| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/01946/И |
| Дугаар | 101/ШШ2023/02421 |
| Огноо | 2023-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2023/02421
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:М.Ц нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Т олбогдох
12,120,000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгч М.Ц , хариуцагч Д.Т , гэрч Д.*******э нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц хариуцагч Д.Т д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,120,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Миний бие өөрийн эзэмшлийн ******* УНК улсын дугаартай, тоёота ланд 80 /toyota land/ маркийн авто машиныг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Т 28,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөр төлөх нөхцөлөө гэрээнд хугацаа тохирон 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.Т бүрэн төлж барагдуулахаар нотариатаар гэрчлүүлж гэрээг байгуулсан. Мөн Д.Т ын эзэмшлийн 000 улсын дугаартай, тоёота вох /Toyota Voxy R80/ маркийн тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгт тооцон барьцаа болгон авч үлдсэн. Хариуцагч тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Ингэж явсаар бэлэн мөнгө олдохгүй байгаа учир барьцаанд үлдээсэн машиныг 20,000,000 төгрөгт тооцон 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний нөхөр *******ын *******ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үүнээс хойш үлдэгдэл төлбөрөө төлөхгүй маргааш гэж явсаар 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр болсон. Гэтэл цагаан сар өнгөрснөөс хойш өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээнд зааснаар үлдэгдэл 8,000,000 төгрөгт алданги тооцож нэхэмжилж байна. Гэрээнд зааснаар 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 103 оногийн алданги 4,120,000 төгрөгийг үлдэгдэл 8,000,000 төгрөгийг нийт 12,120,000 төгрөгийг Д.Т аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний нөхөр *******э 000 улсын дугаартай,тоёота вох /toyota voxy R80/ маркийн машинаа 25,000,000 төгрөгт тооцон барьцаанд тавиад үлдэгдэл мөнгийг нь дараа өгөхөөр тохиролцсон. Тоёота Ланд круйзер 80 маркийн 000 УНК улсын дугаартай, 000 онд үйлдвэрлэгдсэн автомашин худалдан авахаар тохирсон. Ингээд би нотариатаар худалдах, худалдан гэрээ хийсэн. Гэтэл миний машиныг 25,000,000 төгрөгт тооцно гэж байснаа 20,000,000 төгрөгт бодож авна гэсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгөө ярихад сонин юм аа уг нь 25,000,000 төгрөгөөр авна гэж ярьж тохирсон гэж байсан. Тэгээд нотариат дээр үнэлгээг нь надаас асуухгүйгээр ланд 80 машиныхаа үнэлгээг сайн машин гэж хэлж байгаад миний урдуур ороод гэрээг хийлгэсэн. Тоёота ланд круйзер 80 маркийн ******* УНК улсын дугаартай авто машиныг 28.000.000 төгрөгт бодож М.Ц ээс худалдан авсан. Ингээд өөрийн эзэмшлийн тоёота вох 000 улсын дугаартай автомашинаа 20,000,000 төгрөгт тооцоод үлдэгдэл төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу цагаан сар өнгөрөөгөөд 8,000,000 төгрөгийг өгнө гэж тохирсон. М.Ц манайд нөхөртэйгөө хамт ирээд та нараас 8,000,000 төгрөг авахгүй, 10,000,000 төгрөг авна гэснээс бид маргалдан муудалцсан. Худалдан авсан тоёота ланд круйзер 80 маркийн ******* УНК улсын дугаартай автомашин машины гэрлийн үнэ 1,200,000 төгрөгийг урьдчилгаа гэж 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ах н.*******ын данс руу нь шилжүүлсэн. Тэгээд техникийн бүрэн бүтэн байдлын талаар манай нөхөр Д.*******ээс гэрчийн мэдүүлэг авахад тодруулна. Машинаа /ланд-80/ засдаг хүнд үзүүлэхэд гагнаастай машин байна гэж хэлж байсан. Тэгээд өөрсдөд машины эвдрэл гэмтлийн талаар хэлэхэд засуулчих засуулчих гэж хэлж байсан гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд: 2022.10.06-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ(хх3-4), техникийн тодорхойлолт(хх5-6) зэргийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.
Хариуцагч талаас шүүхэд: 2022.10.06-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ(хх26-27), техникийн тодорхойлолт(хх28) зэргийг хуульд заасан нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Д.Т д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг, алданги 4,120,000 төгрөг нийт 12,120,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Д.Т нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 4,120,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдов.
Зохигчид 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч М.Ц ийн эзэмшлийн тоёота ланд-80 маркийн 000 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч Д.Т д 28,000,000 төгрөгөөр худалдахаар, Д.Т ын эзэмшлийн /Toyota Voxy R80/ маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.(хх3-6)
Улмаар хариуцагч Д.Т 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй улмаас 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тоёота вох /Toyota Voxy-R80/ маркийн, арлын 000 , 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 20,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчийн нөхөр Ц.Гнэр лүү шилжүүлсэн, нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийн өмчлөлдөө шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй.(хх6)
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ., 272.2-т Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно. гэж зааснаар талуудын хооронд арилжаалагдсан гэрээний зүйл хөдлөх хөрөнгө байна.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнд хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ,189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ., 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.*******ийн ...худалдах, худалдан авах гэрээг байгуулахад эхнэр надаас 000 улсын дугаартай авто машины үнийг 20,000,000 төгрөгт бодож авна хэмээн асуухад нь би зөвшөөрсөн. Ланд-80 авто машиныг худалдаж авахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж аваагүй.Машиныг би халианд оруулсан. Хосоо засварчин надаа 3 удаа муу сэлбэг тавьж өгсөн. Засварт 4,000,000-5,000,000 төгрөгийг зарцуулсан. гэж мэдүүлжээ. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд худалдан авагч болох Д.Т Иргэний хуулийн 255.1.1.-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж зааснаар тухайн тээврийн хэрэгслийг хүлээж авахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж авах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6.-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж заажээ.
Хариуцагч тоёота ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн наклад муудсан байсныг сольсон талаар нэхэмжлэгчид 3 хоногийн дотор мэдэгдсэн гэж тайлбарласан боловч хэдэн төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг худалдан авч сольсон талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй болно.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч сэлбэг хэрэгслийг худалдан авсан талаарх баримтыг шүүхэд бүрдүүлж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Д.Т ... тоёота ланд-80 маркийн 00 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахад урьдчилгаа 1,000,000 төгрөгийг, машийн гэрлийг солиход 20,000 төгрөгийг нийт 1,200,000 төгрөгийг М.Ц ах М дансанд шилжүүлсэн мөнгийг үлдэгдэл төлбөрөөс хасуулна. гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М.Ц , Д.Т нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан атал хариуцагч нь гуравдагч этгээд н.М дансанд шилжүүлсэн гэж маргасан нь үндэслэлгүй бөгөөд тухайн мөнгөн дүнг үлдэгдэл төлбөрөөс хасахыг шаардах эрхгүй.
Харин хариуцагч өөрт хохирол учирсан гэж үзвэл н.*******аас хохирлоо жич шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. заажээ.
Зохигчдын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5хувиар алданги төлнө. гэж тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч М.Ц .... үлдэгдэл төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлөхийг зөвшөөрсөн гэх тайлбарласан
Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагчид үлдэгдэл төлбөр 8,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч тухайн өдөр 8,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,00,000 төгрөгт ногдох алдангийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 31 хоногийн /8,000,000х0.5%=40,000х31/1,2,40,000 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй.
Иймд хариуцагч Д.Т аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 8,000,000 төгрөгийг, алданги 1,240,000 төгрөгийг нийт 9,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ц олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,880,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1 , 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан овогт Д.Т.ас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овогт М.Ц.д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,880,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 162,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ