Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/01755

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мандалбаяр, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Ц-Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БЗДЗД холбогдох,

60,683,938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ц , өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, иргэдийн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Ц би 2022 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгч ******* 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 19877 дугаар захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт мөнгөн дүн зөрүүтэй байсан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Би нэхэмжлэлээ засаж дахин бичлээ. Би 2001 оноос хойш тогтвор суурьшилтай амьдарсан газраа хуулийн дагуу эзэмших хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж гэрчилгээжүүлэх тухай захирамж, түүний хавсралтын 144 дүгээрт зааснаар БЗД 8 ТООТ хаягт байрлах 497 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн байдаг. Гэтэл иргэн Б.Ө ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0дугаар шийдвэрээр Б.Ө ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Миний гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/******* дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Иргэн Б.Ө ийн гомдлын дагуу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 256 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 221/******* дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Баянзүрх дүүргийн Засаг, даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэснийг Баянзүрх дүүргийн Засar даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон Х.Ц гийн нэр дээр олгогдсон 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Би Б.Ө д газар худалдсан Ц.Б асуудлаар Сүхбаатар дүүргийн нотариатч Ш.С 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Б гэгчид хууль зөрчиж олгосныг Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь Ц.Ц гэх хүн 2008 оны 11 дүгээр сард нас барсан байхад өвлөгч Ц.Батбаярт 5 жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа гэснийг зөрчсөн, мөн хаяг давхцаж байгаа эсэхийг нягтлаагүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00259 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Б олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцон шийдвэрлэсэн.

Мөн дээд шүүхэд дахин хандаж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хэлэлцэж өгөхийг хүссэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоолоор миний хүсэлтийг хангахаас татгалзсан юм. Монгол улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар ...Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх... шийдвэрлэнэ гэж заасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар ...Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлоо арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна гээд. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар ...Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна; гэж заасан. Би олон удаа шүүх хуралд орж явахдаа хууль ёсны дагуу Засаг даргын захирамжаар авсан газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгуулсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэх, газрын гэрчилгээг сэргээлгэхийг л бодож хичээсэн.

Гэвч газрын гэрчилгээг маань хүчингүй болгосон шийдвэрийг өөрчлүүлж чадаагүй. Би тухайн үед Захиргааны хэргийн шүүхээр гуравдагч этгээдээр оролцохдоо Баянзүрх дүүргийн Газрын алба миний газар эзэмшихийг хүссэн өргөдлийг шийдвэрлэх үедээ бусдын газартай давхардуулж гаргаж өгсөн нь буруу байсан, түүнийг зөвтгөх боломжгүй, мөн ******* энэ асуудлыг анзааралгүй захирамж гаргасан, үүнийг дагаад надад олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус хүчингүй болсон зэрэг нь намайг хүнд байдалд оруулсан. Учир нь иргэн Ц.Ц Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3-ийг үндэслэн Нийслэлийн засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар БЗД 8 тоот хаягт байрлах газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байсныг Баянзүрх дүүргийн засаг дарга анхаарч үзэлгүй 2008 онд надад тухайн газар дээр давхардуулан гэрчилгээ олгож газар эзэмшүүлснээс болоод би өнөөдөр Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр эзэмшлийн газраа алдсан. Миний газрын гэрчилгээг шүүхээс хүчингүй болгохоос өмнө гэр бүлийнхээ хамт БЗД 8 тоот хаяг газрын кадастрын зурагт заасан талбайдаа 2008 онд 41.43 м.кв талбайтай нэг давхар палкаар барьж шавар, тоосгоор өнгөлсөн өвлийн хувийн сууцаа тухайн үеийн ханшаар 2.500.000 төгрөгөөр, Цутгамал бетон суурьтай блокоор барьсан /8.4х2 метр/ хашаа, төмөр дэлгэгддэг /4х1.7 мерт/ хаалга болон явган хүний /1x1.7/ хаалга, модон бүхээгтэй 1 хүний 2.4 м.кв хэмжээтэй гадна модон жорлонг 2008 онд шинэчилж 250.000 төгрөгөөр барьж байсан, харин 2009-2010 оны хооронд хоёр Давхар нэг давхартаа 6х7 м.кв, нийт 87.08 м.кв талбайтай палкаар барьж тоосгоор өнгөлсөн өвлийн байшингаа 15.000.000 төгрөгөөр тус тус барьж байсан.

Б. Өнөгэрэлийн БЗД 8 тоот хаягт байрлах газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, миний нөхөр Б.Э, миний төрсөн ах Х.Б, бэр эгч Б.Э , төрсөн хүү Э.У, бэр охин У.Ж , Х.Ц надад холбогдох хэрэгт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/XT2021/00413 дугаар тогтоолоор газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

Одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний нөхөр Б.Э , миний төрсөн ах Х.Б, бэр эгч Б.Э , төрсөн хүү Э.У, бэр охин У.Ж , Х.Ц намайг газраа чөлөөлөхийг шаардаж албан бичиг ирүүлж, сайн дураар чөлөөлөхгүй бол шийдвэр гүйцэтгэгч С.Б 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дотор албадан чөлөөлж, хоёр байшинг маань нураана гэж сүрдүүлж, дарамтлаад хэцүү байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар ... Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан болохоор байшингаа салгаж авах боломжгүй. Б.Ө тэй холбоотой газрын маргаанаас болоод би газаргүй болж дээр нь хоёр байшингаа авч явах боломжгүй тул орхиж нүүн газраа чөлөөлөх, цаашлаад миний байшингуудыг блокон хашаа, модон жорлон нураагдаж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүссэн. Хүн амьдрахад тав тухтай дулаахан, сайхан хоёр байшин, блокон хашаа хаалга, модон жорлон зэргийг Баянзүрх дүүргийн засаг даргын буруутай үйлдлээс болоод алдаж байгаадаа гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т зааснаар Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно; гэж, , Мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.2-т Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу би 2008 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсныхаа дараа тухайн үед хоёр байшин, хашаа, дагалдах хаалга, жорлон зэргийг барьсан тул өөрт учирсан бодит хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өнөөдөр би ийм хүнд байдалд орчихно гэдгээ таамаглаж бодсон бол тухайн үед хохирлын хэмжээний талаарх маргааныг Б.Ө ийн хамт захиргааны журмаар хамтатган нэхэмжлэх байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай захирамжийн Х.Ц надад холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ тус тус захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болох үед би гуравдагч этгээдээр шүүх хуралд оролцсон, мөн газраа алдаад зогсохгүй дээрээс нь хоёр байшингаа алдах эрсдэл үүсэх талаар огт таамаглаагүй байсан.

Би тухайн үед газрын гэрчилгээ маань хууль ёсны дагуу олгогдсон юм чинь би газраа алдахгүй байх гэж итгээд шүүх дээр зөвхөн газрынхаа талаар л тайлбар өгч байсан даа одоо харамсаад барахгүй байна. Баянзүрх дүүргийн Газрын алба болон Засаг дарга надад анх газрын гэрчилгээ олгохдоо иргэн Ц.Ц олгосон газартай давхардсан эсэхийг сайн нягталж судлаагүй буруу шийдвэр гаргаж, захирамж гаргаж байсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 124 дугаар шийдвэр гарах үед хариуцагчаар татагдсан Баянзүрх дүүргийн засаг даргын хариу тайлбар, шүүхийн үндэслэх хэсгээр нотлогдож байгаа юм.

Тус дүүргийн Засаг даргад иргэн Х.Ц нь 2001 онд дүүргийн 00 ХОРОО, Ч ын задгай анх бууж, 2008 он хүртэл оршин суух хугацаанд хашааны эзэн гэх хүн ирээгүй тул тус газрыг өөрт нь эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасны дагуу дүүргийн Засаг дарга 2008 оны 276 дугаар захирамжаар  8 тоотод 497 м.кв газрыг амины хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Газрын кадастрын мэдээллийн санд одоогийн байдлаар 00 ХОРОО, Ч ын 0 гудамж 8 тоот 520 м.кв газар нь иргэн Б.Ө ийн нэрээр бүртгэлтэй байна... Иргэн хүсэлт гаргасны дагуу Засаг дарга нь хуулийн хүрээнд газар эзэмшүүлсэн; гэх тайлбар гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тус дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж дүгнэв; Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчилж авсан маргаан бүхий газарт дүүргийн Засаг дарга Х.Ц д 497 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 276 дугаар захирамжийн холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна Гэсэнтэй нийцээгүй. Маргаан бүхий газарт нэхэмжлэгч Өнөгэрэл 2000 оноос, гуравдагч этгээд ******* 2001 оноос амьдарч байсан, өөрсдийн амьдарч байгаа газартаа үл хөдлөх хөрөнгө барьж хашаалсан хэдий ч 2008 онд уг газраа эзэмшихээр хусэлт гаргах үед тухайн газар нь өөр этгээдэд өмчлүүлснийг шалгаж тогтоолгүй давхцуулан Х.Ц д 497 м.кв газар эзэмшүүлсэн хариуцагчийн 276 дугаар захирамжийн холбогдох хэсэг хууль бус байна Нэхэмжлэгч Б.Ө ийн нэгж талбарын 0 дугаар бүхий газар нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн бөгөөд Геосет ХХК-ийн үйлдсэн иргэн Х.Ц /РД:0/- ийн нэгж талбарын байршлын кадастрын зураг дахь солиболцлын утгыг QuanturnGIS 2.18.3 программ хангамжид оруулан дээрх өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн газартай давхцуулахад 492 м.кв талбайгаар давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, Геодизи, зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/2302 дугаар албан бичиг түүний хавсралтуудаар давхар нотлогджээ.

Гэтэл хариуцагч ******* түүний газрын алба Х.Ц гийн 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн газар эзэмших өргөдлийн дагуу хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг...дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна" гэсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байна. Иймд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу өмчилж авсан газарт эзэмшүүлэх эрх олгосон Дүүргийн Засаг даргын маргаан бүхий 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг хууль бус байх тул уг захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв...гэжээ. Миний хувьд 2001 оноос хойш амьдарсан газартаа 2008 онд газрынхаа кадастрын зураг хийлгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан тул хамгийн анх 2008 онд анхны байшингаа барьсан. Дараа нь 2008-2010 оны хооронд хоёр давхар байшингаа нэмж барьсан. Надад Засаг даргын захирамжаар газрын гэрчилгэ олгож, кадастрын зураг баталгаажсаны дараа хаяг давхардсан, нэгдсэн бүртгэлд ороогүй гэх шалтгаанаар Баянзүрх дүүргийн газрын алба, улсын бүртгэлийн хэлтэс миний газарт өмчлөлийн гэрчилгээ олгохгүй байсан тул Нийслэлийн газрын албанд өргөдөл гаргаж байсан. Гэтэл Нийслэлийн Газрын албаны 2009 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2/1915 дугаар албан бичгээр хариу өгөхдөө: Нийслэлийн газрын албаны мэдээллийн сангийн бүртгэлийг шалгахад иргэн Ц.Ц нь мэдээллийн санд Ч ын АОС-ын 9 тоот хаягаар бүртгэлтэй, нэгж талбарын 0дугаартай газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар эмчилж авсан байх ба энэ тухай өмчлөгч талд мэдэгдсэн болно. Манай мэдээллийн санд бүртгүүлэхээр таны санал болгож буй зураг нь тухайн орчимд хэрэгжиж буй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний гудамж төлөвлөсөн газартай зарим хэмжээгээр давхцаж байгаа тул одоогоор санд бүртгэх боломжгүй байна.

Иргэн Ц.Ц хуульд заасны дагуу дүүргийн Газрын албанд хандаж кадастрын зургийн бүртгэлийг залруулсны дараа Та дүүргийн Газрын албанд хандаж зургаа төлөвлөсөн байршлын дагуу бүртгэлд оруулах боломжтой.. гэж хариу өгсөн болохоор нь төрийн байгууллага надад албан ёсоор газар олгосон болохоор алдаагаа засаад миний газрын бүртгэлийг залруулж өгөх байх гэж бодоод хоёр давхар байшингаа үргэлжлүүлэн барьж 2010 онд ашиглалтад оруулж оршин суух болсон. Өнөөдөр би Баянзүрх дүүргийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан алдаа, буруутай үйл ажиллагаанаас болоод дараалсан шүүх хуралд орж, цаг хугацаа, мөнгө, сэтгэл санаагаараа бүрэн хохирч өөрийн газрын гэрчилгээгээ хүчингүй болгуулж, газраа алдаж, хоёр байшингаа орхиж, нураалгаж, газраа чөлөөлөх болсондоо маш их гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хугацаа өгөхгүй намайг газраа чөлөөлж, эд хогшлоо аваад яв гэх зэргээр дарамтлаад би гэр бүлийнхээ хамт БЗД 8 тоот хаягт байрлах газраасаа өнөө маргаашгүй хөөгдөх дээрээ тулаад хэцүү байна. Би гэр бүлийнхээ хамт эд хогшлоо аваад нүүж болох ч хоёр байшингаа аваад явж чадахгүй бас нураалгах гэдэг бол надад маш их хохирол үүсгэж байгаа юм. Анх 2008 онд газар эзэмших хүсэлт гаргах үед Баянзүрх дүүргийн Гарь алба, дүүргийн Засаг дарга нараас Ц.Ц ийн газрын бүртгэл, давхцалыг нарийн шалгаж тулгасан бол би ингэж хохирохгүй билээ. Мөн хуулийн дагуу газар эзэмшчихээд асуудлаа шийдүүлье гээд Төрийн байгууллагад өргөдөл гаргахаар буруутай үйл ажиллагаа, алдаагаа тоохгүй хүний сэтгэлийг худлаа хуурсан боломжтой гэх зэргээр албан бичгээр хариу өгдгөөс болоод Монгол улсад олон хүн хохирдог байх.

Хоёр давхар палкаар барьж тоосгоор өнгөлсөн 87.08 м.кв талбайтай хувийн сууцныхаа зах зээлийн бодит ханшийг тогтоолгоход Хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-иас 43,778,599.20 /дөчин гурван сая долоон зуун далан найман мянга таван зуун ерэн есөн төгрөг, хорин мөнгө/ төгрөгөөр үнэлж үнэлгээ тогтоосон.

Нэг давхар палкаар барьж шавар, тоосгоор өнгөлсөн 41.43 м.кв талбайтай хувийн сууцныхаа зах зээлийн бодит ханшийг тогтоолгоход Хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-иас 15,269,026.50 /арван таван сая хоёр зуун жаран есен мянга хорин зургаан төгрөг, тавин мөнгө/ төгрөгөөр үнэлж үнэлгээ тогтоосон.

Дагалдах хэсэг болох цутгамал бетон суурьтай блокоор барьсан /8.4x2 метр/ хашаа, төмөр дэлгэгддэг /4х1.7 мерт/ болон явган хаалгатай /1.1.7/ хаалга модон бүхээгтэй 1 хүний 2.4 м.кв хэмжээтэй гадна модон жорлон жорлонгийн зах зээлийн бодит ханшийг тогтоолгоход Хөрөнгийн үнэлгээний Виннэр вэй ХХК-иас 1,086,313 /нэг сая наян зургаан мянга гурван зуун арван гурав/ төгрөгөөр тус тус үнэлж үнэлгээг тогтоосон.

Нийт 2 ширхэг байшин, блокон хашаа, хаалга, модон жорлонгийн хохирлын нийт дүн 60,133,938 /жаран сая нэг зуун гучин гурван мянга есөн зуун гучин найм/ төгрөгөөр бодит хохирлын үнэлгээ тогтоогдсон. Шинжээч тэгшитгэн тогтоосон үнэ гээд 60,134,000 төгрөг гэж үнэлгээний тайланд дурдсан мөнгөн дүнгийн зөрүү байгаа. Миний хувьд би өөрийн хөрөнгүүдийн нийт үнэлгээ 60,133,938 төгрөг, үнэлгээ тогтоолгоход хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 550,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид Төлсөн 461,340 төгрөг нийт 60,683,938 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах хүсэлтэй байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, буруутай этгээдээс хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Ц нь Баянзүрх дүүргийн Засаг даргын хууль бус үйлдлээс учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Газрын алба, Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан алдаа, буруутай үйл ажиллагаанаас болоод дараалсан шүүх хуралд орж, цаг хугацаа, мөнгө, сэтгэл санаагаараа бүрэн хохирч өөрийн газрын гэрчилгээгээ хүчингүй болгуулж, газраа алдаж, хоёр байшингаа орхиж, нураалгаж, газраа чөлөөлөх болсондоо гомдолтой байна. Би өөрийн хөрөнгүүдийн нийт үнэлгээ 60,133,938 төгрөг, үнэлгээ тогтоолгоход хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 550,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 461,370 төгрөг, нийт 60,683,938 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ. 

Дээрхээс үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Б.Ө ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар Х.Ц д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/MA2018/0230 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/MA2018/0230 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар 28-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын Баянзүрх Дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэснийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05- ны өдрийн 275 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон Х.Ц гийн нэр дээр олгосон 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Баянзүрх 00 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 101/ШШ2019/00 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 00 ХОРООны Ч ын амины орон сууц 7-8 тоот хаягт байршилтай 497 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Х.Ц /РД:0/, Х.Б /РД:0/, У.Ж /РД:0/, Э.У /РД:0/, Б.Э /РД: 0/, Б.Э /РД:0/ нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 101/ШШ2019/02453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 001/XT2021/00413 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 101/ШШ2019/02453 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын 497 м.квгэснийг 315 м.кв гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

Түүнээс харахад Х.Ц гийн газрын гэрчилгээг хүчингүйд тооцсон нь нотлогдож байна. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно хэмээн заасан нь нэхэмжлэгч Х.Ц нь тухайн газар дээр эд хөрөнгөө ашиглах эрх нь дуусгавар болсныг илэрхийлж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан Нэхэмжлэгч өөр бусад газар өөрийн эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх нь нээлттэй байгааг харуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 276 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 00 ХОРОО, Ч ын овоо амины орон сууцын 7-8 хаягт байрлах 497 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч дээрх газарт зөвшөөрөлгүй бууж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан заалтыг зөрчсөн. Тухайлбал тэрээр Нийслэлийн засаг даргын 363 дугаар захирамжийн дагуу н.Ц олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож Х.Ц надад олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Газар эзэмшихтэй холбоотой маргааныг 256 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэхдээ газар давхцалтай, нэхэмжлэгч мэдсээр байж эзэмших хүсэлт гаргасан нь дээр хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн.

 

Нэхэмжлэгч санаатайгаар хохирол учруулах бодит байдал бий болгосон. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасны дагуу өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдээгүй. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан. Дээр дурдсан хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй байхад аливаа эрхийг шүүх сэргээхгүй. Захиргааны байгууллага, албан тушаалтны улмаас хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч хуульд заасан арга хэрэгслээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй. н.******* гэх хүн уг газрыг эзэмшдэгийг мэдсээр байж тус гэрчилгээг хүчингүй болгож өөрийнхөө нэр дээр болгуулах гээд хүсэлт гаргасан. Газрыг чөлөөлсөн боловч байшингийн материал эд зүйлс нь байгаа тул өөр газарт өмнөх байдалд нь сэргээж барих эрх нь нэхэмжлэгчид бүрэн байна. Тиймээс хохирол нэхэмжлэгчийн санаатай үйл ажиллагаатай шууд холбоотой хохирол үүссэн нь хууль болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч ...Баянзүрх дүүргийн газрын газар алба алдаа гаргаж иргэдэд газар давхардуулж олгосон буруутай тул хохирлыг арилгах зүйтэй гэж дүгнэсэн

 

5.Нэхэмжлэгчээс шүүхэд:НЗХАШ шүүхийн шүүгчийн 2017.09.29-ний өдрийн 6147 захирамж(1хх-ийн14-15), НЗХАШ шүүхийн 2018.02.28-ны өдрийн 0124 дугаар шийдвэр(1хх-ийн16-24), НЗХДЗ ШШ шүүхийн 2018.04.12-ны өдрийн 0230 дугаар магадлал(1хх-ийн25-29), УДШХШЗХ шүүх хуралдааны 2018.06.11-ний өдрийн 256 дугаар тогтоол(1хх-ийн30-35), СДИХАШшүүхийн 2020.01.22-ны өдрийн 00259 дугаар шийдвэр(1хх-ийн36-38), 2020.04.28-ны өдрийн шүүхийн тогтоол(1хх-ийн39-42), БЗДИХАШ шүүхийн 2019.09.24-ний өдрийн 02543 дугаар шийдвэр(1хх-ийн43-46),НИХДЗШүүхийн 2019.11.08-ны өдрийн 1895 дугаар магадлал (1хх-ийн47-53), УДШХШИХшүүх хуралдааны 2021.04.29-ний өдрийн 00413 дугаар тогтоол(1хх-ийн54-57), кадастрын зураглал(1хх-ийн58), БЗДЗД-ын 2008.09.05-ны өдрийн 276 захирамж(1хх-ийн59),Нийслэлийн газрын албаны тоот(1хх-ийн60), Виннэр вэй ХХК-ийн үнэлгээний тайлан(1хх-ийн62-80), НШШГгазрын 2022.08.08-ны мэдэгдэл(1хх-ийн81-81,133-141), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022.10-07-ны өдрийн тогтоол(1хх-ийн95, 165), Брайт пойт ХХК-ийн тайлан(1хх-ийн113-117, 120-123), шүүхийн 2021.06.21-ний өдрийн гүйцэтгэх хуудас(1хх-ийн127-128), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн ахан шатны шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх тухай 2021.06.21-ний өдрийн 09900 дугаар захирамж(1хх-ийн129-130), Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021.06.25-ны өдрийн 21380598 дугаар тогтоол (1хх-ийн131), Б.Ө ийн хүсэлт(1хх-ийн132,149-150), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(1хх-ийн142-149,151,158,166-169), гэрэл зураг(1хх-ийн152-157,247-250, 2хх-ийн1), Э.Уын хүсэлт (1хх-ийн159), Б.Э ын хүсэлт(1хх-ийн160), Ц.Жанчивнямын хүсэлт(1хх-ийн161), Б.Э ын хүсэлт(1хх-ийн162), Х.Бгийн хүсэлт(1хх-ийн163), Х.Ц гийн хүсэлт(1хх-ийн164), Үндэсний архивын лавлагаа(1хх-ийн232),Виннэрвэй ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл(1хх-ийн242-244),орлогын мэдүүлэг(1хх-ийн245-246), 2020 оны тооллого(2хх-ийн7), 2006.04.20-ны өдрийн Баянзүрх дүүргийн 00 ХОРООны ИНХ-ын тогтоол(2хх-ийн8-9), Итгэмжлэл(2хх-ийн16-19), өмгөөлөгч Ц.Туяагийн хүсэлт(2хх-ийн32-34), тайлбар(2хх-ийн48-52) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

6. Шүүхээс: О.*******, Х.Б, Т.******* нараас авсан гэрчийн мэдүүлэг(1хх-ийн103-107,110-111), Баянзүрх дүүрэг, 00 ХОРООны Зааг даргын тодорхойлолт(1хх-ийн231), Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр(1хх-ийн234-240), Баянзүрх дүүргийн Газрын албанд 2012.05.28-ны өдөр Х.Ц гийн гаргасан хүсэлт(2хх-ийн10), Х.Ц гийн хүсэлт(2хх-ийн28), Нийслэлийн Засаг даргын 2001.07.24-ний өдрийн 361 дүгээр захирамж(2хх-ийн29-31) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Ц *******д холбогдуулан гэм хорын хохиролд 60,133,938 төгрөгийг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 550,000 төгрөг нийт 60,683,938 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Баянзүрх дүүргийн 00 ХОРОО, Ч амины орон сууц 7 дугаар гудамжны 8 тоот байрлах газарт 2001 оноос хойш амьдарч, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар дээрх газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээг надад олгосон. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг 2008 онд олгогдсон гэрчилгээг давхардуулан Б.Ө д өмчлүүлсэн өмчлүүлэх захирамж олгогдсоноос болж Монгол улсын шүүхээс бидэнд эзэмшүүлэхээр олгогдсон газрын гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас газар дээрх үл хөдлөх хөрөнгийг нурааж, газрыг чөлөөлж, надад эд хөрөнгийн хохирол учирсан. Иймд *******ас надад эзэмшүүлэхээр олгогдсон газрын өмчлөгчийг шалгаж нягтлалгүйгээр газрын өмчлөлийг, давхардуулан гаргасан өөрт учирсан хохирлоо шаардаж байна гэж тодорхойлсон.

2. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч дээрх газарт зөвшөөрөлгүй бууж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч хуульд заасан арга хэрэгслээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй, Ц.Ц гэх хүн уг газрыг эзэмшдэгийг мэдсээр байж тус гэрчилгээг хүчингүй болгож өөрийнхөө нэр дээр болгуулах гээд хүсэлт гаргасан. Газрыг чөлөөлсөн боловч байшингийн материал эд зүйлс нь байгаа тул өөр газарт өмнөх байдалд нь сэргээж барих эрх нь нэхэмжлэгчид бүрэн байсан. Тиймээс нэхэмжлэгчийн санаатай үйл ажиллагаатай шууд холбоотой хохирол үүссэн нь хууль болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзсан тайлбарыг гаргасан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Ц 2001 онд Баянзүрх дүүрэг, 00 ХОРОО, Ч амины орон сууц гудамжны 8 тоот хаягт байршилтай 497 м.кв талбай бүхий газарт гэр бүлийн хамт нүүн ирж суурьшиж, 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрсдийн амьдарч байсан газраа эзэмших тухай өргөдлийг тус дүүргийн Засаг даргад гаргажээ. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 497 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг газарт нэхэмжлэгч 2008 онд нэг давхар 41.43м2 талбайтай нэг, 2010 онд хоёр давхар 87.08 м2 талбайтай хоёр ширхэг өвлийн байшин барьж, гэр бүлийн хамтаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх газарт амьдарсан байна.(1хх-ийн58-60)

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай 276 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Ц д Баянзүрх дүүрэг, 00 ХОРОО, Ч амины орон сууц 7-8 тоот хаягт байршилтай 497 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.(2хх-ийн10).

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Ө ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох Ц холбогдох хэсэг болон түүнд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж, уг захиргааны хэрэгт нэхэмжлэгч Х.Ц нь гуравдагч этгээдээр оролцсон байх бөгөөд тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон түүнд олгосон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ (1хх-ийн14-24)

Х.Ц гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/******* дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 256 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжийн Х.Ц д холбогдох хэсэг болон Х.Ц гийн нэр дээр олгогдсон 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн (1хх-ийн24-34)

Б.Ө нь Х.Ц нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 00 ХОРОО, Ч амины орон сууц 7-8 тоот хаягт байршилтай 00 м.кв талбай бүхий газрыг Х.Ц нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэснийг Х.Ц эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/00413 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1895 дугаар магадлалын нэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02543 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын ...497м.кв гэснийг ... 315м.кв гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад хэсгийг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Х.Ц гийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. (1хх-ийн47-57)

Мөн Х.Ц нь Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ш.*******д холбогдох Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/00259 дүгээр шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Ц.Батбаярт олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцон, Х.Ц гийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна (1хх-ийн36-38)

Харин Х.Ц нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ******* дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/******* дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 256 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Х.Ц гийн хүсэлтийг хангахаас татгалзсан байна. (1хх-ийн41-42)

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02543 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг Б.Ө гаргаснаар шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ГХ/2021/00706 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21380598 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эхлүүлснээр Баянзүрх дүүрэг, 00 ХОРОО, Ч амины орон сууц  8 тоот хаягт байршилтай, нэг давхар 41.43м2 талбайтай, хоёр давхар 87.08 м2 талбай бүхий хоёр ширхэг үл хөдлөх хөрөнгийг албадан нурааж, газрыг чөлөөлснөөр 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22/10/888 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.(хх-ийн 127-169, 247-250)

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 32 дугаар зүйлийн 32.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана. Гэж, хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 32 дугаар зүйлийн 32.5-д хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэлийн, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна. гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн суурьшсан газрыг эзэмших өргөдлийг 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр олгосон 497 м.кв газрыг, Нийслэлийн засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Ц.Ц /талийгаач/ өмчлүүлсэн 590 м.кв газартай давхцуулан олгосон болох нь тогтоогдогдсон болно.

Баянзүрх дүүргийн Газрын алба нь иргэнд газар эзэмшүүлэхэд тавигдах хуулийн шаардлагыг зөрчиж, хүсэлтийг шийдвэрлэхдээ хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй улмаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт, хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт ....Х.Ц бусдын газар гэдгийг мэдсээр байж хүсэлт гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан нь өөрийнх нь буруутай үйлдлийг тогтоосон гэх татгалзал нь иргэнд газар эзэмших эрхийг давхцуулан олгосон Засаг даргын үйлдэл бүхий захирамжийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож түүний тайлбар няцаагдаж байна.

Тодруулбал, ******* нь иргэдэд газар эзэмшүүлэхэд тавигдах хуулийн шаардлага хангаж, хуулиар хүлээсэн нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүйгээр бусдын өмчлөлийн газартай давхцуулан нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлэхээр олгосон эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдсон болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт хариуцагчаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Х.Ц Баянзүрх дүүрэг, 00 ХОРОО, Ч амины орон сууц 7 дугаар гудамжны 8 тоот хаягт байршилтай, палкаар барьж шавар, тоосгоор өнгөлсөн нэг давхар 41.43м2 талбайтай, хувийн сууц, палкаар барьж, тоосгоор өнгөлсөн, хоёр давхар 87.08 м2 талбайтай хувийн сууц бүхий хоёр ширхэг амины орон сууцны талбайн хэмжээг ХХК-иар, хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний Вэйннэр Вэй ХХК дээрх үл хөдлөх зах зээлийн үнэлгээг 60,134,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлттэй тухайлан хариуцагч тал маргаагүй. (хх-ийн 113-117,120-123, 242-244, 62-79)

Нэхэмжлэгч Х.Ц нь Баянзүрх дүүрэг, 00 ХОРОО, Ч амины орон сууц 7 дугаар гудамжны 8 тоот хаягт байршилтай амины орон сууцны талбайн хэмжилт хийлгэхэд ХХК-д төлсөн 250,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгоход Вэйннэр Вэй ХХК-д төлсөн 550,000 төгрөгийг нийт 800,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн кассын орлогын ордер, Хаан банкны депозит хуулгаар нотлогдож байна.(хх-ийн 245-246)

Иймд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар иргэн Ц./*******/-д олгогдсон газартай, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжаар Х.Ц д эзэмшүүлэхээр олгосон газар давхардснаар иргэн нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч *******ас эд хөрөнгөд учирсан хохиролд 60,133,938 төгрөгийг, хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 550,000 төгрөг, нийт 60,883,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ц д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлж, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч ...Баянзүрх дүүргийн газрын газар алба алдаа гаргаж иргэдэд газар давхардуулж олгосон буруутай тул хохирлыг арилгах зүйтэй гэж дүгнэсэн санал нь шийдвэрийн үндэслэл болох боломжтой гэж шүүх бүрэлдэхүүнд үзлээ

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 461,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь.

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-дэх хэсэгт заасныг үндэслэн Б-с эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 60,883,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ц д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 461,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Б.УНДРАА