| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 304/2025/0185/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/194 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/194
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, шүүгч Д.Элбэгзаяа, Б.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
улсын яллагч О.Мөнхтуяа,
иргэдийн төлөөлөгч Г.Наранбаатар,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Н, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Г.Б*******д холбогдох эрүүгийн 2515000000138 дугаартай, 304/2025/0185/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Гү*******ын Б*******, Булган аймгийн ........... 1973 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн .................оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Булган аймгийн ............... ажилладаг, зуны улиралд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистрийн дугаар: *******, урьд
-Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б******* овгийн Гү*******ын Б******* /*******/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчимд Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг ******* 3 дугаар хороо, ******* ******* задгай тоотод байрлах иргэн Ш.А*******ын гэрт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон ирж тус хашаанд байрлах монгол гэрт нь орж ирэн тэнд байсан хүмүүст хандаж “надтай зодолдох хүн байна уу?” гэж хэлэн хүмүүсийг өдөж, хэрүүл, маргаан хийж, амь хохирогч Ж.Мтай барьцалдан гэрээс гарч улмаар гэрийн гадна үргэлжлүүлэн муудалцаж байх үедээ, өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр амь хохирогчийг 2 удаа дайрч, эрүүл мэндэд нь “элэг задрал, уушгины нэвтэрсэн шарх, олон хавирга, өвчүүний хугарал” бүхий гэмтэл учруулж “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Б******* нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг ******* 3 дугаар хороо, ******* ******* задгай тоотод байрлах иргэн Ш.А*******ын гэрт очиж, тэнд байсан хүмүүст хандан “надтай зодолдох хүн байна уу” гэх зэргээр хэрүүл, маргаан үүсгэж, амь хохирогч Ж.Мтай маргалдан барьцалдан гэрээс гарч, харилцан зодолдож байгаад өөрийн жолоодож явсан улсын дугаартай “T” маркийн тээврийн хэрэгслээр түүнийг модон хашаатай /банзаар барьсан/ хавсран мөргөж, газар унасан байхад нь тээврийн хэрэгслээр дээгүүр нь дайрч, эрүүл мэндэд нь “элэг задрал, уушгины нэвтэрсэн шарх, олон хавирга, өвчүүний хугарал” бүхий гэмтэл учруулан алсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:
-Иргэн Д.Огаас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цаг 41 минутад Цагдаагийн газарт харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 03 дахь тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 04-09, 10-24 дэх тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 25-26, 27-30 дахь тал/,
-Амь хохирогчийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 31-33, 34-36 дахь тал/,
- БУН улсын дугаартай, “T” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 37-40, 41-47 дахь тал/,
-Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “... БУН улсын дугаартай, “T” загварын тээврийн хэрэгслийг Булган аймгийн Булган сумын ......... тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд битүүмжилсэн...” тухай тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 48, 49-50 дахь тал/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 55-56, 57-58 дахь тал/,
- Г.Б*******н өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 59-60, 61 дэх тал/,
- Г.Б*******н эзэмшлийн Самсунг А-34 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 62, 63-64 дэх тал/,
-Г.Б*******н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад “...1.62 хувь ...” байсан тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 72 дахь тал/,
-“Alcotest-6820” загварын физик-химийн хэмжих хэрэгслийн 002035 дугаартай улсын баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас хэргийн 73 дахь тал/,
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Нын: “...Манай нөхрийн талын ах дүү, хадам аав, ээж ярилцаад намайг талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг зөвшөөрсөн. Тийм болохоор татгалзах ямар нэг хүн байхгүй. 2025 оны 07 сарын 09-ний өдөр манай нөхөр хэдэн цагт гэрээсээ гарсныг мэдэхгүй байна. Ойролцоогоор 14-15 цагийн үед байх гэж бодож байна. Гэртээ унтаж байгаад “ундаанд явна” гээд ганцаараа гараад явсан.
Тэгээд хамгийн сүүлд 17 цаг 40 минутын үед Сайннямын утсаар нөхөр над руу залгаад “юу хийж байна” гэхээр нь тухайн үед аадар бороо орж байсан болохоор нь тоглоод “үерт урсаад хаана яваагаа мэдэхгүй байна” гэж хэлээд утсаа салгасан, удахгүй гэртээ ирэх байх гэж бодсон. Тэгээд одоо ирэх байхдаа гээд хүлээгээд байж байтал А*******ын хүүхэд манайд ирээд “Ж.М ах хөлөө хугалчихлаа” гэхээр нь “юу яриад байгаа юм” гээд тодруулаад асуухад “Г.Б******* ах машинаараа дайраад хөлийг нь хугалсан” гэж хэлсэн. Манайх А*******ынхтай ойрхон байдаг болохоор яваад очиход талийгаач газар хэвтэж байсан, айлын хашаа нураад талийгаач нүд халтирам болсон хацрынх нь арьс хуулраад эрүүний яс нь харагдаад байсан. Би эмнэлэгт дуудлага өгсөн. Намайг очиход цагдаа түрүүлж ирээд Г.Б*******г бариад машиндаа суулгаж байсан. Талийгаач эхлээд дунд хүү Тэмүүжинг дуудаж байгаад, сүүлдээ ёолоод, тэгээд чимээгүй болсон. Тэгээд эмнэлгийнхэн ирээд гэр лүү зөөж оруулсан.
Талийгаач эрүүл гэрээсээ гарсан. Манай нөхөр хувиараа машин засаж, мужаан, блок хийдэг байсан. Талийгаач Ж.М болон Г.Б******* нар нэг нутаг усны гээд хоорондоо дотно хуурай ах дүүгийн холбоотой хүмүүс байгаа юм. Манай нөхөр хүнтэй хэрүүл маргаан зодоон цохио хийгээд байдаггүй. А*******ын гэрт Г.Б******* ахтай маргалдаж зодоон хийсэн. Тэгээд Г.Б******* ах дайрчхаад “гүйцээгээд хаячихъя” гээд дахин дайрсан гэж тэнд байсан хүмүүс хэлж байсан. Сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэг тогтоолгоно. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 81-83 дахь тал/,
-2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дахин өгсөн: “...Яллагдагч Г.Б*******н ар гэрээс 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг буяны ажилд зориулан өгсөн. 2025 оны 08 дугаар сард хүүхдийн хичээлийн хэрэгсэлд зориулж 2,000,000 төгрөг дансаар өгч нийт одоогийн байдлаар 7,000,000 төгрөг өгсөн байгаа. Нийт зардал 20,000,000 орчим төгрөгийн зардал гарсан. Манай нөхөр авто засвар, мужаан, блокны цех ажиллуулдаг байсан энэ ажилд нь зориулж би өөрийн нэр дээр цалингийн зээл авч байсан одоо авсан зээлээ төлөх чадваргүй байгаа учир зээл 30,000,000 гаран төгрөгийн үлдэгдэлтэй байгаа энэ талаар баримтыг даруй гаргаж өгнө. Мөн хүүхдүүдийн тэжээгчээ алдсан төлбөрийг нэхэмжилж байгаа 7 сартайгаас 19 насны 4 хүүхэд өнчин үлдсэн, 18 насанд хүрээгүй 3 хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмжийг 18 нас хүртэл нэхэмжилнэ, бусад зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилж байна, энэ бүх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 87-88 дахь тал/,
-Гэрч Д.Огийн: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчимд Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг ******* 3 дугаар хорооны ******* ******* задгай тоотод байрлах монгол гэрт нөхөр болох А*******а /Б гэж дууддаг/, хөрөө рамд ажиллаж байгаа ажилтан Т, Ганаа бид дөрөв байсан. Гэрт манай нөхрийн дүү болох С нь байж байгаад үхэр саах гээд гараад явсны дараа би гэдсэн хуушуур хийгээд байж байтал талийгаач буюу М нь согтуу гэрт орж ирээд гэрийн баруун талын гудсан дээр сууж байтал удалгүй араас Магнай буюу Б******* архи уучихсан согтуу гэрийн үүдэнд ирээд хаалгаар шагайж харснаа “надтай зодолдох хүн байна уу?” гэж асуутал талийгаач “би байна надыг зодох юм уу?” гэж хэлсэн чинь Б******* гэрт орж ирээд шууд талийгаачийн нүүр хэсэгт нэг удаа гараараа цохиж авсан чинь талийгаач нь Б*******тай барьцалдахаар нь “хүүхдүүд маань айчихлаа, та хоёр гарч зодолд, гэр орондоо харь” гэж хэлсэн чинь манай гэрт байсан Тулга, Ганаа хоёр салгаад Б*******г гэрээс гаргасан чинь Б******* буюу Магнай нь гэрээс гарснаа талийгаачийг дуудаж гараад “миний дүү ахтайгаа битгий ингэж бай” гэж хэлсэн чинь талийгаач нь гэрээс гарахдаа “зүгээрээ эгч, би гараад уулзана” гээд гэрээс гарсан.
Тэгээд хуушуураа хийгээд байж байтал гэрийн гадна талийгаач, Б******* хоёр дахин зодолдоод байгаа нь сонсогдоод байсан чинь гэрээс Тулга, Ганаа хоёр гараад явсан удалгүй гэрийн гадна хашаа мөргөх шиг болохоор нь гэрээс гараад иртэл манай гэрийн баруун талын хашааг Б******* приус маркийн машинаа унаад хашаа мөргөж ороод ирчихсэн хашааны дотор талд талийгаач газар хэвтэж байхаар нь гэр лүүгээ ороод дахин гал дээр тавьсан хуушуураа хайрч дуусаад гэрээс гараад ирсэн чинь Б******* нь дахин машинаа бариад талийгаачийг дайрч хашааны гадна гараад зогссон юм.
Тэгээд би айгаад яаралтай цагдаа болон эмнэлэгт өөрийнхөө утаснаас дуудлага өгсөн чинь сумын цагдаа ирээд түүний дараа эмнэлэг ирж үзээд талийгаачийг манай гэрт оруулахдаа “нас барсан” гэдгийг нь хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 89-90 дэх тал/,
-Гэрч Ш.Сгийн: “...үнээ саах саваа авахад талийгаач М ирчихсэн гэрийн баруун талын газар орон дээр согтуу сууж байхаар нь саваа аваад үнээний зэлэн дээр гараад 4 дэх үнээгээ сааж байхад Б******* ах приус-20 маркийн машинаа бариад нэлээн хурдтай ирж зогсоод Б******* нь манай ах болох А*******ын гэр лүү ороод нээх удалгүй хүн зодолдох чимээ гарахаар нь гэрийн гадаа яваад очиход талийгаач Б******* хоёр хоорондоо зодолдож нэг нэгнийгээ ээлжилж цохиод байхаар нь хоёуланг нь салгаж “та хоёр согтуу байна” гэж хэлээд салгахад Б******* нь машиндаа суух шиг болохоор нь үнээний зэл рүүгээ алхаж явтал хойно тас хийх чимээ гарахаар нь эргээд харсан чинь Б******* нь өөрийнхөө машинаар талийгаачийг хашаатай хавсарч мөргөөд хашаан дотор орж зогссон байсан.
Талийгаач мөргөсөн хашааны дотор талд дээш харсан байдалтай газар хэвтэж байсан ба “яаж байгаа юм бэ” гээд орилоод очиход дахин тээврийн хэрэгслээ хашаан дотор ухрааж эргэж харж зогсоод дайрах гэхэд нь Тулга /Г/ Б*******г зогсоох гэж ноцолдсон боловч Тг чирч талийгаачийн дээгүүр хоёр дахь удаагаа гарч цаана нь буюу хашааны гадна зогссон чинь Жанлав эгч гүйж ирээд Б*******г машинаас чирч буулгасан. Б******* нь машинаа ганцаараа барьж жолоодож ирээд манай ах А*******ын хашааны баруун хашаатай ойрхон зайтай зогссон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 93-95 дахь тал/,
-Гэрч Т.Гантулгын: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед надтай хамт ажилладаг А*******а ах “манайд очиж хуушуур идье” гэхээр нь Булган аймгийн ******* сумын төвд байдаг А*******а ахын гэрт цуг ажилладаг Г бид 3 очсон. Намайг очиход А*******а ахын эхнэр 2 охинтойгоо хамт байсан. Тэдний гэрт хоол идээд сууж байхад гаднаас М ах нэлээн согтуу мотоциклтойгоо ирсэн. М ахыг орж ирээд 15-20 орчим минутын дараа гаднаас Б******* ах шал согтуу орж ирээд мэндийн зөрүүгүй “надтай үзэх хүн байна уу” гэж хэлэхэд М ах “би чамтай үзье” гэж хэлээд тэр хоёр хоорондоо муудалцаад бие биетэйгээ барьцалдаж эхэлсэн. М ах Б******* ахын нүүр рүү гараараа цохиод Б******* ахын нүдийг хөхрүүлсэн.
Тэгэхээр нь бид нар тэр хоёрыг салгаад О эгч “битгий гэрт зодолдоод бай хүүхдүүд айчихлаа” гэхээр нь Б******* ах түрүүлж гараад М ахаас уучлалт гуйгаад “ахын дүү уучлаарай, хоёулаа гадаа уулзъя” гэж хэлээд дагуулаад гарсан. Гараад 10 орчим минутын дараа гадаа түс тас хийгээд явахаар нь бид нар гэрээс гарч харахад гэрийн гадна талын модон хашаа нурчихсан, унасан хашааны дотор талд М ах хэвтэж байсан. Тэр үед Б******* ах өөрийнхөө эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр хашааг мөргөсөн байдалтай хашаа руу орж ирээд хашаан дотор машинаа эргүүлээд буцаж гарахдаа М ахын дээгүүр нь гараад хашааны гадна талд зогссон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 98-100 дахь тал/,
-Гэрч Д.Ггийн: “...Гадаа бороо ороод байсан болохоор А*******а “манайд очиж хуушуур идье” гэхээр нь тэдний гэрт очсон. Тэдний гэрт А*******а эхнэр О, Г бид нар байсан. Хоол болж байхад би ядраад хэсэг дуг хийгээд унтаж байхад хүмүүс маргалдаад эхэлсэн. Намайг сэрээд харахад А*******ын гэрт Б*******, М буюу М хоёр маргалдаад барьцалдаад гарцгаасан. Удалгүй гадаа машин нааш цаашаа хөдлөөд байгаа чимээ гарахаар нь гарч харахад айлын хашаа нурчихсан, унасан байсан хашааны дэргэд М хэвтсэн байдалтай байсан. Тэр үед Б******* өөрийнхөө Приус 20 маркийн машинаа уначихсан хашаа мөргөөд орж ирсэн байдалтай байсан. Тэгээд О эмнэлэг болон цагдаагийн газарт дуудлага өгч удаагүй эмч ирээд Мын биеийн байдлыг үзээд гэр рүү оруул гэхээр нь А*******а, Г бид 3 Мыг өргөөд оруулсан. Гэрт ороод удаагүй М нас барсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 103-104 дэх тал/,
-Гэрч Л.Сгийн: “... Гэрт ирээд нөхөр маань найзууддаа гээд 1 шил архи гаргаж өгөхөд найзууд нь маргааш ажилтай учраас архи уугаагүй явцгаасан юм. Энэ үед нөхөр маань машин тэргээ гэртээ тавьсан амарч байгаа юм чинь гээд нөгөө задалсан архинаасаа ганц нэг рүнк уугаад суугаад байсан юм. Би энэ үед найзуудыгаа гаргаж өгчхөөд 6 настай охиныхоо хамт дэлгүүр орчхоод гэртээ ирэхэд манай нөхөр машинтайгаа байхгүй байсан. Тэгэхээр нь гэрийнхээ ойролцоо байдаг А*******ын гэр рүү харахад манай нөхрийн машин хашааны гадна талд зогсож байсан. Тэрүүгээр өчнөөн хүмүүс бужигнаж байхаар нь яваад очиход талийгаач нь машины ард хэсэгт газар хэвтэж байсан, тухайн орчмынх нь хашаа уначихсан байсан. Тэгээд би “энд юу болсон бэ” гэсэн чинь “энэ хоёр хоорондоо зодоон хийсэн” гэж хэлж байсан. Би тухайн үед шоконд орсон байсан учир зарим юмыг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 111-113 дахь тал/,
-Гэрч Ч.Тгийн: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 20 цаг 27 минутад “Булган аймгийн ******* сумын 5-р багийн нутаг дэвсгэрт нэг хүн болохоо байлаа” гэж манай жолооч Д.О манайд ирсэн. Тэгээд шууд хөдөлж эмнэлгээс эм тариа, ээлжийн сувилагч Б.Туяаг дагуулаад А*******ын гэрт очсон.
Бид нарыг очиход айлын хашаа машинд мөргүүлж нурсан байдалтай мөргөсөн хашааны дэргэд манай сумын иргэн М доош харсан байдалтай хэвтэж байсан. Мын биеийн байдлыг үзэхэд хөл гар нь хөрсөн байдалтай, нүүрэн хэсгээс нь цус гараад арьс нь ярагдсан байхаар нь би бинт аваад нүүрийг нь боож өгсөн. Тэр үед манай сувилагч шингэн залгаж байхад М амьсгал хураасан. Тэгээд талийгаачийг насилкан дээр өргөж тавиад гэр рүү оруулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 116-117 дахь тал/,
-Гэрч Л.Жийн: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг Эрчмийн хороо “******* рам” гэх газарт Сгийн хамт үнээгээ саагаад сууж байтал манай тугалын зэлний урд талд холгүй байдаг А*******ын хашааны баруун талд машинтай хүн дээр хүмүүс орилоод эмэгтэй хүний дуу гараад Магнай буюу “Б******* ахаа та хүн алчихлаа шүү дээ” гээд орилж хашхираад дуугүй болохгүй болохоор тухайн хашаа руу очиж явтал Б******* машинаа барьчихсан машиныхаа цонхон талдаа нэг залууг чирээд гараад ирэхээр нь “Магнай чи хүн аллаа шүү дээ” гэж орилж хашхираад машиных нь цонхоор гараа оруулж биеэс бариад сэгсэрсэн чинь миний үгэнд орж машинаас нь буулгаж ирээд тайвшруулаад байж байтал цагдаа хүрээд ирсэн. Би Магнайг машинаас буулгасны дараа машины ард хэсэг рүү харсан чинь хашааны унасан банзны дэргэд талийгаач М доошоо хараад хэвтчихсэн хөдлөхгүй дуугарахгүй байсан. Тэгээд би цагдаа ирэхээр нь тайвшраад яваад өгсөн юм. ...Б*******н баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан өөр гэмтэл би хараагүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 132-133 дахь тал/,
-Гэрч Ш.А*******ын: “...Тухайн өдөр би блок, хавтан хийж байгаад бороо ороод, хавтангаа хурааж дуусаад ядраад гэртээ орж ирээд 18 цагийн үед унтсан юм. Тэгээд унтаж байхад гадаа хашаа мөргөөд бөөн дуу чимээ болсон тэгэхэд сэрсэн. Гараад харахад Г.Б******* өөрийнхөө машинаар манай хашаатай талийгаач Ж.Мыг давхар дайраад унагаасан байсан. Тэр хооронд би Ж.Мыг хашаан доороос татаж гаргах гээд байж байхад Г.Б******* буцаж эргээд машинаараа Ж.Мын дээгүүр гараад хашааны гадна гараад зогссон. Тэгээд л цагдаа эмнэлэг дуудаад ирээд тусламж үзүүлэх хооронд “нас барсан” байсан. Би хашаагаа өөрөө янзлаад барьсан байгаа, нэг их эвдэрсэн зүйл байхгүй, тийм болохоор ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 144-147 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ325/5047 дугаартай:
1.2.3.Шинжилгээнд “Гү******* Б*******” гэж хаяглан ирүүлсэн С07684170 хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 0.8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 154-155 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0125/1998 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн футболконд 120х20мм, 135х40мм, 35х15 мм хэмжээтэй, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт байна. Хар өнгийн өмдөнд 50х40мм, 75х80мм, 20х20мм хэмжээтэй, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт, 300мм хэмжээтэй гогодогдон татагдах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна. Хар хөх өнгийн дотоожинд 35х20мм хэмжээтэй хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт, 105мм хэмжээтэй гогодогдон татагдах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна.
2.Гогодолт, урагдалт нь тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас үүсэх боломжтой.
3.Хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 165-167 дахь тал/,
-Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 0725/222 дугаартай:
1.Г.Б*******н биед баруун нүдний салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд хаван хавдар, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь тус бүрдээ болон нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5.Г.Б*******н биед хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 202-203 дахь тал/,
-Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0625/86 дугаартай:
1.Амь хохирогч Ж.Мын цогцост элэг задрал, уушгины нэвтэрсэн шарх, цээжний хөндийд 250 мл, хэвлийн хөндийд 300 мл цус хуралдалт, баруун 3, 4, 5-р хавирга эгмийн дунд шугамаар 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга далны голын шугамаар хоёрлосон, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, өвчүү ясны хугарал, зүүн дунд чөмөг далд хугарал, шүд булгаралт, баруун чих, зүүн шанаа, уруулын дээд, доод, баруун өвдөг, баруун бугалга, ууцанд шарх, баруун шанаа, эрүү, хэвлий, баруун, зүүн шилбэ, баруун шуу, баруун ташаа, нуруу, баруун хавирганы доор, баруун өгзөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2025 оны 07 дугаар сарын 09-ний цаг хугацаанд хоёроос дээш удаагийн механизмаар үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3.Элэг задрал, уушгины нэвтэрсэн шарх, цээжний хөндийд 250 мл, хэвлийн хөндийд 300 мл цус хуралдалт, баруун 3, 4, 5-р хавирга эгмийн дунд шугамаар 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга далны голын шугамаар хоёрлосон, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, өвчүү ясны хугарал гэмтлүүд нас барах шалтгаан болсон тул хохирлын зэрэг тогтоохгүй. Зүүн дунд чөмөг далд хугарал гэмтэл нь хүний биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Шүд булгаралт, баруун чих, зүүн шанаа, уруулын дээд, доод, баруун өвдөг, баруун бугалга, ууцанд шарх, баруун шанаа, эрүү, хэвлий, баруун, зүүн шилбэ, баруун шуу, баруун ташаа, нуруу, баруун хавирганы доор, баруун өгзөгөнд зулгаралт гэмтлүүд нь хүний биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлчлэлээр тээврийн хэрэгслээр мөргөх механизмаар үүсгэгдсэн байх боломжтой.
6.Амь хохирогчийн нас барсан цаг хугацааг цогцсын анхны үзлэгээр 11, 12 цаг орчим болсон байх боломжтой.
7.Амь хохирогч Ж.М нь элэг задрал, уушгины нэвтэрсэн шарх, олон хавирга, өвчүүний хугарал, цус алдалт, өвдөлтийн шокоор нас баржээ гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 205-209 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/5045 дугаартай:
1.Ж.М гэх цус, цагаан өнгийн жижиг бинт, модны холтос мэт зүйл, тээврийн хэрэгслийн урд гупер, тээврийн хэрэгслийн арын дугуйны шаврын хаалтны эд анги, цайвар цэнхэр өнгийн алчуур зэрэг нь шинжилгээнд тэнцэж байна.
2.Цагаан өнгийн жижиг бинт, модны холтос мэт зүйл, тээврийн хэрэгслийн урд гупер, тээврийн хэрэгслийн арын дугуйны шаврын хаалтны эд анги, цайвар цэнхэр өнгийн алчуур зэргээс цус илэрсэн.
3.Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
4.Илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Ж.М гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 217-218 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0825/2546 дугаартай:
1.Уртнасан овогтой Нын сэтгэцэд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын хариу урвалын шинжүүд илэрч байна.
2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “дөрөвдүгээр” зэрэглэлд хамаарна.
3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 226-228 дахь тал/,
-Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай:
1.Г.Б******* нь архины хараат байдал зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно.
2.Г.Б******* нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө архины хараат байдал зан төрхийн өөрчлөлт сэтгэцийн эмгэг, намжмал байдалтай байсан болно. Г.Б******* нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэргэлсэнээс үүдэлтэй архины хараат байдал, зан төрхийн өөрчлөлт эмгэгтэй байна
3.Г.Б******* нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4.Г.Б******* нь өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай болно
5.Г.Б******* нь хэрэг хариуцах чадвартай болно. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
-Яллагдагч Г.Б*******н “...прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. ...Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Н: “...Ар гэрээ ганц авч явдаг хүн маань байхгүй болчихлоо. Том хүүхэд маань сая цэргээс халагдаж ирсэн. Би 7, 3 дугаар ангийн хүүхдүүдтэй. Шүүгдэгчийн бага охинтой 3 дугаар ангийн хүүхэд маань нэг ангид сурдаг байсан. Амьдралынхаа тал илүү 22 жил хамт байсан хүнээ алдсан. Их хэцүү байна...” гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Төрснөөс өөрцгүй дүүгээ ийм болгосондоо маш их харамсаж байна...” зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.Б******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Р.Цэрэнхандын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.
Шүүгдэгч нь хохирогчид эд зүйл болон бэлэн мөнгөөр нийт 137,600,000 төгрөгийг төлж барагдуулсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Г.Б******* хэрэг учрал болсон 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өөрийн үйлдэл холбогдлыг санахгүй байгаа гэх хэдий боловч нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршигт 171,665,034 төгрөгийг тооцож нэхэмжилсэн боловч талууд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн хэлбэрээр хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн тул Г.Б******* бусдад төлөх төлбөргүй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Булган аймгийн Прокурорын газраас яллагдагчаар татаж ял сонсгосон тогтоол, яллах дүгнэлтийн зүйл заалт, гэм буруу дээр маргахгүй.
Мөн нотлох баримт шинжлэх судлах шатанд үл хөдлөх хөрөнгө 100,000,000 төгрөг, мөнгөн хэлбэрээр 37,600,000 төгрөгийг хохирол төлбөрт тооцож төлсөн байх ба хохирогч, шүүгдэгч нар хохирол төлбөрийг харилцан тохиролцсон байна. Г.Б******* өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, материаллаг хохирлыг барагдуулах талаар тодорхой санаачилга гаргаж өөрийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээ илэрхийлэн, Г.Б*******н эхнэр С өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байна. Хохирол төлбөр тохиролцсон тул нэмж хэлэх зүйлгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй..” гэв.
Иргэдийн төлөөлөгч: “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэв.
Шүүгдэгч Г.Б******* нь амь хохирогчийг тээврийн хэрэгслээр модон хашаатай хавсран мөргөж, газар унасан байхад нь дээгүүр нь машинаар дайрсан үйлдэл нь хууль бус бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох нь илэрхий атал тэрээр ухамсартайгаар, хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Г.Б******* нь амь хохирогч Ж.Мыг машинаараа мөргөсөн, дайрсан үйлдэл нь амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан “элэг задрал, уушгины нэвтэрсэн шарх, олон хавирга, өвчүүний хугарал” бүхий гэмтэл, түүний улмаас нас барсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэдийн төлөөлөгч Г.Наранбаатар нь шүүгдэгч Г.Б*******г “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлтийг бичгээр гаргаж өгснийг хэрэгт хавсаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Г.Б*******н үйлдсэн гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Нын сэтгэцэд хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн өмнө амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Н, шүүгдэгч Г.Б******* нар харилцан тохиролцож “оршуулгын зардал, бусад зайлшгүй гарсан зардал, сэтгэл санааны хохирол”-д нийт 136,600,000 төгрөгийн дүн бүхий “мөнгө, үл хөдлөх эд хөрөнгө, газар”-ыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Над шилжүүлсэн талаарх баримтыг гарган өгч, У.Н нь энэ хуралдаан дээр нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж байх тул шүүгдэгч Г.Б*******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдав.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд зааж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Г.Б******* нь 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан ба 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Өнөөдрийн байдлаар цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон цайвар цэнхэр өнгийн алчуур, модны холтос, бинт, амь хохирогчийн өмсөж байсан цэнхэр өнгийн фудволк, хар өнгийн өмд, хар хөх өнгийн дотоож зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, тээврийн хэрэгслийн шаврын хаалтын хэсэг, урд талын цус мэд зүйлээр бохирлогдсон гуфер 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгох, шүүгдэгч Г.Б*******н гарын 10 хурууны хумс болон үс зэрэг зүйлсийг хэрэгт хавсаргах саналтай байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн зүгээс 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байгаа ба үүнд тусгайлан гаргах саналгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач Ж.Мын эд зүйлийг устгахыг дэмжиж байна. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дугаар талд авагдсан мөрдөгчийн эд зүйл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохыг дэмжиж байгаа ч битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох улсын дугаартай “T” маркийн тээврийн хэрэгслийг Г.Б*******д олгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн техник хэрэгсэлд тухайн улсын дугаартай “T” маркийн тээврийн хэрэгсэл хамаарч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлд улсын дугаартай “T” маркийн тээврийн хэрэгсэл хамаарч байх тул улсын орлого болгох үндэслэлтэй байна ...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Одоо нэгэнт талийгаач босож ирэхгүй. Гомдолтой байгаа ч ялаас нь хөнгөлөх боломж байвал хөнгөлж өгнө үү. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Г.Б******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогддог. Сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлтэд Г.Б******* архины хараат зан төрхийн эмгэгтэй, уг эмгэг нь олдмол, уг эмгэг намжмал байдалтай байсан гэсэн байгаа нь Г.Б*******н 6 жилийн турш огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх мэдүүлэгтэй нийцэж байна. Мөн шүүгдэгч зөвхөн өнөөдрийн шүүх хуралдаанд гэмшиж байна, үйлдлээ ойлгож байна гэж хэлэхээс илүүтэйгээр хохирол төлбөрийг үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн хэлбэрээр төлж барагдуулж байгаа нь шүүгдэгчийн үйлдэлдээ хандах хандлагыг харуулж байна. Г.Б******* нэгэнт хүний амь насыг хохироосон болохоор манай гэр бүл өөрсдийгөө аргална, болно гээд өөрийн үл хөдлөх хөрөнгө, хашаан дотор байх бүхий л зүйлсээ өгсөн байна.
Ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлбөр төлсөн гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн байрь суурьа илэрхийлэгдэж байсныг шүүх анхаарч үзнэ үү. Г.Б*******н хувийн байдлын тухайд Г.Б******* нь 7 настай охинтой, биеийн эрүүл мэндийн байдал сайнгүй нөхцөл байдалтай байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хуульд зааснаас доогуур хэмжээний ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэргийн төрөл, гэм буруугийн хэлбэрийн талаар заагаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглэх гэхэд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний амь нас хохирсон тохиолдолд тээврийн хэрэгслийг хэрхдэг талаарх асуудлууд сөхөгдөж байх тул нийцтэй болоод, ялгаваргүй байдлаар шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний хууль хэрэглээний асуудал байна...” гэв.
Шүүгдэгч Г.Б*******: “...Дүүгээсээ дахин уучлалт хүсье. Оногдуулах ялын тухайд өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Авто машины тухайд эхнэрт маань үлдэж байгаа ганц зүйл юм. Гэр бүлийнхэн маань түрээсийн байранд амьдарч байгаа. Би машинаа зарж төлбөрөө төлөөрэй гэж эхнэртээ хэлсэн учраас авто машиныг маань үлдээж өгнө үү...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 99-106 дахь тал/, Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 107-110 дахь тал/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 111-113 дахь тал/, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 119 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 122 дахь тал/, урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Б*******н хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Г.Б******* нь “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.Б*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Б******* нь хэрэг хариуцах чадвартай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүх бүрэлдэхүүн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******д 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.
2.3.Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “цайвар цэнхэр өнгийн алчуур, модны холтос, бинт, амь хохирогчийн өмсөж байсан цэнхэр өнгийн фудволк, хар өнгийн өмд, хар хөх өнгийн дотоож” зэргийг устгах, “тээврийн хэрэгслийн шаврын хаалтын хэсэг, урд талын гуфер”-ийг улсын дугаартай “T” маркийн тээврийн хэрэгсэлд суурилуулахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, холбогдох баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгаж, шүүгдэгч Г.Б*******н гарын 10 хуруунаас авсан хумс, толгойн үс зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б******* нь амь хохирогчийг өөрийн эзэмшлийн авто машинаар модон хашаатай хавсран мөргөсөн, газар унасан байхад нь дахин дээгүүр нь дайрсан үйлдэл хууль бус бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох нь илэрхий атал тэрээр ухамсартайгаар, хүсэж үйлдсэн буюу “хүнийг алах” гэмт хэргийг тээврийн хэрэгслийг хүч нэмэгдүүлэх байдлаар ашиглан үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг болно.
Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн учир тус тээврийн хэрэгслийг “шүүгдэгчид буцаан олгох” тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авах боломжгүй юм.
Иймд шүүгдэгч Г.Б*******н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “T” маркийн 9,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б******* нь энэ хэрэгт 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 25 минутад шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 117 /нэг зуун арван долоо/ хоног цагдан хоригдсон байх тул тус хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Гү*******ын Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******д 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******д оногдуулсан 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Г.Б*******н баривчлагдсан, цагдан хоригдсон 117 /нэг зуун арван долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд цагдан хорьсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б*******н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай “T” маркийн 9,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугааргүй тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “цайвар цэнхэр өнгийн алчуур, модны холтос, бинт, амь хохирогчийн өмсөж байсан цэнхэр өнгийн фудволк, хар өнгийн өмд, хар хөх өнгийн дотоож” зэргийг устгах, “тээврийн хэрэгслийн шаврын хаалтын хэсэг, урд талын гуфер”-ийг улсын дугаартай “T” маркийн тээврийн хэрэгсэлд суурилуулахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, холбогдох баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энхзулд даалгаж, шүүгдэгч Г.Б*******н гарын 10 хуруунаас авсан хумс, толгойн үс зэргийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Г.Б******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ
ШҮҮГЧИД Д.ЭЛБЭГЗАЯА
Б.СУВД-ЭРДЭНЭ