Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1304

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/01431 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Бд холбогдох,

 

3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Цэнд-Аюуш нар оролцов.

  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Л.Бийн төрсөн ах болох Л.Атэй уулзахад өөрийн дүүгээ Солонгосын виз гаргадаг хүнийг сайн таньж мэддэг гэж хэлсэн ба учраас би түүнд итгэж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Л.Бийн Хаан банкны 500560239 тоот дансанд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

 Солонгосын виз 7 хоногийн хугацаатай ажлын 5 өдөрт гаргаж өгнө гэсэн болзолтой байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр утас руу нь залгахад холбогдохгүй байсан.

Ингээд би Л.Бийн оффис дээр нь очиж уулзахад гар өргөдөл бичиж өгсөн. Гар өргөдөлдөө 10 хоногийн хугацаатай төлбөрийг барагдуулж өгнө, барагдуулахгүй бол автомашинаа барьцаанд өгнө гэж бичсэн.

Түүнээс хойш 5-6 сар өнгөрсөн надад худал ярьсан байсан.  Иймээс 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Л.Н 3 000 000 төгрөг, н.Үүрийнтуяа 7 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Л.Нээс шилжүүлсэн мөнгийг 2018 оны 12 сарын 08-ны өдөр түүний найз н.Үүрийнтуяагаас шилжүүлсэн 2 000 000 төгрөгийн хамт Л.Н 3 сарын виз гэсэн гүйлгээний утгатайгаар Б.Батмөнхийн эзэмшлийн Хаан банкны 5990341763 тоот дансанд 5 000 000 төгрөг тус бүрээр нь хуваагаад овог, нэр, регистрийн дугаартай нь хамт хийсэн.

Л.Н нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний ажил дээр ирж сүрдүүлж байгаад гараар өргөдөл бичүүлж авсан.

Миний бие ч гэсэн дээрх хүмүүст залилуулсан ба Б.Батмөнхөд өгсөн мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Төв аймгийн шүүх руу шилжүүлсэн.

Иймд Л.Нээс шилжүүлсэн мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Л.Нийн хэлж байгаагаар би өөрөө виз гаргадаг хүн биш. Мөнгийг би хувьдаа авч завшаагүй тул 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Нийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Бд холбогдох Үндэслэлгүй хөрөнгөжсөн 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн. Би хариуцагчтай уулзаж байгаагүй, мэдэхгүй, зөвхөн ахтай нь уулзаж хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн. Иргэний хуульд зааснаар бусдад шилжүүлснээр үл хамаараад шилжүүлсэн этгээдээс шаардах эрхтэй, буцаан төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Л.Бд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Л.Н нь Л.Бийн эзэмшлийн, ХААН банкны 500560239 дансанд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Уг мөнгөн хөрөнгийг  Л.Б нь Б.Батмөнхөд шилжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж  үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Л.Б өөрийн дансанд орж ирсэн Л.Нийн 3 000 000 төгрөгийг түүний зөвшөөрлөөр  бусдад шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээс олж авсан хөрөнгийг буцаан өгөх үүргээс чөлөөлөхгүй юм.

 

Иймд Л.Бээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д дааснаар 3 000 000 төгрөгийг гаргуулж Л.Нт олгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/01431 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Л.Бээс 3 000 000 төгрөг гаргуулж Д.Наранчимэгт олгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дах заалын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Бээс 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Нт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЭНХТӨР

                                                      

                              ШҮҮГЧИД                                        Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА