Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/01701

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 04

101/ШШ2023/01701

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Д.Ц /рд:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0000 тоотод оршин суух, 0000 Г.О /рд:0000/-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 0000 тоотод оршин суух, Боржигон овогт П.У /рд:0000/

 

Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, 33,78 м.кв талбай бүхий орон сууцны өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Г.Оийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гарын үсгийн 89 дугаарт бүртгэсэн бүртгэл, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгосон өв залгамжлалын 89 дүгээрт бүртгэж гэрчилсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямаасүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.У, гэрч П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 0000 дугаартай орон сууцыг 2009 онд би өөрөө 30,000,000 төгрөгийн төлбөрийг төлж өөрийн охин М.Э-гийн нэр дээр гэрчилгээ гарган авч байсан. Миний охин Мягмарын Энхтуяа нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ингээд удалгүй тухайн орон сууцыг нөхөр гэх П.Д нь Нийслэлийн тойргийн нотариатч Г.Оийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гарын үсгийн 89 дугаарт бүртгэсэн бүртгэл хийлгэж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Мөн миний бие Д.Ц 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өв залгамжлалын хүлээн авах хүсэлт гаргасанг нийслэлийн тойргийн нотариатч Д.Ц гарын үсгийн 461 дугаарт бүртгэж гэрчилсэн байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар миний бие хууль ёсны өвлөгч байна. Мөн Нийслэлийн тойргийн нотариатч Г.О нь өвийн бүртгэлийг хийхдээ өв хүлээн авах хугацааг харгалзан үзэх ёстой байсан. Мягмарын Энхтуяа нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нийслэлийн тойргийн нотариатч Г.О нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийг баримтлах ёстой ба хууль заасан нэг жилийн хугацаа өнгөрмөгц өөр ямар нэг өвлөгч байгаа эсэхийг" нятлан шалгах байсан. Нийслэлийн тойргийн нотариатч Г.О нь Пүрэв овогтой Доржбалдан мөн түүний дүү П.Утэй үгсэн тохиролцон намайг хуурч хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн хууль зөрчиж гэрчилгээг олгосон байна. Энэ нь улсын бүртгэлийн болон Монголын нотариатчдын танхимын лавлагаагаар тус тус тогтоогдож байна. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 66/5 байр, 404 тоот 33.78 м.кв орон сууцны өвлөх хүлээн авах хүсэлт гаргасаныг бүртгэсэн Нийслэлийн тойргийн нотариатч Г.Оийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гарын үсгийн 89 дугаарт бүртгэсэн бүртгэл, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгосон Өв залгамжпалын 89 дугаарт бүртгэж гэрчилсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатчаар 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд цахимаар үйлдэл гэрчилдэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх нотариатчидтай дотоод сүлжээ, цахимаар шууд харилцаж ажиллаж байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо улсын хэмжээнд талийгаачийн өв хүссэн, өвлөх эрхээс татгалзсан, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх лавлагаа танхимаас авч, хэрэв өв хүссэн хүсэлт ирээгүй бол өвлөх эрхийн гэрчилгээ олгож ирсэн юм. Талийгаач М.Эгийн өвийг нээхэд дээрх мэдээлэл байгаагүй учир гэрчилгээ олгосон болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд "хуульд заасан хугацаа өнгөрмөгц өөр өвлөгч байгаа эсэхийг нягтлан шалгах" тухай дурьджээ. Энэ нягтлан шалгах үйлдлыг 1 жилийн хугацаа өнгөрснөөс хойш биш өмнө нь нотариатч цахим системээсээ шалгаж нягталж байдаг. Хэрэв хүсэлт өгсөн бол нотариатын байгууллагын улсын хэмжээний бүх цахим системээс бүртгэл гарч ирдэг юм. Нэхэмжлэгч хуульч биш болохоор Иргэний хуулийн 528 дугаар зүйлийг өнгөц ойлгож, буруу тайлбарлаж байна. Иргэний хуулийн 520.1 зааснаар 1-р ээлжийн өвлөгч нарт талийгаачийн гэрлэлтийн баталгаатай эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилсэн хүүхэд, эцэг эх бүгд адил тэнцүү эрхтэй бөгөөд төрсөн эх Д.Ц өвлөгч мөн бөгөөд биш гэж маргаангүй болно. Талийгаачийн эх гэх Д.Ц, нөхөр П.Д нар адил тэнцүү эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 528.2-т зааснаар хамт амьдарч байсан өвлөгч нь нөхөр П.Д гэдэг нь 2020.05.27 өдрийн БЗД-ын 5-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдоно. Ээж Д.Ц хамт амьдардаггүй, талийгаачийн оршин суугаа хаягт бүртгэлгүй өвлөгч юм. Дээрх заалтын дагуу 1 жилийн хугацааны дотор өв хүссэн хүсэлт хүсэл зорилгоо илэрхийлэх хугацаа хангалттай байсан. Өөрөөр хэлбэл хуульд заасан 1 жилийн хугацаа бол хамт амьдардаггүй өвлөгч нарт хандсан, өвлөх хүсэлт хүлээн авах боломж олгосон хугацаа байдаг. Иргэний хуулийн 528.3-т зааснаар энэ хугацаанд хүсэлт гаргаагүй бол өвлөх эрхээс татгалзсан гэж үздэг. Өвөөс татгалзсан гэж үзэх хангалттай хугацаа өнгөрчээ, зохих ёсны байгууллагад нотариатад бүртгүүлээгүй байна. Гэтэл өвлөгч Д.Ц энэхүү эрхээ 1 жилийн хугацаа өнгөрсөн хойно буюу 2019.05.22-ны өдөр өв нээгдсэн гэвэл 2020.09.28-ны өдөр өв хүлээн авах хүсэлт гаргасан байна. Нотариатч хуульд заасан хугацаанд өвлөх хүсэлт өгсөн нотариатын цахим системд бүртгэгдсэн эхний өвлөгч П.Дд өв нээн гэрчилгээ өгсөн, хууль зөрчөөгүй юмаа. Бас нэхэмжлэгч охиныхоо албан ёсны гэрлэлттэй нөхөртэй 1 жилийн хугацаанд харилцаа холбоогүй байсан юм шиг гэнэт нэхэмжлэл гаргасан, энэ талаар гэр бүл дотроо ярилцаж ойлголцоогүй, өв нээгдэж орон сууцыг Иргэний хуулийн 528.2-т зааснаар эрхлэн авсан уу, эзэмдэн авсан уу гэдэг асуудал тодорхой бус. Тухайн хаягт оршин суух бүртгэлгүй учир эрхэлж аваагүй, эзэмдэж аваагүй гэсэн үг. Мөн өвлөгч П.Д Иргэний хуулийн 527.1-т заасны дагуу өвлөгч өвлөгдөх хөрөнгө буюу орон сууцанд амьдарч байсан нь орон сууцыг буюу өвийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Нотариатч тэрхүү иргэний эрхийг баталгаажуулсан төдий юм.

Мөн Д.Доржбалдан, дүү П.У нарыг урьд нь таниж мэдэхгүй, харж байгаагүй хүмүүс болохоор тэдэнтэй үгсэн тохиролцож хуурч мэхлэх үйлдэл гаргаагүй гэдгээ албан ёсоор илэрхийлэе. Хэрэв нэхэмжлэгч Д.Цын хэлсэнчлэн залилан мэхэлсэн хуурсан үйлдэл гаргасан бол тэр нь эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний ноцтой асуудал юмаа, би бол төрийн нэрийн өмнөөс иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлдэг мэргэшсэн хуульч болохоос Д.Цын хэлсэнчлэн залилагч мэхлэгч биш. Намайг миний ажил мэргэжлийн хувьд ингэж хэлж байгаа нь ёс зүйгүй гүтгэлгийн чанартай үйлдэл гэдгийг илэрхийлэе гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн материалтай 2023 оны 02 сарын 15-ны өдөр танилцсан. Миний хувьд нотариотч П.Отэй хуйвалдан өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 520, 528-р зүйлд заасны дагуу уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Энэ нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдын эрх үүрэг нь хязгаарлагдмал байдаг тул нэхэмжлэлийн шаардлагын талаар ямар нэг хариу тайлбар гаргах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч үгсэн хуйвалдсан гэж худлаа ярьсан байдаг. Би энэ байрыг 30 сая төгрөгөөр худалдаж авсан. Хүүхэддээ зарцуулах байсан мөнгөөрөө авсан байтал заръя гэхээр зарж болохгүй, барьцаанд тавьж болохгүй нөхцөл байдал үүсгэсэнд нь харамсалтай байна. Талийгаачтай төрсөн ээж Д.Ц нь хамт амьдардаггүй, түүнийг харж ханддаггүй байсан. Талийгаач 2019 оны 03 дугаар сараас эхлээд архи уугаад алга болсон. Хайж яваад 1 дүгээр хорооллоос би олж уулзахад харьлаа гэж хэлсэн. 1 сар гаруйн дараа цагдаагийн газраас над руу залгахаар нь очтол ухаантай, ухаангүй байсан. Гэтэл ээж, эгч нь огт байгаагүй. Би ээж, эгч нар руу нь ганц удаа ирээд уулзчихаач гээд уйлж гуйж байсан. Баянзүрх дүүргийн эмнэлэгт талийгаачийг хэн хэзээ хэвтүүлсэн, хэн гуйж хэнийг авч ирсэн талаар эмчлэгч нар нь мэддэг. Би л талийгаачийг харж хандаж, эмнэлэгт сахиж байсан гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

4.1 нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 202 тоот лавлагааны хариу, нас барсны бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн тухай лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нотариатч Д.Цийн хүсэлт, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 588 тоот лавлагааны хариу, зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, нэмэлт зээлийн гэрээ,

4.2 хариуцагчаас гаргасан тодорхойлолт, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, Монголын Нотариатчдын танхимын албан бичиг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

4.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Нэткапитал ББСБ-аас ирүүлсэн лавлагаа, зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Нийслэлийн тойргийн нотариатч Г.От холбогдуулан Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, 33,78 м.кв талбай бүхий орон сууцны өв хүлээн авах хүсэлт гаргасныг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гарын үсгийн 89 дугаарт бүртгэсэн бүртгэл, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр олгосон өв залгамжлалын 89 дүгээрт бүртгэж гэрчилсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр П.У оролцож, тэрээр хариуцагчаас гаргасан хариу тайлбарыг дэмжсэн.

 

2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Д.Цын охин М.Э нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь талуудын тайлбар, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Тэрээр энэ хэргийн нэхэмжлэгч Д.Цын төрсөн охин болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, садан төрлийн лавлагаагаар, гэрч П.Дтай 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

 

3.1 Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, 33,78 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр талийгаач М.Э нь 2009 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна. /хх-69/

 

3.1.1 Дээрх үл хөдлөх эд хөрөнгө талийгаач М.Эг нас барах өдөр хүртэл хугацаанд түүний өмчлөлд бүртгэлтэй байжээ.

 

3.2 Талийгаач М.Эгийн өмчлөлд бүртгэлтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч нараас талийгаачтай хамт амьдарч байгаагүй өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлөө өв нээгдсэн өдөр буюу талийгаачийн нас барсан өдөр болох 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 1 жилийн хугацааны дотор харьяа нотариатчид хандан гаргах журамтай байна.

 

3.2.1 Нэхэмжлэгч Д.Ц нь талийгаачийн төрсөн эх буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгчид хамаарах этгээд мөн боловч тэрээр талийгаачтай хамт амьдардаггүй байсан байх тул хуульд заасан хугацаа болох 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор нотариатчид хандан өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлөө гаргах байжээ.

 

3.2.2 Гэвч нэхэмжлэгч Д.Ц нь анх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нотариатч Д.Ц-т өв хүлээн авах хүсэлтээ гаргасан болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт нотариатч Д.Цээс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн хүсэлт, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 588 дугаар албан бичгээр тогтоогдсон. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нотариатчид хандсан талаарх үйл баримтад маргаагүй, тайлбарласан. /хх-12/

 

4. Талийгаачийн хууль ёсны өвлөгчийн нэг болох түүний нөхөр П.Д нь маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, 33,78 м.кв талбай бүхий орон сууцанд талийгаачтай хамт амьдарч байсан нь Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт өрхийн гишүүдийн бүртгэлийг бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон. /хх-20-21/

 

5. Нотариатч Г.От талийгаачийн нөхөр П.Дг өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ 2020 оны 09 дүгээр сард гаргах үед нотариатч нь Монголын нотариатын танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс лавлагаа авахад ...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нас барсан М.Э-гийн эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна гэх хариу өгчээ. /хх-23/

 

5.1 Монголын нотариатчдын танхимын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 588 тоот албан бичгээр нотариатч Г.О нь 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр П.Дгийн өв хүлээн авах хүсэлт гаргасныг Гарын үсгийн 89 дугаарт бүртгэж, мөн өдөр П.Дд 89 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болох нь тогтоогдсон. Мөн хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар баримтаар авагдсан. /хх-13, 108/

 

6. Нотариатч Г.От хууль ёсны өвлөгч П.Дг өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хандах үед Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн, нөхөр П.Д нь талийгаачтай нэг хаягт оршин суух бүртгэлтэй хамт амьдарч байсан, хуульд заасан 1 жилийн хугацааны дотор өөр өв хүлээн авах хүсэлт гаргасан этгээд байгаагүй болох нь тогтоогдсон байх тул түүнд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг буруутгах үндэслэлгүй, уг үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7. Иймд хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүдээр нотариатч Г.Оийн Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, 33,78 м.кв талбай бүхий орон сууцыг П.Дд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Энэ шийдвэр өвлөгдвөл зохих хөрөнгөөс нэхэмжлэгч Д.Ц нь өөрт ногдох хэсгийг бусдаас гаргуулахаар шаардах эрхийг хөндөөгүй болно.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т заасныг баримтлан хариуцагч нотариатч Г.От холбогдох Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах, 33,78 м.кв талбай бүхий орон сууцны өв хүлээн авах хүсэлт гаргасныг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гарын үсгийн 89 дугаарт бүртгэсэн бүртгэл, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгосон өв залгамжлалын 89 дүгээрт бүртгэж гэрчилсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ