Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 50

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал,

хохирогчийн төлөөлөгч М.Оюунчимэг,

гэрч Ж.Болд-Эрдэнэ,

гэрч Д.Далайцэрэн,

шүүгдэгч Д.Гантигхүрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Даваадоржийн Гантигхүрэлд холбогдох 2016 0108 0019 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сэргэлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүннү” фитнест багш ажилтай, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүүгийн хамтаар Улаанбаатар хот Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Тайж 7 дугаар гудамж, 04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн НС94030735 дугаартай, Бүргэд овогт Даваадоржийн Гантигхүрэл.

Д.Гантигхүрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизон” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Пүрэвхүүг үл ялих зүйлээр шалтгалан хүч хэрэглэн зодож бие махбодид нь эрүүний зүүн талд их бие орчмын 2 шүд дайрсан задгай хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Гантигхүрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бизон” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Пүрэвхүүг үл ялих зүйлээр шалтгалан хүч хэрэглэн зодож бие махбодид нь “эрүүний зүүн талд их бие орчмын 2 шүд дайрсан задгай хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гантигхүрэлийн өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих өдөр манай ажлынхан шинэ жилийн баяраа “Бугат” төвд тэмдэглэсэн. 24 цагийн үед “Бугат” төвөөс гарч “Бизон” баар луу орсон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй учир оргилуун дарс бага зэрэг уусан байсан. Манай ажлынхан бүжгийн талбайд бүжиглэж байх үед би 00 орохоор явсан. Баарны үүдэнд хүмүүс маргалдаж байсан. Миний таньдаг Тэнгисболд гэх ах тэр дунд байсан. Би хүмүүс рүү хальт харсан чинь хохирогч намайг “чи юу харсан юм бэ” гэж хэлсэн. Би тэр үед тоогоогүй явсан. Баарны үүдэнд Далайцэрэнтэй хамт тамхи татаад буцаж орох үед хохирогч “чи юу харсан юм бэ” гэж дахиж хэлээд хохирогч над дээр хүрээд ирсэн. Би хохирогчийг өөрөөсөө холдуулах маягтай түлхэхэд газарт унасан. Босч ирээд “муу бацаан намайг цохьчихлоо” гэж хэлэхэд хамт явж байсан 2-3 залуу ирээд намайг цохиж, хана руу шахсан. Тэр үед Ганхуяг багш ирж салгасан. Би хохирогчийг санаатай түлхэж гэмтээгээгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч М.Оюунчимэг өгсөн: “...Манай хүүхдийн найзынхаа төрсөн өдрөөр “Бизон” бааранд орсон. Гэтэл шүүгдэгч тухайн бааранд согтуу орилж байсан гэсэн манай хүү “дуугүй байгаач” гэж хэлэхэд шүүгдэгч гараа занидаад цохьсон гэсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгч гэрч Ж.Болд-Эрдэний өгсөн: “...Тухайн үед хохирогч бид нар нэлээн орой цугларсан. Бизон бааранд хүмүүс хоорондоо маргалдсан. Тэгээд Пүрэвхүүг нэг залуу цохьсон. Пүрэвхүү газар унасан. Цохьсон залууг цаашаа нь салгаад явсан. Пүрэвхүү миний эрүү хөндүүрлэж байна гэж хэлсэн. Эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүүний яс нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгч гэрч Д.Далайцэрэнгийн өгсөн: “...Би Гантигхүрэлтэй хамт явж байхад Пүрэвхүү ах Гантигхүрэл рүү орилж чарлаж байсан. Гантигхүрэл хохирогчийг түлхэхэд газар унасан. Цаанаас 2-3 залуу ирж шүүгдэгчийг хананд шахаж цохьсон. Гантигхүрэлийн уруул нь хавдсан байсан. Уг гэмтлийг хохирогчийн найз нар учруулсан. Шүүгдэгч хохирогчийг өөрөөсөө холдуулах гэж хохирогчийг түлхсэн. Хохирогч газар унасан эсэхийг мэдэхгүй байна. Хохирогч шүүгдэгчид гар хүрсэн асуудал байхгүй. Шүүгдэгч хохирогчийн нүүрэнд нь хүрсэн маягаар түлхсэн. Би шүүгдэгчийн баруун талд зогсож байсан. Шүүгдэгч хохирогчийг зүүн гараараа түлхсэн. Би согтолттой байсан учир хохирогчийг унахыг хараагүй. Би хохирогчтой уулзаад мэндийн зөрөөтэй өнгөрсөн. Баарны үүдэнд согтуу хүмүүс зогсож байсан ч маргаан болоогүй. Би шүүгдэгчтэй хамт явж байхад хохирогч манай ширээн дээр 2 удаа ирсэн. Шүүгдэгч бид хоёр баарнаас гарч тамхи татаад ширээ рүүгээ явж байхад хохирогч ирээд шүүгдэгчтэй юм ярьсан. Тэгээд зодоон болсон. Тухайн үед баар дуу чимээтэй байсан учир хохирогч, шүүгдэгч нарын юу ярьсныг сонсоогүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Пүрэвхүүгийн өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай найз Болд-Эрдэний төрсөн өдөр болоод манай найзууд тэмдэглэж байна гэхээр нь 01 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Бизон бааранд очиход манайхан бөөнөөрөө ширээнд суугаад зарим нь босоод бүжигдэж байсан. Би нэг пиво уунгаа найзуудтайгаа сууж байтал 02 цагийн үед байх сайн мэдэхгүй байна. Тухайн үед цаг хараагүй учраас ширээнд сууж байтал манай найзуудын зарим нь тамхи татахаар гадагшаа гарсан байсан. Би найз Хадбаатарын хамт ширээнд сууж байтал үүдэнд хүн орилоод амгалан тайван байдал алдагдуулаад байхаар нь босоод очтол манай хамаатны дүү болох Далай нэг залуугийн хамт зогсож байсан ба хоёулаа нэлээн согтсон байхаар нь нөгөө залууг нь “чимээгүй байгаачээ” гэж шаардлага тавихад шууд миний эрүү рүү нэг удаа гараараа цохиход би газар унасан. Тэгээд намайг Болд-Эрдэнэ ирээд татаж босгосон. Ардаас Хадбаатар, Наранжаргал нар гараад ирсэн. Гаднаас Анхбаяр орж ирж харагдсан. Тэгтэл Гантиг урдаас “ална шүү” гээд над руу дайраад байсан. Далай, Гантиг гэх намайг цохисон залууг цаашаа дагуулаад аваад явсан. Манай найзууд ч гэсэн согтуу хүнтэй юу ярихав маргааш учраа олъё гээд намайг дагуулаад Болд-Эрдэний гэр рүү явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 7-8 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Наранжаргалын өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай найз Болд-Эрдэний төрсөн өдөр болоод Бизон бааранд найзуудын хамт орсон. Би бүжгийн талбайд бүжиглэж байгаад гадагшаа гарахад баарны үүдэнд хүмүүс бөөгнөрөөд шуугилдаад байхаар нь очоод харахад манай найз Э.Пүрэвхүү газар унасан Болд-Эрдэнэ босгож байсан. Цаана нь нэг залуу “ална шүү” гээд л дайраад нэг нь сугадсан зогсож байсан. Тэгээд Пүрэвхүүг Болд-Эрдэнэ, Хадбаатар 2 дагуулаад гарахаар нь би куртикээ авангаа очиж тооцоогоо хийгээд буцаад ирэхэд гараад явсан байсан. Араас нь гараад шууд гэр гэр рүүгээ такси бариад харьцгаасан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 9-10 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Анхбаярын өгсөн “...Манай найз Болд-Эрдэний төрсөн өдөр нь болоод найзуудын хамт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 00 цаг өнгөрч байхад Бизон бааранд орж тэмдэглэсэн. Бид нар бааранд ороод ширээнд сууж байтал 10 жилийн ангийн Эрболдтой таараад хамтдаа гарж тамхи татая гээд баарнаас гараад үүдэнд юм яриад зогсож байтал баарны үүдний өрөөнд хүмүүс бужигнаад байхаар нь яваад ортол Пүрэвхүүгийн амнаас нь цус гарсан манай найзууд гарж ирсэн. Пүрэвхүүгийн хажуугаар тойроод зогсож байсан. Тэгээд л урдаас явъя гээд гараад ирэхээр нь дагаж гараад юу болсныг асуухад Гантиг гээд залууд цохиулчихлаа гэсэн тэгээд л бид нар явцгаасан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Хадбаатарын өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай найз Болд-Эрдэний төрсөн өдөр болоод найзуудын хамт 00 цагийн үед Налайх дүүрэг 2 дугаар хороонд байрлах Бизон бааранд ороод ширээнд суугаад нэг шил архи хэдэн пиво аваад уугаад сууж байтал Пүрэвхүү ганцаараа босоод гараад явсан. Удалгүй баарны каридорт хүмүүс шуугилдахаар нь гарахад Пүрэвхүү газар унасан хажууд нь Гантигийг Далай гэх найз нь тэврээд барьсан, Болд-Эрдэнэ Пүрэвхүүг босгож байсан. Тэгээд Гантиг “та нарыг ална шүү” гээд орилж хашгираад нилээн согтсон байхаар нь Пүрэвхүүг аваад Далайд Гантигийг согтсон байна аваад гар гэж хэлээд бид нар гараад явсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №832 дугаар:

  1. Э.Пүрэвхүү-н биед эрүүний зүүн талд их бие орчмын 2 шүд дайрсан задгай, зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 26 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 39 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 40 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 41 дүгээр тал/

Хохирлын баримтууд,

/хх-ийн 83-95 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, эд мөрийн баримтанд үзлэг хийснээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Гантигхүрэл нь цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн төлөөлөгч гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Гантигхүрэл нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-50/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч Д.Гантигхүрэлийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бүргэд овогт Даваадоржийн Гантигхүрэлийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Даваадоржийн Гантигхүрэлийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Гантигхүрэлд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Гантигхүрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Гантигхүрэлд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гантигхүрэлд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЧИНЗОРИГ