Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/01739

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Д нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Э холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хянан хэлэлцүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Д хариуцагч Б.Э ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Иргэн Н.Д миний бие иргэн Б.Э ад Сонгинохайрхан дүүрэг  байрлах газар хашааг 6,000,00 төгрөгөөр тооцож худалдсан. Тухайн үед газар хашааны үнээс 4,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Э ын нэр дээр шилжүүлсний дараа барагдуулахаар тохиролцсон.Гэвч Б.Э нь худалдан авсан хашааг миний оролцоогүйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба харилцан тохиролцсон үлдэгдэл 2,000,00 төгрөгийг авъя гэхээр одоог хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өгдөггүй.Утсаар ярихаар өмнөөс уурлаж уцаарладаг. Иймд Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, 35 дугаар зөрлөгийн 8-4 тоотод байрлах газар хашааны үлдэгдэл төлбөр 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:нэхэмжлэгч Н.Д болон бидний дунд Иргэний хуулийн 243 угаар зүйлд заасан харилцаа үүсээгүй болно. Энэ нэхэмжлэл нь газрын маргаантай холбоотой тул Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэгчийн Н.Д биш түүний нөхөр Б.Эрдэнэбаатар надад 2016 онд одоогоос 7 жилийн өмнө миний газар гэж худал хэлж бичиг баримтгүй нурсан хашаатай газрыг зааж өгч худалдахаар тохирч би 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Миний бие нөхөр Б.Эрдэнэбаатарын хамт Сонгинохайрхан дүүргийн газрын алба дээр очиход түүний эхнэр гэх Н.Д гийн нэр дээр ямар ч газар эзэмших , ашиглах гэрчилгээ, кадастрын зураглал гарч ирээгүй. Тухайн газар хэний ч нэр дээр байгаагүй бөгөөд эрхийн зөрчилтэй газар байсан. Төрийн өмчлөлийн газрыг надад зааж өгч 4,00,000 төгрөгийг авсан, одоо ч уг газар ямар ч бичиг баримтгүй тул миний бие 2,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн газрыг авч өтөг бууц байсан газрыг цэвэрлэх хашаа барих гээд нэлээдгүй зардал гаргаж хохирсон. Нэхэмжлэгч түүний нөхөр нар намайг залилсан.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд: баталгаа(хх-ийн4) баримт гаргаж өгсөн.

4.Хариуцагч шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Д хариуцагч Б.Э ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан.

2.Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

3.Нэхэмжлэгч Н.Д нь Сонгинохайрхан дүүрэг,  байрлалтай газар хашааг хариуцагч Б.Э ад 6,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 4,000,000 төгрөгийг хариуцагч бэлэн төлж, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг газрын гэрчилгээг Б.Э ын нэр дээр шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тохиролцожээ.(хх-ийн4) Дээрх хэлцлээс талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн:

3.1.2."газар өмчлөх" гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг,

3.1.3."газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг,

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн:

4.1.1.гэр бүлийн хэрэгцээний,

4.1.2.аж ахуйн зориулалтаар,

21.1.-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.

22.1.Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно. гэж хуульчилсан.

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 241-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч Н.Д нь Сонгинохайрхан дүүрэг, байрлалтай газрыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хэзээ ямар зориулалтаар ашиглах, эзэмших, өмчлөх эрх үүссэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.Өөрөөр хэлбэл Н.Д нь тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 02 дугар сарын 16-ны өдөр эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбартаа танилцсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхийг тэрээр хэрэгжүүлээгүй гэж үзэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж хуульчилсан. Зохигчид гэрээг байгуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрсдөө нарийвчлан заагаагүй бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах учиртай.

7. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн татгалзсан татгалзал үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд гаргаагүй, уг хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүйг дурдав.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.-д заасныг баримтлан Н.Д гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах тхуай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ