Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

Ж.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч  Д.Байгалмаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

               Прокурор М.Ханджав

                        Хохирогч Ө.М, түүний өмгөөлөгч Г.Э

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов. 

 

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ж.Д-т холбогдох эрүүгийн 2030002850330 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2021 оны  02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19... онд Сүхбаатар аймгийн А суманд төрсөн, .... настай, эрэгтэй, халх, боловсролгүй,  мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн А сумын .... дүгээр баг “ЦТ” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Ж.Д /РД: ............../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн С сумын 4 дүгээр багийн иргэн Ө.М-н хониноос 200 орчим хонь тасарч алга болсноос 18 хонь, 3 ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 2028000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоо нь шүүгдэгч Ж.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2030002850330 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

 Прокурор эсэргүүцэлдээ: Яллагдагч Ж.Д-т ял сонсгоогүй Ө.М-н 178 хонь, ямаа алга болсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4, 32.5 дугаар зүйлийг зөрчсөн байна. Энэ тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, үр дагавар, ач холбогдолгүй тул хохирогчид танилцуулах шаардлагагүй юм. Хохирогч Ө.М нь хэргийн материалтай танилцаад яллагдагч Ж.Д 18 хонь, 3  ямааг завшсан гэдгийг ойлгож мэдсэн, энэ талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтууд зөрчигджээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 12 дахь хэсэгт зааснаар гомдол, хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Ж.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгчийн захирамж тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх  хуулийн шаардлагыг хангасан байна. Тодруулбал:

Мөрдөгчөөс  энэ хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох зэрэг үүргээ гүйцэд биш хийсэн байхад прокурор 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5/15 дугаар тогтоолоор “Ж.Д-г 2020 оны 07 дугаар сард Ө.М-н 178 хонь завшсан” гэх үйлдэл, холбогдлыг тогтоогдохгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг  хохирогчид 7 хоногийн дотор гардуулах эсхүл гардаж аваагүй бол оршин суугаа газарт нь хүргүүлэх арга хэмжээ аваагүйн улмаас тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. /хх-98-99х/

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад  анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмаар явуулаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                О.БААТАРСҮХ                   

 

                        ШҮҮГЧИД                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                     Б.ДЭНСМАА