| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/00383/И |
| Дугаар | 101/ШШ2023/01738 |
| Огноо | 2023-04-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/01738
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:ТАИ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Х холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,513,013.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Хариуцагч Г.Х шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ТАИ ББСБ" ХХК болон Г.Х д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,513,013.70 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тойдорхойлсон. ТАИ ББСБ" ХХК болон Г.Х нарын хооронд 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 01/201943 тоот "Зээлийн гэрээ"-ний үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, үндсэн хүүд 4,013,013.70 төгрөг, нийт 6,513,013.70 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай. Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл: "ТАИ ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болно. Манай компаниас иргэн Г.Х нь 2019 оны 02 сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж, 01/201943 тоот "Зээлийн гэрээ"-г байгуулсан бөгөөд гэрээгээр зээлийн төлбөр нь сарын 3,5%-ийн үндсэн хүүтэй, сарын 0,7%-ийн нэмэгдүүлсэн хүүтэй, 12 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ удаа дараа зөрчиж зээл төлөхийг шаардах болгонд ямар нэгэн шалтгаан хэлж өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Зээлийн гэрээний 3.2-т "Зээлдэгч дараахь үүрэгтэй., 3.2.2-т "Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Гэрээний 2.1.5-д заасан хугацаа болон Гэрээний хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд 2.1.4-т заасан нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүү болон үндсэн зээлийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх", Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. тус тус заасныг ноцтой зөрчиж байна. Иймд, хариуцагч Г.Х гаас 01/201943 тоот Зээлийн гэрээ"-ний үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүүд 4,013,013.70 төгрөг, нийт 6,513,013.70 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч "ТАИ" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд хариу тайлбар өгөөгүй болно.
Хариуцагч Г.Х шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Нэхэмжлэгч талаас шүүхэд:улсын бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн6), 2019.02.18-ны өдрийн Цалингийн зээлийн гэрээ(хх-ийн7-9), зээл хүсэгчийн өргөдөл(хх-ийн10), 2019.02.18-ны өдрийн Хаан банкны депозит баримт(хх-ийн11), тооцооллын хүснэгт(хх-ийн12) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТАИ ББСБ" ХХК нь хариуцагч Г.Х д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,513,013.70 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Шүүхээс хариуцагч Г.Х д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 02 дүгээр сарын 02-ний өдөр гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар хариу тайлбар, нотлох баримтын хамт 2023 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэйг даалгасан.Хариуцагч хуульд зааснаар хариу тайлбарыг тогтоосон хугацаанд шүүхэд ирүүлээгүй болно.(хх-ийн20)
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Нэхэмжлэгч Г.Х ТАИ ББСБ" ХХК 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 12 сарын хугацаатай 2,500,000 төгрөг зээлэхээр Зээл хүсэгчийн өргөдлийг гаргасан байна.(хх-ийн 10)
Улмаар зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын18-ны өдөр 01/201943 дугаар Цалингийн зээлийн гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь 2,500,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлэх, зээлдэгч тохирсон хугацаанд графикийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээжээ.(хх-ийн7-9)
Талуудын гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд зохигчид хүсэл зоригийн илэрхийлсэн, гэрээний хүчин төгөлдрийн талаар талууд маргаагүй.
Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр №01/201943 тоот Цалингийн зээлийн гэрээ-ний:
2.2.1.-д зээлийн хэмжээ:2,500,000 төгрөг.;
2.2.2. зээл авах хэлбэр: Бэлэн бус, Банкны нэр Хаан 5088074565;
2.2.3. зээлийн үндсэн хүү: сарын хүү 3.5%.;
2.2.4. зээлийн нэмэгдүүлсэн хүү: сарын 0,7%;
2.2.5. зээлийн гэрээний хугацаа 12 сар.2019.02.08-наас 2020.02.08-ны өдрийг хүртэл;
2.2.6. зээлийн төрөл: цалингийн зээл.;
2.2.7. зээлийн зориулалт: хэрэглээ.;
2.5.гэрээнд заасан хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашил уг хугацаа зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусгах хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй.;
2.8. зээлдэгч хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.нөхцөлд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн гэрээний 2.1.3-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.4-т заасан нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн төлбөрөөс энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж дусах хүртэл хугацаагаар төлөхөөр тохиролцов. гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.- д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй-г,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж 25 дугаар зүйлийн 25.2-д Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заажээ.
Шүүхээс хариуцагч Г.Х д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 02 дүгээр сарын 02-ний өдөр гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д зааснаар хариу тайлбар, нотлох баримтын хамт 2023 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан.
Хариуцагч хуульд зааснаар хариу тайлбарыг тогтоосон хугацаанд шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3.-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул хуульд зааснаар Г.Х г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.
Иймд хариуцагч Г.Х гаас 01/201943 тоот Зээлийн гэрээ"-ний үүрэгт үндсэн төлбөрт 2,500,000 төгрөг, зээлийн хүүд 4,013,013.70 төгрөг, нийт 6,513,013.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ТАИ" ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 119,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасан удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Т* овогт Г*н Х*гаас зээлийн гэрэрэний үүрэгт 6,513,013.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ТАИ" ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Х гаас улсын тэмдэгтийн хураамжид 119,160, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ