Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/01611

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.М нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.О холбогдох

Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний үүрэгт учирсан хохирол 1,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М , нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.М хариуцагч Б.О д холбогдуулан Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний үүрэгт учирсан хохирол 1,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б.О тай Баянзүрх дүүрэг,  3 өрөө орон сууцыг сарын 1,000,000 төгрөгөөр тооцож нэг жилийн хугацаатай 1,000,000 төгрөгийн барьцаатайгаар Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээг байгуулсан. Миний бие нэг жилийн туршид Б.О д 13,000,000 төгрөгийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд тэрээр өөрсдөө орох оронгүй байна цаашид сунгах боломжгүй гэж хэлснээр би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орон сууцыг суллаж өгсөн.Тухайн орон сууцыг хөлслөхдөө би барьцаанд 1,000,000 төгрөгийг барьцаалсан байсан тул орон сууцыг суллаж өгөхдөө барьцааны мөнгийг авъя гэтэл надад буцааж өгөөгүй болно. Би энэ байрыг хөлслөх хугацаанд халуун хүйтэн ус болон айл өрхийн цахилгааны тоолуур баталгаажуулах солих зэрэг 115,000 төгрөгийг төлсөн. Тухайн байранд миний бие өдөр өнжүүлэх ажиллуулж байсан тул хүүхдүүд ханын цаас болон цонхны түгжээ, шалны граниз зэргийг эвдэлснээ хүлээн зөвшөөрч байна. Иймд миний хохирлыг гаргуулж өгөн үү гэв.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,  3 өрөө орон сууцыг сарын 1,000,000 төгрөгөөр тооцож нэг жилийн хугацаатай 1,000,000 төгрөгийн барьцаатайгаар2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр С.М той тохиролцож хөлслүүлж, гэрээг байгуулан тус бүр нэг хувийг авсан.Түрээсийн гэрээг сунгахгүй болсон тохиолдолд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж тохирсны дагуу 12 дугаар сарын 04-ний өдөр утсаар асуухад тэрээр зөвшөөрсөн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээж авахаар тохирсон.Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байраа хүлээж авахаар очиход байр аймшигтай заваан, бүх өрөөний обой урагдсан, хаалганы кроп, шалны гранизуудыг хагалсан, разетиканы хаалтнуудын бүгд байхгүй ажиллахгүй болсон нэг жижиг өрөөний гэрэл асахгүй, хөшигнүүд бүгд урагдсан угаалтуурын холигч эвдэрсэн, зурагтын удирдлага байхгүй, тогтоогч байхгүй, хивс ахиж ашиглагдахгүй хүн амьдарч басан гэхэд хэцүү байдалтай байсан. Мөн 12 дугаар сарын байрны мөнгө 141,400 төгрөг төлөөгүй, 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ дууссан байхад 17 дугаар зогсоолыг 0000 дугаартай ланд крузейр авто машинтай 1 дүгээр орцны хүнд өдрийн 10,000 төгрөгөөр түрээсэлж, 300,000 төгрөгийг авч явсан байдалтай байсан.Зөвхөн ханын цаасаа солиод өгөө гэхээр үгүй гээд цоожны гол солиод нөхөр нь согтуу ирээд агсан согтуу тавиад хэл амаар доромжилж ална гэж дарамталсан. Гэрээний хугацаа дуусан тул би өөрөөр хүн дуудаж цоожны гол солиулж тэр өдрөө 102-т дуудлага өгч цагдаад мэдэгдсэн. Гол солиход 50,000 төгрөг болсон. Зөвхөн хямд обой авахад 589,500 төгрөг болсон ба ажлын хөлс 900,000 төгрөг болсон. 95245944 дугаартай Н.Т гэж ахаараа таньдаг хүн гэж үнийг буулгаж хийлгэсэн. Бусад зардал гээд 5,000,000 төгрөг гарсан байна. С.М гийн надад учруулсан хохирол 1,000,000 төгрөгөөс хавь илүү гарсан, би мөнгө нэхээгүй байхад ямар нүүрээрээ мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна.Түрээсийн орон сууцанд ямар ч зөвшөөрөлгүй өдөр өнжүүлэх ажиллуулж дулаан зогсоолыг давхар түрээслүүлж мөн гэрээ дууссан байхад түрээслүүлж гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч С.М гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ...

3.Нэхэмжлэгчээс шүүхэд: орон сууц хөлслөх гэрээ(хх-ийн 3-5), иргэний үнэмлэхийн лавлагаа(хх-ийн6) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас шүүхэд: мэдэгдэл (хх-ийн20), зарлагын баримт(хх-ийн22-25) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.О д холбогдуулан Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээ-ний үүрэгт барьцаанд тавьсан 1,000,000 төгрөгийг, цахилгааны тоолуур, халуун хүйтэн усны суваг солиход гарсан зардал 115, 000 төгрөгийг нийт 1,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

2.Зохигчид харилцан тохролцож эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү-0 дугаарт бүртгэгдсэн, хариуцагч Б.О гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3 өрөө орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, нэг сарын 1,000,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгийг барьцаатайгаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээг байгуулсан талаар талууд маргаагүй.(хх-ийн 3-5/

Зохигчдын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний:

2.3.-д гэрээний бусад мэдээлэл: галт өрөөний ком, хөргөгч-1 ш, хувцасны шкаф-1ш, хувцасны өлгүүр-1ш, хивс-1 ш, юнивишний төхөөрөмж-1ш, гараашны автомат чип-1ш, хөшиг -3 ш;

3.1-д гэрээний хугацаа: 2022.01.06-ны өдрөөс 2023.01.06-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөлслүүлнэ.;

3.2-т төлбөр төлөх хугацаа: төлбөрийг хагас жилээр төлөх бөгөөд эхний 6 сарын төлбөрийг 2022.02.011-ний өдөр, сүүлийн 6с арын төлбөрийг 2022.07.06-ны өдрийн дотор Б.О гийн Хаан банкны 5753850397 дансанд шилжүүлнэ.;

3.3-д Дэнчин: байна. хөлслүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,000,000 төгрөгийг 2022.02.11-ний өдөр хөлслөгч талд хөлслүүлэгчид өгнө.Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна. Үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулахгүй бол хөлслүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон буюу орон сууцыг хүлээн авсан өдөр хөлслөгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг дэнчинг 100 хувь хөлслөгч талд буцаан олгоно.;

4.4. хөлслүүлэгч нь орон сууцны ашиглалт, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хянах үүрэгтэй.;

5.5. хөлслөгч байрны тавилга, эд хогшлыг ердийн болон хэвийн хэрэглээнээс элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй. гэж тохиролцжээ.

3.Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д  зааснаар хөлслүүлэгч гэрээнд зааснаар гэрээний зүйл болох орон сууцыг бүрэн бүтэн хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч тухайн орон сууцыг хүлээн авсан талаарх акт үйлдсэн тодорхойгүй баримтаар тогтоогдоогүй болно.

4.Түүнчлэн нэхэмжлэгч халуун хүйтэн усны болон цахилгааны тоолуур сольсон зардалд 115,000 төгрөг төлсөн эсэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

5.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2.Дэнчингийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анзыг нэгэн адил хэрэглэж болно., 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

6.Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт ... тус орон сууцанд өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулсан,17 дугаар зогсоолыг 0000 дугаартай ланд крузейр авто машинтай 1 дүгээр орцны хүнд өдрийн 10,000 төгрөгөөр түрээсэлж, 300,000 төгрөгийг авсан, ханын цаас урагдсан, шалны болон цонхны цоож эвдэлсэн, 12 дугаар сарын байрны төлбөр төлөөгүй талаар хүлээн зөвшөөрч маргаагүй.

7.Иймд зохигчдын хоронд байгуулсан орон сууц хөлслөх, хөллүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.-д зааснаар нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт орон сууцанд учруулсан хохиролд 500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчаас 500,000 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага халуун хүйтэн усны болон цахилгааны тоолуур сольсон зардалд 115,000 төгрөгийг гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Иймд хариуцагч Б.О гаас Орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар дэнчингийн төлбөрт төлсөн төлбөрөөс 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 625,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан Б.О орон сууц хөлслүүлэх, хөлслөх гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М  олгож, нэхэмжлэлээс үлдэх 625,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж  15,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ГАНЧИМЭГ