Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/01179

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ФК ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: АБИ ХХК-д х олбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 88,426,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одгэрэл, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

Хариуцагч АБИ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.(хх-ийн 39)

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ФК ХХК нь хариуцагч АБИ ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,951,000 төгрөгийг, алданги 29,475,500 төгрөгийг нийт 88,426,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.Үүнд: Манай компани хариуцагч АБИ ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр № Г-22/15 тоот Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Мөн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Бетон зуурмаг нийлүүлэхээр харилцан тохиролцож М250 маркийн 218м.куб зуурмагийг 1м.кубийг 230,000 төгрөгийн бетон зуурмаг, 55м.куб бетон зуурмагийг 1м.кубийг 245,000 төгрөгөөр нийт 13,475,000 төгрөгийн бетон зуурмаг, тус зуурмагийг тээвэрлэсэн нэмэлт тээврийн хөлс 336,000 төгрөг, нийт 63,951,000 төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс хариуцагч тал 5,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 58,951,000 төгрөгийг төлөөгүй болно. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги нэг хоногийн 294,755 төгрөг төлөх бөгөөд төлбөл зохих хугацаанаас 171 хоногоор тооцоход нийт алданги нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч талаас үндсэн төлбөр 58,951,000 төгрөгийг, алданги 29,475,000 төгрөгийг, нийт 88,426,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч АБИ ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй болно.

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд: итгэмжлэл(хх-ийн5), хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн6), 2022.05.23-ны өдрийн №Г-22/15 гэрээ(хх-ийн8-12), АБИ ХХК-ИЙН -ний хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн13) зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас шүүхэд итгэмжлэл(хх-ийн31), хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн32), компанийн дүрэм(хх-ийн33-35) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ФК ХХК нь хариуцагч АБИ ХХК--д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 58,951,000 төгрөгийг, алданги 29,475,000 төгрөгийг, нийт 88,426,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

2.Шүүхээс хариуцагч АБИ ХХК-д нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар хариу тайлбар, нотлох баримтын хамт 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэйг даалгасан.Хариуцагч нь хуульд зааснаар хариу тайлбарыг тогтоосон хугацаанд шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл барим тогтоогдсон болно.

3.Зохигчдын хооронд 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №Г-22/15 дугаар Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-г байгуулжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч тал захиалагчийн захиалгын дагуу бетон зуурмагийг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл захиалагч талд нийлүүлэх, захиалагч нь нийлүүлэгч талын нэхэмжлэлийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор бетон зуурмагийн үнийг, гэрээнд зааснаар тээврийн зардлыг төлж барагдуулахаар харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй(хх-ийн8-12)

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

5.Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнд хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ,189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй  тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6.Талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №Г-22/15 дугаар Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний:

3.1.-д Нийлүүлэгч нь захиалагч талын захиалгаар техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэгдсэн дор дурдсан маркийн бетон зуурмагийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Захиалагч тал нийлүүлнэ.;

3.1.1.-д бетон зуурмагийн үнэ: бетоны марк-М250, нэгж үнэ-230,000 төгрөг, гэрээлсэн бетон зуурмагийн нийт хэмжээ м3- 220 м3, нийт үнэ-50,600,000 төгрөг. Энэхүү үнэд Нэмүү өртгийн албан татвар багтсан болно.;/Бусад маркийн бетон зуурмагийн үнэ болон помп машины үнийг хавсралтаар/

3.3.-д гэрээний нийт төлбөрийг 100% бэлэн мөнгөөр Нийлүүлэг талын нэхэмжлэхийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэг удаагийн төлөлтөөр төлж барагдуулна;.

3.6.-д микссер машины тээвэрлэсэн зуурмагийн хэмжээ 7м3-ээс бага тохиолдолд нэмэлт тээврийн зардалд 28,000,-168,000 төгрөгийг нийлүүлэгч талд төлнө.;

5.1-д захиалагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлнө.гэж тохиролцжээ.

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр №Г-22/15 дугаар Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 58,951,000 төгрөгийн үнийн дүнгийн 29,475,500 төгрөгийн алданги шаардах эрхтэй.

8. Иймд хариуцагч АБИ ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 58,951,000 төгрөгийн үнийн дүнгийн 29,475,500 төгрөгийг нийт 88,426,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФК ХХК-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 600,082.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 600.082.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасан удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 , 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч АБИ ХХК(рд:)-иас худалдан авах гэрээний үүрэгт 58,951,000 төгрөгийн үнийн дүнгийн 29,475,500 төгрөгийг нийт 88,426,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ФК ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 600,082.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 600,082.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/04289 дугаар Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна.,122.3-т Хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ