Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/02343

 

 

 

 

 

 

 

 

2023 05 11

101/ШШ2023/02343

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Р.Г /рд:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 оффис, А Д С п ХХК /рд:/-д холбогдох,

 

Орон сууц хөлсөлсний төлбөрт 14,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төмөр замын 202 дугаар 4 тоот 2 өрөө орон сууц нь дахин төлөвлөлтийн газарт орж, А Д С п ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-Ү-05 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон нийтийн орон сууцны холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дотор барилгыг байнгын ашиглалтанд оруулах комиссыг ажиллуулна гэж заасан боловч тогтоосон хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл тухайн барьж байгаа барилга нь ашиглалтанд ороогүй дутуу хэвээрээ байна. Гэрээ байгуулагч А Д С п ХХК нь Нийслэлийн засаг дарга болон хот төлөвлөлт ерөнхий төлөлвлөгөөний газраас сонгон шалгаруулсан тендерт оролцож, дахин төлөвлөлтийн газарт орж байгаа байрны оршин суугчдтай ирж уулзан байрыг чөлөөлүүлэхдээ байр ашиглалтанд орох хүртэлх хугацаанд түрээсийн орон сууцаар хангана, орон сууц түрээслэн амьдарч байгаа иргэдийн түрээсийн төлбөрийг байр ашиглалтанд орох хүртэлх хугацаанд хариуцан төлнө гэж нийт оршин суугчидтай амаар гэрээ байгуулан байрыг чөлөөлүүлсэн байдаг. Дээрх аман гэрээний дагуу миний бие нь 2019 онд өөрийн байрыг чөлөөлж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Саруул тэнгэр хотхонд 2 өрөө орон сууцыг 2020 оны 12 дугаар сараас эхлэн иргэн Ж.Оаас сарын 600,000 төгрөгөөр хөлслөн амьдарч эхэлсэн бөгөөд жил бүр орон сууц хөлслөх үнэ 100,000-150.000 төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Захиалагч Р.Г миний бие нь байр хөлслөн амьдарч байхдаа 2021 онд 7,800,000 төгрөг, 2022 онд 9,600,000 төгрөг нийт 17,400,000 төгрөгийг төлсөн бөгөөд гүйцэтгэгч компани нь түрээсийн төлбөрөөс нэг ч төгрөг өгөөгүй. Харин ч түрээсийн төлбөрийг 600.000 төгрөгөөр бодож тооцно илүү үнээр бодохгүй, 2021 оны байр түрээсэлсэн төлбөр болох 7,200000 төгрөгийг график гаргаж төлнө. 2022 оны түрээсийн төлбөрийг бид төлөхгүй, Нийслэлийн засаг даргаас ав гэх мэт байдлаар захиалагч намайг хохироож байна. Иймд Р.Г надад орон сууц хөлсөлсөн мөнгө болох 17,400,000 төгрөгийг А Д С п ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөгөөс багасгаж, 1 сарын түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцож, 2021 оны түрээсийн төлбөрт 7,200,000 төгрөг, 2022 оны түрээсийн төлбөрт 7,200,000 төгрөг, нийт 14,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Р.Гын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин төмөр замын 202 дугаар 4 тоот 2 өрөө орон сууц нь дахин төлөвлөлтийн газарт орж, манай А Д С п ХХК нь уг газарт шинээр орон сууц барьж ашиглалтад оруулахаар шалгарч, нэхэмжлэгчтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан үйл баримтад маргахгүй. Гэрээ байгуулсанаас хойш Ковид-19 цар тахал гарсаны улмаас барилгын ажил хугацаандаа орохгүй байх шалтгаан болсон. Ийм байхад уг давагдашгүй хүчин зүйлийг ганцхан гэрээний нэг талд хариуцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх бичгээр гаргасан нэхэмжлэлийн үг зүйн утгыг анхаараасай гэж хүсч байна. Нэхэмжлэлдээ Ж.О гэх хүний орон сууцыг хөлслөн амьдарч байгаа, түрээсийн төлбөрт 2021 онд 7,200,000 төгрөг, 2022 онд 9,600,000 төгрөг төлсөн гэж бичсэн байна. Үүнээс үзвэл өөрөөсөө бодитоор гарсан зардлаа нэхэмжилж байна гэж үзнэ. Гэтэл хэрэгт түрээсийн төлбөр төлсөн талаарх баримтгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, түрээс төлөх хуваарь, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, тусгай зөвшөөрөл, үл хөдөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар,

3.2 хариуцагчаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, хөрөнгө үнэлгээний тайлан зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч "А Д С п ХХК-д орон сууц хөлсөлсний төлбөрт 17,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад шаардлагаа 3,000,000 төгрөгөөр багасгаж, 14,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаж байна.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Р.Г нь Баянзүрх дүүргийн 0000тоотод байрлах, 28.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Р.Батхишиг, О.Цэндсүрэн, О.Анхбаяр нарын хамт өмчлөгчөөр бүртгэлтэй байжээ. /хх-115/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь ашиглалтын шаардлага хангахгүй болж, тухайн орон сууцыг буулгаж, шинэ орон сууц барьж ашиглалтад оруулах ажлыг "А Д С п ХХК гүйцэтгэх сонгон шалгаруулалтаар шалгарсан үйл баримтын талаар талуудын хэн нь аль тайлбарласан.

Уг ажлын хүрээнд Р.Г, "А Д С п ХХК нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ тус тус байгуулагдсан байна.

Мөн Р.Г, "А Д С п ХХК, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулагджээ.

 

3.1 А Д С п ХХК нь Р.Г нарын өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 0000тоотод байрлах, 28.2 м.кв талбайтай орон сууцыг буулгах үед талбайн бодит хэмжээ 44.56 м.кв талбайтай байсан байна. "А Д С п ХХК нь хуучин байсан орон сууцны газар дээр шинээр орон сууц барьж, Р.Г нарын өмчлөлд байсан 44.56 м.кв талбайн хэмжээгээр нь шинэ орон сууц хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Ингээд нэхэмжлэгч Р.Гын хүсэлтээр 44.56 м.кв талбай дээр 7 м.кв талбайг нэмж, нийт 51.56 м.кв талбайг "А Д С п ХХК хүлээлгэн өгөх, Р.Г нь өөрийн хүсэлтээр нэмж авах 7 м.кв талбайн үнийг 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр тооцож зөрүү төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга болон тэдгээрийн гаргасан тайлбараас дүгнэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.2 Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээнд орон сууцыг ашиглалтад оруулах хүртэл сар бүр 600,000 төгрөг төлнө гэх тохиролцоо байхгүй, орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг тохирсон байна.

Харин талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.2-т хэмжилт хийсэн 44.56 м.кв талбай дээр 7 м.кв нэмж 51.56 м.кв болно. Сонгосон талбайн зөрүүг 1 м.кв үнэ 2,000,000 төгрөгөөр тооцож 18,000,000 төгрөг төлнө. 202-р байрны 4 тоот нь 2 өрөө байр бөгөөд байрны түрээсийн төлбөр сарын 600,000 төгрөг, 2 ширхэг 1 хаалгатай 3 машины тоосгон гараашийг 10,800,000 төгрөгөөр үнэлэн нийт 18,000,000 төгрөгийг зөрүү төлбөрт суутгана гэж,

Р.Г, "А Д С п ХХК, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 2.5-д орон сууцны барилгын 202-4 тоотын орон сууц өмчлөгчид төсөл хэрэгжүүлэх хугацаа сар бүр төлөх түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцож нэг жилийн түрээсийг орон сууцны зөрүү төлбөрт суутгасан гэж тус тус тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний заалтуудыг үндэслэн барилга ашиглалтад орж, хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд өөр орон сууц хөлсөлж суусан төлбөрийг "А Д С п ХХК төлөх үүрэгтэй. Одоо болтол орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байгаа ба 2021, 2022 оны түрээсийн төлбөр нийт 24 сарыг 600,000 төгрөгөөр тооцож, 14,400,000 төгрөг гаргуулна гэж шаардсан.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээ тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасан.

Дээрх гэрээний заалтуудын үгийн шууд утгыг дүгнэхэд нэхэмжлэгчийн тайлбарласнаар орон сууц ашиглалтад орж хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд өөр орон сууц хөлсөлж суусан төлбөрийг сар бүр 600,000 төгрөгөөр тооцож төлнө гэх агуулгагүй байна. Харин 7 м.кв талбайг нэмж авсан зөрүү төлбөрөө төлөхдөө түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр тооцох замаар төлсөн агуулгатай байна.

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

4. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч "А Д С п ХХК нь гэрээгээр тохирсон хугацаа болох 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор орон сууцыг барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд хариуцагч "А Д С п ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирол буюу орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд өөр орон сууц хөлсөлсөн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Р.Г нь орон сууц ашиглалтад орох хүртэл иргэн Ж.Оын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруул тэнгэр хотхонд 2 өрөө орон сууцыг сарын 600,000 төгрөгөөр хөлсөлсөн гэж нэхэмжилсэн.

Гэвч нэхэмжлэгч нь 2021, 2022 онуудад орон сууц хөлсөлж суусантай холбоотой баримтаа хэрэгт цуглуулж гаргаагүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.Гаас А Д С п ХХК-д холбогдуулан гаргасан 14,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

7. Хариуцагчаас хэрэгт гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг баримтууд нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнд гаргасан гомдолд хамааралтай өгсөн баримтууд ба уг баримтууд нь талуудын маргааны зүйлд хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А Д С п ХХК-д холбогдох 14,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ