Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/01587

 

 

 

 

 

 

 

 

2023 03 29

101/ШШ2023/01587

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Чойрог овогт Б.У /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0000 тоотод оршин суух Улаан соён овогт Б.Ц /рд:0000/-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 69,794,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Нарантуул худалдааны төвд жимс, жимсгэнэ худалдан борлуулдаг. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хариуцагч нь нэхэмжлэгчээс жимс зээлээр авч эхэлсэн. Хариуцагчийн зээлээр авахыг хүссэн бүтээгдэхүүнийг тухай бүрт нь нийлүүлдэг байсан. Энэ процесс нь хариуцагч тэдэн кг жимс хэрэгтэй гэхээр нь түрүүлж өгч явуулаад, өөрийн гараар дэвтэр дээр тэмдэглэгээ хийгээд, өр төлбөрийн тооцоо нийлээд явдаг байсан. Мөнгийг орж ирснээр нь хар дэвтрээс хасаад явдаг. Одоо нийт 69,794,250 төгрөгийн үлдэгдэл байна. Үүнийг удалгүй өгнө гэж шалтагласаар өнөөг хүрсэн. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч нь нэхэмжлэгчтэй тооцоо нийлж нийт 69,426,250 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болохоо гаргаад гарын үсгээ зурж, сард боломжоороо хэдэн төгрөг ч хамаагүй хийж байхаар амлалт өгсөн. Гэтэл ямар ч мөнгө төлөөгүй. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч дахиад 328,000 төгрөгийн үнэ бүхий жимсийг аваад явсан. Ингээд нийт 69,794,250 төгрөгийн өртэй болсон. Олон жил нэг захад хамт байсан учраас түүнд итгээд 2 жил 6 сарын хугацаанд 510 сая гаруй төгрөгийн жимс өгсөнөөс үлдэгдэл төлбөр нь 69,794,250 төгрөг байна. Нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаа нь доголдож байна. Тиймээс зээлээр жимс, жимсгэнэ худалдах-худалдан авах хэлцлийн дагуу 69,794,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Б.Уаас зээлээр жимс ав байсан нь үнэн. Надад Б.У огт падаан өгдөггүй. Би мартчихдаг учир падаан надад өдөр бүрт нь өгөөд явж байвал би түүнийгээ хараад мөнгөө хийгээд яваад байя гэж нэхэмжлэгчид удаа дараа хэлсэн. Гэтэл баахан тоо бичиж ирээд над руу хашгираад шөрмөсөө шатаахгүй юу, хүн амьтанд үзүүлж харуулахгүй юу гээд дарамталдаг. Дан тоо л бичээд ирдэг. Гэвч би маргааш нь ч санадаггүй учраас дор бүр нь падаан үйлдэж болохгүй юм уу гэж хэлдэг байсан. Хэд хэдэн удаа мөнгийг нь өгчихсөн зүйлийг биччихсэн байсныг би хэлээд даруулахад нээрээ тийм, өөр хүнтэй андуурчихаж гээд л явж байдаг. Ирээд орилж хашгирахаар нь миний зүрх дэлсээд байдаг. Би 69 сая төгрөгийн зүйл авсан бол өдийг хүртэл түрээсийн байранд амьдраад явахгүй. Жимснээс хорогдол гардаг ч нэхэмжлэгч огт хорогдлын мөнгө хасаж байсан удаагүй. Давхар бичсэн тоог чинь би ойлгохгүй байна, падаан бичээд өгөөч гэхээр л орилж, хашгираад уурлаад байдаг. Над дээр ирээд ийнхүү орилж байгаад 10 хайрцаг усан үзэм, 9 хайрцаг лийр гэх мэт барааг маань хүртэл ачаад аваад явж байсан. Гэтэл түүнийгээ дэвтэр дээрээ бичээгүй байсан. Энэ явдлыг нь манай хажуугийн хүмүүс хараад намайг бичүүлсэн юм уу, бичүүлээрэй гэж хэлж байсан. Загнаад орилоод надаар гарын үсэг зуруулдаг, миний зүрх дэлсээд хэцүү байдаг. 2022 оны 9 дүгээр сард би мөнгийг төлж чадахгүй гэж хэлсэн. Би мөнгийг нь төлчихсөн. Би ашгаас илүү алдагдалд орсон. Энэ хугацаанд би Б.Ут 450 гаруй сая төгрөг төлсөн байгаа нь дансны хуулгаар тогтоогдоно. Хар дэвтэр дээр бичсэн зүйл болон гарбн үсэг нь минийх мөн. Гэхдээ нэхэмжлэгч олон хүн амьтан дунд орж ирээд хашгирахаар нь зүрх дэлсээд зур гэсэн зүйлд нь гарын үсэг зурчихдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Б.Цгаас бичсэн гэх гараар бичсэн бичвэр, зээлээр жимс, жимсгэнэ худалдах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар,

3.2 Хариуцагчаас гаргасан Хаан банкны дансны хуулга, хар дэвтэр зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.Цд холбогдуулан 69,794,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Хариуцагч Б.Ц нь 2020 оны 04 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч Б.Уаас төрөл бүрийн жимс, жимсгэнэ бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авдаг байсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

 

3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

4. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...зээлээр худалдан авсан жимсний үнийг бүрэн төлж барагдуулсан. Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтыг намайг дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж, маргасан.

 

4.1 Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтад ...Цэвэлмаа миний бие Ууганбаяраас бараа авдаг нь үнэн. 2022 оны 09 сарын 09-ний өдрийн байдлаар нийт 69,426,250 төгрөг байна. Энэ мөнгөө боломжоороо өгч барагдуулах бөгөөд өгч чадахгүй бол НТОУХТ-ын өргөтгөлийн ногооны №15 лангууг Б.Ут шилжүүлж өгнө. Ямар нэгэн гомдол саналгүй болно. Өргөдөл гаргасан Б.Ц. 2022.09.09 гэжээ.

Уг баримтыг хариуцагч нь заналхийлж, хүчээр гарын үсэг зуруулсан гэж маргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.3 Дээрх баримтаас гадна хариуцагч өөрөө хэрэгт нотлох баримтаар хар өнгийн дэвтрийг цуглуулж өгсөн. Уг дэвтэрт агуулагдсан баримтад мэдээллээс үзэхэд Б.У, Б.Ц нар нь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр тооцоог гараар бичиж баталгаажуулж байжээ. Дээрх дэвтрийн 38 дугаар хуудасны арын нүүрэнд ...2022.09.09-нд тооцоо нийлэв. Нийт 69,426,250 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Боломжоороо хийж өгнө. Нийт сард хэд ч хамаагүй хийж явна. 0000. Цэвэлмаа гэж тэмдэглэгдсэн байна.

 

4.3.1 Хариуцагч Б.Ц нь уг хар дэвтрийн 38 дугаар талд авагдсан бичвэрийг өөрөө бичсэн үйл баримтад маргаагүй.

 

4.4 Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.У, Б.Ц нар нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар харилцан тооцоо нийлж, Б.Цгийн барааны үнэд төлвөл зохих төлбөрийн үлдэгдэл 69,426,250 төгрөг болохыг тогтоосон байна.

5. Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэгч Б.Уаас авсан жимсний үнийг бүрэн төлсөн, энэ нь дансны хуулгаар тогтоогдоно гэж хэрэгт Хаан банкны дансны хуулгыг гаргаж өгсөн. Уг дансны хуулгаас үзэхэд Б.Ц нь 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Б.Ут төлбөр төлсөн талаарх мөнгөн шилжүүлэг хийсэн байна.

 

5.1 Уг дансны хуулгын баримтаас үзэхэд талууд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлснээс хойш төлбөр төлсөнтэй холбоотой мөнгөн шилжүүлэг хийгээгүй байна. Иймд хариуцагч Б.Цгаас гаргасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

6. Зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлснээс хойш 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Б.Ц нь 328,000 төгрөгийн үнэ бүхий жимсийг зээлээр нэмж авсан болохоо шүүх хуралдаанд тэрээр тайлбарлаж, маргаагүй.

 

7. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар хариуцагч Б.Ц нь тооцоо нийлсэн баримтаар тогтоогдсон 69,426,250 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэмж авсан барааны үнэ 328,000 төгрөг, нийт 69,794,250 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ут төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасантай нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 506,922 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 506,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цгаас 69,794,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ут олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 506,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 506,922 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ