Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/709

 

А.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-н өмгөөлөгч Г.О,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.С-д холбогдох эрүүгийн 1908 00134 0590 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х ц овгийн А-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөг эцэг, эх, ах нарын хамт .......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

А.С-д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр..... дүүргийн .... дугаар хороо, “............”-ийн ажлын байрны хувцас солих өрөөнд М.Б-тай маргалдаж, улмаар “Iphone-6” загварын гар утас шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.... дүүргийн прокурорын газраас: А.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

........н дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х ц овогт А. С-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-г 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан нийтэд тустай ажил  хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ............. дугаарын сериалтай, хавтгай нимгэн дэлгэцтэй, дэлгэц хагархай “Iphone-6” загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.С-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсантай холбоотой гарсан гэх 442.900 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч А.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.С тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, бусдад учруулсан бодит хохирлоо сайн дураар бүрэн төлж барагдуулсан юм. Өөрөөр хэлбэл, би Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан. Гэтэл анхан шатны шүүхээс надад 600 цагийн хугацаагаа нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаад гомдолтой байна. Учир нь, би тодорхой эрхэлсэн ажилтай, торгох ял шийтгэл оногдуулсан тохиолдолд торгуулийн мөнгийг заасан хугацаанд нь төлөх бүрэн боломжтой байсан. Үүний улмаас би ажил хөдөлмөр хийх боломжгүй болж хохирон үлдэх нөхцөл байдал үүсч байгааг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан албадан ажил хийлгэх ял шийтгэлийг торгох ялаар сольж өгнө үү.

2. 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр миний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дууссан юм. Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа  нь дууссан тохиолдолд шүүхээс гэм буруутайд тооцон, ялаас чөлөөлөх хууль зүйн зохицуулалттай байна. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тооцно” гэж тус тус зөрүүтэй заасан ба дээрх хуулийн зөрүүтэй байдлын талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн, хянагдаж байгаа тул шүүхийн шатанд хянагдаж байгаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан олон хэргүүд түдгэлзүүлсэн байдалтай Цэцээс гарах шийдвэрийг хүлээж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг түдгэлзүүлэн, Үндсэн хуулийн цэцийн олонхоор хэлэлцэх хурлаас гарах шийдвэрийг хүлээх зайлшгүй шаардлагатай байгааг анхаарч үзнэ үү. ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-ийн өмгөөлөгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор гомдол гаргасан учраас гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолоод үзэхээр 2019 ны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 206 өдөр буюу 6 сар 25 өдөр байгаа. Хэрвээ шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэвэл анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох хэрэгтэй болно. Тэгвэл 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 7 сар 28 хоног буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нэг жилийн хугацаанд яллагдагчаар татаж, шүүхийн шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг гэмт хэрэг 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд үүний дараа А.С  нь ажлаасаа гарсан. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл эрхэлсэн тодорхой ажилтай эсэх баримтыг аль ч шатанд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь А.С-ийн гэм бурууд нь тохирсон гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Гэхдээ 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр буюу тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан тул хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “......”-ийн ажлын байрны хувцас солих өрөөнд М.Б-тэй маргалдаж, улмаар “Iphone-6” загварын гар утас шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Б-ын “... Би 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө 09 цагийн үед ажлаа хийж байгаад 11 цагийн үед цуг ажилладаг А.С, Ч, Б нартай нийлж 0,75 литрийн 2 шил архи хувааж уугаад дуусаад байж байхад инженер Э “та нар архи уусан байна, С, Ч хоёр чинь их согтсон байна” гэсэн. Тэгээд 14 цагийн орчимд хувцас солих өрөөнд ороод хувцасаа тайлаад өмдөө өмсөж байхад С барьж байсан шаргал өнгийн “Айфоне” загварын гар утас шидэж миний зүүн нүдийг оночихсон. Хувцас солих өрөөнд хамт байсан инженер М намайг аваад эмнэлэг рүү явсан. С миний нүд рүү утас шидсэнийхээ дараа гараад зугтаачихсан. ...” /1 хх 51-52/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О-н  “... Миний нөхөр М.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид ажлын байран дээрээ хүнд зодуулсан. Бид хоёр эмнэлгээр явж, зүүн  нүдэнд эмчилгээ хийлгээд зодсон С-г ирж уучлалт гуйж эмчилгээ хийж өгөх байх гэж бодсон. С нь холбоо барихгүй ажлаасаа гарсан байсан тул 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн. Миний нөхөр М.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ажлын байран дээрээ хүн аврах гэж байгаад нас барсан. ...” /1 хх 113-114/,

гэрч Г.М-ын “...Би 10 цаг 30 минутын үед очиход хамт ажилладаг Б, С хоёр согтуу байдалтай ажлын байран дээр сууж байхаар нь би хувцас солих өрөөнд хувцасыг нь солиулахаар оруулсан. Тэр хоёр хувцасаа сольж байхдаа С нь Б-ыг “хаяж явах гэлээ, хамт явсангүй” гээд уцаарлангуй байж байгаад гэнэт буйдан дээр сууж байгаад хувцасаа сольж байсан Б-ын зүгт гар утсаа шидсэн. Б тухайн үед миний урд өмдөө татаад босох гэж байсан ба түүний зүүн нүдийг нь онож, утас нь газар гурав хагарч унасан. Б нь нүдээ дараад суухаар нь гарыг нь салгаад хартал зүүн нүдний орчим цус гарч эхэлсэн. Би шууд түүнийг гэмтлийн эмнэлгийн урд байрлах нүдний эмнэлэгт хүргэж өгчихөөд явсан. ...” /1 хх 11/,

гэрч Ц.М-ийн “...М.Б нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр манай эмнэлэгт ирж үзүүлсэн. Анхны үзлэгээр зүүн нүд улайсан, баруун нүдний хараа 100 хувь, зүүн нүдний хараа 8 хувь, зүүн нүдэнд даралт бууруулах 4 эм дусааж байгаа. Хатуу биетээр цохиулж, битүү гэмтэл нь хүчтэй цохилтоос үүснэ. 10 сарын 03-ны өдөр нүдний даралт бууруулах мэс засал хийж, зүсэлт хийн 5 оёдол тавьсан. ...” /1 хх 92/,

шинжээч С.Ч-ийн “... М.Б-ын биед 2018 оны 10 дугаар сарын 1-ээс 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хийгдсэн нүдний эмч нарын үзлэгээр зүүн нүдний харааны бууралт нь 0,02-оос 0,1 хүртэл сэргэсэн байсан. Иймд харах чадвар аажмаар нэмэгдсэн байх тул хараа бууралтыг гэмтлийн шалгуур шинж гэж үзээгүй. 846 дугаартай дүгнэлтийг гарах үед харааны бууралт 0,09 байсан тул хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтэд зааснаар 30 хувь чадвар алдалтад хамааруулж гэмтлийн хүндэвтэр зэрэг гэж тогтоосон байна. Энэ хоёр дүгнэлтийн гэмтлийн зэрэг нь ижил боловч шалгуур шинж нь өөр юм. ...” /1 хх 93-94/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...М.Б-ын биед зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,09/ хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад 30% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 846 дугаартай дүгнэлт /1 хх 14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... М.Б-ын ... нүдний эмчийн үзлэгүүдээр ... 2019.04.03-ний өдрийн үзлэгт Зүүн нүдний хараа 0,1 болж харах чадвар аажмаар нэмэгдсэн байна. Иймд дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийн амь насанд аюултай эсэх, гэмтлээс үүссэн үлдэц уршиг гэсэн шалгуур шинжүүдэд хамаарахгүй. ... шинжээчийн 846 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...” гэх материалаас хийсэн 450 дугаартай дүгнэлт /1 хх 20-21/,

“Орбита” нүдний эмнэлгийн өвчтөний картын хуулбар /1 хх 27-32/, Иргэний эрүүл мэндийн дэвтэр /1 хх 34-37/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.С-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.С-ийн хохирогч М.Б-ын зүүн нүдний орчим өөрийн “Айфоне 6” загварын гар утсыг шидэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний өмнөд камерын цус хуралт, шар биеийн сорвижил, хараа бууралт /0,09/ хүүхэн харааны өргөсөлт, хоёрдогчоор нүдний даралт ихсэлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.С-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруу зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгчийн гаргасан “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Харин “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй ...” талаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилж, үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж зохицуулж байв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж баталсан өдрөөс хүчингүй болгосон байна.

Шүүгдэгч А.С нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааны хамаарлаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг тогтоолд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч А.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.С-ийн гаргасан давж заалдсан гомдлоос “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ

 

                                 ШҮҮГЧ                                                        М.АЛДАР