Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0230

 
                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.*******ад холбогдох зөрчил шалган шийдвэрлэж гаргасан шийтгэлийн хуудастай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа, дүгнэлт гаргагч Э.Б*******, хариуцагч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.*******а нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* тус шүүхэд хандан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.*******ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009243 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон дүгнэлт бичиж ирүүлсэн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.*******а нь ******* ХХК-иас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хоцроосон тухай мэдээлэлтэй танилцаж зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үйлджээ.[1][1]

2.2. ******* ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ...нийгмийн даатгалын тайлангаа 3 сараар хоцроосон тул нөхөж өгөх... агуулга бүхий хүсэлт гаргажээ.[2][2]

2.3. Улсын байцаагч Д.*******а нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ХХК-д холбогдох зөрчлийн 1587/Б2210241393 дугаартай хэрэгт тус компанийн гүйцэтгэх захирал Х.А*******гаас мэдүүлэг авч, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн[3][3] бөгөөд ...гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байна.

2.4. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 0009243 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 250,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

2.8. Нэхэмжлэгчийн зүгээс ...ажил олгогчид бус нягтлан бодогч, иргэн Х.А*******д шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй... гэх агуулгаар дүгнэлтээ үндэслэн маргасан.

2.10. Хариуцагчийн зүгээс ...******* ХХК-ийн захирал н.А*******. Энэ нь компанийн гэрчилгээгээр харагддаг. Мөн шийтгэлийн хуудсанд торгууль төлөхдөө ******* ХХК өөрийн байгууллагынхаа регистрийн дугаарыг мөн би шийтгэлийн хуудсан дээр хувь хүний регистрийн дугаар бичээгүй гэж тайлбарласан.

2.11. Харин Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан Нийгмийн даатгалын тухай хууль зөрчсөн зөрчил гаргасан, зөрчлийн шинж тохирсон, зөрчлийг тогтоосон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэхэд талуудын хэн аль нь маргаагүй байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б******* шүүхэд гаргасан дүгнэлт, тайлбартаа: ...Прокурорын тухай хууль болон Улсын ерөнхий прокурорын аргачилсан заавар, удирдамж болон дүүргийн ерөнхий прокурорын батлагдсан удирдамжийн дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалуудыг шалгалтаар татан авч шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл зөрчил гарсныг мэдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичсэн. Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2-д Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна , 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг гэж заасан байдаг. Гэтэл эрх бүхий албан тушаалтан хувь хүнд шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд болох ... ХХК-д шийтгэл оногдуулах нь зүйтэй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт шимтгэл төлөгч гэж хэн болохыг заасан байдаг. ... ХХК нь шимтгэл төлөгч мөн. Тайлангаа ч хуулийн этгээдээр мэдүүлж байгаа. Гэтэл хувь хүн болох н.А*******гийн регистрийн дугаарыг шийтгэлийн хуудастаа дурдаад н.А*******д шийтгэл оногдуулж байгаа мэтээр шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ тохиолдолд иргэн н.А*******гийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл прокурорын байгууллага нэгдсэн зөрчил болон гэмт хэргийн тоо статистик мэдээг хариуцдаг байгууллага. Шийтгэлийн хуудас буюу үнэт цаасан дээр хувь хүний нэр, регистрийг дурдсанаар улсын хэмжээний тоо статистикийн мэдээлэл буруу гарна. Мөн е Mongolia дээр тухайн иргэний регистрийн дугаарыг оруулахад хувь хүнд шийтгэл оногдуулсан мэтээр харагдаж байгаа нь хувь хүний эрх ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзсэн тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, хуулийн этгээдээр нь бүртгэх нь зүйтэй.

3.2. Хариуцагч улсын байцаагч Д.*******а шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК-ийн захирал н.А*******. Энэ нь компанийн гэрчилгээгээр харагддаг. Мөн шийтгэлийн хуудсанд торгууль төлөхдөө ******* ХХК өөрийн байгууллагынхаа регистрийн дугаарыг мөн би шийтгэлийн хуудсан дээр хувь хүний регистрийн дугаарыг дурдаагүй. Байгууллагын нэр, регистрийн дугаар байдаг. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этээд бол тухайн компанийг үүсгэн байгуулсан, захирал нь н.А******* өөрөө. Би н.А*******гийн гарын үсгийг зуруулахгүй зөвхөн компанийн тамгыг даруулах ёстой байсан юм уу? Компанийн захирлыг холбогдогчоор татсан ч шийтгэлийн хуудас дээр н.А*******гийн регистрийн дугаарыг огт дурдаагүй. Компанийн нэр болон регистрийн дугаар бичигдсэн байдаг. Хоёрдугаарт шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Иймд энэхүү гомдлыг хэлэлцэхгүйгээр буцааж өгөхийг шүүхээс хүсэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх прокуророос ирүүлсэн дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******эс гаргасан 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 63 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.*******ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009243 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.А*******д 250.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

2. Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

3. Хуулийн дээрх зохицуулалтаар үзвэл нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаандаа ирүүлээгүй зөрчлийн субьект нь ажил олгогч байх бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч буюу зөрчилд холбогдогч нь ******* ХХК байна.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ гэж заасан бөгөөд улсын байцаагч Д.*******а нь ******* ХХК-ийг холбогдогчоор тооцож шийтгэл оногдуулсан болох нь дараах баримтаар тогтоогдлоо.

5. ******* ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...хоцроосон тайлангаа нөхөж өгөх... тухай хүсэлт[4][4] ирүүлснийг үндэслэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.*******а нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд[5][5] ******* ХХК-ийн захирал Х.А******* нь шимтгэлийн тайланг хугацаанд нь тайлагнаагүй гэж, мөн өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд ...******* ХХК-нд холбогдох зөрчлийн 1587/Б2210241393 дугаартай хэрэгт холбогдогчоос мэдүүлэг авав гэж тусгасан, мөн өдөр торгуулийн 250,000 төгрөгийн шийтгэлийг ******* ХХК төлсөн байна.[6][6]

6. Эндээс үзвэл, улсын байцаагч Д.*******а нь анх ******* ХХК-иас ирүүлсэн мэдээллийн дагуу ******* ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа холбогдогч компанийн гүйцэтгэх захирал Х.А*******г шийтгэлийн хуудас бичсэнийг Х.А*******д шийтгэл оногдуулсан гэж үзэх боломжгүй.

7. Мөн шийтгэлийн хуудасны техник, бичвэрийн алдааг залруулахаар прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн авч, энэ үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй

8. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулан журмаар шийтгэл оногдуулж хэргийг шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хууль зүйн үндэслэл буюу зүйлчлэл, шийтгэлийн хэмжээ их, бага, зөрчлийг нотлох баримт бүрдсэн эсэх талаар талууд маргаагүй.

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж, 7.1 дүгээр зүйлд Шийтгэл оногдуулах гээд, мөн зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна гээд, мөн хэсгийн 1.1 дэх заалтад тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 1.2 дахь заалтад Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хариуцлагыг нөхөн хүлээх этгээд байгаа эсэх;, 1.3 дахь заалтад тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх; 1.4 дэх заалтад торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй эсэх;, 1.5 дахь заалтад Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох;, 1.6 дахь заалтад Зөрчлийн тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрх хасах шийтгэл оногдуулах үндэслэлтэй эсэх гэж тус тус зааж, шийтгэл оногдуулахад баримтлах журмыг зохицуулжээ.

10. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж заасан.

11. Эндээс үзвэл прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг тогтоож гаргасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлөх тухай дүгнэлт гаргах бүрэн эрхтэй байх боловч ингэхдээ мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ. гэсний ... өөрчлөх үндэслэлтэй ... гэдэгт мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтооход хууль зүйн алдаа гарсан байгаа тохиолдолд шийтгэлийн хуудсыг өөрчлөх талаар дүгнэлт гаргах үндэслэл бүрдэхээр байна.

12. Тиймээс эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлөх тухай прокурорын дүгнэлт нь Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан шийтгэл оногдуулах нөхцөл байдлын хүрээнд эрх зүйн алдаа гарсан бол Захиргааны хэргийн шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх бөгөөд харин шийтгэлийн хуудасны илэрхий алдааг засуулах тухай прокурорын дүгнэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан шийтгэлийн хуудсыг өөрчлөх тухай дүгнэлт гаргах үндэслэлд хамаарахгүй байна.

13. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн ... шийтгэл оногдуулсан шийдвэрийг ... өөрчлөх үндэслэлтэй... гэдэгт тухайн шийтгэлийн хуудасны хэлбэрт тавигдах техникийн шинжтэй алдаа буюу бичилтийн алдаа зэрэг илэрхий алдаа хамаарахгүй тул Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Д.*******ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0009243 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэлгүй.

14. Харин эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийтгэлийн хуудас нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан бөгөөд шийтгэл оногдуулсан шийдвэрийн илэрхий алдааг засах эрх хэмжээг улсын байцаагчид хуулиар олгосон байх тул энэ заалтыг хэрэгжүүлж ажиллах талаар прокурорын зүгээс эрх бүхий албан тушаалтанд Прокурорын тухай хуулийн 31, 35 дугаар зүйлд заасан эрх зүйн хэлбэрийг ашиглан хандаж, асуудлыг шийдвэрлэх боломжтой байгааг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, хэсгийн 2.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Б*******эс гаргасан 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай 63 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1][1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 5 дахь тал

[2][2] Хх 8 дахь тал

[3][3] Хх 3-4 дэх тал

[4][4] Хх 8 дахь тал

[5][5] Хх 3-4 дэх тал

[6][6] Хх 15 дахь тал