Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/304

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хилчинбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 25000540286 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д харуул ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймаг, ******* сум 10 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ын *******. /РД: /

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны орой Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, “Дөчийн шороо” гэх газар байрлах шороон зам дээр өөрийн эзэмшлийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Хавсралт 4-ийн 3.4-т дугуйн цоожлох цагираг гэмтсэн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан зорчигч нас барж, *******ийн эрүүл мэндэд хүнд, гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би эдгээр хүмүүст ийм их хэмжээний хохирол учруулна гэдгээ мэдээгүй. Харамсаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Амь хохирогчийн ар гэрийнхнээс дахин дахин уучлалт гуйж байна” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид 01 дүгээр сарын 04-ний өдөр сум руу явсан. Суманд очиход цаг орой болсон байсан болохоор бид “Эко онон” амралтын газарт байрлаж хоноод өглөө аймгийн төв рүү гарсан. Автомашины дугуй нийтдээ 2 удаа харгалсан. Нэг сэрээд ухаан ороход “...эгчээ та наашаа гараарай” гэж хэлээд намайг автомашинаас татаж гаргаад нэг автомашин дотор суулгасан. Удалгүй түргэн тусламжийн автомашин ирээд бид нарыг суулгаад аваад явсан. Эмнэлэгт дээр ирээд үзүүлэхэд миний даралт ихэссэн байсан учир надад даралтны эм, өвчин намдаах эм өгөөд “...та маргааш өглөө гэмтлийн тасагт цаг авч үзүүлэх шаардлагатай шүү” гэж хэлээд гэр рүү маань явуулсан. Маргааш өдөр нь би Маршил мед эмнэлэгт рентген зураг авахуулахад хүзүүний яс маань хугарсан байсан. Ингээд эмчид рентген зургаа эмчид үзүүлэхэд эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн бөгөөд Улаанбаатар хот руу яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Би баримттай эмчилгээ болон бусад зардалд нийт 1,000,000 орчим төгрөгийг зарцуулсан. ******* 1,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийг нэхэмжлэх болно” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гомдолтой байна. 6-ны өдөр манай дүү над руу утсаар залгаад “...ахаа дүү маань нас барчихлаа, яах вэ” гэж хэлээд гэх байцаагчийн утасны дугаарыг өгсөн. Би утас руу нь залгахад “...би задланд орж байна. Та хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Ингээд би моорог дээр очиход дүүгийн маань хувцсыг нь өгөөд явуулсан. Би дүүгээ нас барсан, биеийг нь задланд оруулж байна гэдгийг ч мэдээгүй. Ингээд манай гэр бүлийнхэн дүүг нас барсан талаар ээжид яаж хэлэх талаар ярилцаж байгаад арга хэвийг нь олоод эвтэйхэн хэлсэн боловч ээжийн маань бие муудаж түргэн тусламж дуудсан. Дараа нь ******* согтуу гэрт ирээд ээжтэй уулзана гээд ирсэн гэсэн. Тэр үед ээж маань над руу залгаад “... согтуу ирээд байна. Яах вэ” гэхэд нь би “...цагдаад дуудлага өг” гэж хэлсэн. ******* шүүх хуралдаанд дээр л миний гэж хэлж байна. Өмнө нь хэлж байгаагүй. Хоёр удаа л утсаар ярьсан. ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлын ажил хийж байгаад төлнө гэж тайлбарлалаа. Би арай өөр зүйлийн талаар ярих байх гэж бодож байлаа. Би осол болсон гэх газарт очиж үзэхэд баруун урдхан талд нь айл амьдардаг гэдэг нь харагдсан. Тухайн өдөр бүгд согтуу гадаа хүйтэн байсан юм бол айл бараадаад очих боломжгүй байсан юм байх даа гэж бодогдож байна. Энэ хэрэг шийдвэрлэгдэх гэж их л удлаа. Бид нар оршуулгын зардалд 25,776,000 төгрөгийг нэхэмжилснээс 11,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл хохирлыг төлөөгүй байна. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуульд заасан дээд хэмжээгээр нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... нь миний төрсөн дүү байгаа юм. Манай дүү эхнэр, хүүхэд байхгүй. Манай гэр бүлийнхэн ярилцаад намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1500 цагийн үед манай дүү газрын тосны 19 дүгээр талбай дээр байхад нь ажлынх нь хүмүүс анх нас барсан талаар нь хэлсэн. Тэгээд манай дүү бид нарт хэлж нас барсны маргааш өдөр нь мэдсэн. Талийгаач дүү маань өөрөө газрын тосны 19 дүгээр талбайд ажилладаг байсан юм. Тэгээд ээлжээр ажиллаад амарч байх хугацаандаа ажлынхаа хүмүүстэй сум руу явсан байсан. Хамт ажилладаг залуу болох гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ залуу манай дүүг унтаж байхад нь ойрхон юманд дагуулаад яваад ирье гээд гэрээс нь аваад явсан байсан. Тэгээд тэр чигээрээ сум руу авч яваад буцаад ирж байхдаа осолд орсон байсан. ...Би амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 25,776,077 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс ******* нь 5,000,000 төгрөг өгсөн. Ингээд үлдэгдэл 20,776,077 төгрөг болон сэтгэцэд учирсан хохирлоо хуульд зааснаар нэхэмжилж байна” гэжээ. /хх-ийн 34-35, 37 тал/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн суманд байрлах газрын тосны дүгээр талбайд байрлах ******* ******* ХХК-д тогоочоор ажилладаг. Манай компанид ажилладаг *******, , , бид хэд Дорнод аймгийн суманд байх Цагаан дэвийн рашаан руу 2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой *******ы эзэмшлийн ДОР улсын дугаартай, цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тухайн өдрөө сумын Ононгийн амралт дээр очиж хоносон. Маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө рашаан дээр очоод байж байгаад үдийн дараа 1600 цагийн үед сумаас Дорнод аймаг руу гарсан. Сумаас гарахдаа эрчүүд нь архи авч, эмэгтэйчүүд нь дарс аваад замдаа уугаад явсан. Тэгээд замд машины дугуй хагараад аваарын шар дугуй сольж хийгээд, замдаа нэлээн зогсоод орой харанхуй болж байх үеэр буюу 1800-1900 цагийн үед замдаа машин дотор унтчихсан байсан. Нэг ухаан орсон чинь машин хажуу талаараа харчихсан осол болчихсон намайг машинаас мөлхөөд гараарай гэж байсан. Тэгээд би ухаан ороод хөдөлж чадахгүй, тухайн үед хаашаа гарах гэж байгаагаа ч мэдээгүй, осол болсон талаар ч мэдээгүй байсан. Тэгээд ямар ч байсан нэг нь намайг машинаас татаж гаргаж байсан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ г нас барчихлаа гээд бахиралдаад байсан. Тэгээд байж байгаад түргэн ирээд намайг эмнэлэг рүү аваад ирсэн. Миний хувьд тухайн ослын улмаас гавлын ясны хоёр хугаралтай, хүзүү 2-р нугаламын хугарал гэмтэлтэй оношлогдож Улаанбаатар хот руу яаралтай явж хагалгаанд орох шаардлагатай гээд намайг явуулсан. Би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод тэндээ эмчилгээ хийлгэж байгаад 2025 оны 02 дугаар сарын эхээр Дорнод аймагт ирсэн. Одоо гадуур эмчилгээ хийлгэж байгаа, ямар ч байсан хөл дээрээ босоод явдаг болчихоод байна. Замдаа дарс уусан болохоор тэрнээсээ болоод нойр хүрээд осол болох үед унтаж байсан. Ямар шалтгааны улмаас осол болсон талаар мэдэх зүйл огт байхгүй. Ослын шалтгааны талаар мэдэхгүй байна. Машиныг ******* бариад явж байсан. Жолоочийн хажуу талын урд суудал дээр гэх эмэгтэй явж байсан. Жолоочийн арын суудал дээр хаалган талдаа талийгаач , би гийн хажууд, миний хажууд нөгөө талын хаалганы дэргэд суугаад явж байсан. суудлын бүс зүүгээд явж байсан гэж байсан. Жолооч бүс зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан арын суудалд сууж явсан хүмүүс ямар ч хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан хүмүүс бүгдээрээ л архи уусан байсан. Эрчүүд нь 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи, бид хоёр шилтэй дарс хувааж уусан. Миний хувьд сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулж сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэжээ. /хх-ийн 40-41 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой миний таньдаг найз нь ажлын газрын хүмүүстэйгээ сум руу Цагаан дэвийн рашаан руу хамт явах уу гэж надаас асуусан. Би зөвшөөрөөд 01 дүгээр сарын 04-ний орой намайг гэрээс ирж авсан. ******* гэх хүний цагаан өнгийн приус-30 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ******* машинаа бариад, хажууд нь суугаад, арын суудал дээр эгч болон гэх залуугийн хамт 5-уулаа сум руу явсан. Ингээд тэр оройдоо сум руу ирээд Ононгийн амралтын газарт хоносон. Маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө эрт Цагаан дэвийн рашаан дээрээ очоод тэндээ байж байгаад үдийн дараа 1600 цагийн үед Дорнод аймаг руу хөдөлсөн. Миний хувьд машин дотор унтаад явсан. Дэлгүүрээс архи дарс авсан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд хэсэг явж байгаад машины дугуй хагарсан гээд нэг зогссон. Тэр үед нь би арын суудал дээр унтаж байсан болохоор судлаа солиод жолоочийн хажуу талын суудал дээр суугаад унтаад ирсэн. Тэгсэн харин нэлээн орой харанхуй болчихсон үед машин гэнэтхэн замын хажуу руу бөмбөрөөд явчихсан. Тэгээд ерөнхийдөө миний ухаан санаа балартаад юу болж байгаа талаар огт мэдээгүй. Хэсэг ухаан балартаж байгаад нэг юм ойлгох дээрээ тулахад нь нас барсан байсан. Тэгээд түргэн ирээд эгч бид хоёрыг түрүүлээд авада явсан. Ослын улмаас миний биед баруун талын 2,3,4,5 хавирга хугараад, бас баруун талын хуруу зүсэгдсэн байсан. Хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэсэн тул би 14 хоног гадуур эмчилгээ хийлгээд биеийн байдал гайгүй болсон. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй, биеийн байдал тогтвортой, хэвийн байгаа. Осол болох үед би машин дотор унтаж байсан болохоор юунаас болж осол болсон, хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар хэлж мэдэхгүй байна. Осол болох үед ******* нь машин барьж явж байсан. Миний биед учирсан гэмтэл шарх бүрэн эдгэрсэн. Тийм болохоор би сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулах шаардлагагүй, сэтгэл санааны хохирол төлбөр огт нэхэмжлэхгүй” гэжээ. /хх-ийн 44-45 тал/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан нэхэмжлэлдээ “...Тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 9,422,302 төгрөгийн тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээс авсан тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү.”

“Тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 158,865 төгрөгийн тусламж үйлчилгээг Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс авсан тул гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 46, тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр орой 2000 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвөөс аймгийн төв рүү хөдөлсөн. Ингээд явж байхад аймгаас хойш 40 километр орчим зайд 40-н шороо гэх газарт зам дагуу үл таних 3 хүн зогсож байсан бөгөөд тэд нарын хажууд Тоёота приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай байж байсан. Би зогсож тэдгээр хүмүүстэй уулзахад бид нар сая осолд орж нэг маань бараг нас барсан юм шиг байна гэхээр нь би аймаг руу дөхөж сүлжээ ормогц цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй буцаж ирэхэд тухайн осол болсон газарт 4 хүн амьд байсан бөгөөд нэг хүн нь машиныхаа хажууд ухаангүй хэвтэж байсан. Ингээд байж байхад орой 2200 цагийн орчимд аймгийн төвөөс цагдаа, эмнэлгийн байгууллагаас хүмүүс ирсэн юм. Тухайн газарт зогсож байсан 4 хүний нэг эрэгтэй нь машиныг жолоодож явсан хэмээн ярьж байсан тул түүнийг драгер багажаар шалгаж байсан. Намайг хөндлөнгийн гэрчээр байлцуулсан бөгөөд түүнийг үлээж дуусаад драгер багаж дээр хувь нь гарч ирэхэд 3.39 хувьтай зааж байсан. Би уг осол хэрхэн болсон талаар мэдэхгүй байна.” гэжээ. /хх-ийн 59 тал/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би хамт ажилладаг , *******, эгч, мөн гэх эмэгтэйн хамтаар 5-уулаа Дорнод аймгийн суманд байдаг Цагаан дэвийн рашаан гэх газарт очиж рашаан ууж, амрах зорилготой явж байгаад осолд орсон. Бид нарын хувьд замдаа сумын төвөөс авсан нэг шил архиа бүгдээрээ хувааж уусан. Оройн 00 цагийн орчимд аймгийн төвөөс хойш 40 километр зайд байдаг 40-н шороо гэх нэртэй газарт ******* машинаа жолоодож явж байхад уг осол болсон. Осол болох үед миний хувьд унтаад явж байсан болохоор ямар шалтгааны улмаас машин осолдсоныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд миний сууж явсан баруун талын ханаараа газарт унаж онхолдсон байсан. нь машины доор толгойгоороо дарагдаж ухаангүй байдалтай хэвтэж байсан. ******* бид хоёр г биеэс нь татаж машины доороос гаргаж ирээд машинаас 2 метр орчим зайд чирээд газар хэвтүүлсэн. Энэ үед ухаангүй байсан бөгөөд толгойн дээд хэсгээс нь их хэмжээний цус гоожсон, нас барсан гэдэг нь тодорхой харагдаж байсан тул би сандарч ойр машин явж байгаа харагдсан тул тухайн машиныг тосож зогсоогоод түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Тухайн ослын улмаас миний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 62-64 тал/

- Дорнод аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн

2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаар дүгнэлтэд:

“...1. Талийгаач гийн биед гавал тархины ил гэмтэл, хамрын нуруу баруун дээд зовхи, дух, зулай, баруун чамархай, дагзны хуйхны урагдсан шарх, гавлын орой, суурь, нүүрний яснуудын олон хэлтэрхийт үйрсэн хугарал, хатуу хальсны урагдал, тархины аалзан хальсны урагдал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн ихэнх хэсгийг хамарсан няцрал эвдрэл, зүүн хацар, шанааг хамарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед автомашины бүхээг дотор үүссэн байх шинэ гэмтлүүд бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь үхэлд хүргэсэн тул хохирлын зэрэг тогтоохгүй.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Химийн шинжилгээгээр цусанд 0,8 промилли, цөсөнд 1,1 промилли, ходоодны шингэнд 0,9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

5. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй гавал тархины ил гэмтлийн улмаас шууд үхэлд хүрчээ.

6. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байжээ.” гэжээ. /хх-ийн 70-76 тал/

2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ДОР0725/135 дугаар дүгнэлтэд:

“....1. *******ийн биед хүзүүний 2-р нугаламын нумын баруун хэсэгт хөлөнцөр дайрсан ташуу сэлтэрсэн хугарал, дагз, хүзүүний хагалгааны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх тогтоогдсон гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна.” гэжээ. /хх-ийн 85-86 тал/

2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 71 дугаар дүгнэлтэд:

“...1. гийн биед баруун талын 2,3,4,5-р хавирганы зөрөөгүй хугарал, хүзүүний баруун талын зулгаралт, баруун гарын 4-р хурууны зүсэгдсэн шарх, зүүн өвдөгний цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 91-92 тал/

2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 70 дугаар дүгнэлтэд:

“...1. н биед зүүн мөрний цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 99-100 тал/

2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 57 дугаар дүгнэлтэд:

“...1. З...сайхан 44/эр гэж хаягласан цусанд 1.8 промилли спиртийн агууламж илэрсэн.

2. Согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-ийн 105-107 тал/

2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ДОР0125/0 дугаар дүгнэлтэд:

“...1. Шинжилгээнд хүргүүлсэн дугуй нь дөрвөн улиралд зориулагдсан, ашиглах боломжтой дугуй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн дугуйны обудны ар хэсэгт 37 см урттай хагарч цуурсан гэмтэл, обудны гадна хэсгийн таг буюу залгаа бүхэлдээ хугарсан гэмтлүүд байна. Тус гэмтлүүд нь хатуу биетэй харилцсаны улмаас ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.” гэжээ. /хх-ийн 113-116 тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 954 дугаар дүгнэлтэд:

“...1. Тухайн хэргээс шалтгаалан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.

3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэжээ. /хх-ийн 122-124 тал/

2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0825/1001 дугаар дүгнэлтэд:

“...1. *******ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэжээ. /хх-ийн 135-137 тал/

“Хөдөлгөөний соёл” ТББ-ын шинжээчийн 2025 оны 06 сарын 22-ны өдрийн 27 тоот дүгнэлтэд:

“...1. Тоёота приус-30 загварын дор улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7а-д Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Хавсралт 4-ийн 3.4-т дугуйн цоожлох цагираг гэмтсэн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно гэсэн заалт зөрчсөн байна.

2. Тоёота приус-30 загварын дор улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7а-д Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Хавсралт 4-ийн 3.4-т дугуйн цоожлох цагираг гэмтсэн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно гэсэн заалт зөрчсөнөөс осол гарах шалтгаан болсон байна...” гэжээ. /хх-ийн 130 тал/

*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 145-146 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-29 тал/,

Зам тээврийн осол хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30 тал/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 31 тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79-80 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны орой Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, “Дөчийн шороо” гэх газар байрлах шороон зам дээр өөрийн эзэмшлийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Хавсралт 4-ийн 3.4-т дугуйн цоожлох цагираг гэмтсэн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан зорчигч нас барж, *******ийн эрүүл мэндэд хүнд, гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , Д. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “...зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг”,

мөн Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгслийн жолооч тус журмыг зөрчсөн байхыг ойлгохоор тус тус зохицуулсан байдаг ба гэмт хэргийн объектив тал нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээний акт, журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байхаар, субъектив тал нь гэм буруугийн болгоомжгүй, эсхүл холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол” гэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Хавсралт 4-ийн 3.4-т дугуйн цоожлох цагираг гэмтсэн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан байх бөгөөд түүний болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирч, бусдын амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан зорчигч нас барж, *******ийн эрүүл мэндэд хүнд, гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ы хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандсан хандлага, согтуурлын зэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 12,500,000 төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 9 жилээр тогтоож, эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэв.

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* оршуулгын зардалд 25,776,077 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 77,220,000 төгрөг, нийт 102,996,077 төгрөг, хохирогч ******* нь эрүүл мэндэд учирсан хохиролд 1,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 3,300,000 төгрөг, нийт 4,300,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 11,500,000 төгрөгийг, хохирогч *******т 1,000,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаараа хүлээн зөвшөөрч байна.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *******т 9,422,302 төгрөгийн, хохирогч д 158,865 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Хохирогч гийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ талаар дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******аас нийт 104,377,244 төгрөгийг гаргуулж, Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух ******* /РД: /-д 91,496,077 төгрөгийг, сумын 1 дүгээр багт оршин суух ******* /РД: /-т 3,300,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 9,581,167 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 /ес/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 104,377,244 төгрөгийг гаргуулж, Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух ******* /РД: /-д 91,496,077 төгрөгийг, сумын 1 дүгээр багт оршин суух ******* /РД: /-т 3,300,000 төгрөгийг тус тус олгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 9,581,167 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сан /Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 тоот дансанд Дорнод, хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар утгатайгаар/-ийн орлогод оруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ