Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/197

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ш.Наранчимэг,

Шүүгдэгч Н.М,      

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,     

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-ийн М-т холбогдох 2528002920293 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

Биеийн байцаалт:           

Холбогдсон гэмт хэргийн талаар:                    

Шүүгдэгч Н.М нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.О-тай маргалдаж, улмаар түүний бие махбодод хүч хэрэглэн халдаж түүний биед баруун бугалга, хэвлий, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.М-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Н.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 08 дугаар сарын 13-нд манай оёдолчин найз ажлын байртай болсон, цай уу гээд дуудсан. Би 22 цагийн үед очсон. Шөнө 00 цагийн үед М миний утас руу залгаад би хамт явах байсан юм гэж яриад, бас манай найз руу би очиж болох уу гэж ярьж байгаад ирсэн. Би шөнө 01 цагийн үед гэртээ такси бариад ирсэн. М манай найзынд үлдсэн. Намайг гэрт унтах гээд хэвтэж байтал Б гэх эмэгтэй миний утас руу залгаад, М эхнэргүй шүү дээ, манай нөхрийг наашаа явуул гэж ярихаар нь би тэр эмэгтэй өөдөөс чи яасан олон нөхөртэй юм гээд яриад байтал М гаднаас орж ирээд миний утсыг булааж авсан. Тэгээд тэр Б гэх эмэгтэйтэй ярьж байгаад гэнэт нэг гараараа миний толгойтой үснээс зулгааж, нэг гараараа миний хоолойноос багалзуурдаж, хоёр хацар руу ээлжилж нэг нэг удаа алгадаж аваад, дагз хэсэгт зангидсан гараараа 1 удаа цохиж авсан. Дахин гараараа толгойтой үснээс зулгааж байгаад толгой, дагз хэсэгт 1 удаа цохиж авсан. Мөн зангидсан гараараа миний баруун талын мөр, бугалга, шуу хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, гуя, нуруу хэсэгт 5-6 удаа өшиглөж авсан. Намайг зодоод гэрээс гарч зугтах боломж өгөөгүй. М-ыг гэрээс гараад нойлд орох хооронд гэрээс гарч О-ийн дүүгийнхээ гэрийн хаалгыг нүдэж дүүгээ дуудсан. М О-ийг зодох гээд, гэрт усны саван дээр байсан хутга авч О-ийн хоолойд тулгаад, бүгдийг чинь ална, та нарыг тайван байлгахгүй, танай эгч чинь намайг хардаад би уурандаа зодсон юм, хохь чинь, наадах чинь надад ял болохгүй, би яах ч үгүй гэж дарамтлаад байсан... М надаас уучлал зөндөө гуйсан. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надад эмчилгээний зардалд 650,000 төгрөг миний өөрийн Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлж, 1 ширхэг малын мах өгч, миний хохирлыг 100 хувь барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... Одоо надад гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 41-43 дахь тал)  

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 08 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Их-Уул 25-3 тоотод өөрийн гэртээ амарч байсан чинь 02 цаг өнгөрч байхад учиргүй хаалга нүдээд цагдаа дуудаарай гээд манай эгч О хашхирсан. Тэгээд би хаалга онгойлгоод гараад очсон чинь нүүр нь цус, хувцас нь цус болчихсон М намайг зодоод байна гээд зогсож байсан. Тэгсэн М нойл орчхоод хүрч ирээд та нар цагдаагаа дуудахгүй юу би айхгүй гээд гар далайгаад намайг довжоон дээрээс түлхээд буулгасан. Би О-гийн гэр рүү нь ороод үзсэн чинь гэрийн шалаар цустай, нэг талын багана нь дээгүүрээ хугарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудах гэсэн чинь М, О хоёр араас орж ирээд М усны саван дээр торонд байсан хутга гаргаж ирээд миний хоолой дээр тулгаад та нар цагдаа дуудаж айлгах гээд байна уу, би тэрнээс чинь айхгүй гээд хутгаа хоолойноос авсан. Тэгэхээр нь би гарах гээд үүд рүү явсан чинь намайг гаргахгүй, баруун талын ор руу түлхээд суулгасан. Орны доод талын модонд миний хөл цохигдсон байсан. Хоёр хэсэг багахан хөхөрсөн байсан. Би орилоод М-ыг жоохон загнасан чинь М чимээгүй болоод газар хэвтээд өгөхөөр нь би О-тай хамт гараад байшинд ороод цагдаа дуудсан. Цагдаа удаагүй ирээд М-ыг аваад явсан.” (хавтаст хэргийн 12-14 дэх тал)            

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ӨМГ0725/328 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.О-гийн биед баруун бугалга, хэвлий, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 97, 98 дахь тал)

Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 87 дугаар тогтоол (хавтаст хэргийн 100-101 дэх тал)

Прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 87 дугаар санал (хавтаст хэргийн 102-103 дахь тал). 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.      

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Н.М нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.О-тай маргалдаж, улмаар түүний бие махбодод хүч хэрэглэн халдаж түүний биед баруун бугалга, хэвлий, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.       

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал), гэрч Т.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ӨМГ0725/328 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                               

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.М нь хохирогч Ц.О-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх заалтаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Н.М нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.М-ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.                   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн  5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.  

Шүүгдэгч Н.М, хохирогч Ц.О нар нь хамтран амьдраад 8 сар болж байгаа болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.    

Иймд шүүгдэгч Н.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.       

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.     

Шүүгдэгч Н.М-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад “...М надаас уучлал зөндөө гуйсан. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надад эмчилгээний зардалд 650,000 төгрөг миний өөрийн Хаан банкны ... дугаарын данс руу шилжүүлж, 1 ширхэг малын мах өгч, миний хохирлыг 100 хувь барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй... Одоо надад гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 41-43 дахь тал) гэж мэдүүлж байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-д 650,000 төгрөгийн, мөн Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 51,250 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 79,104 дэх тал) зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.                   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.                                                                            

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний хувьд хохирогчтой уулзаж уучлалт гуйсан, ялыг хүлээн зөвшөөрч байна  гэх тайлбарыг тус тус гаргав.                                        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.               

Шүүх шүүгдэгч Н.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т 500 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Прокурорын “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” саналд торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон бөгөөд шүүх хуралдааны явцад саналд дурдсан хугацаанд өөрчлөлт оруулж 3 сар болгох тухай дүгнэлтээ танилцуулсан, уг дүгнэлтийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор зааснаас үзвэл торгох ял хэсэгчлэн төлөх дээд хугацаа гурван жил байхаар тогтоож, доод хугацааг тухайлан заагаагүй байна. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “...90 хоногийн дотор...” гэж тодорхойлсон хэмжээгээр торгох ялын доод хугацааг ойлгох бөгөөд энэхүү хугацааг багасгаж тогтоох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаас гадна хууль хэрэглээний зөв жишигт нийцэхгүй тул оролцогчдын гаргасан дүгнэлт, тайлбарыг үндэслэн торгох ял хэсэгчлэн төлөх хугацааг 3 сар болгож зөвтгөж шийдвэрлэсэн болно. 

Бусад асуудлаар.          

Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-д 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөг, Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 51,250 (тавин нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.   

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т 500 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О-д 650,000 (зургаан зуун тавин мянган) төгрөгийн, Өмнөговь аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 51,250 (тавин нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.          

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ