Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1188

 

 

 

 

 

 

 

 

 

 “Э Ц” ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/001168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Э, Ж.М нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 380 731 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Ц” ХХК нь Г.Эийн захиалгаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан орон сууцны зориулалттай барилгын цонх, хаалга, шилэн фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр Ж.Мтай 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх 01 тоот гэрээ байгуулсан.  Уг гэрээгээр 325 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирч, манайх хүлээсэн үүргээ гүйцэтгэж, 2015 оны 08 дугаар сард ажлаа дуусгасан боловч гэрээний үнийн дүнгээс 300 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 25 689 000 төгрөгийг төлөөгүй байна.

Мөн дээрх   барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор гадар хяналтын камер суурилуулах ажлыг “Э Ц” ХХК-ийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сард ажлаа дуусгасан ба гэрээний ажлын хөлсийг 130 000 000 төгрөгөөр тохиролцож ажлын хөлсөнд   үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 2 дугаар давхарт 60 м.кв., оффисын зориулалттай талбайг өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэхээр тохирсон.

Гэвч Г.Э, Г.Мягмаржав нар нь “танайх цахилгааны ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас улсын комисс хүлээж авахгүй” гэсэн шалтаг хэлж 02 тоот гэрээний үүргийг огт биелүүлээгүй байсан бөгөөд шалтгаан нь уг талбайг бусдад худалдсан.

  үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгыг улсын комисс 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан бөгөөд одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгч нь 01, 02 дугаартай гэрээнүүдэд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн нь цонх, хаалга суулгасан акт, барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор гадар хяналтын камер зэргийг улсын комисс хүлээн авснаар нотлогдоно.

01 тоот гэрээний дутуу төлбөр 25 698 000 төгрөг, алданги 12 849 000 төгрөг, 02 тоот гэрээний 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг нийт 233 547 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

01 тоот гэрээгээр 325 689 000 төгрөг, 02 тоот гэрээгээр 130 000 000 төгрөг, нийт 455 689 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн ба гэрээний үнэд НӨАТ оруулаагүй тул хуульд зааснаар НӨАТ-ын 10 хувь болох 45 568 900 төгрөгийг хариуцагч Г.Эээс гаргуулж өгнө үү.

“Э Ц” ХХК нь   үйлчилгээтэй орон сууцны цахилгааны ажлыг хийхдээ Н.Өлзийбаяраас 45 000 ам долларыг, сарын 1,4 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан ба уг гэрээний төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 02 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлэх 60 м.кв талбайг Н.Өлзийбаярт өгөхөөр тохирсон байсан. Гэтэл хариуцагч нь хийлгэсэн ажлынхаа хөлсийг төлөөгүй тул зээлийн төлбөрт төлсөн хүү, долларын ханшийн зөрүүгээс учирсан хохиролд 101 615 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Гэрээний хавсралтад ямар ажил хийхийг үнийн дүнтэй нь жагсаасан, 2 давхарт байрлах 6 оффисын гэрлийг хийж өгнө гэж тохирсон. Энэ тохиролцооны дагуу 52 гэрлийн мөнгө болох 936 000 төгрөг шилжүүлсэн. Бусад оффисын гэрэл бидэнд хамаагүй, 1 давхар, подвол, орцын гэрлийг хийж өгсөн.

Арматурын төмөр хэзээ хаанаас авсан мэдэхгүй, стандарт бариул хийж байхад өөрсдийн үзэмжээр 100 000 төгрөг нэмж урт бариул хийлгэсэн, 2 гэрээний ажлыг хүлээлгээд өгсөн, гэрээнд зарлан мэдээлэх хоолой хийнэ гэж тохироогүй.Өөрөө өөртөө учруулсан хохирлоо нэхэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Э Ц” ХХК нь гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй, актаар хүлээлгэж өгөхийг шаардсан. 01, 02 тоот гэрээний ажлыг дутуу хаяад явсан. Бид өөрсдөө мөнгө гаргаж хийж дуусгаад улсын комисст хүлээлгэн өгсөн. 01 тоот гэрээнээс 49 272 700 төгрөг, 02 тоот гэрээнээс 49 022 300 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэдгийг шинжээч тогтоосон.

Г.Э нь “Э Ц” ХХК-тай байгуулсан 01, 02 тоот гэрээнээс үүдэлтэй хохирлыг учруулаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй юм.

Г.Э нь “Э Ц” ХХК-ийг зээл аваад барилгын ажлыг хийгээд өг, бид зээлийг нь нэхэмжлэгчийн өмнөөс төлнө гэж тохиролцсон зүйл байхгүй.

Талууд НӨАТ орохгүй үнийн дүнгээр гэрээ байгуулсан тул 45 000 000 төгрөг, 101 000 000 төгрөгийн шаардлагууд үндэслэлгүй байна. 02 тоот гэрээ байгуулахад би 100 хувь өөрийн зардлаар ажлыг хийнэ, оронд нь талбай авъя гэж өөрөө санаачилсан, 100 хувь өөрийн хөрөнгөөр хийнэ гэсэн тул зээл авах, өөрийн хөрөнгөөр хийх нь захиалагчид хамаагүй.

Тус барилгыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ашиглалтад оруулах комиссын гишүүд саналын хуудас хүргүүлсэн ба “Э Ц” ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж Г.Э, Ж.М нар хохирсон.

“Э Ц” ХХК нь 01 тоот гэрээний дагуу   үйлчилгээ, орон сууцны барилгын гадна шилэн фасад, вакум цонх, хаалганы ажлыг 325 698 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон ба 300 000 000 төгрөгөө авсан.

Э Ц ХХК нь 01 тоот гэрээний 1.1-д заагдсан батлагдсан зураг төслийг зөрчиж гадна шилэн фасад, вакум цонхыг хийсэн, зураг төслийн дагуу гадна шилэн фасад, вакум цонх нь 4 мм-ийн зузаан шилтэй З давхар шиллэгээтэй металл вакум цонх, шилэн фасад хийж гүйцэтгэх ёстойгоос 2 давхар шиллэгээтэй металл вакум цонх, шилэн фасадны хэмжээг дутуу хийснээс болж 195 000 000 төгрөгийн зардал гаргаж дахин гадна шилэн фасад, вакум цонхыг хийж гүйцэтгэхээр байна.

Энэхүү 195.000.000 төгрөгийн зардал мөн барилгын гадна хаалганы 3 ширхэг бариулыг БНСУ-аас 690 000 воноор худалдан авсан, Монгол банкны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-ын вонын валютын ханш 2.25 төгрөг ба 1 552 500 төгрөг, “Болортунгалаг шил” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 21 565 000 төгрөг, хуванцар вакум цонхыг 2 398 000 төгрөгөөр “Рояал Цонх” ХХК-аар хийлгэсэн төлбөр 220 515 500 төгрөг, 02 тоот гэрээний дагуу хийгдэх учиртай ажлуудаас дутуу хийгдсэн ажлуудыг өөрсдийн хөрөнгөөр “Файн Тайм” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 16.136.500 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр интернет, кабелын телевизийн шугамын ажлын хөлс 3 230 000 төгрөг, домофон системийн ажлыг “Универсал секьюрити” ХХК-аар ажлыг зардал 1 873 060 төгрөг, цахилгаан гэрлүүдийн үнэ 4 490 200 төгрөг, мөн дутсан цахилгаан гэрлийг Эрээн хотоос авсан ба 172 557 төгрөг, 30 676 төгрөг, 1 210 583 төгрөг, цахилгааны кабель, автомат, зэс толгой, холболтын хайрцгийн үнэ 1 372 786 төгрөг, зарлан мэдээлэх системийн чанга яригч 50 ширхгийн үнэ 1 125 000 төгрөг, холбооны тоног хэрэгслийн үнэ 760 500 төгрөг, орц гарцын эксит гэрлийн үнэ 270 000 төгрөг, гарцын гэрэл суурилуулах зардал 1 290 401 төгрөг, зураг төсвийн үнэ 163 900 төгрөг, 11 ширхэг галын аюулгүйн ажиллагааны гар дохиолол бусдаар гүйцэтгүүлж суурилуулах зардал 1 340 401.04 төгрөг, дотор домофоны үнэ 440 000 төгрөг, орцын жижүүрийн үүдэнд байх нэгдсэн видео дуран 580 000 төгрөг, 97 залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 14.550.000 төгрөг, 58 ширхэг унтраалгыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 8 700 000 төгрөг, 124 интернетийн залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардал 12 400 000 төгрөг, 20 ширхэг залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 1 000 000 төгрөг, 2 ширхэг камерыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 3.000.000 төгрөг, 18 ширхэг мэдрэгчтэй гэрлийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 2 160 000 төгрөг, 27 ширхэг гэрлийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 2 700 000 төгрөг, өдрийн гэрэл 10 ширхгийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 1 000 000 төгрөг, ханын гэрэл 27 ширхгийг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 1 350 000 төгрөг, 8 ширхэг дулаан мэдрэгчийг зураг төслийн дагуу дахин суурилуулах 1 200 000 төгрөг, кабелын телевизийн 33 ширхэг залгуурыг зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 1 117 965 төгрөг, 3 ширхэг интернет салаалагч зураг төслийн дагуу дахин суурилуулах зардалд 150 000 төгрөг, “Э Ц” ХХК-ийн ажилтан н.Мөнхбаатар, н.Отгонбаатар нар 2 000 000 төгрөгийн арматурын каттинг төмрийг байгууллагын хашаанаас дур мэдэн авч явсан тул 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд ажил гүйцэтгэх 01, 02 тоот гэрээний дагуу “Э Ц” ХХК нь хийж гүйцэтгэх ёстой ажлаа зураг төсөл зөрчиж хийсэн болон дутуу гүйцэтгэснийг бусад этгээдээр гүйцэтгүүлсэн, гүйцэтгэх төлбөрт 304 632 029 төгрөг 01 тоот гэрээний алданги 97 340 903 төгрөг, 02 тоот гэрээний алданги 37 293 817 төгрөг, нийт 439 266 750 төгрөгийг нэхэмжилсэн, алданги 82 568 475 төгрөгөөс татгалзаж, 356 698 274 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дүгээр зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг баримтлан Г.Эээс 121 466 550 төгрөгийг гаргуулан “Э Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг 259 265 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Э Ц ХХК-аас 23 574 700 төгрөгийг гаргуулан Г.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг 333 123 574 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч “Э Ц” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Маас, хариуцагч тал шүүх хуралдаан дээр сөрөг шаардлагын 82 568 475 төгрөгөөс тус тус татгалзсан болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 377 530 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 2 361 283 төгрөгөөс 2 354 283 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 7 000 төгрөгийг Г.Эт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Э Ц ХХК-аас 1 400 000 төгрөгийг, Г.Эээс 1 400 000 төгрөгийг тус тус гаргуулж “Итгэлт Эстимэйт” ХХК-д 1 000 000 төгрөгийг, “Эрдэм Түм” ХХК-д 1 800 000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

“Э Ц” ХХК нь иргэн Г.Этэй 2015 оны 3 дугаар сард 01 тоот гэрээг байгуулж үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын металл цонх, металл хаалга, шилэн фасадны ажлыг НӨАТ-ороогүй үнээр 325 698 000 төгрөгөөр, 2015 оны 06-р сард 02 тоот гэрээгээр НӨАТ-ороогүй үнээр 130 000 000 төгрөгөөр тус барилгын цахилгааны ажлыг хийж гүйцэтгэн, акт үйлдэн ажлаа хүлээлгэн өгсөн.

01 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн 21 м.кв хаалга, 268.53 м.кв цонх, 769.69 м.кв шилэн фасадын ажил төлбөр тооцоон дээр талууд маргаагүй. 2015 оны 07 дугаар сарын 29- ний өдөр ажил хүлээлцэх акт үйлдэж уг ажлаа хүлээлцсэн.

Улмаар 2015 оны 8 сарын сүүлээр төлбөрийн 93 хувь буюу 300 000 000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан. Энэ гэрээг байгуулсны дараа захиалагч шилэн фасадны хэмжээг нэмснээр цонхны хэмжээ хасагдсан бөгөөд талууд ажил хүлээлцэх үедээ илүү хийгдсэн шилэн фасадыг хасагдсан цонхны хэмжээнд харилцан тооцож гэрээнд заасан төлбөрийг өгч, авахаар харилцан тохиролцсон.

Ажил хүлээлцэх үед 204.07 м.кв цонх, 21 м.кв хаалга, 868.97 м.кв шилэн фасад хийгдсэн болох нь барилгын хэмжилтээр тогтоогдсон. “Э Ц” ХХК нь нийт 868.97 м.кв шилэн фасад болон 23.4 м.кв шилэн цонх хийгдсэн нь гэрээнд заасан хэмжээнээс 35 м.кв илүү буюу цонхны оронд шилэн фасад хийгдсэн болох нь барилгын зураг, барилгын бодит фото зураг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байхад шүүх тухайн үйл баримтад холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт өгөхгүйгээс 23 574 700 төгрөгийг ажлыг хийж гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгчээс буцаан гаргуулсанд гомдолтой байна.

02 тоот гэрээнд зааснаар 5 төрлийн ажлыг хийж гүйцэтгэх, уг ажлын хөлсөнд хариуцагч 60 м.кв оффиссын талбайг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хүсэлтээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “И” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд 02 тоот гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхэд зөвхөн ажиллах хүчний зардал, бодит гүйцэтгэлээр тооцоход 80 977 680 төгрөгийн зардал орсон 49 022 300 төгрөгийн ажлыг дутуу гүйцэтгэсэн дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 06 дугаар сард дахин шинжээч томилуулсан.

Хариуцагчаас дутуу хийсэн гэж үндэслэлгүй маргаад байгаа 10 төрлийн ажлын хийх юм бол төсөвт өртөг нь 49 022 300 төгрөг биш 12 918 590 төгрөг гэж “Э” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байдаг.

Гэтэл шүүх илт зөрүүтэй хоёр шинжээчийн дүгнэлтийн хариуцагчид ашигтай дүгнэлтийг үндэслэн “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ гүйцэтгэгч нь ажлаа дутуу хийсэн, гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэн өгөөгүй, бид өөрсдөө мөнгө гарган барилгын ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн” гэж нотлох баримтаар тогтоогдоогүй тайлбарыг үндэслэж захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй гэх үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Дотор цахилгаан угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт”, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Галын дохиолол, теле хяналтын системийн угсралтын ажил хүлээлцсэн акт” болон 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудсанд байгаа хийх ажлын жагсаалт зэрэг нотлох баримтыг үнэлээгүй.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2 гэрээнд НАӨТ ороогүй үнээр тохиролцсон болох нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтаар нотлогддог, талууд ч энэ талаар маргаагүй. Хариуцагчийн Татварын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст гаргасан гомдлоор Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс манай компанид татварын хяналт шалгалт хийж акт тавьсныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн.

Гэтэл шүүх 455 689 900 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн нь тогтоогдоогүй, эрх бүхий байгууллагад тайлагнасан болох нь баримтаар нотлогдоогүй гэсэн нь ойлгомжгүй дүгнэлт өгч хариуцагчаас гаргуулаагүй нь Монгол улсын аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тухай хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

02 тоот гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс болж гэрээнээс үүдэн учирсан хохирлоо нэхэмжилснийг шүүх зээл болох 45 000 ам.долларыг бодитоор дээрх 02 тоот гэрээний үүргийг гүйцэтгэхэд зарцуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь н.Өлзийбаяртай 2015 онд байгуулсан Зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг тодорхой тусгаж зөвхөн уг үндэслэлээр зээл олгосон. Хариуцагч уг гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байсан тул зээлдүүлэгч н.Өлзийбаярын шаардлагаар зээлдэгч “Э Ц” ХХК-ийн захирал Б.Батбаярын төрсөн эгч Б.Эрдэнэчимэгийн нэр дээр байсан газар, үл хөдлөх хөрөнгийг буюу “Э Ц” ХХК-ийн үйлдвэрийн байр, газрыг Н.Өлзийбаярын өмчлөлд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд эргүүлэн шилжүүлэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ хийж барьцаалсан.

Түүнчлэн 2016 онд 2 удаагийн шилжүүлгээр 40 000 000 төгрөгийн, 2018 онд 10 000 000 төгрөгийн, 2019 онд 15 700 000 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1 657 500 төгрөг нийт 67 357 500 төгрөгийн хүүг н.Өлзийбаярт төлж, зөвхөн зээлийн хүүд ханшийн зөрүүгээс 34 255 800 төгрөгийг хохирол учирсан болох нь нотлогдож, тогтоогдсон байхад уг баримтуудыг үнэлэхгүй, зээлийн мөнгийг 02 тоот гэрээний үүрэгт зарцуулсан нь баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд 01 тоот гэрээний үлдэгдэл 25 698 000 төгрөг түүний алданги 12 849 000 төгрөг нийт 38 547 000 төгрөг. 02 тоот гэрээний 130 000 000 төгрөг түүний алданги 65 000 000 төгрөг нийт 195 000 000 төгрөг, хоёр гэрээний НӨАТ-ын 45 568 900 төгрөг, 02 тоот гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болох 101 615. 800 төгрөг, бүгд 380 731 700 төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэцэцгээс гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Г.Э нь сөрөг шаардлагадаа  “Э Ц” ХХК нь зургийн дагуу хийгээгүйн улмаас дахин өөр этгээдээр зохих ёсоор хийлгэх шаардлагатай байна” гэж шаардаж, шинжээч томилуулан бодитой гарах зардал, хохирлыг шаардсан байхад шүүх бодитой хохирол учирсан, шаардсан мэтээр нэхэмжлэлийн үндэслэлийг өөр субъектив хүлээн авсан байдлаараа буруу тайлбарлан, түүндээ тохирсон дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн шүүхээс ийнхүү дүгнэж байгаа тохиолдолд энэ шаардлагатай холбоотой хэсэгт тусгайлсан дүгнэлтийг хийх ёстой байсан.

Өөрөөр хэлбэл, сөрөг нэхэмжлэл гаргасан Г.Э нь ирээдүйд 2 давхар шиллэгээтэйгээр хийснийг 3 давхар шиллэгээтэй болгож өөрчлөх тохиолдолд бодитой гарсан зардал, хохирлоо дараа нь шүүхэд дахин мэдүүлэх эрх, учирсан хохирлоо шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжоор нь хангасан дүгнэлтийг хийх ёстой байсан.

Анхан шатны шүүх нь: “Э Ц ХХК гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байх явцдаа 11 794 802 төгрөгийн эд зүйлсийг Г.Эээр авахуулж уг барилгад хийсэн гэх үйл баримтад хариуцагч тал маргахгүй байх боловч энэхүү 11 794 802 төгрөгийг ямар үндэслэлээр “Э Ц” ХХК-аас шаардаж байгаа нь тодорхой бус байна гэсэн дүгнэлт хийж сөрөг шаардлагын энэ хэсгийг хангахгүй шийдвэрлэсэн.

Нэгэнт гэрээгээр ажлыг өөрийн хөрөнгө зардлаар хийгээд, ажлын хөлсөнд 60 м.кв талбай авна гэж тохирсон байж ажил гүйцэтгэх явцад элдэв шалтаг хэлж захиалагчаас 11 794 802 төгрөгийн материал авхуулчихаад, түүнийгээ би өөрийн хөрөнгө, зардлаар хийсэн юм гэж худал шүүхэд мэдүүлж үндсэн нэхэмжлэлээрээ хангуулах замаар хариуцагчийг давхар хохироох гэж байгааг шүүх анхаарч, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь: “Э Ц ХХК-ийн төлөөлөгч нь 2 000 000 төгрөгийн үнэ бүхий арматурын каттинг төмрийг дур мэдэн авч явсан гэж 1 020 000 төгрөгийг шаардаж байх боловч уг арматурын каттинг төмрийг хариуцагчид мэдэгдэлгүйгээр хэн, хэзээ авсан болох нь. тухайн төмрийн үнэ бодитой эсэх нь тодорхойгүй байна” гэж энэ шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн.

Хэн авч явсныг тодорхой нэр зааж хэлсэн, нэхэмжлэгч нь түүнийг үгүйсгээгүй байхад шүүхийн дүгнэлт хийж хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн 2 000 000 төгрөгийн үнэ бүхий арматурын каттинг төмрийг дур мэдэн авч явсан ба үнийг төлөхийг шаардахад 980 000 төгрөгийг нэг удаа нэхэмжлэгчээс буцаан шилжүүлсэн талаар тайлбар хийж, түүний үлдэгдэл болох 1 020 000 төгрөгийг шаардаж байгаа талаар тодорхой тайлбарлаж байхад үндэслэлгүй тайлбар, дүгнэлт хийж хангахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэдийгээр шинжээчийн дүгнэлт дээр нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, мөн тохиролцсон хэмжээнээс дутуу хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон хэдий ч өмнөх шаардсан алдангийн дүнгээсээ 82 568 475 төгрөгийн дүнгээр татгалзаж байгаагаа хэлж, харин алдангид 52 066 245 төгрөгийг шаардсан.

Шинжээч нарын дүгнэлтээр ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Э Ц” ХХК нь гэрээгээр тохирсон ажлаа дутуу хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх тул дутуу хийсэн буюу үүргээ гүйцэтгээгүй үнийн дүнгээр алданги тооцон нэхэмжилж байхад шүүхээс “тооцоо, үндэслэл тодорхойгүй” гэх үндэслэлгүй тайлбар хийж дүгнэсэн.

Анхан шатны шүүх шийдвэртээ “Э Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 121 466 550 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдсэн 259 265 150 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...” гэж тусгасан бөгөөд үндэслэлийг нь “Талууд гэрээгээр тохирсон ажлын хэмжээ, шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хийгдсэн ... 02 тоот гэрээгээр тохирсон ажлаас 80 977 700 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх бөгөөд ...” гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл шүүхийн энэ дүгнэлт нь “Э Ц” ХХК 02 тоот гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохирсон ажлаа бүрэн дүүрэн, зохих ёсоор хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар нь бүрэн үгүйсгэгдэж байгааг тогтоосон дүгнэлт болсон.

Ажил гүйцэтгэх гэрээний талууд нь 02 тоот гэрээний хувьд гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж дууссаны дараа ажлын хөлсөнд 60 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбайг ажил гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд ажил гүйцэтгэгч үүргээ бүрэн биелүүлээгүй байхад захиалагч шилжүүлээгүй байна гэж гэрээнд тохиролцсоноос өөрөөр тайлбарлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийн талаар үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлт өгч давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Э Ц” ХХК, хариуцагч Г.Э, Ж.М нарт холбогдуулан ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний дутуу төлбөр 25 698 000 төгрөг, алдангид 12 849 000 төгрөг нийт 38 547 000 төгрөг,

ажил гүйцэтгэх 02 тоот гэрээний үнэд 130 000 000 төгрөг, алдангид 65 000 000 төгрөг, нийт 195 000 000 төгрөг,  хохиролд 101 615 800 төгрөг,

дээрхи 2 гэрээний НӨАТ-т 45 568 900 төгрөг, нийт 380 731 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь хариуцагч Ж.Мт холбогдох шаардлагаас татгалзжээ.

 

Хариуцагч  Г.Э нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Э Ц” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд  264 793 400 төгрөг, материалын зардалд 11 794 802 төгрөг, арматурын үнийн үлдэгдэл 1 020 000 төгрөг, 01 тоот гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 26 611 600 төгрөг, алданги 134 634 720 төгрөг нийт 439 266 750 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн 82 568 274 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзжээ.

 

1.“Э Ц” ХХК болон Г.Э нар 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 01 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу “Э Ц” ХХК нь   үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын 268 м.кв цонх, 21 м.кв хаалга, 769.68 м.кв шилэн фасадын ажлыг гүйцэтгэх, захиалагч Г.Э нь 325 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Г.Э нь гэрээний хөлсөнд 300 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Талуудын хооронд үүссэн маргаан нь ажил гүйцэтгэгч  “Э Ц” ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж, захиалагч Г.Э нь ажил гүйцэтгэгчийг гэрээгээр тохирсон ажлыг дутуу гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.

 

“Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 29, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/03 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК нь 01 тоот гэрээгээр тохирсон ажлаас 64.46 м.кв цонх, 104.71 м.кв шилэн фасад буюу 49 272 700 төгрөгийн ажил гүйцэтгээгүй, шилэн фасад 3 давхар шилтэй байхаас 2 давхар шилтэй хийгдсэн нь тогтоогджээ. / 1хх 108-131, 2 хх 107-128/

 

 “Э Ц”ХХК нь 01 тоот гэрээгээр 276 425 300 төгрөгийн ажил гүйцэтгэсэн тул ажлын хөлсний үлдэгдлийг шаардах эрхгүй байх бөгөөд харин хариуцагч Г.Э нь ажлын хөлсөнд шилжүүлсэн 300 000 000 төгрөгөөс ажил гүйцэтгэгчийн хийсэн ажил  276 425 300 төгрөгийг хасч илүү шилжүүлсэн 23 574 700 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Улмаар гүйцэтгээгүй ажлын хөлстэй холбоотой алдангийг  нэхэмжлэгч шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 01 тоот гэрээний хөлс 25 698 000 төгрөг, алданги 12 849 000 төгрөгийг гаргуулах хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 23 574 700 төгрөгт холбогдох хэсгийг гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгч шилжүүлж авахгүй байсан мөнгөн хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх агуулгаар хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Хэргийн 68 дахь талд 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн Цонх суулгасан акт баримтаар авагдсан байх бөгөөд уг актыг барилгын зураг, гэрэл зурагтай харьцуулан дүгнэвэл гүйцэтгэсэн фасадны хэмжээ 868.97 м.кв-аар, шилэн цонх 23.4 м.кв-аар тодорхойлогдоно гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь уг актаас шилэн фасад болон цонхны хэмжээ тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, актад шилэн фасад гэсэн агуулгаар тэмдэглэл хийгдээгүй, хийгдсэн ажлыг цонх гэж тодорхойлжээ. Барилгын зураг нь 2013 онд хийгдсэн ба уг зургаас өөрөөр ажлыг хийх тохиолдолд барилгын зурагт өөрчлөлт орсон талаар баримтгүй байна. / 1хх 66, 90 дэх тал/

 

Түүнчлэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Барилгын зурагт шилэн фасадыг 3 давхар шилтэй байхаар заасан ба ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК нь 2 давхар шилтэйгээр хийсэн нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Түүнчлэн энэ хэмжээгээр улсын комисс барилгыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авч ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна. Захиалагч Г.Э нь доголдлыг арилгахад 206 814 674 төгрөгийн зардал гарна гэж тодорхойлж сөрөг нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх доголдлыг бодитоор арилгаагүй байхад зардал шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар ажлын үр дүн доголдолтой тохиолдолд хохирол шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хохирол бодитой байх учиртай. Иймд хийгдээгүй ажлын зардлыг гаргуулах боломжгүй юм гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэж хариуцагч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ.

 

2. Талууд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК нь барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, дотор, гадна хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгэх, Г.Э нь 130 000 000 төгрөгийн хөлсийг үйлчилгээний зориулалттай 60 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхээр тохирсон байна. /хх 6-7, 8-100/

 

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 29, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/03 тоот өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК нь 02 тоот гэрээгээр тохирсон ажлаас ажил гүйцэтгэгчийн өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын хэмжээг 80 977 700 төгрөгөөр, гүйцэтгээгүй ажлын хэмжээг 49 022 300 төгрөгөөр тус тус тодорхойлжээ.

 

Иймд анхан шатны шүүх ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК-ийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс 80 977 700 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Барилгыг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын комиссын дүгнэлтээр ашиглалтад оруулсан тул захиалагч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн хэмжээнд ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулагдсан 02 тоот гэрээний 4.4-т: “Гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч хүлээн авч хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй. Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлнө” гэж захиалагчийн үүргийг, гэрээний 5.1-д: “Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ. Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлнө” гэх ажил гүйцэтгэгчийн үүргийг тус тус тодорхойлжээ. Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, гэрээг бичгээр байгуулсан боловч хэн аль нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд үүргээ зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч нь ажлыг дутуу гүйцэтгэсэн, захиалагч хөлс төлөх үүргээ тус тус биелүүлээгүй  тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар гэрээний нөгөө талаасаа алданги шаардах эрхээ алджээ. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг алданги шаардах эрхтэй гэж дүгнэж 80 977 700 төгрөгт 40 488 850 төгрөгийн алданги тооцож гаргуулсан нь буруу бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

3. Талуудын хооронд байгуулагдсан 01, 02 тоот гэрээнүүд нь нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн хүрээнд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар цуцлагдсан талаар талууд маргаагүй. 

 

Хариуцагчаас хохиролд 101 615 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Талуудын хооронд байгуулагдсан 02 тоот гэрээний үүргээ гүйцэтгэхийн тулд нэхэмжлэгч нь бусдаас буюу иргэн Н.Өлзийбаяраас зээл авсан, захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлийн хүү, ханшны зөрүүд 101 615 800 төгрөгийн хохирол үүссэн гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

 

“Э Ц”ХХК нь Н.Өлзийбаяртай 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч зээл 45 000 ам.долларыг 02 тоот гэрээний үүргийг гүйцэтгэхэд зарцуулсныг баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, уг мөнгөн хөрөнгийг хэзээ, юунд, хэрхэн зарцуулсан талаар баримтгүй байна.

 

4. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаж аваагүй тул гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

 

Ажил гүйцэтгэгч нь 01 тоот гэрээний дагуу 274 425 300 төгрөгийн, 02 тоот гэрээний дагуу 80 977 700 төгрөгийн буюу нийт 355 402 700 төгрөгийн ажлыг гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгсөн байна. 01, 02 тоот гэрээнд ажлын хөлсийг тохиролцохдоо НӨАТ орсон эсэх талаар дурдаагүй байна.

 

“Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 29, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/03 тоот өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээс үзвэл НӨАТ-ыг оруулан тооцоогүй байх тул НӨАТ-ын талаар тохиролцоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй болжээ.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д   зааснаар нэхэмжлэгч нь НӨАТ төлөгч байна. Мөн хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд татвар ногдуулах бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар татварын хэмжээ гүйцэтгэсэн ажлын 10 хувиар тооцох юм. Иймд хариуцагчаас 355 402 700 төгрөгийн 10 хувь буюу 35 540 270 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохиролд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

5. Ажил гүйцэтгэгч “Э Ц” ХХК-аас 11 794 802 төгрөгийг гаргуулах тухай захиалагч Г.Эийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтэд “Э Ц” ХХК-ийг өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэснээс гадна хариуцагч нь 11 794 802 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй байна.

 

6. Түүнчлэн арматурын каттинг төмрийг дур мэдэн авч явсан гэх сөрөг нэхэмжлэлээ хариуцагч тал нотлоогүй тул анхан шатны шүүх 1 020 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд хариуцагчаас 116 518 000 /80 977 708 +35 540 270/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулав.

 

Хариуцагч Ж.Мт холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Маас татгалзсан болон хариуцагч сөрөг нэхэмжлэлээ багасгасныг дурдаж шийдвэрийн 3 дахь заалтад тусгасан нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос НӨАТ гаргуулахтай холбоотой хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01168 тоот шийдвэрийн

1, 2 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлаж “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг баримтлан “Г.Эээс 116 518 000 төгрөг гаргуулж “Э Ц” ХХК-д олгож, “Э Ц” ХХК-иас 23 524 700 төгрөг гаргуулж Г.Эт тус тус олгож, нэхэмжлэлээс 264 213 700 төгрөгт холбогдох болон хариуцагч Ж.Мт холбогдох хэргийг, сөрөг нэхэмжлэлээс 333 173 574 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 

3 дахь заалтыг хүчингүй болгож,

4 дэх заалтыг 2 гэж дугаарлаж, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Ц” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 377 530 төгрөг, хариуцагч Г.Э сөрөг нэхэмжлэлд төлсөн 2 361 283 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Эээс 740 540 төгрөгийг “Э Ц” ХХК-д олгож, “Э Ц” ХХК-аас 1 335 573 төгрөгийг Г.Эт олгож, улсын төсвийн орлогоос 7 000 төгрөгийг Г.Эт олгосугай” гэж өөрчлөн найруулж

5 дахь заалтыг 3, 6 дахь заалтыг 4, 7 дахь заалтыг 5 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 061 610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 008 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ

                                                        

                              ШҮҮГЧИД                                        Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА