Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ГХОХХК         

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “*******” Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгахыг даалгах тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “*******” ГХОХХК-иас “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-д анх 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Г.*******тэй байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 3200 м.кв газрыг орон сууцны зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглуулахаар Газар ашиглах эрхийн ******* дугаар гэрчилгээг 2011  оны 9 дүгээр сарын 23-ны өдөр олгожээ.[1]

2.2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/938 дугаар захирамжийг үндэслэн “*******” ХХК-д Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах, 3200 м.кв, орон сууцны зориулалттай газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр ашиглуулахаар ******* дугаар гэрчилгээг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон.[2]

2.3. Нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан.[3]

2.4. Дээрх хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03-06/1218 дугаар албан бичгээр “...хүндэтгэх шалтгаангүй газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн...” гэх агуулга бүхий хариуг өгсөн.[4]

2.5. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгээр “...нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтийг  Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтарсан Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэхэд эс зөвшөөрсөн тул эрхийн гэрчилгээ хүчингүй болсныг мэдэгдье” гэх хариуг хүргүүлсэн[5] байх бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн 5 дугаар хурлын тэмдэглэлд ******* ХХК-ийн хугацаа сунгах хүсэлтийг хэлэлцээд “Эс зөвшөөрсөн” дүгнэлт гарсан нь газрын хувийн хэрэгт авагдсан байна.[6]

2.6. Нэхэмжлэгчийн зүгээс “...манайх газраа зориулалтын дагуу ашиглаж орон сууц барихаар төлөвлөж байхад зэргэлдээ барилга барьж байгаа констракшн ХХК нь 2014 онд манай компанийн ашиглах эрхтэй газар дээр зогсоол барьж, цахилгаан дамжуулах дэд станц барьж, хогийн сав гэх мэт зүйлүүдийг барьж тухайн газрын гуравны нэг, бараг тавны хоёрт нь халдаад тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн,... газрын албанаас газрыг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.7. Хариуцагчийн зүгээс “... Нийслэлийн Засаг даргад гаргасан газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг барилгын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эс зөвшөөрсөн шийдвэр гаргасан байх тул эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй ... Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасанчлан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ дуусгавар болсны дараа буюу тухайн байгууллага газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтийг өгсний үндсэн дээр мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулсны дараа судалж үзээд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.8. Гуравдагч этгээдийн зүгээс “... Олон айлууд машины зогсоол болгож ашиглаад дээрээс нь орц гарц байхгүй. И Эйч Эл гээд энэ газрын газар руу ороход заавал манай хотхоны орц, гарцаар дамжина. Өөр орц, гарц байхгүй. Бүтэн уул, хажуу тал хашаагаар хүрээлэгдсэн. Тэгэхээр ийм газар руу барилга барих ч юм уу ямар нэгэн байдлаар орон сууц баригдлаа гэхэд орц, гарц байхгүй ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай И Эйч Эл Сингапур улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын А/938 дугаартай захирамж, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн ******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3200 м.кв орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар тус газрыг ашиглаж байгаа. Газрын тухай хууль болон Гадаадын иргэн харьяатын хөрөнгө оруулалтын тухай аж ахуй нэгж байгууллагад газар ашиглах гэрээнд заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах авах эрхтэй нөхцөлөөр манай компанийн зүгээс газар ашиглах гэрчилгээний хугацаг сунгуулахаар зохих журмын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хуульд заасан хугацаандаа хандсан. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/1865 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр дээрх газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-д газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болох үндэслэлүүдийг бүрдүүлсэн байна гэх хариу өгсөн. Мөн тус албаны 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 03-06/3049 дугаартай мэдэгдэл хүргүүлэх албан бичгээр иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг хот байгуулалтын хөгжлийн газар, манайхтай хамтран мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах эс зөвшөөрсөн шийдвэр гарсан тул Газрын тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу танай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэгдье гэх үндэслэлгүй хариу өгсөн. И Эйч Эл ХХК нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус бичгүүдийг үл зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Компанийн газрыг ашиглах эрх, түүнд оруулсан хөрөнгө оруулалт, цаг хугацаа, боломж гэх зүйлсээр манай компани хохирч байна. Газар ашиглах эрхийн гэрээгээ байгуулж гэрчилгээ авснаас хойш тус газрыг ашиглах явцад манай И Эйч Эл ХХК нь ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 40.1 дэх хэсэгт гэсэн хэт ерөнхий ойлгомжгүй байдлаар хариу өгч манай хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж байна. Манай компани газар ашиглах эрхийн гэрчилгээ, Гадаадын иргэн хөрөнгө оруулалттай этгээд аж ахуй байгууллагад газар ашиглуулах гэрээнд заасан нөхцөлийн дагуу газраа ашиглаж, гэрээнд заасан хэмжээгээр 3200 м.кв төлбөрөө хугацаанд нь тухай бүр төлж, газартаа хашаа хатган, манаач цалинжуулж газраа хуулийн дагуу ашиглаж, архитектур төлөвлөлтийн даалгавар хийж, орон сууц барилга барихаар барилыг зураг зэргийг гүйцэтгэж эхэлж байсан. Гэтэл зэргэлдээ барилга барьж байгаа констракшн ХХК нь 2014 онд манай компанийн ашиглах эрхтэй газар дээр зогсоол барьж, цахилгаан дамжуулах дэд станц барьж, хогийн сав гэх мэт зүйлүүдийг барьж тухайн газрын гуравны нэг, бараг тавны хоёрт нь халдаад тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Газрыг зориулалтын дагуу ашиглах эрх ноцтой зөрчигдсөн тул Констракшны хууль бус ажиллагааг таслан зогсоохоор холбогдох газруудад гомдол гаргасан. Холбогдох газрууд шийдвэрлээгүй багагүй хугацаа өнгөрсөн. 2014 оноос хойш 3 жилийн хугацаанд холбогдох байгууллагуудад хандсан. Нийслэлийн төлөвлөгөөний 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шийдвэрлээд Констракшн ХХК-аас туш нэгж талбар бүхий эзэмшил газраас хэтрүүлэн барилга барьсан, нийтийн эзэмшил газрыг хаасан зөрчил гаргасан байгаа учир Нийслэлийн өмчийн харилцааны газар тухайн үед шийдвэрлэж чөлөөлүүлэхээр хариу хүргүүлсэн байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл Газрын алба тус үүргээ биелүүлээгүй байсаар 2019 он болон улмаар цар тахал гарч шийдвэрийг хэн хэзээ яаж биелүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Цар тахлын нөхцөл байдал арилаад одоо ч гэсэн энэ газрыг чөлөөлөх ажил хийгдээгүй. Мөн газар сунгах цаг үе буюу 2020 оны үед цар тахал болсон. Энэ нөхцөл байдлын үед манай хөрөнгө оруулагчид, гүйцэтгэх удирдлагууд Сингапур улсаас Монгол улсад ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Бид дээр дурдсан нөхцөл байдлуудыг Газрын албанд тайлбарлаж хэлсэн. Нэгдүгээрт газраа ашиглаж чадахгүй байна, бусдын хууль бус үйлдэл байна. Үүнээс болоод газраа ашиглаж чадахгүй, газрыг чөлөөлж өгнө гэсэн боловч чөлөөлөөгүй нөхцөлүүд байна. Тийм учраас анх зориулалт нь орон сууц барих байсан бол одоо тэнд орон сууц баривал худалдаж авах ч хүн байхгүй болсон. Тэнд зогсоолын хомсдолтой, ногоон байгууламж байхгүй 6 блок орон сууц барьсан. Тийм учраас бидний хувьд үйлчилгээний байгууламж, доор нь цэцэрлэг, ер нь гурван давхар хэмжээний дулаан зогсоол байхаар төлөвлөж ажлаа хийгээд явна гэдгээ газрын албанд хэлсэн. Гэтэл Газрын албаны хариуцаж байсан хүмүүс нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй байна, хэлж байгааг чинь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй, тиймээс танай газрыг сунгаж өгөхгүй гэж хариу тайлбарласан. Дээрх нөхцөл байдлуудыг бид шүүхийн журмаас өмнө Газрын албанд нөхцөл байдлаа, Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын шинжээчдийг томилуулаад Force majeure буюу энэ тохиолдолд давагдашгүй хүчин зүйл болсон уу, болоогүй юу гэдгийг гаргаж Газрын албанд өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 24-ний 02120 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл Force majeure мөн болохыг Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын шинжээчид тогтоож өгсөн байдаг. Биднээс шалтгаалаагүй бусдын хууль бус эзэмшил, цар тахлын нөхцөл байдал үүсээд байна. Энэ хүндэтгэн үзэх шалтгаан биш юм уу? Энэ нөхцөл байдлыг арилгах үүрэг нь газрын албанд хамаатай байгаад байна. Бид газрыг үргэлжлүүлээд ашиглавал магадгүй заавал орон сууц барих гээд байлгүй, манай хөрөнгө оруулагч Сингапур компани учраас илүү иргэдийг бодсон зүйлсийг тусгадаг. Тухайн үедээ орон сууц барих байсан бол одоо магадгүй дулаан заал барих, спорт заал, хүүхдийн цэцэрлэг, эргэн тойронд нь хувийн сургууль баривал ашигтай байхаар эдийн засгийн тооцоолол гарч байгаа. Гэтэл газрын албанаас та нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус газрынхаа ашиглах эрхийг зөрчсөн. Тиймээс газар ашиглах эрхийн гэрээг хүчингүй болгоно гэж хариу өгдөг. Тэгсэн хэр нь захирамж гаргадаггүй. Зүгээр хариу өгчхөөд ямар нэгэн байдлаар цуцалсан гэдэг захирамжийг өгдөггүй. Энэ нь эс үйлдэхүй болох уу? Эсхүл хууль бус үйлдэл болох юм уу? Ямар ч байсан Нийслэлийн газар зохион байгуулалтын хууль бус ажиллагааг хууль бус болохыг тогтоолгоод тухайн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Учир нь гэх юм бол нэгдүгээрт газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулъя гэдэг хүсэлтийнх нь хувьд сунгахгүй гэдэг мэдэгдлээр шийдвэрээ гаргачихсан гэж хэлдэг. Мэдэгдлийг нь хүчингүй болгоё гэхээр энэ мэдэгдэл өөрөө захиргааны эрх зүйн үр дагаваргүй акт гэсэн байдлаар маргаж байгаа учраас нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо бол үйлдэл эс үйлдэл гэдгийг бол аль алинаар нь тодорхойлсон. Өмнө нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тогтоолд ч гэсэн одоо тухайн мэдэгдлүүдийг эрх зүйн үр дагаваргүй гэсэн учраас одоо миний хувьд бол ер нь юу гэж харж байна вэ гэхлээр захиргааны байгууллага бол хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй юм байна, тийм учраас эс үйлдэхүй одоо байх боломжтой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Газрын тухай хуульд зааснаар өргөдөл гаргасны дараа гээд ямар нэгэн байдлаар бол шийдвэрлэх ёстой. Шийдвэрээ яг хариуцагч байгууллагаас бол гаргаагүй өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг Даргаас ямар нэгэн шийдвэр гараагүй, сунгах, сунгахгүй байх талаар шийдвэр. Хариуцагчийн хувьд сунгахгүй байгаа шийдвэрээ тайлбарлахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, тэр нь 2015 онд энэ нөхцөл байдлыг нь бид харгалзаж үзээд сунгачихсан боловч түүнээс хойш 5 жилийн хугацаанд энэ нөхцөл байдлаа арилгаагүй гэдэг талаар бол нэхэмжлэгчийг бол буруутгаж байгаа ийм зүйл байна л даа. Тэгэхлээр эндээс ийм зүйл харагдана. Энэ 5 жилийн хугацаанд гэдэг чинь өөрөө яг энэ хугацаанд арилах ёстой байсан одоо үүрэг нь нэхэмжлэгч талд зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаад яг энэ 5 жилийн хугацаанд та нар арилгаж чадаагүй байсан учраас одоо энэ та нар ингээд хохироо гэдэг ийм зүйл бол бас жоохон үндэслэл бол муутай бол харагдаад байгаа юм. Хэрэгт авагдсан баримтыг харах юм бол нэгдүгээрт гуравдагч этгээд буюу констракшны зүгээс одоо машины зам барьсан дээрээс нь асфальтан зогсоол барьсан цахилгааны дэд станц барьсан хогийн сав барьсан гээд гуравдагч этгээдийн хууль бус буруутай үйл ажиллагаа бол харагддаг. Энэ дээр Улсын дээд шүүхийн 2008 оны 3 сарын 31-ний өдрийн 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолоор гуравдагч этгээдийн хууль бус буруутай үйл ажиллагаанаас болоод газраа зориулалтын дагуу ашиглаагүй энэ бол хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах талаар Улсын Дээд шүүхийн бол тайлбар байдаг. Тэгэхлээр нэгэнт одоо гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болоод газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна. Тухайн гуравдагч этгээдийн хууль бус буруутай үйл ажиллагааг энэ 5 жилийн хугацаанд одоо арилгаж чадаагүй гэдгээрээ нэхэмжлэгчийг одоо шууд буруутгах ийм үндэслэл биш болов уу гэж миний хувьд үзэж байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд бол шүүх 106.3.4-д заасны дагуу шийдүүлэх хууль зүйн үндэслэлийг гаргаж байгаа. Гэхдээ нөгөө талаар бас ийм зүйл харагдаж байгаа юм. Ингээд нэхэмжлэгчийн газрыг сунгачихъя. Тэгэх юм бол одоо очоод нөгөө констракшны тэр айлуудын газрыг тэр асфальтан замыг буулгаад цахилгааны станцыг буулгаад бужигнуулчхаж магадгүй гэж бас болгоомжлуулж байж болох байх. Түүн дээр нэхэмжлэгчийн хувьд энэ дээр бол тодорхой бол хүлээцтэй. Миний өмгөөлөгчийн хувьд ч гэсэн энэ дээр юу гэж харж байна гэхлээр за 2 зэргэлдээ байгууллага байна. Нэгэнтээ И Эй Эл нэхэмжлэгч байгууллагын газрын дөч орчим хувийг одоо хууль бусаар эзэмшчихэж байна. За тэгэх юм цаад талд нь бас 60 орчим хувийн газар бол байна л даа. Энэ дээр нэхэмжлэгч байгууллага өнөөдрийг хүртэл хууль ёсны итгэлийг энэ хуулийн байгууллага шүүхийн байгууллагууд итгээд өнөөдрийг хүртэл тэрэн дээр газрын төлбөрийг төлөөд хашаалаад манаач ажиллуулаад ингээд яваад байгаа. Энэ өөрөө тодорхой хэмжээгээр манай эрх ашиг хангагдах ийм хууль ёсны итгэлийг бас өнөөдрийг хүртэл алдаагүй байгаад байгаа байхгүй юу. Тэгэхлээр энэ дээр би юу гэж үзэж байна гэхлээр за дөч хувийг нь ядаж авчихдаг юм байна. Үлдсэн тэр жоохон газар дээрээ энэ байгууллага өнөөдрийг хүртэл хугацаанд өчнөөн зардал гаргасан юм чинь тэрийгээ бас ашиглаад одоо тэр талбай дээрээ нийцсэн тухайн одоо сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа тэр зогсоол байдаг юм уу үйлчилгээний талбай байдаг юм уу тэр эрхээ одоо хэрэгжүүлэх ийм боломжийг нь шүүх олгох нь зүйтэй юм болов уу хараад байгаа юм. Энэ нь өөрөө эргээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д заасан тухайн одоо үлдсэн газартай холбоотой захиргааны байгууллага тэрийгээ судлаад ямар хэмжээний газар үлдчихсэн байгаа, түүн дээр нь нийцсэн талбайг нь сунгах шийдвэрийг нь бас захиргааны байгууллага гаргах юм бол энэ нь эргээд одоо аль алиных нь эрх ашигт нийцсэн ийм нөхцөл байдал бол байна гэж би үзээд байгаа юм. Түүнээс биш шууд сунгахгүйгээр энэ шийдвэр хэвээр үлдвэл тэр чигтээ одоо бусдын эзэмшил газрыг дайраад үлдчихсэн байгаа Ноён констракшны зөв болчхож байгаа байхгүй юу. Ийм практик тогтчих юм бол бусдын газар луу ямар ч байсан дайраад одоо сая хэлж байна л даа. Тэр 3200-гаа нийтэд нь татчихсан байсан чинь тэр хашааг нь сугалж хаяад хүчээр зам талбай бариад ингээд хүчээр явчихсан. Энэ байгууллага ингээд энүүгээрээ үлдээд нөгөө байгууллага ингээд хохироод үлдэх юм бол энэ практик тогтчих юм  бас арай хуульд нийцэхгүй юм болов уу? Тэгэхлээр одоо ядаж энэ үлдсэн талбайд нь тохирох талбайг нь сунгаад үүнтэй холбоотой захиргааны байгууллагын шийдвэр гаргах боломжийг нь шүүхээс ойлгох ийм хууль зүйн бас үндэслэлүүд байна гэж бас хараад байгаа юм. Тэгэхлээр энийг бас анхаарч үзнэ үү гэсэн ийм тайлбартай байна” гэжээ.

3.3.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан шүүхэд гаргасан тайлбартаа: “...И Эйч Эл ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт дараах хариу талбарыг өгч байна. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай 3200 мкв газар ашиглах эрхийг иргэн *******ээс шилжүүлэн авсан ба Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 938 дугаар захирамжаар газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байдаг. И Эйч Эл ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу ашиглаагүй, газрын баталгаажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах эс зөвшөөрсөн шийдвэр гарсан тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1860 дугаар албан бичиг, 5 сарын 4-ний өдрийн 3049 дугаартай албан бичгүүдээр тус тус газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдэл хүргүүлсэн. И Эйч Эл ХХК нь Нийслэлийн засаг даргын 2011 оны 9-дүгээр сарын 19-ний өдрийн 69079 дүгээр захирамжаар одоо БЗД-ийн 5-дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц сууцны зориулалттай 3200 метр квадрат газар ашиглах эрхийг иргэн *******ээс шилжүүлж авсан ба Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 12-дугаар сарын 1-ний өдрийн 938 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж бол шийдвэрлэсэн байдаг. И Эйч Эл ХХК-ийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тухайн газар, ашиглаагүй, газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах эс зөвшөөрсөн шийдвэр гарсан тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3-дугаар сарын 11-ний өдрийн 1865 дугаар албан бичиг, 2021 оны 5-дугаар сарын 4-ний өдрийн 3049 дүгээр албан бичгүүдээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдлийг одоо тус тус Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас бол хүргүүлсэн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д хүндэтгэн үзэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1, 14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бол хэтрүүлсэн гэж  хариуцагчийн зүгээс бол үзэж байна. Яагаад гэвэл хамгийн эхний мэдэгдэх хуудсыг 2021 оны 3 сарын 11-ний өдөр, сүүлийн мэдэгдэх хуудсыг 2021 оны 5 сарын 4-ний өдрийн тус тус мэдэгдэх хуудсыг хүргүүлснээр И Эйч Эл компани тухайн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар, өөрөөр хэлбэл 2021 оны 8 сарын 2 буюу 3 сарын дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянаж тухайн хуулийн 54.1.8-д заасан үндэслэлийг зөрчиж байна гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс И Эйч Эл ХХК-г Газрын тухай хуулийн 39-дүгээр зүйлд заасанчлан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ дуусгавар болсны дараа буюу тухайн байгууллага газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтийг өгсний үндсэн дээр мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулсны дараа судалж үзээд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон учраас Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээг одоо хүчингүй болгуулах тухай шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь ямар нэгэн байдлаар Захиргааны хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу сонсох ажиллагааг хийж мэдэгдэл хүргүүлснээр дүгнэгдэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг 54.1.8-д заасан үндэслэлээр одоо хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хэрэв 54.1.8-д заасан үндэслэлээр шүүх шийдвэр гаргах боломжгүй гэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

3.4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Хишигээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх 2014 оноос эхлээд СӨХ байгуулагдаад өнөөдрийг хүртэл явж байна. Сая дурдсан зогсоол болгоод ашигласан гэх мэт. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манайх 630 өрхтэй. 630 өрхийн хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна. Учир нь манайх зам талбай муутай. Энэ газар миний мэдэхийн 2012 онд эхний байр баригдахад байсан газар. 2012 оноос хойш 2023 он хүртэл зориулалтын дагуу ашиглагдаагүй. Тэгээд манай хотхоны хүмүүсийн зогсоол болж хувирсан. Тэнд манаач гээд эмгэн байгаа. Тэр эмгэн нь төлбөртэй зогсоол ажиллуулаад анх 1500-2000 төгрөгөөр хонуулдаг байсан бол одоо 3500-4000 төгрөг болсон. Юм өссөн гээд тэгж байгаа байх. Төлбөртэй зогсоол ажиллуулаад нэлээн олон жил болсон. Бусад нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Олон айлууд машины зогсоол болгож ашиглаад дээрээс нь орц гарц байхгүй. “И Эйч Эл” гээд энэ газрын газар руу ороход заавал манай хотхоны орц, гарцаар дамжина. Өөр орц, гарц байхгүй. Бүтэн уул, хажуу тал хашаагаар хүрээлэгдсэн. Тэгэхээр ийм газар руу барилга барих ч юм уу ямар нэгэн байдлаар орон сууц баригдлаа гэхэд орц, гарц байхгүй. Тэр том том машинуудыг хаагуур оруулж гаргах вэ? Ганцхан орц, гарцтай байгаа юм ...” гэжээ.

3.5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч : “Миний хувьд бол сайн ойлгохгүй л байна. Тэгэхдээ ямар ч байсан аль аль нь буруу л юм шиг байна шүү дээ. Би өөрийнхөө ойлгосноор дүгнэхэд. констракшн болохоороо энэ компанийнх нь тал хувийг нь эзэлчихсэн л юм шиг байна. Энэ компани нь болохоороо одоо эргээд тамга зөвшөөрлийг нь авчихсан болохоор сургууль цэцэрлэг барина гээд байна. Тэгэхээр бас цэцэрлэг барьчихвал миний бодлоор зөв ч юм шиг, тиймэрхүү л бодолтой байна. Тэр татгалзсан юмыг нь тэгээд зүгээр миний бодлоор зөвшөөрвөл бас дахиад 1 өөр хэрэгтэй юм барья гэсэн юм яриад байсан. Тэрэнд нь болохоороо би цэцэрлэг баривал дээр юм болов уу гэж бодож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гээд, мөн зүйлийн 37.1.1 дэх заалтад “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2 дахь заалтад “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3 дахь заалтад “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”-ыг тус тус хавсаргахаар, мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

2. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно:” гээд, тус зүйлийн 39.1.1 дэх заалтад “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж зохицуулсан.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, газар эзэмшигч, ашиглагч нь эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны Засаг даргад гаргасныг үндэслэн эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, сунгах талаар шийдвэр гаргахаар хуульчлан тогтоожээ.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан.[7]

5. Дээрх хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03-06/1218 дугаар албан бичгээр “...хүндэтгэх шалтгаангүй газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн...” гэх агуулга бүхий хариуг өгсөн.[8]

6. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгээр “...нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтийг  Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтарсан Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэхэд эс зөвшөөрсөн тул эрхийн гэрчилгээ хүчингүй болсныг мэдэгдье” гэх хариуг хүргүүлсэн байна.[9]

7. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, Мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд “Эс зөвшөөрсөн”[10] дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгээр сунгахаас татгалзсан хариу өгсөн байх тул захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

8. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргасныг захиргааны байгууллагаас удаа дараа хариу өгч шийдвэрлэсэн байх тул шүүх эс үйлдэхүй гэж үзэж, дүгнэлт өгөх боломжгүй.

9. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 6943 дугаартай “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжаар “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулахад энэхүү шаардлагаа “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж сүүлийн байдлаар тодорхойлсон.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гээд, мөн зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас тодорхойлсон “... эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгахыг даалгах” тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл дээр дурдсан үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна.

11. Мөн захиргааны эрх зүйн онолд, аливаа захиргааны байгууллагын “үйлдэл” гэдэгт “бодит үйлдэл /реал акт/”-ийг ойлгодог бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд “Эс зөвшөөрсөн” дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичгээр сунгахаас татгалзсан хариу өгсөн байгаа энэ тохиолдолд түүнийг “Нийслэлийн Засаг даргаас үйлдэл гаргасан” гэж үзэх боломжгүй, энэ агуулгаараа нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон “Нийслэлийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоох” тухай шийдвэрийг шүүхээс гаргах хууль зүйн боломжгүй байна.

12. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03-06/1218 дугаар албан бичиг, мөн оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/1865 дугаар албан бичиг, 05 дугаар сарын 04-ний өдрийн 03-06/3049 дүгээр албан бичиг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга нь “...Газрын тухай хууль болон Газар эзэмшүүлэх гэрээг зөрчсөн, гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу ашиглаагүй тул сунгах боломжгүй, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох...” үндэслэлтэй гэж, нэхэмжлэгч “... бусдын хууль бус нөлөөллөөс газраа ашиглах боломжгүй болсон ...” гэх агуулгаар мэтгэлцэж маргасан.

13. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана...” гэж хуульчилж, “*******” ХХК болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар ашиглуулах гэрээний 2.1-д Гэрээний нөхцөл “ашиглах зориулалт нь орон сууц” гэж, 3.1-д “Газар ашиглагч нь гэрээний нөхцөлийн дагуу газрыг ашиглах”, 3.3-д “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж тохиролцжээ.[11]

14. Дээрх хуулийн зохицуулалт болон маргааны үйл баримтаас үзвэл, Нийслэлийн Засаг дарга эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласныг хянаж, түүнийг хангаагүй тохиолдолд сунгахаас татгалзах эрх хэмжээтэй байх бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “газар эзэмших гэрээг зөрчин, гэрээний нөхцөл, зориулалтын дагуу ашиглах эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй” талаар хариу өгснийг буруутгах үндэслэлгүй байна.

15. Тодруулбал, “*******” ХХК-ийн ашиглаж байсан нэгж талбарын 18646311194483 дугаар газар болон констракшн ХХК-ийн 18646311197452 дугаар бүхий газар нь давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 3/783 дугаар албан бичгээр[12], констракшн ХХК-д 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 376/2011 дугаар техникийн нөхцөлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас олгосны[13] дагуу Таравлин хотхоны гадна цахилгаан хангамжийн зориулалт бүхий ХТП-3369 дэд өртөө баригдсан нь одоо УБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй[14] бөгөөд автомашины зогсоол бүхий авто замтай нийлээд 1365.98 м.кв талбай нь нэхэмжлэгчийн ашиглалтын талбайтай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон.[15]

16. Нэхэмжлэгч нь анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжаар орон сууцны зориулалтаар газар ашиглах эрхтэй болсон[16] боловч энэ хугацаанд газраа гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглаагүй, тухайн газрыг идэвхтэй ашиглаж, бусдын нөлөөллөөс хамгаалах, зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг чөлөөлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хууль болон гэрээгээр нээлттэй олгогдсон байхад тэрхүү эрхүүдээ эдэлж хэрэгжүүлээгүй тохиолдолд “... Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлээр сунгахаас татгалзсан хариуцагчийн үндэслэлийг буруутгах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

17. Нэгэнт хууль болон гэрээгээр газар ашиглагчид олгогдсон эрхээ хэрэгжүүлж газраа ашиглах идэвхтэй үйлдэл хийгээгүй, эзэмшлийн газарт нь зөвшөөрөлгүй барьсан 1365.98 м.кв талбайг чөлөөлүүлэх талаар шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж маргаагүй байх тул “... констракшн ХХК-ийн  хууль бус нөлөөллөөс газраа хүндэтгэх шалтгаанаар ашиглаж чадаагүй ...” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “*******” ГХОХХК-иас гаргасан “Газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

19. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй энэ тохиолдолд Таравлин хотхоны гадна цахилгаан хангамжийн зориулалт бүхий ХТП-3369 дэд өртөөний өмчлөгч “УБЦТС” ТӨХК-ийг энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэх нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөхгүй гэж үзсэн тул тус байгууллагыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг дурдаж байна.

20. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт шүүхийн шийдвэрийн дээр дурдсан үндэслэлүүдээр хангагдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс болох нийт 650 000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцуулсан болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

             ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА

                                                ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 79, 98 дахь тал

[2] 1Хх 117 дахь тал

[3] 1Хх 171 дэх тал

[4] 1Хх 184 дэх тал

[5] 1Хх 14 дэх тал

[6] 1Хх 229 дэх тал, хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 28, 30 дахь тал

[7] 1Хх 171 дэх тал

[8] 1Хх 184 дэх тал

[9] 1Хх 14 дэх тал

[10] 2Хх 28, 30 дахь

[11] 1Хх 127-129 дэх тал

[12] 2Хх 142-145 дахь тал

[13] 2Хх 166 дахь тал

[14] Хэргийн 3-р хавтасны 42 дахь тал

[15] 2Хх 183 дахь тал

[16] 1Хх 235-240 дэх тал