Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/02344

 

 

 

 

 

 

 

 

2023 05 11

101/ШШ2023/02344

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0000 оршин суух бүртгэлтэй, Г.М /рд:0000/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, А.З /рд:0000/-д холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 9,815,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

6,145,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гэрч Н.А, Д.Ж, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Зтай хамтран ресторан түрээслэхээр харилцан ярилцаж, бид 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр рестораны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Хамтран ажиллах гэрээ-г 2 жилийн хугацаатайгаар байгуулсан. Улмаар үйл ажиллагааныхаа зардалд харилцан 17,000,000 төгрөг гаргахаар гэрээгээр тохиролцсон бөгөөд миний бие гэрээний үүргээ биелүүлж 17,00,000 төгрөгийг А.Зын Голомт банк ХХК-ийн 3055150774 тоот данс руу шилжүүлсэн. Би энэ 17,000,000 төгрөгийг бусдаас зээлж бий болгосон. А.З нь Уг газарт өдөрт 1,000,000 төгрөгийн орлого ордог хүнээс зээлээд түрээсийн төлбөрөө төлчих, 1 сарын дотор төлнө гэж хэлсэн. Улмаар А.З нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 90 дүгээр байр, В1 давхарт хаягт байршилтай ОАК ресторан, пабны зориулалт бүхий обьектыг түрээслэхээр Н.Отэй түрээсийн гэрээ байгуулж, миний шилжүүлсэн 17,000,000 төгрөгийг 1 сарын түрээсийн төлбөр болон барьцаа мөнгөнд тооцож төлсөн гэсэн. Дээрх объектыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулсан. Үүнээс хойш төлөгдөх түрээсийн төлбөрийг А.З нь төлөөгүй, гэрээгээр тохирсон 17,000,000 төгрөг оруулах үүргээ биелүүлээгүй. Бид хамтран ажиллах гэрээний 3.7-д оруулсан хөрөнгийн хэмжээгээр 50 хувийн ашиг, алдагдлыг хариуцна гэж тохиролцсон. Энэ хугацаанд бусдаас зээлсэн мөнгө нэхэгдэж эхэлсэн. Дээрх объектыг 2 сар хүрэхгүй хугацаанд ажиллуулахад 23,000,000 төгрөгийн ашиг олсон ба энэ мөнгө нь зарлагадаа тооцогдоод дууссан. Ресторанд 2 тогооч авч ажилуулсан ба нийт цалинд 3,850,000 төгрөг төлсөн. Ашиг олох биш эсрэгээрээ би хүмүүст өрөнд орсон. Надад нийт 24,800,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд түрээсийн төлбөрт төлсөн 17,000,000 төгрөг, уг мөнгийг бүрдүүлэхийн тулд бусдаас зээл авсан ба 4,500,000 төгрөгийн зээл, бусдад төлсөн цалин 3,700,000 төгрөг, нийт 25,200,000 төгрөгийн хохирол учирсан. Гэхдээ учирсан хохирлоо 24,800,000 төгрөгөөр тооцно. Үүнээс үйл ажиллагаа явуулж байх хугацаанд А.З нь нийт 5,170,000 төгрөг төлснийг хасч, үлдэх 19,630,000 төгрөгийн 50 хувь болох 9,815,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний 3.7-д заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.Мтай хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан нь үнэн боловч энэ нь Г.Мын гуйлтаар хийсэн. Учир нь тэрээр хадам ааваасаа мөнгө зээлэхэд үзүүлэх гэрээ хэрэгтэй байна гэсэн болохоор нь уг гэрээг байгуулж өгсөн. Мөн би Г.Мын хүсэлтээр Н.Отэй түрээсийн байгуулсан. Ингээд үйл ажиллагаа эхлэхэд Г.М нь бараа материал авах мөнгөгүй гэх нэрийдлээр А.Заас мөнгө авч байсан. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ч энэхүү рестораны үйл ажиллагаанд А.Зын зүгээс оролцож байгаагүй. Рестораны үйл ажиллагааны зардлын тайланг Г.М нь нэг ч удаа А.Зд тайлагнаж байгаагүй. А.Зын нэр дээрх Хаан банкны ПОС машиныг ресторанд байршуулж байсан хэдий ч Г.М нь өдөр тутмын үйлчилгээг хариуцаж ажиллаж байхдаа түүгээр орлого оруулалгүй өөрийн ахын ПОС-оор орлого авч байсан. Мөн түрээсийн гэрээг А.З нь өөрөө дур мэдэн цуцлаагүй бөгөөд талуудын хэн аль нь гэрээг цуцлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж түрээсийн гэрээг цуцалсныг мэдэж байгаа. Нийт олсон орлогын мэдээллийн надад танилцуулж байгаагүй. Шүүх хуралдаанд Г.М нь нийт 23,000,000 төгрөгийн орлого олсон гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Г.М нь ОАК ресторан ажиллуулж байхдаа надаас 2022 оны 09 сарын 30-ны өдөр барааны үнэ 2,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 01-ний өдөр махны үнэ 667,500 төгрөг, 2022 оны 10 сарын 04-ний өдөр 400,000 төгрөг, 2022 оны 10 сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 600,000 төгрөг, 2022 оны 12 сарын 16-ны өдөр 478,000 төгрөг, нийт 6,145,500 төгрөгийг авсан. Бидний хооронд үүрэг үүсээгүй, хамтран ажиллах гэрээг Г.Мын гуйлтаар хийсэн тул уг 6,145,000 төгрөгийг үндэслэлгүйгээр надаас авсан байна. Иймд 6,145,000 төгрөгийг Г.Маас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

А.Заас нийт 6,145,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу ОАК рестораны үйл ажиллагаанд бараа материал авч зарцуулсан. Хамтран ажиллах гэрээ байгуулахи зорилгогүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Үнэхээр бид хамтран ажиллах гэрээ байгуулах зорилгогүй байсан бол надад бараа материалын мөнгө шилжүүлэхгүй байсан. Мөн Н.Отэй түрээсийн гэрээ байгуулахгүй байсан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит байдалтай зөрүүтэй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан хамтран ажиллах гэрээ, Голомт банкны мемориалын баримтууд болон дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, Хас банкны дансны хуулга, зарлагын баримтууд, и-баримтууд,

5.2 хариуцагчаас гаргасан Голомт банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга,

5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн фэйсбүүкээр харилцсан захидалд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулга, Голомт банкны дансны хуулга, түрээсийн гэрээ, гэрч нарын мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч А.Зд хамтран ажиллах гэрээний үүрэгт 9,815,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 6,145,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр тус бүр 17,000,000 төгрөгийн хураамж нийлүүлж, нийт 34,000,000 төгрөгийн хөрөнгөөр 2 жилийн хугацаатай рестораны үйл ажиллагааг хамтран явуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-5-6/

 

3.1 Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Г.М нь өөрийн оруулах хураамж 17,000,000 төгрөгийг хариуцагч А.Зын Голомт банк дахь дансанд шилжүүлсэн болох нь тус банкны мемориалтын баримтаар тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй. /хх-30-33/

 

3.2 Хариуцагч А.З нь Г.Мтай хамтран ажиллах зорилго байгаагүй, түүний гуйлтаар түрээсийн гэрээ болон хамтран ажиллах гэрээг байгуулж өгсөн гэж маргасан нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбартай нийцэхгүй байна. Тодруулбал,

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хамтран ажиллах гэрээнд хариуцагч А.З нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байна. Уг гэрээний агуулгаас үзэхэд талууд хамтран эрхлэх үйл ажиллагаа, оруулах хувь хэмжээ, ашиг алдагдлыг хэрхэн хуваарилах талаар тодорхой тохиролцсон байна.

А.З нь хамтран ажиллах гэрээний дагуу Н.Отэй түрээсийн гэрээ байгуулж, түүний эзэмшлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 90 дүгээр байр, В1 давхарт хаягт байршилтай ОАК ресторан, пабны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сарын 17,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн рестораны үйл ажиллагаа явуулах хугацаанд А.З нь Г.М руу шаардлагатай бараа материал буюу махны үнэ төлсөн байдал, фэйсбүүк захидлаар ...өдөр тутам рестораны үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа болон алдагдалд орж байгаа үйл баримтын талаар хоорондоо харилцсан байдал зэргээс дүгнэхэд хариуцагчаас гаргасан хамтран ажиллах зорилго байгаагүй гэх тайлбар няцаагдаж байна.

 

3.3 Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2, 476.3 дахь хэсэгт тус тус заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4. Хариуцагч А.З нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн 17,000,000 төгрөгийн хураамж оруулах үүргээ биелүүлээгүй үйл баримтад тэрээр маргаагүй.

Н.Отэй 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 90 дүгээр байр, В1 давхарт хаягт байршилтай ОАК ресторан, пабны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээлслэхдээ нэхэмжлэгч Г.Маас оруулсан 17,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн байна. Энэ нь талуудын тайлбар болон гэрч Н.О-ийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон. /хх-113-114/

Ингээд талууд уг рестораныг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд ажиллуулсан байх ба рестораны өдөр тутмы үйл ажиллагааг нэхэмжлэгч Г.М хариуцан ажиллуулж байсан үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.

 

4.1 Рестораныг ажиллуулж байх хугацаанд тогоочоор Б, У.А нарыг авч ажиллуулж, Баянжаргалд 1,850,000 төгрөг, У.Ат 2,000,000 төгрөгийг Г.М нь үйл ажиллагааны орлогоос төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч У.Аын мэдүүлэг, Баянжаргалаас гаргасан тодорхойлолтоор тус тус тогтоогдсон. Хариуцагч уг үйл баримтад маргаагүй.

 

4.2 Мөн ресторан ажиллуулах явцад хоолны материал, ундаа ус, тог цахилгааны төлбөр зэрэгт нийт 12,000,000 төгрөгийг Г.М нь үйл ажиллагааны орлогоос төлж зарцуулсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтууд, и-баримтуудаар тус тус тогтоогдсон.

 

4.3 Хариуцагч А.Заас нийт 6,145,000 төгрөгийг үйл ажиллагааны зардалд зориулан Г.Мд шилжүүлсэн үйл баримтад талууд мөн маргаагүй. Уг мөнгөн хөрөнгөөр ресторанд бараа материал авч, мөн түрээсийн гэрээ цуцлагдах үед зөрүү төлбөрийг төлсөн байна.

 

4.4 Хамтран ажиллах гэрээний дагуу нийт хэдэн төгрөгийн орлого олсон талаарх бичгийн баримтыг талуудаас хэрэгт цуглуулж гаргаагүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Маас нийт 23,000,000 төгрөгийн орлого олсон гэж тайлбарласныг хариуцагч А.З үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн. Иймд талууд нийт олсон орлогын хэмжээнд хэн аль нь маргахгүй хүлээн зөвшөөрч байх тул шүүх энэ талаарх бичгийн нотлох баримтыг хэрэгт бүрдүүлэх ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

 

4.5 Хамтран ажиллах гэрээний 3.7-д Оруулсан хөрөнгийн хэмжээгээр буюу 50, 50 хувиар ашиг хүртэж, алдагдал хариуцна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасантай нийцэж байна.

 

4.5.1 Хариуцагч А.З нь оруулсан хөрөнгийн хэмжээгээр алдагдал хариуцна гэж маргаж, өөрийн шилжүүлсэн 6,145,000 төгрөгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэх агуулгаар тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тэрээр хамтран ажиллах гэрээний 3.2-т заасан 17,000,000 төгрөгийн хураамж оруулах үндсэн үүргээ биелүүлээгүй атлаа өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд хариуцагч А.З нь хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон ашиг, алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй.

 

4.6 Хамтын үйл ажиллагаанаас нийт 23,000,000 төгрөгийн орлого орсоноос бараа материал, цахилгааны төлбөрт 12,000,000 төгрөг, 2 тогоочийн цалин 3,850,000 төгрөгийн зардал гарч, 7,150,000 төгрөгийн ашиг олсон байна.

 

4.6.1 Уг ашгаас нэхэмжлэгч Г.М нь хариуцагч А.Зд хуваарилаагүй, өөрөө авч хэрэглэсэн болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. Тэрээр 17,000,000 төгрөгийг бүрдүүлэхийн тулд бусдаас хүүтэй зээл авсан, олсон ашгаараа зээлийн төлбөр төлсөн гэж, мөн бусдаас авсан зээлийн төлбөрт төлөх 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Хамтран ажиллах гэрээний дагуу 17,000,000 төгрөгийн хураамжийн хэмжээг оруулахдаа уг мөнгөн хөрөнгийг хэрхэн бүрдүүлэх буюу бусдаас зээл авч бүрдүүлэх эсэх нь нэхэмжлэгч Г.Мын өөрийнх нь асуудал байна. Нэхэмжлэгч нь бусдаас авсан зээлийн төлбөрийг хариуцагчаар төлүүлэхээр шаардахдаа бидний дунд аман тохиролцоо байсан гэх боловч уг тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргасан.

 

4.7 Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Маас оруулсан 17,000,000 төгрөгөөр талууд рестораны түрээсийн төлбөрийг төлсөн байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч А.З хамтран хариуцах үүрэгтэй.

Иймд хариуцагч А.Зын хамтран ажиллах гэрээний дагуу хариуцвал зохих үүргийг тооцвол 17,000,000 төгрөгийн тал хувь 8,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс талуудын нийт олсон ашиг 7,150,000 төгрөгийн тал хувь болох 3,575,000 төгрөгийг А.З авах эрхтэй тул уг мөнгөн хөрөнгийн нийт төлвөл зохих 8,500,000 төгрөгөөс хасч тооцвол 4,925,000 төгрөгийг тэрээр нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

5. Хариуцагч А.З нь өөрийн оруулсан 6,145,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Уг оруулсан мөнгөн хөрөнгө нь рестораны үйл ажиллагаанд зарцуулагдсан болохыг талуудын хэн аль тайлбарласан. Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй. Дээр дурдсанаар талуудын хооронд хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон тул үндэслэлгүйгээр хөрөнгөсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

6. Иймд дээр дүгнэсэн үндэслэлүүдээр хариуцагч А.Заас 4,925,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 4,890,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчаас гаргасан 6,145,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт тус тус нийцнэ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 4,925,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 93,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 172,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 113,278 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Заас 4,925,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,890,000 төгрөгт холбогдох хэсэг болон 6,145,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 172,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 113,278 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ