| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0183/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/192 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/192
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч Э.Э,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Э-ын Э-д холбогдох 2528000920296 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг Даланзадгад сумын М хороололд иргэн Г.Б-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан эрх чөлөөнд нь халдаж биед зүүн гайморын өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн хацар шанаа, хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Э-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр Ханхонгор сумаас ирээд байж байтал хүрээд ир, манай найз М хороололд очиж хүнээс мөнгө авъя гэж хэлсэн. Б гэх хүн Амаржаргалаас мөнгө зээлсэн юм байна лээ. Тэгээд найзтайгаа хамт М хороололд айл очсон. Тэнд Б гэх хүнтэй муудалцсан. Би тэр хүнийг нэг л удаа өшиглөж авсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үд дунд Б.А гэдэг найзтайгаа уулзаад Малчины хороололд байх Ж.М гэх танил ахынхаа гэрт очоод А, М ах бид 3 нийлээд 0,75 литрийн 1 шил архи хувааж уугаад сууж байтал манай найз Б.А гар утсаараа хүнтэй яриад маргалдаад байсан. Тэгээд нэг их удалгүй Э, Б гэх хоёр залуу согтуу ороод ирсэн. Тэгснээ Э гэдэг нь орж ирээд шууд “та нарыг ална шүү муу пизданууд минь” гээд байхаар нь би “чи одоо яагаад байгаа юм бэ” гэсэн чинь Э миний нүүрний зүүн хацар хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би жаахан манараад сууж байтал Э “чи новшрохгүй биз дээ” гээд байсан. Тэгээд толгой эргээд хацраа бариад хэвтэж байтал А, Э, Б гурав гараад алга болчихсон М ах бид хоёр гэрт үлдчихсэн байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед би А, М ах хоёртой 1 шил 0,75 литрийн архи уусан байсан. Эг бодвол согтуу болоод л хүнийг шууд өшиглөсөн байх гэж бодож байгаа. Гэхдээ биеэ авч явах чадвартай л байсан. Би тухайн үед толгой өвдөөд нэг их анзаараагүй юм байна. ...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг Малчины хороололд М ахын гэрийн зүүн талд баруун тийшээ хараад мах идээд сууж байх үед Э гаднаас орж ирээд намайг өшиглөсөн. Тэр үед М ах, А, Б, Э нар байсан. Би Эгийн бие эрх чөлөөнд ерөөсөө халдаагүй. Ерөөсөө тийм завдал ч болоогүй. Э миний нүүрний зүүн хацар хэсэг рүү өшиглөснөөс болж миний зүүн хацрын яс цөмөрсөн. Тухайн үедээ миний нүүрний зүүн хэсэг тэр чигтээ хавдаад, хөхөрсөн байсан. Надад тухайн үед учирсан гэмтлүүдийг шинжээчийн дүгнэлтэд нэг бүрчлэн бичсэн байна лээ. Одоо миний хамар битүүрээд толгой байнга өвдөөд байгаа. Нүүрний зүүн шанаа хэсэг мэдрэлгүй болчихсон. Байнга толгойны эм уугаад л байж байна.... Би энэ хэргийн улмаас маш их хохирсон. Улаанбаатар хот руу явж толгойн нарийвчилсан томографын зураг авхуулсан, хувийн эмнэлгээр нэг хэсэг явж нүүр хэсэгт хурсан цусаа авхуулсан. Эмчилгээ хийлгэсэн баримтууд бүгд байгаа. Цаашдаа хацрын цөмөрсөн ясаа янзлуулах хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Тэр зардлуудаа би бүгдийг нь гаргуулж авмаар байна..." (хавтаст хэргийн 18-19 дэх хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Иргэн Т ургийн Г овогтой Б /.../ нь 10 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын санд 1,467,622 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байгаа тухайн лавлагааг хэрэгт хавсаргаж өгнө. ...” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М ахын сууж байсан орны баруун талд Б суугаад бид гурав өөд өөдөөсөө хараад нэг хөзөр тоглонгоо 1 шил архиа тойруулаад сууж байтал Б, Э нар гаднаас ороод ирсэн. Тэгээд орж ирээд мэнд усаа мэдэлцээд байж байтал Б Э-г “чи чинь хэн билээ” гэж хэлсэн. Тэгэхэд Э “Баян-Овоогийн Т байна” гэж хэлсэн. Тэр завсар М ах Б бид хоёрыг ирэхэд мах чаначихсан байснаас Б бид хоёр идчихээд голдоо тавьчихсан байсныг М ах орж ирсэн хүмүүст хандаж “мах ид” гэж байгаа бололтой байсан. Тухайн үед би шөнийн ээлжээс буугаад жаахан нойр муутай зүүрмэглээд байж байтал Э Б-ийг нүүр рүү нь нэг удаа өшиглөхөөр нь би босоод Эг шууд аваад гарсан. Тэгээд би гадаа гараад Эг “чи чинь эрүүл саруул байж биеэ авч явж чадахгүй согтуу зүгээр сууж байгаа хүнийг өшиглөчихдөг чинь ямар учиртай юм бэ?” гээд Б-эд “гайтай юм алив явъя тэр мөнгө төгрөгийг чинь аваад өгчихье” гээд Б, Э хоёртой төв рүү ороод 200,000 төгрөгийг нь картаасаа авч өгсөн. М ахын гэрт Б, М ахтай үлдсэн. Тухайн үед би Э, Б хоёрыг бушуухан авч явахгүй бол бөөн зодоон нүдээн болох юм болов уу гэж бодсон. Тухайн үед уг нь хэрэлдэж, маргалдсан хүн байхгүй. Нэг их муудалцах ч асуудал болоогүй байхад, яах ийхийн зуургүй л Э Б-ийг өшиглөсөн. Маш хурдан л болсон асуудал. ...” (хавтаст хэргийн 32-33 дахь хуудас),
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед А, Б хоёр манай гэрт 1 шил архитай хүрч ирсэн. Тухайн үед би мах чанасан байсан, бид гурав мах идчихээд, авч ирсэн 1 шил архиа хувааж уунгаа хөзөр тоглоод сууж байхад гаднаас Б, нэг танихгүй залуугийн хамт орж ирэхэд нь би зүүн талын орны хойно, миний урд А түүний цаана Б суусан байдалтай, Б баруун орны хойно суугаад түүний наана нөгөө цуг ирсэн залуу нь суусан. Тухайн үед би Бийг таних юм болохоор мэнд мэдээд ууж байсан архинаасаа хийж өгөхөд уулгүй амсаад өгч байсан санаж байна, удалгүй Б нөгөө танихгүй гэх Э-тай маргалдаад эхлэхэд Э орноосоо босож ирээд Бийн нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн хажуугаас нь Б хорих гээд боссон боловч амжаагүй өшиглүүлсэн. А, Б хоёр Э-г аваад манайхаас гарсан, би Б-той гэрт үлдэхэд нүүрний зүүн тал нь хавдаад эхэлсэн. Тэгээд бид хоёр такси дуудаад эмнэлгийн хүлээн авах дээр очиж үзүүлэхэд гэмтлийн эмч нь судас хагарч, яс цөмөрсөн байх магадлалтай байна гэж хэлж байсан. ...” (хавтаст хэргийн 35-36 дахь хуудас),
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед би Э.Э-тай утсаар яриад, аймагт машинтайгаа байна гэхээр нь гэрт хүрээд ир, хойшоо айлд очиж хүнээс мөнгө авах хэрэг байна гэхэд удалгүй Э машинтайгаа манай гэрт хүрч ирээд бид хоёр Авто тээврийн үндэсний төвийн хойно байх Д М /М/ ахынд очиж А-аас зээлсэн 200,000 төгрөгөө авахаар очоод, сууцанд нь ороход хоймор голлоод А түүний зүүн гар талд М ах, түүний наана Б ор налаад гурвуул газар сууж байсан. Э түрүүлж ороод сууц голлоод сандал дээр суугаад, би араас нь ороод баруун гар талд байх орны өнцөг дээр суусан. Миний баруун гар талд Б газар сууж байсан. Бид нар хоорондоо мэнд мэдээд сууж байхад удалгүй Б, Э-г хаанахын хэн билээ чи гэхэд Э би Баян-Овоо сумын Э байна гэхэд Б чи яасан том дуутай юм гээд хоорондоо ам зөрөхөд Э, Б-ийн нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөхөд нь А бид хоёр Э-г аваад гэрээс гарсан, тухайн үед Б-ийн нүүр хавдсан байсан...” (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Б-ийн биед зүүн гайморын өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн хацар шанаа, хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Г.Б-ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМГ0825/041 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г-ын Б /РД:.../-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” (хавтаст хэргийн 47-48 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Э нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг Даланзадгад сумын М хороололд иргэн Г.Б-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас эрх чөлөөнд нь халдаж биед зүүн гайморын өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн хацар шанаа, хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх хуудас), иргэний нэхэмжлэгч М.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), гэрч Б.А-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь хуудас), гэрч Ц.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь хуудас), гэрч Ч.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал), Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМГ0825/041 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн биед зүүн гайморын өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн хацар шанаа, хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтэл болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Э.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хангаж, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн эрүүл мэндэд зүүн гайморын өмнөд ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн хацар шанаа, хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э нь “Э овогтой Э би эрүүгийн ... дугаартай хэргийн хохирогч болох Г.Б-ид хохирол болох 7,240,000 төгрөгийн тал буюу 3,620,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны дотор барагдуулна, үлдэгдэл болох 3,620,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 20-ны дотор барагдуулахаа баталж байна. Миний нийт төлбөр нь эрүүл мэндийн санд төлөх төлбөр орсон болно.” (хавтаст хэргийн 111 дэх тал) гэх баталгааг гаргасан байх тул шүүгдэгч Э.Э-гаас 7,240,000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох”-оор хуульчлагдсан байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 1,467,622 төгрөг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч М.Б-ийн “...Иргэн Т ургийн Г овогтой Б /.../ нь 10 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын санд 1,467,622 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байгаа тухайн лавлагааг хэрэгт хавсаргаж өгнө. ...” (хавтаст хэргийн 26-27 дахь тал) гэх мэдүүлэг, ЭМДЕГ-Цахим системийн зардлын түүх “Нийт зардал: 1,467,622 төгрөг” (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э-гаас 1,467,622 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн хувьд дахин ийм үйлдэл гаргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Э.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Э-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-д шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Э-гаас 1,467,622 (нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга зургаан зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулан Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст, 7,240,000 (долоон сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б-ид тус тус олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ