Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0331

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б Наянбуу,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Лувсанданзанжанцан

Маргааны төрөл: Б.Наянбууд газар эзэмших эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Наянбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарийн нуур” гэх газарт сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 208 дугаар захирамжаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд нийслэлийн хэмжээнд фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлснийг үндэслэн газар эзэмших эрхийн 0228204 дүгээр гэрчилгээг олгожээ.

Улмаар Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын хамтарсан 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 218/101 дүгээр тушаалаар фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэдэд ашиглуулах газрын хэмжээ, байршлыг баталсан байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/516 дугаар мэдэгдлээр “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруулалтад Б.Наянбуугийн төсөл шалгарсан тул Нийслэлийн Хөдөө, аж ахуйн газартай гэрээ байгуулж хамтран ажиллах талаар мэдэгджээ.

Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуурт гэх газарт байрлах газрыг саалийн үнээний ферм, мал бордох аж ахуйн чиглэлээр ашиглагч иргэдээс газраа нэр дээрээ шилжүүлэн авахаар өргөдөл гаргахад Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/611 дүгээр албан бичгээр газар ашиглалтын гэрээний хэрэгжилтийг ажлын хэсэг газар дээр нь үзэж шийдвэрлэх тухай хариуг өгсөн байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Б.Наянбуу нар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17/05-10 дугаар “Саалийн үнээний ферм байгуулахаар хамтран ажиллах тухай гэрээ”-г байгуулсан байна.

Нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үйл ажиллагаа явуулж байгаа газраа өөрийн нэр дээр эзэмшиж, гэрчилгээ олгуулахаар хүсэлт гаргахад 2019 оны хаварт багтаан Нийслэлийн газрын албанд уламжлахаар шийдвэрлэжээ.

Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/1256 дугаар албан бичгээр материалын бүрдэл дутуу байх тул Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.

Нэхэмжлэгчээс дахин Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлт гаргахад нэгдсэн журмаар мониторинг хийсний дараа шийдвэрлэнэ гэх төлвөөр хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

“Саалийн үнээний ферм байгуулахаар хамтран ажиллах тухай гэрээ”-ний үүргийн биелэлтийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 100% гэж дүгнэн акт үйлдэж Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон Б.Наянбуу нар гарын үсэг зүрсан байна. Мөн Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хөдөө аж ахуйн эдэлбэр газар, усан хангамж, хориглосон бүс хариуцсан мэргэжилтэн болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 08, 22-ны өдөр Б.Наянбууг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарийн нуур” гэх газарт 2 га газрыг эзэмших эрхийг шилжүүлэх саналыг гаргажээ.

Б.Наянбуугаас Нийслэлийн Засаг даргад хандан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/6063 дугаар албан бичгээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу ашиглаж буй газрын эрхийг шилжүүлэх тухай дээрх байгууллагын албан бичиг дутуу байх тул шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгсөн байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/6746 дугаар албан бичгээр дээрх газрын асуудлыг шийдвэрлэж Б.Наянбууд хариуг хүргүүлэх талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргад мэдэгдсэн байна.

3. Улмаар нэхэмжлэгч Б.Наянбуу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Тухайн газар дээр шалгарсан төслийн дагуу өөрийн хөрөнгөөр болон үйл ажиллагааны орлогоороо 24 үнээний байр, тэжээлийн хашаа, саравч, гүний худаг, ажилчдын байр барих, цахилгаан шугам татах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийсэн бөгөөд Улаанбаатар хот болон Багануур дүүргийн малчдад өвс, ногоон тэжээл, төмс хүнсний ногоо тариалж нийлүүлэх зэргээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой үйл ажиллагаа явуулж, газрын төлбөр төлөх, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх, газрын тухай хуулийг дагаж мөрдөх үүргээ зөрчөөгүй, зохих ёсоор биелүүлж байгаа болно.

"Сүүний үхрийн аж ахуй байгуулахаар хамтран ажиллах гэрээ”-ний 6.5-д тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой хөрөнгө оруулалт хийсэн бол ашиглалтын 2 дахь жилээс газар эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгч буюу надад шилжүүлэн өгөхөөр тохиролцсоны дагуу миний бие 2019 оноос хойш газар эзэмших эрх олгохыг хүсэж удаа дараа хэд хэдэн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлж чадахгүй хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар хохирч байна.

… Газрын тухай хуулийн 33.1.2-т "Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.” гэж заасан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан "Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн болон мал бордох аж ахуй байгуулах" төсөл сонгон шалгаруулалтад оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн Б.Наянбуу надад Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Нарийн нуур” нэртэй газарт байрлаж байгаа 2 га газрыг эзэмших эрх олгож өгөхийг хүсч Нийслэлийн Засаг даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргалаа.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Иргэн Б.Наянбуугийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ тус албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг. Гэвч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу ашиглаж буй газрын эрхийг шилжүүлэх тухай дээрх байгууллагын албан бичиг дутуу байх тул материалын бүрдлийг хангасны дараа шийдвэрлэх боломжтой.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн энэхүү маргаан 2019 оноос эхлэлтэй. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба ямар нэгэн хариу өгөөгүйгээс өнөөдрийг хүрсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас сүүлд ирүүлсэн тайлбараас үзэхэд гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгуулагдаж гэрээг дүгнэхээр ажиллаж байгаа юм байна. Шийдвэрлэхгүй гэсэн тайлбар өгөөгүй байна. Иймд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас гарсан аливаа шийдвэрийн үндсэн дээр Нийслэлийн Засаг даргаас шийдвэр гарна.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.“Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/1256 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01-08/6063 дугаар албан бичгүүдээр хариуг өгсөн байх тул Нийслэлийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй. 

Харин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/1256 дугаар албан бичгээр материалын бүрдэл дутуу байх тул Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжгүй гэх хариуг хүргүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр гэдэгт хамаарч байна. 

  1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.“Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2.“Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.3.“Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:”, 38.3.1.“энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;”, 38.4.“Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заажээ.

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 208 дугаар захирамжаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд нийслэлийн хэмжээнд фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлснийг үндэслэн зохион байгуулсан “Улаанбаатар хот орчимд сүүний үхрийн аж ахуй болон мал бордох аж ахуй байгуулах” төсөл сонгон шалгаруулалтад Б.Наянбуугийн төсөл шалгарч,  Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Б.Наянбуу нар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17/05-10 дугаар “Саалийн үнээний ферм байгуулахаар хамтран ажиллах тухай гэрээ”-г байгуулжээ.

Тус гэрээний 6.5-д тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж, тогтвортой хөрөнгө оруулалт хийсэн бол ашиглалтын 2 дахь жилээс газар эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгчид эзэмшүүлэхээр заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийг гаргахад материалын бүрдэл дутуу гэж буцаасан нь хуульд нийцжээ. 

Тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа газрыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар газар эзэмших эрх шилжүүлэгч болох Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хүсэлт хавсаргаагүй байна. 

Дээрх байдлаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас газар эзэмших эрхийг Б.Наянбууд шилжүүлэх тухай хүсэлтийг хавсаргаагүй байхад түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд гэрээг дүгнэж, түүнд уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэх тухай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны шийдвэр гарсны дараа шийдвэрлэх боломжтой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж байгааг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Нэхэмжлэгч нь газар эзэмшигч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас эзэмших эрх шилжүүлэх талаар хүсэлтийг авсны үндсэн дээр дахин хүсэлт гаргахад шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.1, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Наянбуугаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нарийн нуур” гэх газарт сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН