Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/00825

 

 

 

 

 

 

 

2023 02 08

101/ШШ2023/00825

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.А холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулж 0 УБЭ улсын дугаартай хаммэр Н2 маркийн улаан хүрэн өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон болно. Төлбөрийн 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан даруй төлж үлдэгдэл 10,000,000 төгрөгийг нэг сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохирсон болно. Гэвч хариуцагч нь гэрээ байгуулсан даруй тээврийн хэрэгсэлийг шалган авч явсан боловч 7 хоногийн дараа 8,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч О.Агаас худалдах худалдан авах гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч О.А шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Х.Б болон О.Агийн иргэний үнэмлэхийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлж, хариуцагч нь хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч О.Ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч О.Ад 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл тэрээр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2023/01625 дугаартай захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1130 цагт хэлэлцэхээр товлож, мөн өдрөө хариуцагчийн 0 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр ирээгүй ба товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч гарын үсэг зураагүй эвлэрлийн гэрээг ирүүлсэн тул үүнийг тодруулах үүднээс шүүх хуралдааны товыг хойшлуулсан байна.

 

2а. Ингээд шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1100 цагт товлосон ба шүүх хуралдааны товыг хариуцагч О.Агийн 0 дугаарын утсаар мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй тул түүний оршин суух хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлэхэд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Сэрүүнтунгалаг хүлээн авсан, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна гэж заасан зохицуулалтад нийцсэн буюу хариуцагч О.Ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж үзнэ.

 

2б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

2в. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Hummer H2 маркийн, 0 УБЭ улсын дугаартай, 0 арлын дугаартай, улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Х.Б бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна.

 

3б. Х.Б болон О.А нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 4469 бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, дээрх автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдахаар, гэрээ байгуулсан өдрөө тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхөөр, төлбөрийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохирч, гэрээ байгуулагдсанаас 7 хоногийн дараа төлбөрөөс 8,000,000 төгрөгийг хариуцагч О.А нь нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

4. Дээрх гэрээний 3.3-т Гэрээг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлэх: төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд бүртгүүлнэ гэж заасны дагуу төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй тул тээврийн хэрэгслийн эзэмших эрх хариуцагч О.Агийн нэр дээр шилжээгүй байгаа, машиныг О.А нь гэрээний дагуу хүлээн авч, өнөөдрийг хүртэл бодитоор эзэмшиж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Х.Б нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөгийг хариуцагч О.Агаас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

5. Шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Агаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.Агаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ