Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/02284

 

 

 

 

 

 

 

 

2023 05 08

101/ШШ2023/02284

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0000 тоотод оршин суух, Л.Э /рд:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 00000000 тоотод түр оршин суух, М.О /рд:0000/-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 15,285,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гэрч О.Б, иргэдийн төлөөлөгч Б.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өөрийн өмчлөлийн 0000 УБТ улсын дугаартай приус марксийн тээврийн хэрэгслээр таксинд явдаг. 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Өлзий төвийн уулзвар гэрлэн дохио дээр М.О нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон миний машины ардаас их хүчтэй мөргөсөн. Хүчтэй мөргүүлсний улмаас би урд машиныг мөргөсөн. Миний урд машины цонхны шил үүрч унасан. Миний машинд сууж байсан зорчигч эмэгтэй гэмтсэн. Миний машин ард, урдаасаа мөргүүлсний улмаас их хэмжээний гэмтэл үүссэн. М.О нь осол гаргачихаад машинаа асаагаад зугтаачихсан. Цагдаа нар машиных нь маслын мөрөөр яваад олсон байсан. Машин эвдэрсэний улмаас би ажилгүй болж, эвдэрхий машин маань журмын хашаанд 1 сар гаруй болсон. М.Оын буруутай үйлдлийн улмаас надад дараах хохирол учирсан. Үүнд, Хас үнэлгээ ХХК-иар машины эвдрэлийг үнэлүүлэхэд 6,361,000 төгрөг, үнэлгээ хийсэн ажлыг хөлс 324,000 төгрөг, журмын хашааны 275,000 төгрөг, зам тээврийн осол гарсантай холбоотойгоор цагдаагийн газар ирж очих унааны зардал, бичиг хэрэг канондуулсан зардалд 80,000 төгрөг болсон. Мөн надад учруулсан хохирлоо төлөхгүй байсан тул цагдаад өгсөн хаягаар шүүхэд хандахад оршин суудаггүйгээс түүнийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн. Би машинаараа таксинд яваад өдөрт 120,000-150,000 төгрөгийн орлого олдог байсан. Ихэвчлэн хүмүүс бэлэн мөнгөөр таксины төлбөрөө төлдөг болохоор бодит олдог орлогоо би нотолж чадахгүй байгаа. Зөвхөн дансаар таксины төлбөр төлсөн баримтаар би өдөрт 54,030 төгрөгийн орлого олдог байсан нь нотлогдож байгаа. Зам тээврийн осол гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд би машин эвлэрсний улмаас орлогогүй байсан нийт 184 хоног байгаагаас амралт болон машин гардаггүй өдрүүдийг хасч нийт 150 өдрийн олох байсан орлогод 8,104,500 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд нийт 15,285,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Би хохирол төлөхийг хүлээсээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хүүхдийнхээ байр авах гэж байсан мөнгөнөөс машин авахуулж, ажлаа хийж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн журмаар гаргасан үнэлгээ 6,202,000 төгрөг гарсан. Үүнээс кузов солих 1,850,000 төгрөгийг хасаад үлдэх 4,352,000 төгрөг дээр журмын хашааны төлбөр 275,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 324,000 төгрөг, нийт 4,951,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч УБ Кабт жолоочоор ажиллаж байсан гээд олох байсан орлого гэх 8,104,500 төгрөгийг нэхэмжилж байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Тэрээр УБ Кабт өөрөө биш хуулийн этгээд гэрээ хийсэн байсан. Өөрөө хийсэн байдаг 1 гэрээнд нь тамга, гарын үсэг байдаггүй. Хуулийн этгээд гэрээ хийсэн ч нэхэмжлэгч тус хуулийн этгээдтэйгээ гэрээ хийсэн зүйл байдаггүй. Нэхэмжлэгч УБ кабт ажиллаад орлого олж байсан, татвар төлж байсан баримт байхгүй байна. Мөн дансны хуулгаас үзэхэд зарим гүйлгээ нь ганц үсгээр хийгдсэн, хэн хаанаас юуны төлбөр хийгээд байгаа нь тодорхойгүй байна. Иймд олох байсан орлого 8,104,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төлсөн талаархи баримтгүй байна. Мөн автобус, таксины зардал 80,000 төгрөг төлсөн талаарх баримтгүй байгаа тул эдгээр төлбөрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, кассын орлогын ордер, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан бичиг, Хаан банкны дансны хуулга, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээ, Хамтран ажиллах гэрээ, Замын унаа үйлчилгээ үзүүлэх гэрээ, Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны 11 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол,

3.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Дамно ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, Хаан банкны дансны хуулга, зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч М.От холбогдуулан гэм хорын хохирол 15,285,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийн засварын үнэ 4,352,000 төгрөг, журмын хашааны төлбөр 275,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 324,000 төгрөг, нийт 4,951,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсэгт маргасан.

 

2. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Хариуцагч М.О нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 02 цаг 15 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруу, Өлзийт уулзварын зүүн талын замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота кроун маркийн 0000 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа нэхэмжлэгч Л.Эын өмчлөлийн Тоёота приус-20 маркийн 0000 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон урд нь явсан Тоёота марк-2 маркийн 0000 УБВ улсын тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь талуудын тайлбар, Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тус тус тогтоогдсон. /хх-40-42/

 

3.1 Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор жолооч М.Оын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, нэхэмжлэгч Л.Эыг ослын улмаас эд хөрөнгөд учирсан хохирлоо М.О Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

 

3.2 Хариуцагч М.О нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгч Л.Эын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, хохирол учруулсан үйл баримтад маргаагүй.

 

3.3 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

4. Хэрэг бүртгэлтийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Хас үнэлгээ ХХК-иас Л.Эын өмчлөлийн Тоёота приус-20 маркийн 0000 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослоос үүссэн хохирлыг 6,361,000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-32-35/

 

4.1 Хариуцагч дээрх үнэлгээг эс хүлээн зөвшөөрч тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг шүүхийн журмаар дахин тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж, дүгнэлт гаргах шинжээчээр Дамно ХХК-ийг томилсон.

 

4.1.1 Шинжээч Дамно ХХК-иас Тоёота приус-20 маркийн 0000 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослоос үүссэн хохирлыг 6,202,000 төгрөг болохыг тогтоосон. /хх-80-84/

 

4.2 Хариуцагч нь Дамно ХХК-ийн тогтоосон үнэлгээ 6,202,000 төгрөгөөс кузов солих 1,850,000 төгрөгийг хасч үлдэх 4,352,000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан. Уг тайлбарын үндэслэлээ тээврийн хэрэгслийн кузовыг бүтнээр нь солих шаардлагагүй, кузов одоо ч хуучин байсан хэвээрээ байхад шинжээч солих шаардлагатай гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.2.1 Нэхэмжлэгч Л.Э нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг зам тээврийн ослын улмаас мөргүүлж, эвдрэл үүссэн үндэслэлээр зах зээлийн үнээс доогуур үнэлж О.Бд 4,472,164 төгрөгөөр худалдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч О.Бийн мэдүүлэг, Хаан банкаар дамжуулан үнэ төлсөн гүйлгээний баримтаар тус тус тогтоогдсон. /хх-110/

 

4.2.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон О.Б-ээс ...тухайн үед Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10,000,000-12,000,000 орчим төгрөгийн ханштай байсан. Л.Эаас худалдан авсан Приус-20 маркийн машин нь мөргүүлсэн, их эвдрэлтэй байсан тул 4,472,164 төгрөгөөр худалдан авсан гэж мэдүүлсэн.

 

4.2.3 Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар зам тээврийн осол гарахаас өмнө нэхэмжлэгч Л.Эын өмчлөлийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ хэдэн төгрөг байсан тэр хэмжээнд хариуцагч нь учирсан хохирлыг төлөх үүрэгтэй тул хариуцагчаас гаргасан кузов солих үнийг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Зам тээврийн ослоос хойш маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг бусдад худалдсан байгаа нь уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхийг үгүйсгэх үндэслэлд хамаарахгүй.

 

4.3 Иймд хариуцагч М.О тээврийн хэрэгсэлд ослоос үүссэн хохиролд шинжээч Дамно ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 6,202,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Э олгох нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгч Л.Э нь хэрэг бүртгэлтийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Хас үнэлгээ ХХК-д үнэлгээ гаргасан ажлын хөлс 324,000 төгрөгийг төлсөн болох нь кассын орлогын ордерын баримтаар тогтоогдсон. Уг мөнгөн хөрөнгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн. /хх-7/

 

5.1 Мөн зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Л.Эын өмчлөлийн тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд зөөж шилжүүлсэн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан. Нэхэмжлэгч нь түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслээ авахдаа 275,000 төгрөг төлсөн гэж нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Иймд Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээ гаргасан ажлын хөлс 324,000 төгрөг, түр саатуулах хашааны төлбөр 275,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар хариуцагчаас цагдаагийн байгууллагад мэдүүлсэн оршин суух хаягийн дагуу шүүхэд хандсан боловч оршин суух хаягтаа байгаагүй үндэслэлээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж хохирсон гэж уг мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардсан.

 

6.1 Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26ж3-3/2400 тоот албан бичигт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/0145 дугаартай шийдвэрээр эрэн сурвалжлагдсан М.О нь Баянзүрх дүүргийн 0000 тоотод гэр бүлийн хамт оршин сууж байгаа нь тогтоогдсон тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно гэжээ. /хх-8/

Уг албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч М.Оын оршин суух хаягийг тогтоолгож, эрэн сурвалжлуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/0145 дугаартай шийдвэр гарсан болох нь тогтоогдож байна.

Аливаа иргэн, хуулийн этгээд бусдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлдөг болох нь нийтэд илэрхий үйл баримт юм. Хариуцагч М.Оын гэм хор учруулсан буруутай үйлдлийн улмаас түүний оршин суух хаягийг олж тогтоохын тулд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас цагдаагийн байгууллага руу ирж очих унаа, такси, бичиг баримт канондуулсан төлбөрт нийт 80,000 төгрөг зарцуулсан гэж хариуцагчаас уг мөнгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь дээрх 80,000 төгрөгийн зардал гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгч Л.Э нь маргааны зүйл болох тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхэлдэг байсан. Нэг өдрийн орлого баримтаар тогтоогдсон нь 54,030 төгрөг байгаа. Хүмүүс ихэвчлэн бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг ба бодит орлого өдөрт 120,000-150,000 төгрөг байсан. Зам тээврийн осол гарсан өдөр 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 184 хоног байгаагаас амралт болон машины дугаар гардаггүй өдрүүд 34 хоногийг хасч нийт 150 өдрийн олох байсан орлогыг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

8.1 Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

8.2 Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхэлж, олдог байсан орлогоо нотлохоор өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5014341927 тоот дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн. Уг дансны хуулгаас үзэхэд зам тээврийн осол болохоос өмнөх сар буюу 2021 оны 09, 10 дугаар сарын хугацаа хамаарч байна.

Шүүх уг дансны хуулгад агуулагдсан орлогын мэдээллийг нэг бүрчлэн шүүж үзэхэд такси гэх гүйлгээний утгаар, 1-2 үсгээр товчилж хийсэн гүйлгээ, утасны дугаар зэрэг гүйлгээний утгаар тус тус мөнгөн шилжүүлэг орсон байна. Дээрх гүйлгээний утгаар орсон мөнгөн шилжүүлгийг тооцоход 9 дүгээр сард нийт 1,595,200 төгрөг, 10 дугаар сард 1,795,000 төгрөг тус тус такси үйлчилгээнээс орж ирсэн болох нь тогтоогдож байна.

2021 оны 9 дүгээр сарын орлого 1,595,200 төгрөгийг 30 хоногт хуваахад 1 өдрийн 53,173 төгрөг, 10 дугаар сарын орлого 1,795,000 төгрөгийг 30 хоногт хуваахад 1 өдрийн 59,833 төгрөг байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн нэг өдрийн орлогыг 54,030 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэл бүхий байна.

 

8.3 Мөн нэхэмжлэгч нь зам тээврийн осол гарсан өдөр болох 2021 оны 11 сарын 06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 184 хоногоос амралт болон машины дугаар гардаггүй өдрүүд 34 хоногийг хасч нийт 150 өдрийн орлогыг шаардсан нь бодит байдалд нийцсэн байна.

 

8.4 Хариуцагчаас ...орлого олж байсан талаархи татвар төлсөн баримтгүй, Юбикап ХХК-тай байгуулсан гэрээний төгсгөлд талууд гарын үсээгүй зураагүй байх тул орлого олж байсан гэж үзэхгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Санхүүгийн анхан шатны баримт болох дансны хуулгаар орлогын мэдээлэл тогтоогдсон ба хэрэгт татвар төлж байсан талаархи баримтаа ирүүлээгүй нь уг орлогыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгч нь Юбикап ХХК-тай байгуулсан замын унаа үйлчилгээ үзүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран такси үйлчилгээ эрхэлж орлого олж байсан нь баримтаар тогтоогдсон.

 

8.5 Иймд нэхэмжлэгчийн олох байсан орлогод 8,104,500 /150 өдөр х 54,030/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

9. Иргэдийн төлөөлөгчөөс ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн төлбөрүүдийг шүүх гаргах байх. Машины эвдрэлийг сүүлд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийн үнэлгээгээр гаргуулах нь зүйтэй. Миний хувьд такси болон дэлгүүрт ороод үйлчилгээ авахдаа яарсан үедээ нэрээ бүтэн бичихгүй 1-2 үсэг бичих зэргээр гүйлгээ хийгээд явдаг. Нэхэмжлэгч нь дансны хуулгаараа орлогоо нотолж байна. гэх дүгнэлтийг гаргасан. Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ гэж заасан.

 

10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэвэл хариуцагч М.О тээврийн хэрэгсэлд ослоос үүссэн хохиролд 6,202,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 324,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, түр саатуулах хашааны төлбөр 275,000 төгрөг, олох байсан орлого 8,140,500 төгрөг, нийт 14,975,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Э олгож, нэхэмжлэлээс үлдэх 310,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр Дамно ХХК-ийг томилсон ба уг шинжээчийн ажлын хөлс 295,000 төгрөгийг хариуцагчаас төлсөн. /хх-102/ Энэ нь түүний хүсэлтээр хийгдсэн ажиллагаа ба тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг зардлыг М.О өөрөө хариуцахаар байна. Иймд шинжээчийн зардлыг хуваарилах шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 14,975,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232,828 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М.О 14,975,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 310,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,828 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Т.ЭНХЖАРГАЛ