Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 48

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.Болор,

гэрч Д.Нямдаваа,

шүүгдэгч М.Муратхаан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Черуши овогт Монголхааны Муратхаанд холбогдох 2017 0108 0075 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Налайх дүүрэг, 4 дүгээр хороо Туулын 19 дүгээр гудамж, 06 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УР83033113 дугаартай, Черуши овогт Монголхааны Муратхаан.

М.Муратхаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 19 дүгээр гудамж 06 тоот өөрийн гэртээ эхнэр Б.Болорыг ажлын хамт олонтойгоо олон улсын эмэгтэйчүүдийн баярыг Улаанбаатар хотод тэмдэглэж байгаад гэртээ ирээд хэвтэж байхад нь “чи утсаа санаатай унтраасан, хэнтэй байсан, юу хийж байсан” гэх зэргээр хардан түүний толгой болон нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, өшиглөж, мөн хүүхдийн төмөр сандалаар нуруун тус газар нэг удаа тус тус цохисоны улмаас биед доод эрүү ясны баруун үений хэсэг болон урд хэсгийн зөрүүтэй далд хугарал, зүүн даланд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт зэрэг бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Муратхаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 19 дүгээр гудамж 06 тоот өөрийн гэртээ эхнэр Б.Болорыг ажлын хамт олонтойгоо олон улсын эмэгтэйчүүдийн баярыг Улаанбаатар хотод тэмдэглэж байгаад гэртээ ирээд хэвтэж байхад нь “чи утсаа санаатай унтраасан, хэнтэй байсан, юу хийж байсан” гэх зэргээр түүнийг хардан толгой болон нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, өшиглөн, мөн хүүхдийн төмөр сандалаар нуруун тус газар нэг удаа тус тус цохисоны улмаас биед доод эрүү ясны баруун үений хэсэг болон урд хэсгийн зөрүүтэй далд хугарал, зүүн даланд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт зэрэг бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Муратхааны өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эмэгтэйчүүдийн баяраар манай эхнэрийг ажлын хамт олон нь хүлээж авсан. Тухайн өдөр эхнэр 16 цагийн үед яваад орой 23 цаг өнгөрч байхад ирсэн. Эхнэр гар утсаа унтраасан байхаар нь бид хоёр маргалдсан. Би эхнэрээ хүүгийн сурагчийн ширээний сандлаар цохьсон. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Болорын өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс Улаанбаатар хотын зоогийн газарт эмэгтэйчүүдээ хүлээж авч баярлуулсан. Тэгээд би хамт олонтойгоо баярлаад 23 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр намайг “гар утас чинь холбогдохгүй байна, яагаад гар утсаа авахгүй байсан юм бэ” гэж асуухад би “яагаад гар утас унтарсныг мэдээгүй” байна гэж хэлсэн. Манай нөхөр миний гар утсыг асааж үзээд “цэнэг нь дүүрэн байна, албаар гар утсаа унтраасан байна” гэж хэлээд би “чамд ямар хамаатай юм бэ, хүнийг байцаагаад байх юм” гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл маргаан эхэлсэн. Тухайн үед би согтуу байсан учир уураа барьж чадахгүй нөхөр лүүгээ үнсний сав авч шидсэн. Нөхөр уурлаж над руу сандал шийдсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгч гэрч Д.Нямдаваагийн өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай охин эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэхээр Улаанбаатар хот руу ажлынхантайгаа явсан. Охин маань халамцуу гэртээ ирсэн. 24 цагийн үед охин над руу утасдаж нөхөр миний нүүр лүү цохьсон тухайгаа хэлсэн. Нөхөр бид хоёрыг очиход гар нүүрийн алчуураар амаа дарсан, цус гойжсон байдалтай байсан. Тэгээд цагдаа дуудсан. Дараа нь дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд одоо онош нь тодорхой учир Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүл гэсэн. Маргааш нь Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлэхэд эрүүний яс хоёр газарт цуурсан байсан. Тэгээд хагалгаанд яаралтай орсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэбаатарын өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн үед би гэртээ эхнэртэйгээ байж байтал охин Болор нөхөр Муратхааны хамтаар орж ирээд гарсан. Охин Болор өнөөдөр манай эмэгтэйчүүдийг ажлынхан баярлуулж байгаа гээд хувцасаа солиод Муратхааны хамт гараад явсан. Би гэртээ байж байтал 17 цагийн үед Муратхаан хүүхдээ хичээлээс нь аваад манайд хүргэж ирээд гарсан. Буцаж гараад 19 цаг өнгөрч байхад Муратхаан нилээд согтуу орж ирээд хоол идчихээд хүүхдээ аваад гэр рүүгээ харилаа гээд гараад явсан. Шөнө 24 цагийн үед Муратхаан утсаар ярихад Болор сая ирчихлээ орилж чарлаад унтахгүй байна гэж байсан. Тэгээд буцаад унтаж байтал охин Болор эхнэр рүү залгаад Муратхаан намайг зодчихлоо, эрүү хачин болчихлоо гэхээр нь эхнэрийн хамтаар гэрт нь очиход Болор гар нүүрийн алчуураар толгойгоо боочихсон, амнаас нь цус гарчихсан байдалтай харагдсан. Эрүү сонин болчихлоо гээд ярьж чадахгүй байсан. Болорын биед өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, юу болсон талаар тодруулахад Болор эрүү өвдөөд байна гээд уйлаад ярьж чадахгүй байсан. Болорын амнаас архи үнэртэж байсан. Болорын хүүгээс нь болсон хэргийн талаар тодруулахад “ээж орж ирээд орон дээрээ унтсан. Тэгсэн аав ээж дээр очоод гараараа нүүр рүү нь цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Дөлгөөний өгсөн “...Хэд хоногийн өмнө ээж эмэгтэйчүүдийн тэмдэглэнэ гэж яваад орой ирсэн. Тэгсэн аав ээжийг утсаа авсангүй гэж уурлаад 2 гараа атгаж байгаад ээжийн энэ хацар руу нь /баруун хацарыг гараараа зааж үзүүлэв/ гараараа цохиод дараа нь эрүү рүү нь цохисон. Тэгсэн чинь ээжийн амнаас цус гарсан. Ээж “чи болиочээ” гэсэн чинь ээжийн гэдэс рүү зөөлхөн цохиод миний хичээлийн ширээний яг доор нь байсан төмөр сандалыг аваад нуруу руу нь нэг удаа цохьсон. Ээж болиочээ гээд хашгирад байсан. Аав тамхи татаж байгаад хаячихаад төмпөн аваад ээжийн доор тавьсан. Аав тэгээд суугаад л байсан. Ээж амнаас гарсан цусаа алчуураар боосон. Аав жаахан сууж байгаад гараад явсан. Ээж өвөө, эмээ хоёрыг дуудахад эмээ уурлаад ирсэн. Аав, ээж хоёр хоёулаа архи уусан байсан... ” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №08шэ/138 дугаар:

  1. Болорын биед доод эрүү ясны баруун үений хэсэг болон урд хэсгийн зөрүүтэй далд хугарал, зүүн даланд цус хуралт, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт,

/хх-ийн 23 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 37 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 35 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 36 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул М.Муратхаанд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Муратхаан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүүхдийн төмөр сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сонирхогч этгээдэд өгөх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Муратхаан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-36/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч М.Муратхаанд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Черуши овогт Монголхааны Муратхаанд бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар М.Муратхаанд  252 /хоёр зуун тавин хоёр/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан М.Муратхаанд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүүхдийн төмөр сандал нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц сонирхогч этгээдэд өгсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Муратхаанд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ