Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/01236

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: СТ ХХК-ИЙН нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ФК ХХК-Д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33,956,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхцолмон, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн иргээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хариуцагч талын эзгүйд хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч СТ ХХК нь хариуцагч ФК ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33,956,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Манай компани нь ФК ХХК-д цемент нийлүүлэхээр харилцан тохиролцож, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд 1084.10 тонн буюу нийт 327,094,000 төгрөгийн үнэ бүхий цементийг ФК ХХК-д нийлүүлсэн. Ингээд ФК ХХК нь цементийн төлбөр болох 293,138,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 163.85 тонн буюу 52,456,000 төгрөгийн үнэ бүхий цементийг авсан. Сүүлд авсан 163.85 тонн цементийн төлбөрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 18,500,000 төгрөгийг төлж 33,956,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй болно. Манай компанийн зүгээс хариуцагчтай холбогдон цементийн үлдэгдлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч боломжгүй байна, дараа болъё гэх зэрэг тайлбар тавьсаар өнөөдрийг хүрлээ. Иймд ФК ХХК-иас үлдэгдэл төлбөр 33,956,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч ФК ХХК-иас шүүхэд хариу тайлбар өгөөгүй болно.

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд:хуулийн этгээдийн гэрчилгээ(хх-ийн5), зарлагын падаан(хх-ийн6-16),тооцоо нийлсэн акт(хх-ийн17) зэрэг баримтын нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас шүүхэд: хуулийн этгээдийн гэрчилгээ(хх-ийн24), итгэмжлэл(хх-ийн25) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч СТ ХХК нь хариуцагч ФК ХХК-д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33,956,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

2.Шүүхээс хариуцагч ФК ХХК-д нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар хариу тайлбар, нотлох баримтын хамт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэйг даалгасан.Хариуцагч нь хуульд зааснаар хариу тайлбарыг тогтоосон хугацаанд шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй. (хх-ийн27)

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл барим тогтоогдсон болно.

3.Зохигчдын хооронд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 163.85 тонн буюу 52,456,000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлснээс хариуцагч 163.85 тонн цементийн төлбөрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 18,500,000 төгрөгийг төлж 33,956,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй(хх-ийн6-17)

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

5.Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнд хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ,189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй  тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

6.Зохигчид тус иргэний хэрэг хянан хэлэлцэх 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд Эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэх нэг сарын хугацааг хэн аль хүссэн тул талуудын хүсэлтийг шүүх хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч зохигчид эвлэрээгүй тул хэргийг сэргээж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгааг дурдах нь зүйтэй.

7.Иймд хариуцагч ФК ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33,956,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СТ ХХК-д олгов.

8.Хариуцагч нь хуульд зааснаар хариу тайлбарыг тогтоосон хугацаанд шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ., энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заанаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасан удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч ФК ХХК-иас худалдан авах гэрээний үүрэгт 33,956,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СТ ХХКолгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 327,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2022/22976дугаар Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Давж заалдах журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байна.,122.3-т Хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ