Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/15

 

А.М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг,  Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

Шүүх хуралдаанд:

                        прокурор Г.Лхагвасүрэн

                        нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 130 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.М-д холбогдох эрүүгийн 2130000510068 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн Д суманд төрсөн, .... настай, эрэгтэй, Д ястан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...., эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Д сумын ..... дугаар баг, “ГХ” гэх газар оршин суух, А.М /РД: ............./,

 

Яллагдагч А.М нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн  Д сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “УН” гэх улсын тусгай хамгаалалттай газраас өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклоор цагаан зээр нэгийг тууж агнасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэн нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 130 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130000510068 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн прокурорын газарт буцааж, яллагдагч А.М-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд энэ хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гэж 5 үндэслэлийг зааж өгсөн. Гэтэл эрүүгийн 2130000510068 дугаартай яллагдагч А.М-д холбогдох хэргийг дээрх хуульд заасны дагуу шүүх хуралдаан явуулахгүйгээр шүүгчийн захирамжаар буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т зааснаар прокурор яллах дүгнэлтэд гарсан алдааг засуулахаар хүсэлт гарган хянан хэлэлцүүлж шийдвэр гаргуулах эрхийг хязгаарласан байна. Прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад биш, прокурорын хяналтын шатанд хийгдсэн тул шүүх үүнийг прокурорын хүсэлтээр залруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэдэгт хамаарахгүй гэж дүгнэж байна. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор ан, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо эр цагаан зээрийг 500000 төгрөгөөр тогтоосон ба холбогдох шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан талаарх тэмдэглэл нь хэргийн 35-43 дугаар хуудсанд авагдсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан эрх, үүргийг хангасан байна. Яллагдагч А.М нь хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирлоо барагдуулахаа илэрхийлж, иргэний нэхэмжлэгч Э.Ө-тай эвлэрч, “Д-н байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дансанд амьтны тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэсний дагуу нийт төлөх 1000000 төгрөгийг нөхөн төлөх тухайгаа ойлгож мэдсэн бөгөөд хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдаг. Гэтэл дээр дурдсан амьтны тухай хуулийн зүйл заалтыг танилцуулаагүй гэж хэт обьектив байдлаар шүүгчийн захирамжид зааж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь яллагдагч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргахдаа хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3-т заасан “мөрдөн шалгах ажиллагааг явуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

           

            Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 36.2 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт тус тус  зааснаар давж заалдах шатны шүүх  прокурорын эсэргүүцлээр Сүхбаатар аймгийн прокурорын газраас үйлдсэн яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжтай шүүгдэгч А.Мд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Прокуророос яллагдагчийн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч тогтоол гарган дараа нь санал үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт байхгүй торгох ялын хэмжээг яллагдагчид санал болгосон, цагаан зээрийн экологи-эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийг хэрхэн төлөх бодит баталгаа бий эсэхийг тодруулахын тулд холбогдох газраас лавлагаа авч, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийгээгүй, бичиг үсэг мэдэхгүй бол өөрийгөө өмгөөлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхийн учир холбогдол зэргийн талаар яллагдагчийн мэдээлэл авах эрхийг хязгаарласан байна. Үүнийг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсгийн 4.3, 4.5, 4.6-д заасан прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдал хангагдаагүй гэж үзнэ.

Мөн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байгаа тохиолдолд хохирол нөхөн төлсөн баримт хавсаргахыг шаардах эрхтэй байдаг.

Энэ хуулийн 17 бүлэг буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журамд зааснаар  шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг  явуулахгүй   харин  ял оногдуулах шүүх хуралдаанд  прокурорын хүсэлтээр саналд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засах боломжтой бөгөөд үүнд хууль хэрэглээний алдаа хамаарахгүй юм. 

Монгол улсын Үндсэн хуулийн  6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  “монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа ан  амьтан төрийн нийтийн өмч бөгөөд гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж зааснаар төрийн эрх бүхий байгууллага буюу засгийн газраас ан амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг тогтоодог учраас сангийн яам, санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс иргэд, хуулийн этгээдийн эд хөрөнгөд үнэлгээ хийх ажиллагаатай адилтган ойлгож болохгүйн зэрэгцээ үнэлгээний байгууллагаар ан амьтанд үнэлгээ хийлгэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, зардлыг өсгөх зэрэг сөрөг үр дагавартай.   

Прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичихээс гадна шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулан прокурорын саналаа өөрчлөх, хэрэгт байхгүй баримт бичиг хавсарган ирүүлж байгааг тухайн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор гаргасан нөхцөл байдал, баримт гэж үзэж  шинжлэн судалж үнэлэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр гаргахад үндэслэсэн хэргийн нотлох баримтын хүрээнд хянах үүрэгтэй байдаг.

Шүүхээс прокурорын тогтоол, санал, яллах дүгнэлттэй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлж байгаа үед ял оногдуулах шүүх хуралдаан хийхгүйгээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална”, энэ зүйлийн 2 дахь хэсгийн “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно”, энэ зүйлийн 3 дахь хэсгийн “шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна”, энэ зүйлийн 4 дэх хэсгийн “шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана” гэж тус тус заасантай нийцэхгүй байгаад анхаарах хэрэгтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан гурван нөхцөл байдал хангагдаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул түүнийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 130 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.БААТАРСҮХ

 

ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                        Д.БАЙГАЛМАА