Хаялга нуур руу алхаж очоод нүүр, гараа угаагаад байж байтал ард машин хаазлах чимээ сонсогдохоор нь эргээд хартал Ц Бгийн машиныг жолоодчихсон тухайн газар хаазлаад тойрч эргээд байсан, тэр үед тэнд хамт байсан найзууд холдоод зогсчихсон байсан. Тэгсэн чинь Б машиныхаа нэг юм нь муу байгаа гээд Цийг болиулна гээд явсан. Би түүний араас явж байтал Ц тойрч эргэхээ болиод Б бид хоёрыг чиглээд явахаар нь Б түүн дээр очихоо больсон. Тэгээд Б бид хоёр М, Б, Б. Л нар дээр яваад очтол Б тухайн үед дэвсээд сууж байсан гудсыг нуруундаа үүрчихсэн явж байхаар нь би түүнээс гудсыг аваад нөгөө хэдээс жаахан холдож байгаад ертөнцийн зүгээр урагшаа харчихсан гудсаа дэвсэж байтал миний араас машины гэрэл туссан. Тэгэхээр нь би арай ч ирээд мөргөчихгүй байлгүй дээ гэж бодоод гудсаа дэвсээд тонгойгоод байж байтал Б гүйж ирээд миний баруун гараас татах үед миний гар хальтирсан, тэр үед машин миний араас бөгс орчим мөргөсөн, мөргөх үед нь би урагшаа шидэгдээд нүүрээрээ газар ойчсон. Тэгээд би өндийх гэтэл миний бөгснөөс доош мэдрэгдэхгүй байсан бөгөөд гараараа тулаад өндийж байтал машин дахин хаазалж хүрч ирээд машины урд 2 дугуй нь миний дээгүүр гарсан бөгөөд би машины гол хэсэгт дээшээ харсан байдалгай байхад машин зогссон. Тухайн үед миний гуя хэсэг яндан орчим таараад түлэгдсэн, миний цээж хэсэг машинаас ил гарсан, бусад биеийн хэсэг машин доогуур байсан. Ц хойшоо ухрах гээд машин руу ороод машинаа асаасан, тэр үед нь Б наадах чинь ухарч гарах юм бол амьд үлдэхгүй” гэж хэлээд Цийг машинаас гаргаад машиныг нь унтраагаад түлхүүрийг нь авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгдээрээ нийлж өргөөд машиныг бага зэрэг хөндийрүүлээд намайг машины доороос татаж гаргаж ирсэн Тэгээд шууд намайг машины арын суудалд суулгаад Б машинаа жолоодоод жолоочийн эсрэг талын урд суудал М суусан, Б, Б, Л нарын арын суудал давхралдаж суугаад, Ц намайг түшээд суугаад шууд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 02 цагийн орчим ирсэн... Миний тухайд ямар нэгэн гомдол санал байхгүй, Ц нь миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн болохоор одоо нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид шалгуулах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

4. Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б.Бт 2025.07.15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, эмчилгээ хийхэд 105,462 төгрөг, 2025.08.04-ний өдөр амбулаторын үзлэг хийхэд 22,680 төгрөг, 2025.07.15-ны өдөр Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд мэс засалд орж, эмчилгээ хийлгэхэд 2,397,000 төгрөг, нийт 2,525,142 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Б.Бт эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 2,525,142 төгрөгийн зардал гаргасан байх бөгөөд дээрх мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/,

5. Иргэний хариуцагч С.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 02 цаг өнгөрч байхад цагдаагийн байгууллагаас над руу яриад “Танай хүүхэд машин бариад цагдаа дээр ирсэн байна, та ирж хүүхдээ ав” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллага руу алхаж байтал дахин цагдаагаас залгаад “Танай хүүхэд чинь машин жолоодоод хүн дайрсан байна, хохирогч нь эмнэлэг дээр байгаа” гэж хэлэхээр нь би шууд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход манай хүүгийн найз Б хөлөө гипсдүүлчихсэн, нүүр дээрээ нэлээд их шархалсан байдалтай байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуусан чинь Б Ц машинаар дривт хийх гэж байгаад намайг дайрчихлаа, машиных нь тооромс муутай юм шиг байна лээ” гэж ярьсан. Тэгэхээр нь маргааш өглөө нь цагдаа дээр ирээд Бийн аав Б-тай уулзаад эмнэлэг дээр очоод хүүхдээ эмнэлгээс гаргаж аваад Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр явсан, миний тухайд эмчилгээний зардалд 750,000 төгрөг өгсөн, харин Б Улаанбаатар хотоос ирээд эмнэлэгт боолт хийлгэх үед нь боолтны мөнгийг нь тухай бүрт өгч байгаа. Манай хүү миний хажууд байхдаа болон дүү нартайгаа харьцаж байхдаа их даруухан байдаг, харин найзуудтайгаа байхдаа ямар зан авиртай эсэхийг нь мэдэхгүй байна. Мөн манай хүү архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл сонсогдож байгаагүй, ер нь гадуур нэг их хонодоггүй байсан, гадуур найз нөхдийнхөө гэрт хонохдоо заавал зөвшөөрөл авч явдаг, Говьсүмбэр аймгийн Политехник коллежид суралцаж байгаад гарчихсан, өөрөө ажил хийж надад тус дэм болно гээд сургуулиасаа гарчихсан юм. гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/,

6. Насанд хүрээгүй гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 07 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед гэрээсээ гараад Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талын хаалганы засмалын хажууд зогсож байгаад Ц, Б гэх хоёр найзтайгаа уулзан бид гурав 22 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг Хаялга нуур луу Чойроос гарсан. Тэгээд Хаялга нуурын баруун овооны энгэр дээр очоод зогсоцгоосон. Бид гурав машинаасаа буугаад машины хажууд суугаад юм ярьж сууцгаасан. Тэгээд бид гурав юм ярьж суунгаа Сэрүүн нэртэй 2,5 литртэй пиво 3 ширхгийг тойруулж уусан. Би болохоор пивоноос нь нэг аягийг л уусан үлдсэнийг нь манай хоёр найз Ц, Б нар хувааж уусан. Тэгээд бид гурав пиво сууж дуусгаад би бие засах гээд босоод явсан хойгуур найз Ц зөвшөөрөлгүй машин асааж хөдөлсөн. Машин байсан газраас хөдлөөд тойрч деривт эргэж байгаад баруун гар тийшээ эргэхэд Б яг ард талд нь газар даавуу дэвсгэж байсан Ц харанхуйд Бийг харалгүй машиныхаа хамар хэсгээр мөргөж машины урт талын дугуй Бийн дээгүүр нь гараад зогссон. Тэгээд би гуйж очоод Ц машинаа унтраагаад бид хоёр машин доороос найз Бийг гаргаж ирээд машиндаа өргөж оруулаад Хаялга нуур дээрээс Чойр луу хөдлөөд Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж дээр ирсэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 хуудас/,

6. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2025.07.14-ний өдөр Ц бид хоёр Хаялга нуур руу явъя гэж ярьж байсан, тэгэхэд Ц “Хаялга нуур явах юм бол шар айраг авч ууя” гэсэн саналыг гаргасан юм. Тэгээд байж байтал манай найз Б Хэнтий аймгаас ирж байгаа гэхээр нь түүнийг авч явахаар болсон юм. Тэгээд Хаялга нуур руу явах гээд Сүмбэр Гарден цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы хажуу талын машины зогсоол дээр 22 цагийн орчим цугласан юм. Тэгэхэд Б ирэхдээ М, Т, Б гэх хүүхдүүдийн хамт ирсэн, харин Ц нь Л гэдэг хүүхдийг дагуулж ирсэн. Тэр үед Ц ирэхдээ 2,5 литрийн савалгаатай, “Сэрүүн” гэх нэртэй шар айраг 4 ширхэгийг авч ирсэн бөгөөд түүнийгээ тухайн үед миний жолоодож явсан машины арын суудлын хөлд тавьсан юм. Би тухайн үед ээжийнхээ худалдаж аваад удаагүй байсан, мөнгөлөг саарал өнгийн, 29-01 ДГО улсын дугаартай, Марк-2 загварын машиныг жолоодож явсан юм. Тэгээд бид нар 22 цаг 05 минутын орчим шууд Хаялга нуур руу хөдөлсөн, тухайн үед би машинаа жолоодож явсан, жолоочийн эсрэг талын суудал дээр Ц сууж явсан, харин арын суудал дээр М, Түвшээ, Булгаа, Л, Б нар сууж явсан юм. Тэгээд Хаялаг нуурын баруун хойд талын овооны энгэр дээр 22 цаг 30 минутын орчим ирж зогсоод Цийн авч ирсэн шар айргийг хувааж уусан, харин би тухайн шар айрагнаас нь 1 аягыг л уусан, бусад нь тэр шар айрагнуудыг хувааж ууцгаасан. Тэгээд шар айргаа уугаад дуусчихаар нь Б бид хоёр Хаялга нуурын эрэг рүү юм ярьж алхаж очоод Б нүүр гараа угаагаад байж байсан, тэр үед ард машин асаад өндөр хаазлаад байхаар нь эргээд хартал Ц миний машиныг жолоодчихсон деривт хийгээд тэр ойр хавиар сүлжиж яваад байсан. Тэгэхээр нь би түүнийг болиулах гээд өөдөөс нь алхтал Ц миний машиныг жолоодчихсон Б бид хоёрын ард ирээд зогссон, тэгэхээр нь би машины хажууд очоод Цэд хандан “Хөөе боль, би өөрөө машинаа авья” гэж хэлсэн чинь Ц миний үгийг сонсоогүй, тэр чигээрээ өндөр хаазлаад явсан. Тэгтэл бид нартай хамт явж байсан Булгаа тухайн үед дэвсээд сууж байсан даавууг барьчихсан явж байсан чинь Б түүнд хандан “Яах гээд наадахаа барьж яваад байгаа юм бэ?, алив өг, дэвсээд сууя” гэж хэлээд тухайн даавууг нь Б аваад ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан байдалтай тонгойгоод дэвсэж байсан чинь Ц урдаас хойшоо чиглэлтэй ирээд, баруун гар тийшээ эргэх хөдөлгөөн хийхдээ Бийн араас нь мөргөөд унагаахаар нь би Ц рүү “Зогсооч ээ Бийг мөргөчихлөө шүү дээ” гэж хэлтэл машин Бийн дээгүүр нь урд талын хоёр дугуйгаараа гараад зогссон. Тэр үед Бийн цээж хэсэг нь ил гарсан, биеийн бусад хэсэг нь машины доогуур байрлалтай байсан, би шууд Ц рүү очоод түүнийг машинаас гаргаад машинаа унтраасан. Тэр үед Ц машин жолоодож явсан бөгөөд түүний хажууд буюу жолоочийн эсрэг талын урд суудал дээр Түвшээ суучихсан, арын суудал дээр М суучихсан байсан бөгөөд бүгд машинаас гарсан. Тэгээд Бийг машины доороос татаж гаргах гэсэн чинь машин Бийн дээрээс дарсан байсан болохоор гарахгүй байсан тул бөөнөөрөө нийлээд машинаа өргөөд Бийг машины доороос татаж гаргаж ирсэн. Тэгээд шууд Бийг машинд суулгаад бусад хүмүүсээ машиндаа давхарлаж суулгаад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан, тухайн үед би тээврийн хэрэгсэлээ жолоодож явсан бөгөөд шууд эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 40 дүгээр хуудас/

7. Насанд хүрээгүй гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2025.07.14-ний өдөр 20 цагийн орчим манай найз Б нь манай найз Б рүү утсаар залгаад “Ц, Б бид 3 Хаялга нуур явах гээд байна, та нар ханиндаа явчих” гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрсөн юм. Тухайн үед манай найз Б, М бид нар нэг гэрт амьдардаг байсан юм. Тэгээд бид нар Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалга дээр ирэхэд Ц, Б, Б, Л нар байж байсан бөгөөд Б саарал өнгийн суудлын машинтай байсан, би машиных нь марк, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар шууд тэндээсээ Хаялга нуур руу 22 цагийн орчим явсан, тухайн үед Б саарал өнгийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явсан, жолоочийн эсрэг талын урд суудал дээр Ц сууж явсан, харин арын суудал дээр нь Л, Б, М, Б бид нар суусан юм. Тэгээд Хаялга нуурын баруун тал шиг л санагдаж байна, хүүхдийн тоглодог савлууртай газар ирээд бөөндөө машинаасаа буугаад машины хажууд ягаан өнгийн гудас шиг нимгэн зүйл дэвсээд юм яриад сууж байтал Ц машины арын багаажнаас 2,5 литрийн савалгаатай, ногоон өнгийн хуванцар савтай 5 ширхэг шар айраг гаргаж ирсэн. Тэгэхээр нь түүнийг нь бүгдээрээ хувааж уугаад 3-4 ширхэгийг нь ууж дуусгаад байж байтал Б, Б нар нүүр гараа угаах гээд Хаялга нуур руу явсан, Хаялаг нуур бидний сууж байсан газраас ертөнцийн зүгээр зүүн тийшээ 200 орчим метр зайтай байсан. Тэгсэн чинь Ц Б, Б хоёрын хойноос харж байгаад “Хоёроороо найзалдаг хүмүүс гоё юмаа” гээд уурлаад байсан бөгөөд “Бгийн уурыг нь барнаа” гэж хэлээд Бгийн жолоодож ирсэн саарал өнгийн суудлын тээврийн хэрэгслийг нь жолоодоод хөдөлсөн, тэр үед нь Л, М, Б нар үлдсэн бөгөөд машин хөдлөх гэхээр нь би дэвсээд сууж байсан гудсаа аваад бид нар тэндээс нь жаахан холдоод зогссон. Тэгтэл Ц тухайн машиныг жолоодоод Хаялга нуурын баруун дээгүүр өндөр хаазтай дугуйрч давхиад байсан. Тэр үед нь Б, Б нар нуураас ирж байхаар нь бид нар тэдний өөдөөс яваад очтол Б “Андаа дэвсэж байсан юмаа өгчих энд тавьж сууя” гэж хэлээд миний барьж явсан ягаан өнгийн гудсыг аваад газар дэвсээд Хаялаг нуур руу харчихсан тонгойгоод байж байтал Ц саарал өнгийн машинаараа Бийг араас нь мөргөсөн. Б машинд мөргүүлээд унасан чинь Цийн жолоодож явсан машин нь түүний дээгүүр урд 2 дугуйгаараа гараад зогссон. Тэгсэн чинь Бийн толгой хэсэг нь ил гарчихсан, биеийн бусад хэсэг нь машины доогуур байсан бөгөөд “Андаа би түлэгдээд байна, аймар халуун байна гээд орилоод байсан, тэгэхээр нь бид нар Бийг машины доороос татаж гаргах гэсэн чинь гарахгүй байхаар нь бид нар бүгдээрээ нийлж машиныг нь өргөөд жаахан хөндийрүүлж байгаад Б түүнийг машины доороос татаж гаргаж ирсэн. Түүнийг гаргаж ирэхэд зүүн хөл нь шагайнаас урагш язарсан, нүүр нь шалбарсан, нуруу нь түлэгдсэн, баруун талын гуя хэсэг нь түлэгдсэн байсан тухайн үед шөнийн 02 цаг болж байсан. Тэгэхээр нь шууд Бийг машинд суулгаад бусад хүмүүс машиндаа давхарлаж суугаад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан, тухайн үед тээврийн хэрэгсэлийг Б жолоодож явсан бөгөөд шууд эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46 дугаар хуудас/

8. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2025.07.14-ний өдөр 21 цаг өнгөрч манай найз Б нь миний гар утас руу залгаад “Бөөнөөрөө Хаялга нуур явъя, тэндээ хөзөр тоглоод, дуу соносж хоноод, маргааш гэгээ орохоор нуурандаа сэлчихээд явья гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрсөн юм. Тухайн үед манай найз Б, М бид нар нэг гэрт амьдардаг байсан юм. Тэгээд бид нар Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалга дээр очиход Ц Б, Б, Л нар байж байсан бөгөөд Б саарал өнгийн Гранд Ларк-2 гэдэг машинтай байсан, би машиных нь улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар шууд тэндээсээ Хаялаг нуур руу 22 цагийн орчим явсан, тухайн үед Б саарал өнгийн суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн эсрэг талын урд суудал дээр Ц сууж явсан, харин арын суудал дээр нь Л, Б, М, Б бид нар суусан юм Тэгээд Хаялаг нуурын баруун талд ирээд бөөндөө машинаасаа буугаад машины хажууд ягаан өнгийн гудас шиг нимгэн зүйл дэвсээд юм яриад сууж байтал Ц машины арын багаажнаас 2,5 литрийн савалгаатай, ногоон өнгийн хуванцар савтай, “Сэрүүн” гэдэг нэртэй 5 ширхэг шар айраг гаргаж ирсэн. Тэгэхээр нь түүнийг нь бүгдээрээ хувааж уугаад 3-4 ширхгийг нь ууж дуусгаад байж байтал Б, Б нар нүүр гараа угааж, сэргэнэ гэж хэлээд Хаялаг нуур руу явсан, Хаялаг нуур бидний сууж байсан газраас ертөнцийн зүгээр зүүн тийшээ байсан. Тэгсэн чинь Ц нэлээд согтсон байсан бөгөөд Б, Б хоёрын хойноос харж байгаад “Хоёроороо нийлдэг гоё найзууд юмаа” гээд уурлаад байсан бөгөөд “Бг уурлуулнаа” гэж хэлээд Бгийн жолоодож ирсэн саарал өнгийн суудлын тээврийн хэрэгслийг нь жолоодоод хөдөлсөн, тэр үед нь Л, М, Б бид нар үлдсэн. Тэгтэл Ц тухайн машиныг жолоодоод Хаялаг нуурын баруун тийшээ уул руу чиглэлтэй яваад өндөр хаазтай дугуйрч давхиад байсан. Тэр үед нь Б, Б нар нуураас ирж байхаар нь бид нар тэдний өөдөөс яваад очтол Б “Эндээ сууцгаая” гэж хэлээд Бын барьж явсан ягаан өнгийн гудсыг аваад газар дэвсээд Хаялаг нуур руу буюу ертөнцийн зүгээр зүүн тийшээ харчихсан тонгойгоод байж байтал Ц саарал өнгийн машинаараа Бийн араас нь мөргөөд унагаасан, тухайн үед Б машины урд талд доошоо хараад унасан, тэр үед Ц машиныхаа тооромсыг гишгэсэн /арын тооромсний улаан гэрэл нь асч байсан/ боловч машин нь зогсохгүй түүний дээгүүр урд 2 дугуйгаараа гараад зогссон. Тэгсэн чинь Бийн толгой хэсэг нь ил гарчихсан, биеийн бусад хэсэг нь машины доогуур байсан бөгөөд “Ёооё түлэгдээд байна” гээд орилоод байсан, тэр үед нь Б машинаас Цийг татаж гаргаад машинаа унтраасан. Тэгээд бид нар Бийг машины доороос татаж гаргах гэсэн чинь Б “Түлэгдээд байнаа андаа. татаж гаргах бол худлаа” гэж хэлэхээр нь бид нар машиныг нь өргөх гээд нэлээд хугацаа өнгөруулсэн. Тэгээд гарахгүй байхаар нь бид нар бүгдээрээ нийлж машиныг нь өргөөд жаахан хөндийрүүлж байгаад Б түүнийг машины доороос татаж гаргаж ирсэн. Түүнийг гаргаж ирэхэд нурууны арьс зулгарсан, хацар, нүүр хэсгээс нь цус гарсан байсан, тухайн үед шөнийн 02 цаг өнгөрч байсан. Тэгэхээр нь шууд Бийг машинд суулгаад бусад хүмүүс машиндаа давхарлаж суугаад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан, тухайн үед тээврийн хэрэгсэлийг Б жолоодож явсан бегөөд шууд эмнэлэг дээр ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

9. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 29-01 ДГО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн, Тоёота Марк-2 загварын тээврийн хэрэгслийг 2024 оны 09 дүгээр сард худалдаж авсан, тухайн үед фейсбүүк дээр тухайн машиныг зарахаар зар оруулсан байсан тул Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг Баянбулагийн эгнээнд байдаг хүнээс худалдаж авч байсан, би одоо машин худалдаж авсан хүн болон гэрийн хаягыг нь санахгүй байна Би тухайн үед машины мотор нь цохьсон байсан машин худалдаж аваад өөрөө шинээр мотор тавиад хэсэг зуур өөрөө хэрэглэж байгаад ээж Т-т хөдөө хонь маландаа явахдаа хэрэглэж бай гээд 2025 оны 10 дугаар сарын орчим өгчихсөн юм, түүнээс хойш манай ээж тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Б гэдэг хүн Дорноговь аймгийн Мандах суманд байдаг гэж байсан бөгөөд тухайн хүний утсыг нь олж аваад нэрээ шилжүүлж авах зорилгоор залгасан чинь утас нь ерөөсөө холбогдохгүй байсан бөгөөд тухайн хүний ээж нь гэх хүний утсыг нь олж аваад холбогдсон чинь машины эзнийг хөдөө байдаг болохоор гар утас нь холбогдохгүй байгаа талаар хэлж байсан, түүнээс хойш машины эзэнтэй холбогдож чадаагүй юм. Манай дүү Б тухайн машиныг жолоодох эрхгүй, 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би өөрөө зугаалганд явсан байсан, харин манай ээж Т  Хэнтий аймаг руу явсан байх үеэр манай дүү Б гэрээ харж үлдэхдээ тухайн машиныг жолоодсон талаар сүүлд нь сонссон. Түүнийг тээврийн хэрэгсэл жолоодсон талаар хэн нэгэн зөвшөөрөл өгөөгүй, бид нараас нууцаар тээврийн хэрэгслийг жолоодсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/

            10. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЕГО725/9668 дугаартай дүгнэлтэнд:

                 1. Б.Бийн биед зүүн шилбэний гадна хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зүүн тавхайн 1 дүгээр хурууны улны шивнүүрийн зөрүүтэй ил хугарал, баруун гуянд шарх, дух, шанаа, 2 шуу, нуруу, өвдөг, шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  1.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  2. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжгой.
  3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдпоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.”

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Н.Наранчимэг гэжээ. /х.х-ийн 63-65 хуудас/,

11. Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 015/2025 дугаартай магадлагаанд: “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутагт байрлах Хаялга нуурын баруун эрэг орчим гарсан зам тээврийн ослын хэрэгт зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон болон бусад цугларсан нотлох баримт зэргийг үндэслэж дараах магадлагааг гаргав.

2025 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутагт байрлах Хаялга нуурын баруун эрэг орчим Н.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 29-01 ДГО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоуоtа Grande Магк 2 загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад насанд хүрээгүй хохирогч Б.Бийг мөргөж, биед нь шилбэний гадна хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зүүн тавхайн 1 дүгээр хурууны улны шивнүүрийн зөрүүтэй ил хугарал, баруун гуянд шарх, дух, шанаа, 2 шуу, нуруу, өвдөг, шагайнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь:

  1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. "зам тээврийн осол" гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
  2. 29-01 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Ц нь:

Замын хөдөлдгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  1. Явган зорчигч Б.Б нь: Замын хөдөлдгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
  2. 29-01 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Магадлагаа гаргасан ахлах дэслэгч С.Мөнх-Эрдэнэ гэжээ. /х.х-ийн 67 хуудас/,

12. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас тоолсон тухай тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 4-9, 13-14, 16, 92, 95-118 хуудас/,

13. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардлын баримт, өвчний түүх тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/х.х-ийн 127-158, 162, 164-165 хуудас/,

14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 88 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах Хаялга нуурын баруун эрэг орчимд 2025 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед 29-01 ДГО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Grand Магк 2 загварын тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а) Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, улмаар хохирогч Б.Бийн эрүүл мэндэд зүүн шилбэний гадна хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зүүн тавхайн 1 дүгээр хурууны улны шивнүүрийн зөрүүтэй ил хугарал, баруун гуянд шарх, дух, шанаа, 2 шуу, нуруу, өвдөг шаганд гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Н.Цийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхээс гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Б, насанд хүрээгүй гэрч Б.Б, Э.Б, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ЕГО725/9668 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 015/2025 дугаартай магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөн өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь өөрийгөө өмгөөлж оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байна.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаялга нуурын баруун эрэг орчим 2025 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө 2 цагийн үед 29-01 ДГО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота гранд марк 2 загварын тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7А, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч улмаар насанд хүрээгүй хохирогч Бийн эрүүл мэндэд зүүн шилбэний гадна хавчаар ясны далд хугарал, зүүн тавхайны 1 дүгээр хурууны улны шивнүүрийн зөрүүтэй ил хугарал, баруун гуянд шарх, дух, шанаа, 2 шуу, нуруу, өвдөг шагайнд зулгарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогчийн зүгээс яллагдагчид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эмчилгээний зардалд 750 000 төлсөн, нэмэлтээр 2 500 000 төгрөг өгсөн, эмчилгээний зардалд 3 250 000 төгрөгийг нөхөн төлсөн. Хэрэгт иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2 525 142 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулаагүй. Үүнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул бусдад төлөх төлбөртэй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй. Шүүгдэгч Цийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасган 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай, энэ хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна саналыг,

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэснийг тус тус дурдлаа.

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад тусламжийг үзүүлсэн, учруулсан хохиролыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө  илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Проруророос гаргасан өсвөр насны шүүгдэгч Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасган 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангана” гэж заасан шаардлагад нийцүүлэн оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эдлэх ялыг 2 дахин багасгах” нь зүйтэй гэсэн улсын яллагчийн саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч Б.Б түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Б нар нь эмчилгээний зардалд 750 000 төгрөг авсан, дахин гаргах гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Н.Цийг насанд хүрээгүй хохирогч Б.Бт төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Б.Бийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2 525 142 төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Н.Цээс 2 525 142 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдоогүй, насанд хүрээгүй хохирогч Б.Бт төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                         ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Нгийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ хугацаагаар хасаж,  02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ дахин багасгаж 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Цэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй 01 /нэг/ хоногийг хорих ялын 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Цэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаанд хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцож эхлэхийг дурдсугай.

6Өсвөр насны шүүгдэгч Н.Цэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдоогүй, насанд хүрээгүй хохирогч Б.Бт төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Цээс 2 525 142 /хоёр сая таван зуун хорин таван мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ