| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/08049/И |
| Дугаар | 101/ШШ2023/01530 |
| Огноо | 2023-03-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2023/01530
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Т.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч:Б.Х-д холбогдох
Орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээний үүрэгт 4,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б , нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Б.Х т холбогдуулан Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний үүрэгт 4,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Миний бие Б.Х тай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, талбайтай орон сууцыг нэг жилийн хугацаатай, нэг сарын 800,000 төгрөг төлөхөөр, дэнчинд 800,000 төгрөг барьцаалахаар харилцан тохиролцон Орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээг байгуулж, 3 сарын төлбөрт 2,400,000 төгрөгийг авсан. Б.Х 2022 оны 12 дугаар сараас гэрээний үүргээ биелүүлэхгүй байхаар очиж үзтэл өөр хүнд сарын 1,000,000 төгрөгөөр давхар түрээсэлсэн байсан. Мөн СӨХ-ийн мөнгө төлөгдөөгүй надаас нэхэмжилсэн. Бидний хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тооцсон. Иймд үндсэн төлбөр 4,000,000 төгрөг, түүний хүү 600,000 төгрөг нийт 4,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Х шүүхэд хариу тайлбар өгөөгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас шүүхэд:орон сууц хөлслөх гэрээ(хх-ийн3-5) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Б.Х т холбогдуулан Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний үүрэгт 2022 оны 09, 10, 11, 12 дугаар сарын төлбөрт 3,200,000 төгрөгийг, барьцаа 800,000 төгрөгийг, алданги 600,000 төгрөгийг нийт 4,600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед алданги 600,000 төгрөгийн шаардлагаас татгалзсан.
2.Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт байдал тогтоогдов.
3.Зохигчид харилцан тохролцож эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү-0 дугаарт бүртгэгдсэн, нэхэмжлэгч Т.Б , Б.Д нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, талбайтай, орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын 800,000 төгрөгөөр, дэнчинд 800,000 төгрөгийг барьцаалахаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээг байгуулжээ.(хх-ийн 3-5)
4.Зохигчдын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний:
2.3-д гал тогооны тавилгатай;
3.1.-д 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаагаар хөлслүүлнэ;
3.2.1. төлбөр төлөх хугацаа 2022.0.6.08-ны өдөр 3 сарын төлбөр 2,400,000 төгрөгийг Хаан банкны 5589084086 дансанд төлсөн. Төлбөрийг 3 сараар тухайн өдөр төлнө.;
3.4. Дэнчин: байна. хөлслүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 800,000 төгрөгийг 2022.06.15-ны өдөр хөлслөгч талд хөлслүүлэгчид өгнө.Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна. Үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулахгүй бол хөлслүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон буюу орон сууцыг хүлээн авсан өдөр хөлслөгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг дэнчинг 100 хувь хөлслөгч талд буцаан олгоно.;
3.6. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5. хувийн алданги төлнө. гэж тохиролцжээ.
5.Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар хөлслүүлэгч гэрээнд зааснаар гэрээний зүйл болох орон сууцыг бүрэн бүтэн хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч тухайн орон сууцыг хүлээн авсан талаарх акт үйлдсэн тодорхойгүй баримтаар тогтоогдоогүй болно.
6.Нэхэмжлэгч хариуцагчаас 2022 оны 06,07,08 дугаар сарын төлбөрт 2,400,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй.
7. Түүнчлэн нэхэмжлэгч нь СӨХ-ийн төлбөрийн өрийг төлсөн эсэх талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
8.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2.-т Дэнчингийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анзыг нэгэн адил хэрэглэж болно., 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.
9.Хариуцагч Б.Х нь орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар дэнчин 800,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэж дурджээ. Хариуцагч Б.Х нь орон сууц хөлслөх гэрээнд зааснаар 2022 оны 06 дугаар сараас дэнчинд нэг сарын 66,666 төгрөгийг 12 дугаар сар хүртэл хугацаанд 399,999 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
10.Иймд хариуцагч Б.Х аас талуудын хоронд байгуулсан гэрээний үүрэгт 2022 оны 09,10,11,12 дугаар сарын төлбөрт 3,200,000 төгрөгийг, уг хугацаан дахь дэнчинд 399,999 төгрөгийг нийт 3,599,999 төгрөгийг хариуцагч Б.Х аас гаргуулж нэхэмжлэгчид олгов.
11.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан Боржигон овогт Б-Х с орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээний үүрэгт 3,599,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 72,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ