| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2023/01638/И |
| Дугаар | 101/ШШ2023/02733 |
| Огноо | 2023-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2023/02733
| 2023 05 30 | 101/ШШ2023/02733 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Т б ХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, М.Б /рд:0000/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,688,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, хариуцагч М.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Ч.М, М.Б нар нь 2017 оны 07-р сарын 21-нд эмчилгээний зардал, шинэ гэр авах зорилгоор манай банкны Бөхийн-Өргөө тооцооны төвд хүсэлт гаргаж, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 104600161787-20170801 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээг байгуулж 8,137,844 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүрэгт 7,809,554 төгрөгийг үндсэн төлбөрт, 299,802 төгрөгийг үндсэн хүүнд, нийт 7,809,554 төгрөг төлсөн. Уг төлсөн төлөлтөнд оршуулгын зардалд төрөөс олгосон 1,000,000 төгрөг, төрөөс ахмадуудын тэтгэврийг тэглэх зориулалтаар өгсөн 6,000,000 төгрөг багтсан. Үндсэн зээлдэгч Ч.М нь нас барсан. Улмаар хамтран зээлдэгч М.Б нь хуваарийн дагуу зээл, хүүний төлбөр төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд Т бны зүгээс хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа хүсэж байсан. Мөн утсаар байнга холбогдож байсан. Хамтран зээлдэгч хариуцагч М.Б нь зээлийн төлбөр төлөхгүй байгаагаас үүдэн зээл, зээлийн хүү хуримтлагдсаар байгаа тул хариуцагч М.Бээс үндсэн зээл 628,092.45 төгрөг, үндсэн хүү 3,060,478.37 төгрөг, нийт 3,688,570.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би өөрийн эцэг Ч.Мыг тэтгэврийн зээл авахад нь хамтран зээлдэгчээр оролцсон нь үнэн. Манай аав Ч.М нь тэтгэврийн зээлээ аваад удалгүй нас барсан. Би нас барах үед нь Чех улсад байсан юм. Төрөөс нас барсны оршуулгын зардалд 1,000,000 төгрөг өгснийг нь Т б татаад авчихсан байсан. Мөн манай бэр эгчийн хүүхдийн төрөөс мөнгө олгодог дансыг нь битүүмжилсэн. Төрөөс 6,000,000 төгрөг хүртэл зээлтэй иргэдийн зээлийг тэглэж өгөхөд 6,000,000 төгрөг орсоныг банк авсан. Би Чех улсаас 2018 онд ирээд банктай очиж уулзахад 628,092 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэхэд нь миний данснаас суутган авсан гэж ойлгосон. Т бинд их гомдолтой байна. Зээлийн гэрээнд хамааралгүй бэр эгчийн хүүхдийн мөнгөний дансныг битүүмжилдэг, оршуулгын зардлыг суутган авдаг. Энэ талаар нь холбогдох газарт нь гомдол гаргана. Тухайн үедээ намайг дуудаад энэ талаараа хэлэх боломжтой байхад намайг огт дуудаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, батлан даалт гаргах зөвшөөрөл, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд,
3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн зээлийн дансны хуулга, зээл-хүүгийн тооцоолол зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т б ХК нь хариуцагч М.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,688,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Т б ХХК болон Ч.М, М.Б нар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т б ХХК нь 3,390,900 төгрөгийг тэтгэврийн зээлийн зориулалтаар Ч.М, М.Б нарт зээлдүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 7 дугаар тал/
3.1 Зээлдэгч Ч.М нь өмнө тэтгэврийн зээлийн авч, төлөөгүй үлдэгдлийн хэмжээ 4,746,943 төгрөг дээр нэмж 3,390,900 төгрөгийг зээлдэн, нийт 8,137,844 төгрөгийн төлбөрийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай төлөх үүргийг зээлдэгч Ч.М, М.Б нар хүлээсэн байна.
3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.
3.4 Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Ч.М нь 2017 оны 09 дүгээр сард нас барсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Үндсэн зээлдэгч Ч.М нас барсанаас хойш зээлийн төлбөрт зээлдэгчээс төлбөр төлөөгүй байна.
3.5 Хамтран зээлдэгч М.Б нь нас барагч Ч.Мын төрсөн хүү байна. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж ...банк тухайн үедээ надад зээлийн төлбөр төлөхийг мэдэгдээгүй, зээлийн мөнгийг эцэг Ч.М нь өөрийн эмчилгээндээ авч ашигласан тул би төлөхгүй. Т б оршуулгын зардалд төрөөс олгосон мөнгийг авсан, бэр эгчийн хүүхдийн мөнгөний дансыг үндэслэлгүйгээр битүүмжилж ёсзүйгүй үйлдэл гаргасан гэж маргасан.
3.5.1 Хариуцагч М.Б нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх ба тэрээр өөрөө 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Т б ХК-иас зээлдэн авсан болохыг тайлбарласан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар тэрээр зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна.
3.5.2 Хариуцагч М.Бээс гаргасан ...банк надад зээл төлөхийг мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Тэрээр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож үүрэг хүлээсэн тул банкны зүгээс зээл төлөх талаар мэдэгдэх эсэхээс үл хамааран зээлийн төлбөр төлөх нь түүний үүрэг юм. Мөн оршуулгын зардлыг зээлийн төлбөрт тооцож авсан, хүүхдийн мөнгөний дансыг битүүмжилсэн зэрэг шалтгаан нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөр, хүүд 2017 оны 08, 09 дүгээр сард хуваарийн дагуу тус бүр 404,776 төгрөгийг төлсөн байна. 2017 оны 09 дүгээр сард үндсэн зээлдэгч Ч.М нас барж, түүний оршуулгын зардалд зориулж төрөөс олгосон 1,000,000 төгрөг олгосноос зээлийн төлбөрт 910,772 төгрөгийг, хүүнд 89,227 төгрөгийг тус тус тооцон авчээ. Ингээд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2017 оны 09 дүгээр сарын байдлаар 6,628,092 төгрөг үлдсэн байна.
Үүнээс хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй байх ба 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл төлөгдөөгүй үндсэн төлбөр 6,628,092 төгрөгөөс зээлийн хүү бодогдож явсаар нийт 2,716,042 төгрөгийн зээлийн хүүгийн хуримтлал үүссэн байна.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тэтгэврийн зээл тэглэх зориулалтаар 6,000,000 төгрөг олгогдож, уг мөнгөн хөрөнгийг банк үндсэн төлбөрөөс хасч тооцсон байна. Ингээд 2020 оны 02 дугаар сарын байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 628,092 төгрөг үлдэж, уг өдрөөс хойш зээлийн хүүг 628,092 төгрөгөөс тооцож шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 344,436 төгрөгийн хүү нэмж хуримтлагджээ.
4.1 Т б ХК нь төлөгдөөгүй үндсэн төлбөр 628,092 төгрөг, 2017 оны 10 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл зээлийн хүү 2,716,042 төгрөг, 2020 оны 03 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зээлийн хүү 344,436 төгрөг, нийт 3,688,750 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
4.1.1 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран зээлийн төлбөрийг төлж барагдуулах хүртэл буюу Т б ХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн хүүг зээлдэгч нар төлөх үүрэгтэй.
Хариуцагч М.Б нь 2018 оны 07 дугаар сард Т б ХК-ийн зээлийн мэргэжилтэнтэй уулзаж, зээлийн төлбөрийн үлдэгдэл, хүү төлөгдөөгүй байгаа талаар мэдсэн болох нь түүний тайлбараар тогтоогдсон. Тэрээр тухайн цаг хугацаанд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг байгаа талаар мэдсээр атлаа зээл төлөх арга хэмжээ аваагүйгээс зээлийн хүүгийн хэмжээ хуримтлагдах нөхцөл байдалд хүргэсэн байна.
4.2 Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.М, М.Б нарын тус бүр хүлээх үүргийн хэмжээг тодорхой тохиролцоогүй байх тул хамтран зээлдэгч М.Бээс гүйцэтгэвэл зохих үүрэг 3,688,750 төгрөгийн тал хувийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасантай нийцнэ.
4.3 Хариуцагч М.Б нь 2018 оны 07 дугаар сард Т б ХК-ийн ажилтантай очиж уулзахад миний дансанд байсан 628,000 төгрөгийг зээлийн үлдэгдэл төлбөрт суутган авсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар баримтаар нотлоогүй. Шүүхийн журмаар хариуцагч М.Бийн Т б дахь харилцах дансыг хэрэгт нотлох баримтаар гаргуулсан ба уг баримтаас үзэхэд түүний эзэмшлийн 90034102200454738 тоот дансанд 628,600 төгрөгийн үлдэгдэлтэй, уг мөнгөн хөрөнгийг банк зээлийн төлбөрт суутган аваагүй болох нь тогтоогдсон.
5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Бээс 1,844,375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,844,375 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул 1,844,375 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Бээс 1,844,375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,844,375 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ