| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/02707/И |
| Дугаар | 101/ШШ2023/02006 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/02006
| 2023 04 19 | 101/ШШ2023/02006 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Б.Ш /рд:0000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэлийн өргөн чөлөө, Хүннү гудамж, өөрийн байранд оршин байрлах, И Э С о м ХХК /рд:0000/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохирол 4,808,992 төгрөг гаргуулах, орон сууцны унтлагын өрөөний сургуультай залгаа хэсгийн дүүргэлтийн хана сууж, босоо ташуу чиглэлийн хагарал, цууралт үүссэн, барилгын бетон хаяавч суултанд орж битүүмжлэлгүй болсон хэсэгт дүүргэлтийн хананы өргийг шинэчлэн анкерлаж бэхэлгээ хүчитгэлийг хийж, барилгын бетон хаяавчийн битүүмжлэлийг засварлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 376,455 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Ш ИЭСОМ ХХК-ийн барьж байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны байрлах Э а хотхоны 207 дугаар байрны 04 тоотод байрлах 65.72 м.кв 3 өрөө орон сууцны барилга захиалан бариулах тухай гэрээг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ИЭСОМ ХХК -тай байгуулан худалдан авсан. Энэ байранд 2017 оны 08 сарын 14-ний өдөр нүүж орсон бөгөөд 2017 оны 11 сард анх байрны чанар, хананы сийгэлт, дулаан алдагдлын талаар ИЭСОМ ХХК-д амаар болон бичгээр удаа дараа гомдол шаардлага гаргасан боловч доголдлыг засах оролдлого огт хийгээгүй. Улмаар 2018 оны 11 сарын 13-нд ИЭСОМ ХХК-ийн оффист очиж бичгээр албан ёсоор гомдол гаргасан. Дараах нь цонхны засвар хийх компаниас явна гэсэн хэсэг хүмүүс байраар үзлэг хийсэн. Түүнээс хойш мөн л хариу байхгүй алга болсон. Ингээд 2019 оны 04 сарын 08-ны өдөр Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газарт бичгээр гомдол гаргаснаар тус байгууллын ажилтан Батцэцэг байранд ирж үзлэг хийсэн ба Тус компанийг засвар хийлгэх талаар зөвхөн амаар шаардах болно. Энэ компани ахиж хариу арга хэмжээ авахгүй бол манай байгууллага яаж ч чадахгүй. Та Нийслэлийн мэргэжлийн хяналтад гомдол гаргасан нь дээр." гэсэн хариу өгсөн. 2020 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл хүлээсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй учир Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргав. Мөн сард 207, 208-р дугаар байрны оршин суугчид нэгдэж гарын үсэг зуран компанид 2020 оны 05 сарын 26-ны өдөр бичгээр гомдол гаргасан. ИЭСОМ ХХК мөн л ямар ч хариу өгөөгүй. 2020 оны 08 сарын 14-нд мэргэжлийн хяналтын байцаагч Жаргалсайханаар ахлуулсан ажилтнууд байранд ирж үзлэг хийсэн ба мөн өдрөө ИЭСОМ ХХК-д албан шаардлагыг бичгээр өгсөн. Компани мөн л ямар ч арга хэмжээ аваагүй. 2021 оны 01 сарын 14-ний өдөр тус байрны асуудлыг түр хариуцаж буйгаа 207, 208 р байрны оршин суугчдын фэйсбүк группд бичсэн боловч мөн хариу өгөөгүй. Ингээд хамгийн сүүлд 2021 оны 03 сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай ахин холбогдож уг асуудал шилжсэн байцаагч Батбаатараас албан шаардлагын биелэлтийн талаар лавласан ба тэрээр манай байранд ирж дахин үзлэг хийсэн. Гэвч хөл хорио гэх мэт элдэв шалтаг ярьсаар 06 сар хүрч үзлэг хийсэн дүгнэлт гаргахаас татгалзаж, эцэст нь шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. 2021 оны 06.01-06.05 хооронд том унтлагын өрөө, хүүхдийн өрөөнүүдэд ханын цааснууд, шавардлагыг хуулуулж хананд үүссэн цууралт, хагарлуудыг цемент шавраар нөхүүлж, элсэн замаск түрхүүлсэн. Ижил ханын цаасны олдцоос хамаарч том унтлагын өрөөний зүүн талыг хананы цаасыг, хүүхдийн өрөөний 4 талын ханын цаасыг бүхэлд нь солиулсан. Засварын ажлын хөлс 537,000 төгрөг, обой худалдан авсан үнэ 271,000 төгрөг, нийт 808,992 төгрөг зарцуулсан. Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний гүйцэтгэгчийн эрх, үүрэг буюу 4.4 дүгээр зүйлд Гүйцэтгэгч нь барилгын ажлыг Барилгын салбарт мөодөгдөж буй норм, стандартын дагуу гүйцэтгэж, хүний эрүүл мэндэд үл харшлах материалаар барьж тохилог орчин бүхий барилгыг барьж гуйцэтгэгчид хулээлгэн өгнө. гэж гүйцэтгэгч буюу хариуцагчийн эрхийг тодорхой зааж өгсөн. Захиалагчийн зүгээс уг орон сууцанд амьдарч эхлээд 6 сарын дотор буюу эхний өвлийн улиралтай тулгарах үеэс эхлэн доголдлын талаар гүйцэтгэгч талд бүхий л хэлбэрээр олон удаа доголдлоо засахыг шаардаж эхэлсэн. Энэхүү орон сууцанд байшингийн дотор талаас нь засварын ажлуудыг бие дааж хийсэн бөгөөд харин гадна талаас нь засах ажлыг миний зүгээс хийх боломжгүй тул барилгын гадна талаас дулаалга, заслын ажил, барилга хоорондын дулаан алдалтыг зогсоох, ханын цууралтыг бэхэлж засварлуулах болон дотор талд хийсэн засварын зардал буюу хохирлыг гүйцэтгэт талаар төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд гүйцэтгэгч буюу хариуцагчаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны байрлах Э а хотхоны 207 дугаар байрны 04 тоотод байрлах 65.72 м.кв 3 өрөө орон сууцны унтлагын өрөөний сургуультай залгаа хэсгийн дүүргэлийн хана сууж, тус хэсэгт босоо ташуу чиглэлийн хагарал, цууралт үүссэн, мөн барилгын бетон хаяавч суултанд орж, битүүмжлэлгүй болсон ба дүүргэлтийн хананы өргийг шинэчлэн анкерлаж бэхэлгээ хүчитгэлийг хийж, барилгын бетон хаяавчийн битүүмжлэлийг засварлуулж, ханын сийгэлт, хөлөрч цан цохисноос шалтгаалсан заслын ажилтай холбоотой гарсан зардал, хохирол болох 808,992 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өмгөөллийн хөлс 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Иймд нийт 4,808,992 төгрөгийг гаргуулж өгнө үү. Орон сууцны унтлагын өрөөний сургуультай залгаа хэсгийн дүүргэлийн хана сууж, тус хэсэгт босоо ташуу чиглэлийн хагарал, цууралт үүссэн, мөн барилгын бетон хаяавч суултанд орж, битүүмжлэлгүй болсон ба дүүргэлтийн хананы өргийг шинэчлэн анкерлаж бэхэлгээ хүчитгэлийг хийж, барилгын бетон хаяавчийн битүүмжлэлийг засварлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчтай харилцан тохиролцож, Г б кХХК-ийн дүгнэлтэд дурдсанаар засварлуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд барилгын сургуультай залгаа хэсгийн дүүргэлтийн хана сууж босоо ташуу чиглэлийн хагарал цууралт үүссэн мөн барилгын бетон хаяавч суултанд орсон гэсэн нь мэргэжлийн хэллэгээр явган хүний замын барилгын заагийг хаяавч гэж нэрлэдэг. Нэхэмжлэгчийн өөрийн шаардлага нь 207 байр сургууль хоёрын хоорондох засварт гарсан зай завсарыг хэлж байсан ба үүнийг хариуцагч талаас очиж үзлэг хийж Температурын шоо гэж нэрэлдэг завсараар хүйтний улиралд хүйтэн орж хуримтлагдсанаас үүдэн цан цохьсон байх тул түүнийг засахад фасадийг хуулж, дулаалгын машинаар шүршдэг хөөсөөр зай завсаргүй шүршиж чигжэж өгөн дахин шинээр хөөсөн фасад хийхэд хүйтэн орох завсаргүй болж засварлагдах боломжтой юм. Мөн босоо ташуу чиглэлийн хагарлыг гэснийг эмульсийг нь ховхлон авч шахдаг хөөсөөр чигжиж өгч дахин эмульсдэх боломжтой. Харин дүүргэлтийн хананы өргийг шинэчлэн анкерлаж бэхэлгээ хүчитгэлт хийх гэжээ. Энэ нь айлын нэг өрөөний нэг талын ханыг бүхэлд нь нураагаад хөөсөнцөр дулаалгыг хийгээд наад талаар нь блокийг шинээр хийх гэсэн утга байгаа тул үүнийг хийх шаардлаггүйн зэрэгцээ боломжгүй юм. Учир нь 1, 2 дугаар давхарт даацын хана байдаг ба хана нурааж шинээр блок өрөх нь ямар ч боломжгүй зүйл юм. Барилгын бетон хаяавчийн битүүмжлэх гэдэг нь 1 давхарын чулуун фасад болон 2 давхартай нийлж буй уулзварын заагийг хэлж байгаа ба үүнийг хиаман силиконоор битүүмжилж засварлах боломжтой юм. Нэхэмжлэлийн шаардлагын 2-т дотор заслын ажилтай холбоотой гарсан зардал 808,992 төгрөг гаргуулахыг хүсжээ. Дотор заслын төлбөрийг зарим хэсэг болох 432.536,86 мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч авах эсэх нь тухайн иргэний өөрийн эрхийн асуудал тул өмгөөллийн хөлс төлөх үндэслэлгүй. Орон сууцны унтлагын өрөөний сургуультай залгаа хэсгийн дүүргэлийн хана сууж, тус хэсэгт босоо ташуу чиглэлийн хагарал, цууралт үүссэн, мөн барилгын бетон хаяавч суултанд орж, битүүмжлэлгүй болсон ба дүүргэлтийн хананы өргийг шинэчлэн анкерлаж бэхэлгээ хүчитгэлийг хийж, барилгын бетон хаяавчийн битүүмжлэлийг засварлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан доголдлуудыг Г б кХХК-ийн дүгнэлтэд дурдсанаар засварлуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
ИЭСОМ ХХК БЗД-ийн 26-р хорооны Эдү кампус эпарт-ын СӨХ-ийн үйл ажиллагааг 2018 оноос эхлэн явуулж ирсэн. 2018.03.01-ний өдөр Б.Штай Э а хотхон ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан бөгөөд ИЭСОМ ХХК нь өнөөдрийг хүртэл өөрсдөө тус СӨХ ажиллуулж байна. Хуулийн дагуу нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэснийг үндэслэн 2021 онд БЗД-ийн 26-р хорооны Эдү кампус апартын оршин суугч нар еөрсдөө СӨХ байгуулсан боловч 1 сарын хугацаанд ажиллаад буцаагаад ИЭСОМ ХХК-нд хариуцуулан өгсөн. Энэхүү хугацаанд ч 207 дугаар байрыг ИЭСОМ ХХК-ийн СӨХ тус байрыг хариуцсаар ирсэн. Б.Штай хийсэн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд ИЭСОМ ХХК СӨХ-ийг шилжүүлж өгсөн зүйл байхгүй юм. Манай компани оршин суугчидтай хийсэн гэрээний дагуу үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилтанг авч ажиллуулан цалин олгож, орон сууцны цэвэрлэгээ, харуул хамгаалалт, лифт, хог, тог, ус халаалт гэх зэрэг бүхий л үйлчилгээг хариуцаж ажиллаж байна. Гэтэл 04 тоотод оршин суугч Б. Шинэбат нь 2021.02.01-2022.05.31-ныг хүртэл нийт 376,455.14 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй өөр СӨХ байгуулагдсан нэрээр түр байгуулагдсан СӨХ-д ч төлсөн төлбөргүй манай СӨХ-д ч төлсөн төлбөргүй өдийг хүрсэн. Б.Шын СӨХ-ийн төлбөрт цэвэрлэгээ, харуул хамгаалалт, хогны төлбөр гардаг ба хариуцагч энэхүү үйлчилгээг байнга авдаг гэдэг нь маргаангүй юм. Иймд 04 тоотод оршин суугч Б.Шаас СӨХ-ийн төлбөр 376,455.14 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг мөнгийг нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээр шаардсан 808,992 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
ИЭСОМ ХХК нь СӨХ-ийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй бөгөөд СӨХ-ийн үйлчилгээг 207 дугаар байранд үзүүлж байгаагүй. Уг байрны оршин суугчид тус компанитай СӨХ-ийн төлбөрийн талаар сунжирсан маргааныг шүүх дээр явуулж байгаа. Албан ёсоор байгуулагдсан СӨХ биш атлаа үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 Нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууцны барилга захиалан бариулах гэрээ, барилгын засварын ажлын гэрээ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, барилгын ажлын зураг төсөл, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн баримт, фото зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэх, Э а СӨХ-ны гэрчилгээ,
3.2 Хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсынн бүртгэлийн гэрчилгээ, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, хог тээврийн үйлчилгээний гэрээ, орон сууц хүлээлгэн өгсөн акт, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцыг хадгалах гэрээ, харуул, хамгаалалтын ажилтны ажлын байрны тодорхойлолт, эрсдлийн сангийн гэрээ, Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Г б кХХК-ийн дүгнэлт, танилцуулгын хуудас,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч И Э С о м ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохирол 808,992 төгрөг гаргуулах, орон сууцны унтлагын өрөөний сургуультай залгаа хэсгийн дүүргэлтийн хана сууж, босоо ташуу чиглэлийн хагарал, цууралт үүссэн, барилгын бетон хаяавч суултанд орж битүүмжлэлгүй болсон хэсэгт дүүргэлтийн хананы өргийг шинэчлэн анкерлаж бэхэлгээ хүчитгэлийг хийж, барилгын бетон хаяавчийн битүүмжлэлийг засварлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өмгөөллийн хөлс 4,000,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн.
1.2 Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн 808,992 төгрөгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, бусад хэрэгт маргаж, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 376,455 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, орон сууцны засвартай холбоотойгоор зохигчдын эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэв.
3. Зохигчид 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц барилга захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр И Э С о м ХХК нь Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, 65.72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Б.Ш нь 1 м.кв талбайг 2,150,000 төгрөгөөр тооцон нийт 141,298,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-8-9/
3.1 Уг гэрээний дагуу И Э С о м ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Б.Шад акт үйлдэн хүлээлгэн өгсөн байна. /хх-67/
3.2 Талуудыг гэрээ байгуулах үед гэрээний зүйл нь баригдсан байсан болох нь талуудын тайлбар, захиалагчид орон сууц хүлээлгэн өгөх тухай актаар тус тус тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
3.3 Худалдах-худалдан авах гэрээгээр тохиролцсон үнэ 141,298,000 төгрөгийг худалдан авагч Б.Ш нь бүрэн төлж барагдуулсан үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.
4. Худалдан авагч Б.Ш нь гэрээний зүйлийг актаар хүлээн авсан орон сууцны унтлагын өрөөний хана нь хариуцагчийн эрхлэн явуулдаг сургуультай залгаа бөгөөд уг залгаа хэсэгт зайтай баригдсаны улмаас унтлагын өрөөний хананд хагарал, цууралт үүсч дулаан алддаг доголдол илэрсэн болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02-07-117/602 тоот албан шаардлагаар тогтоогдсон. Хариуцагч нь дээрх доголдол үүссэн үйл баримтын талаар маргаагүй.
4.1 Дээрх доголдол үүссэнтэйгээр холбоотойгоор Б.Ш нь унтлагын өрөөний хана цуурсан хэсгийн хагарлуудыг цемент шавар түрхэж, ханын обойг шинээр гүйцэтгүүлсэн болох нь Д.Д байгуулсан барилгын засварын ажил хийх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
4.1.1 Доголдлыг Д.Д-ээр засварлуулсан ажлыг хөлс 537,000 төгрөг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдсон ба хариуцагч уг үйл баримтад маргаагүй.
4.1.2 Шинээр цемент, обой авахад нийт 271,000 төгрөгийн зардал гаргасан гэж нээхмжлэгч шаардсан боловч хэргийн 21 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтаас үзэхэд 255,672 төгрөгийн үнэ бүхий ханын цаас худалдан авсан байна.
4.2 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.Ш нь худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд баримтаар тогтоогдсон ажлын хөлс 537,000 төгрөг, ханын цаасны үнэ 255,672 төгрөг 792,672 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс 4,000,000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгч Б.Шын эрхийн асуудал юм. Иймд уг эрхээ хэрхэн хэрэгжүүлэх, өмгөөлөгчтэй хэдэн төгрөгөөр тохиролцох замаар хууль зүйн туслалцаа авсан нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн асуудал байх тул өмгөөллийн хөлс 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Б.Ш нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 207 дугаар байр, 0000 тоотод байрлах орон сууцны унтлагын өрөөний сургуультай залгаа хэсгийн дүүргэлтийн хана сууж, босоо ташуу чиглэлийн хагарал, цууралт үүссэн, барилгын бетон хаяавч суултанд орж битүүмжлэлгүй болсон хэсэгт дүүргэлтийн хананы өргийг шинэчлэн анкерлаж бэхэлгээ хүчитгэлийг хийж, барилгын бетон хаяавчийн битүүмжлэлийг засварлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
6.1 Хариуцагч И Э С о м ХХК нь орон сууцанд доголдол үүссэн, засварлаж өгөхөд маргаагүй боловч нэхэмжлэгчийн дээр дурдсан шаардлагаар буюу анкерлаж бэхэлгээ хийх байдлаар засварлах боломжгүй, энэ тохиолдолд орон сууцны ханыг бүхэлд нь нурааж буулгаж байж хийх болно гэж тайлбарлаж, маргасан.
6.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд орон сууцны доголдол үүссэн хэсгийг хэрхэн засварлуулах арга, замыг харилцан тохиролцож эвлэрсэн байна. Тодруулбал, хариуцагч нь Г б кХХК-иар маргаан бүхий орон сууцанд үзлэг хийлгэх замаар ямар байдлаар хэрхэн засварлавал зохих талаар мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байна. /хх-97-99/
6.2.1 Г б кХХК-ийн дүгнэлтэд ...Унтлагын өрөөний сургуультай залгаа хэсгийн дүүргэлтийн хананд босоо чиглэлийн хагарал үүссэн. Тухайн байдлыг засварлахын тулд 2 барилгын нийлж байгаа хэсгийн хөөсөнцөр фасадыг ховхолж нүхлэн, барилгын дулаалгын хөөсийг шүршиж дулаалаад шахмал хөөсөнцөрөөр битүүмжлэн гадна гоёлыг хийж гүйцэтгэнэ. Гадна хөөсөнцөр фасад хөндлөн чиглэлийн хагарал үүссэн. Тухайн байдлыг засварлахын тулд гадна фасадыг ховхолж хөөсөнцөрийн ан цавыг дүүргэн гадна фасадны өнгөлгөөг хийнэ. Орон сууцны харадпаа 1 дүгээр давхрын чулуун фасад, 2 дугаар давхрын хөөсөн фасадтай нийлж байгаа хэсэгт цууралттай байна. Үүнийг хөөсөн фасад, чулуун фасадны уулзварыг чанар сайтай гадна силиконоор битүүмжилж татна.
Барилгын бетон хаяавч суултанд орж битүүмжлэлгүй болсон гэсэн нь ташаа ойлголт юм. Барилгын бетон хаяавч гэдэг нь барилгыг тойруулан зураг төслийн дагуу бетоноор цутгаж тухайн барилгын суурийг хамгаалах зорилготой хийдэг хийц юм. Тус тоотын гомдолтой хамааралгүй хийц байна. Барилгын дүүргэлтийн ханын өргийг шинэчлэн анкерлаж бэхэлгээ хүчитгэлийг хийх нь тухайн обьектыг эрсдэлд оруулна. Тухайн айл нь орон сууцныхаа 2 дугаар давхарт байдаг ба тус тоотын унтлагын өрөөний ханын өрлөгийг нурааж шинээр өрлөг өрөх нь БНбД-д заагдаагүй... гэжээ.
6.3 Зохигчид Г б кХХК-ийн дүгнэлтэд тусгасан байдлаар орон сууцанд үүссэн доголдлыг засварлуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар дээрх эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэв.
7. Хариуцагч И Э С о м ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 376,455.14 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь,
7.1 Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.Штай байгуулсан Э а хотхон ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан, дээрх гэрээг албан ёсны сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах хүртэл хугацаанд нийтийн эзэмшлийн үйлчилгээний төлбөрийг И Э С о м ХХК-д төлөхөөр тохирсон тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
7.1.1 Талуудын хооронд Э а хотхон ажил, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулагдсан байх боловч талуудын хэн алины тайлбараар Э а хотхонд оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар албан ёсны Э а СӨХ байгуулагдсан, уг сууц өмчлөгчдийн холбоо руу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой эрх, үүргийг шилжүүлсэн болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон.
7.1.2 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оршин суугч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Иймд оршин суугчийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлөх төлбөрийг Э а СӨХ нэхэмжлэх эрхтэй байна.
7.2 Түүнчлэн хариуцагч И Э С о м ХХК нь ажил, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг нэхэмжлэгч Б.Штай байгуулсан атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гэж тодорхойлон шаардаж байгаа нь зөрүүтэйн дээр 376,455.14 төгрөгт юу, юуны зардал байгаа эсэх, цэвэрлэгээнд хэдэн төгрөг, хог тээвэрлэлтэд хэдэн төгрөг, харуул хамгаалалтад хэдэн төгрөг нэхэмжилж байгаа болох нь тодорхойгүй байна.
7.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохирол гаргуулах, доголдол арилгуулахтай холбоотой үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй, тус тусдаа эрх зүйн харилцаа байна.
7.4 Иймд хариуцагчаас гаргасан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 376,455.14 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Харин Э а СӨХ-оос Б.Шад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөр гаргуулахаар шаардахад энэ шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас нийт 792,672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 4,016,320 төгрөгт холбогдох хэсэг болон 376,455.14 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, зохигчдын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 792,672 төгрөгт ногдох 23,574 төгрөг, орон сууцанд үүссэн доголдол арилгуулахад ногдох 70,200 төгрөг, нийт 93,774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 173,120 төгрөг, хариуцагчаас төлсөн 12,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч И Э С о м ХХК-иас 792,672 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Шад олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 4,016,320 төгрөгт холбогдох хэсэг болон 376,455.14 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И Э С о м ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нэхэмжлэгч Б.Шын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, 65.72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд илэрсэн доголдлыг Г б к ХХК-ийн дүгнэлтэд зааснаар буюу унтлагын өрөөний сургуультай залгаа хэсгийн дүүргэлтийн хананд босоо чиглэлийн хагарал үүссэнийг 2 барилгын нийлж байгаа хэсгийн хөөсөнцөр фасадыг ховхолж нүхлэн, барилгын дулаалгын хөөсийг шүршиж дулаалаад шахмал хөөсөнцөрөөр битүүмжлэн гадна гоёлыг хийж гүйцэтгэж, гадна хөөсөнцөр фасад хөндлөн чиглэлийн хагарал үүссэнийг гадна фасадыг ховхолж хөөсөнцөрийн ан цавыг дүүргэн гадна фасадны өнгөлгөөг хийж, орон сууцны харалдаа 1 дүгээр давхрын чулуун фасад, 2 дугаар давхрын хөөсөн фасадтай нийлж байгаа хэсэгт үүссэн цууралтыг хөөсөн фасад, чулуун фасадны уулзварыг чанар сайтай гадна силиконоор битүүмжилж татан засварлахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 173,120 төгрөг, хариуцагчаас төлсөн 12,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,774 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ