| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 102/2023/00212/И |
| Дугаар | 101/ШШ2023/02482 |
| Огноо | 2023-05-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2023/02482
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: МТҮП нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б-т холбогдох
хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад байгууллагад учруулсан хохиролд 522,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч Б.Б , гэрч Ц.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГ хариуцагч Б.Б т холбогдуулан хөдөлмөрлөх үед байгууллагад учруулсан хохиролд 522,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Хариуцагч Б.Б МТҮП ТӨААТҮГт 2017 оноос 2022 оны хооронд Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр сургалт, судалгаа бизнесийн хөгжүүлэлтийн мэргэжилтэн, маркетер гэх албан тушаалд ажиллаж 2022 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд МТҮП ТӨААТҮГ нь Шинжлэх ухааны академитай хамтран шинжлэх ухаан, технологийн салбарт инновацын шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон гарааны бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаач, инженер, зохион бүтээгч нарын үйл ажиллагааг дэмжих үүднээс тэдний бүтээгдэхүүнийг борлуулах Инновацын дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан. Тэрээр 2022 оны 9 дүгээр сард ажлаас халагдахад нийт 522,000 төгрөгийн барааны тооцоотой ажлаа хүлээлгэн өгсөн ба өнөөдрийг хүртэл хугацаанд уг хохирлыг барагдуулаагүй байна. Иймд Б.Б ээс 522,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Би нэхэмжлэл дээр ...2022 оны 6 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд гэж оныг буруу бичиж техникийн алдаа гаргасан байна. Б.Б 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын хооронд 522,000 төгрөгийн хохирол учруулсан нь төлөгдөөгүй байна гэв.
2.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие 2017 оноос 2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд тус байгууллагад каллсентерийн ажилтан, марктенгийн менежерээр ажиллаж байсан.Тус байгууллагын удирдлагын шийдвэрээр 2021 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд байгууллагын эзэмшлийн инновац шинжлэх ухааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь нь тухайн сарын 15-наас дараа сарын 15 буюу нэг сарын хугацаанд ажиллаад дараагийн байгууллагын ажилтан, МТҮПаркийн нягтлан нярав нартай хамтран хүлээлцэж, тухайн хугацааны төлбөр тооцоог тухайн бүрд нь хийж, акт үйлдэж гарын үсэг зурж тооцоог дуусгаж байсан. Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дэлгүүр хүлээлцэж байсан боловч тэр хугацаанд буюу 9 дүгээр сарын 10-наас эхэлж Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын салбарын үзэсгэлэн зохион байгуулагдаж, манай байгууллага тус үзэсгэлэнд оролцохоор болж би ажлын хэсгийн, зохион байгуулалтын ажилд оролцох болсон. Тухайн үед дэлгүүрийн бараа хүлээлцэх ёстойг удирдлагад хэлсэн боловч үзэсгэлэнгийн ажлын хэсэгт ажилла, өөр ажилтныг дэлгүүрт ажиллуулахаар болсон. Миний бие 2021 оны 9 дүгээр сарын сүүлчээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. 2021 оны 10 дугаар сард ШУА-н ажилтан дэлгүүрийн санхүүгийн мэдээллийг надад хүргүүлэх санхүүгийн тооцоог эцэслэхийг мэдэгдсэн боловч миний тооцоосноос өөр мөнгөн дүн зөрүүтэй гарсан байна. Энэ тухайгаа би тухайн үед нярав, нягтлан нарт хэлж байсан болно. Тухайн дэлгүүрийн 2021 оны 7, 8 дугаар сарын гарсан дутуу төлбөр болон 9 дүгээр сарын гарсан барааны дутуугийн үлдэгдлийг би бүрэн хариуцахгүй. Учир нь: барааг надад хүлээлгэж өгөөгүй, би хүлээж аваагүй байдаг. Тухайн дэлгүүрт ажиллах хугацаанд буюу 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд борлуулагдсан барааны зарим мөнгөн дүн миний дансанд орж байсныг хүлээн зөвшөөрч байна. Бусад үндэслэлгүй төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд: тооцооны үлдэгдлийн баталгаа(хх5-6),өр авлагын дэлгэрэнгүй жагсаалт (хх7), хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(хх8) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГ нь хариуцагч Б.Б т холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад байгууллагад учруулсан хохиролд 522,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
2.Хариуцагч Б.Б 2021 оны 9 дүгээр сард дэлгүүрийн барааг надад хүлээлгэж өгөөгүй, би хүлээж аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй.Харин нэхэмжлэлийн шаардлагаас 254,000 төгрөгийн худалдан борлогдсон бараа миний дансанд орсон тул уг мөнгөн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.
3. Хариуцагч Б.Б 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын хугацаанд МТҮП ТӨААТҮГ, Шинжлэх ухааны академитай хамтран шинжлэх ухаан, технологийн салбар хамтран байгуулсан Инновацын дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан талаар маргахгүй байна.
4.Ажилтан Б.Б МТҮП ТӨААТҮГазарт 2021 оны 6 дугаар сараас 9 дүгээр сард ажиллаж байх хугацаанд 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжсэн Хөдөлмөрийн тухай хуулийн үйлчлэлд хамаарна.
Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн:
132 дугаар зүйлийн 132.1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ;
135 дугаар зүйлийн 135.3-д ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна.;
135 дугаар зүйлийн 135.4-д ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүйгэж заажээ.
1.1. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага гэдэг нь: ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа ажил олгогчид учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахыг хэлнэ.
1.2. Ажил олгогч нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан үед эсхүл тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан үед эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээлгэх учиртай.
5.Нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГазар нь хариуцагч Б.Б ийг тухайн он жилүүдэд ажиллаж байх хугацаанд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, баримтаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчаас хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх явцад байгууллагад хохирол учруулсан гэж 522,0000 төгрөгийг шаардах эрхгүй.
6.Харин Б.Б нь 2021 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд Инноваци дэлгүүрт ажиллаж байх хугацаанд зарим төрлийн барааны үнэ 254,000 төгрөг өөрийн дансаар авсан болохыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээнд шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
7.Иймд хариуцагч Б.Б ээс 245,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГазарт олгож нэхэмжлэлээс үлдэх 277,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.4-д заасныг баримтланБ.Б с 254,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТҮП ТӨААТҮГазарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 277,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 16,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярцэцгээс нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 8,960 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Зохигчид шийдвэрийн нэгдэх заалтад гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж, бусад заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ