Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2023/02415

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 1

101/ШШ2023/02415

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С ХХК холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 0 дугаар байрны 16 давхрын 169 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э ХХК

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, гуравдагч этгээдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Д нь С ХХК-ийн захиалан бариулж буй Баянзүрх дүүргийн 0 хотхонд байр захиалж 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2021/03/06-1 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г байгуулж уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж төлбөр болох 78,352,000 төрөгийн төлбөрийг төлж дуусгасан. Төлбөрийг төлөхдөө машин оролцуулсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг хариуцагч талын санал болгосноор С ХХК-ийн борлуулалтын менежер М.Бын дансанд шилжүүлсэн. Тухайн байр ашиглалтанд орж Р.Д нь амьдарч эхэлсэн боловч 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр С ХХК-иас ...Манай байгууллагын зүгээс танай одоогийн амьдран сууж байгаа /ашиглаж байгаа/ орон сууцны өмчлөх эрхийг та бүхний нэр дээр гаргаж өгөх боломжгүй байдал үүсээд байна... гэх утга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдэлтэй холбоотойгоор бид тодруулахад С ХХК нь Э ХХК-тэй цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд зааснаар цахилгаан шатны төлбөрийг Скай ресидэнц 2Д байрнаас 100 хувь бартераар Э ХХК-д төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Р.Дгийн авсан байр нь С ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Э ХХК-д олгогдох байр байсан талаар мэдээлэл олж авсан. С ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаас болж Р.Дгийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоос татгалзаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний 4.1-д Ажил гүйцэтгэгчийн үүрэг, 4.1.2-т Захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил, өмчлөлд шижүүлнэ гэж зааж өгсөн байдаг. Гэтэл С ХХК нь өнөөдрийг хуртэл гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ биелүүлэлгүй Р.Дг хохироож байна гэж үзэж байна. Дээрхээс нэгтгэн үзэхэд нэхэмжлэгч Р.Д нь анхнаасаа С ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж төлбөрөө бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул С ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаас болж ийнхүү өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөс татгалзаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн 0 тоот байрны өмчлөгчөөр Р.Дг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг Р.Дд гаргаж өгөхийг хариуцагч С ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: /Сүүлд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй/

Манай компанийн туслан гүйцэтгэгчээр Э ХХК-ийг сонгон шалгаруулж цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон. Тус компани нь цахилгаан шат захиалах мөнгөний хэрэгцээ шаардлага байгаа учраас, ажил гүйцэтгэх гэрээний дагуу Э ХХК-д 0 блок барилгаас 9 ширхэг орон сууцыг шилжүүлж улмаар тус компанийн захирал С.Ань гуравдагч этгээдэд зарж борлуулсан болно. Э ХХК-ийн захирал С.Ань ажил гүйцэтгэх гэрээний дагуу цахилгаан шат нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд ажлын явцын талаар тодруулахад хил гааль хаалттай, бараа татан авалт удаашралтай байна би лифтийг чинь хүлээлгэн өгчихнө гэх мэт шалтаг тоочин манай компанийг залилан мэхэлсэн үйлдлийг гаргасан. Иймд манай компанийн зүгээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж Э ХХК-ийн захирал С.Ат холбогдуулан гомдол гаргаж, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.А нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 0тогтоолын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Я.Д нь дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Э ХХК-ийг үүсгэн байгуулж, гадаад худалдаа, барилгын цахилгаан шат угсрах ашиглалт дээр ажиллаж байгаад 2019 оноос эхлэн ажиллахаа болисон. Энэ үеэр хуучны танил С.Ань манай компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байя гэсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр итгэмжлэл хийн манай компанийн тамга тэмдгийг ашиглан ажиллах болсон. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхээс Р.Дгийн нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр манай компанийг татсан. Миний хувьд С ХХК-тай гэрээ хийсэн зүйл байхгүй надад ямар ч хамааралгүй харин итгэмжлэлээр гэрээ хийсэн С.Ат хамааралтай байгаа тул эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй С.Аийг гуравдагч этгээдээр татаж тухайн шүүх хурлаа үргэлжлүүлэн явуулсан нь дээр гэж бодож байна.

Иймд би ар гэрийн ажилтай шүүх хуралд тэр болгон ирээд байх боломжгүй шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2021/03/06-1 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц хүлээлцэх акт, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн С ХХК-ийн мэдэгдэл, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0260 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, Р.Дгийн 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2022/06479 дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/09006 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Тын хариу тайлар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2022/09124 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШТ2022/00228 дугаартай тогтоол, байрны хүснэгт, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20/08/28-1, 20/08/28-2, 20/08/28-4 дугаартай Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол, хариуцагчийн итгэмжлэлээсээ татгалзсан албан бичиг, хариуцагчийн Э.Быг томилсон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 07, 08, 09-ний өдрийн шилжүүлэгийн мэдээллүүд, С ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Э ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хариу тайлбар, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3213 дугаартай итгэмжлэлийг тус тус гуравдагч этгээд нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

5. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1/5548 дугаартай албан бичгээр нийт 15 хуудас нотлох баримт ирсэн ба 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, мөн өдрийн хохирогч М.Баас авсан тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн С ХХК-ийн итгэмжлэлүүд, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, мөн өдрийн хохирогч Б.Ггаас авсан тэмдэглэл, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 28ж-4/4780 дугаартай албан бичгээр нийт 10 хуудас нотлох баримт ирсэн ба С ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, мөн өдрийн хохирогч М.Баас авсан тэмдэглэл, С ХХК-ийн итгэмжлэлүүд, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэрч М.Бын мэдүүлэг, Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр 1 хуудас нотлох баримт ирсэн ба тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/, Э.Мы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч С ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 0 дугаар байрны 16 давхрын 169 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг Р.Дд гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч С ХХК нь туслан гүйцэтгэгчээр Э ХХК-ийг сонгон шалгаруулж цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж хамтран ажиллахаар болж, тус компани нь цахилгаан шат захиалах мөнгөний хэрэгцээ шаардлага байгаа учраас, ажил гүйцэтгэх гэрээний дагуу Э ХХК-д 0 блок барилгаас 9 ширхэг орон сууцыг шилжүүлж, улмаар тус компанийн захирал С.Ань гуравдагч этгээдэд зарж борлуулсан, тус компанийн захирал С.Ань ажил гүйцэтгэх гэрээний дагуу цахилгаан шат нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй, ажлын явцын талаар тодруулахад хил гааль хаалттай, бараа татан авалт удаашралтай байна би лифтийг чинь хүлээлгэн өгнө гэх мэтээр шалтаг тоочин манай компанийг залилан мэхэлсэн үйлдэл гаргасан тул эрүүгийн журмаар шалгуулж байгаа гэх үндэслэлийг гаргаж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2023/01470 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэдд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисон ба тэрээр уг захирамжид гомдол гаргаж, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШТ2023/00063 дугаартай тогтоолоор 101/ШЗ2023/01470 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Р.Д нь 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 2021/03/06-1 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-г С ХХК-тай байгуулсан байх ба Баянзүрх дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 0 тоот хаягт байрлах, 48,97 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан бариулж, ажлыг 2021 оны 01 дүгээр улиралд багтаан хийж гүйцэтгэхээр, уг гэрээнд байрны үнийг тодорхой тусгаагүй боловч гэрээний 3.1-д Уг байр нь 100 хувь Э ХХК-ийн бартерийн байр бөгөөд төлбөр тооцоо болон НӨАТ-тай холбоотой бүх асуудлыг Э ХХК бүрэн хариуцах болно гэж тусгаж, харилцан тохиролцсон байна.

 

3б. Дээрх гэрээнд Р.Д, С ХХК-ийг төлөөлж менежер М.Б нар гарын үсэг зурсан байх ба зохигчид түүнийг компанийг төлөөлөх бүрэн эрхтэй байсан эсэх талаар маргаагүй, улмаар гэрээний дагуу Р.Д нь орон сууцны төлбөрт М.Бын 0тоот дансанд 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн дансанд 2,000,000 төгрөг болон 2,500,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөг шилжиж орсон, орон сууцны үлдэгдэл төлбөрт Р.Д нь өөрийн эзэмшлийн lexus RX450 маркийн автомашиныг тооцон өгч, уг автомашиныг нь М.Б хүлээн авч, цааш нь Э ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь Р.Дгийн 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч М.Бын мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

3в. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний үнэ тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үнийг 78,352,000 төгрөг гэж, гэрч М.Б нь 68,500,000 төгрөг гэж зөрүүтэй байдлаар мэдүүлж, тайлбарлаж байх боловч С ХХК нь Р.Дг гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгч, улмаар нэхэмжлэгч нь орон сууцандаа орж, өнөөдрийг хүртэл бодитоор эзэмшиж, амьдарч байгаа болох нь Орон сууц хүлээлцэх акт, С ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3г. М.Б нь өөрийн дансаар авсан 21,500,000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг Я.Д, 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг Б.Г, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 12,130,000 төгрөгийг н.Ат, үлдэгдэл 2,370,000 төгрөгийг зуучилсан гэх н.Лд тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 07, 08, 09-ний өдрийн шилжүүлэгийн мэдээллүүд, гэрч М.Бын мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

3д. Р.Д нь өөрийн эзэмшлийн 0 УБД улсын дугаартай, Lexus RX450H маркийн сувдан цагаан өнгөтэй, 0 арлын дугаартай автомашиныг захиран зарцуулахтай холбоотой эрхийг 1 жилийн хугацаатайгаар 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Э.Мд итгэмжлэл олгосон байх бөгөөд одоо уг тээврийн хэрэгсэл нь 0ДАН улсын дугаартай болж, Б ББСБ ХХК-ийн эзэмшилд шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Гэрч М.Бын мэдүүлэг, дээрх итгэмжлэл болон лавлагаа зэргээс үзэхэд Р.Д нь өөрийн эзэмшлийн автомашиныг С ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт тооцон шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-ний нэр болон агуулгаас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч Р.Д нь орон сууцыг анхнаас нь бий болгохтой холбоотойгоор ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн нэгэн адил үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч С ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, зааварчилгаа өгөх, өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах арга хэмжээ авах зэрэг эрх, үүргийг хүлээгээгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

4а. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний үнэ нь гэрээний гол нөхцөл болохын хувьд гэрээний талууд энэ хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж зааснаар үнийг гэрээнд тусгах, хэрэв тусгаагүй бол тодорхойлох арга хэрэгслийн талаар тохиролцох учиртай.

 

Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд үнийн талаар тодорхой заагаагүй, үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай тухайлан тохиролцоогүй байх боловч нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч С ХХК-иас тус 48.97 м.кв талбайтай орон сууцыг 78,352,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар төлбөрийг хариуцагч компанийн менежер М.Бын дансанд төлбөрийн зарим хэсгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрт нь өөрийн эзэмшлийн машиныг хүлээлгэн өгснийг хариуцагч тал үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь энэхүү хэрэгтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэх үндэслэлээр тайлбар өгсөн, харин нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой өөр тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнийг 78,352,000 төгрөгөөр тохирсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. С ХХК нь Э ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 20/08/28-1, 20/08/28-2, 20/08/28-4 дугаартай Барилгын туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 0 блок барилгын 4 ширхэг, 0 блок барилгын 2 ширхэг, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нугаг дэвсгэрт баригдах 0блок барилгын 4 ширхэг цахигаан шат нийлүүлэх, суурилуулах, зүгшрүүлэх ажлыг олгосон зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр, нийт захилгат ажлын хөлс 600,000,000 төгрөг ба төлбөрийг 0 байрнаас 100 хувь бартерлаж барагдуулахаар, 20/08/28-4 дугаартай гэрээнд үлдэгдэл төлбөр болох 66,678,000 төгрөгийг ажлын гүйцэтгэлээс хамааран олгохоор талууд тохирсон байна.

 

Э ХХК-ийг төлөөлөн ерөнхий инженер С.Агарын үсэг зурсан байх ба тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Я.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр компанийг төлөөлөн С ХХК-тай гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын зурах, төлөөлөх эрхийг С.Ат 1 жилийн хугацаатай олгосон, энэхүү итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд С.Ань С ХХК-тай дээрх гэрээнүүдийг байгуулжээ.

 

5а. С ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Р.Дд дээрх Э ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг тус компани нь зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор амьдарч буй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн, цаашид энэ байдал үргэлжлэх тохиолдолд бидний зүгээс орон сууцыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах болсныг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

5б. Зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д уг байр нь 100 хувь Э ХХК-ийн бартерын байр бөгөөд төлбөр тооцоо болон НӨАТ-тэй холбоотой бүх асуудлыг Э ХХК бүрэн хариуцах болно гэж заасан байгаа боловч хариуцагч С ХХК нь өөрийн барьж гүйцэтгэсэн орон сууцыг нэхэмжлэгч Р.Дд худалдаж, улмаар нэхэмжлэгчийн төлсөн 78,352,000 төгрөгийг урьд нь Э ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор тус компанид төлжээ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Р.Д нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр 78,352,000 төгрөгийг хариуцагч С ХХК-ийн зохих данс, аль эсхүл эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч тэрээр төлбөрийг хүлээн авах эрхгүй этгээдэд өгсөнийг нь хожим үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрсөн, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгчийн тусын тулд хэрэглэгдсэн /үүргээс чөлөөлөгдсөн/ тохиолдолд нэхэмжлэгчийг үүргийн зүйлийг эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөнд тооцох үндэслэлтэй юм.

 

Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч С ХХК-иас тухайн орон сууцыг худалдан авахаар тохиролцсон, орон сууны үнийг бүрэн төлсөн, худалдагч нь төлбөрийг өөрийн үүрэг гүйцэтгүүлэгч этгээд болох Э ХХК-тай байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн, өөрөөр хэлбэл эдгээр харилцаа нь тус, тусдаа үүссэн иргэний эрх зүйн харилцаа байна.

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй, ийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар С ХХК нь Р.Дд гэрээний зүйлийг 2021 оны 01 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба талууд тус орон сууцыг улсын комисс хүлээн авсан болон орон сууцны хаягжилт /дугаарлалт/-ыг Баянзүрх дүүрэг, 0 тоот хаяг гэж тогтоосон талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Р.Д нь дээрх орон сууцыг бодитоор эзэмшиж, амьдарч байгаа боловч хариуцагч С ХХК нь Э ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой маргааныг үндэслэн нэхэмжлэгч Р.Дд орон сууцны өмчлөх эрхийг холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа нь дээр дурдсан үндэслэлүүдээр үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

 

Эдгээрийг дүгнэвэл хариуцагч С ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч С ХХК-иас орон сууцны өмчлөх эрхийг түүнтэй холбоотой баримт бичгийн хамт өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй юм.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 619,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 619,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Дд олгох нь зүйтэй.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан, мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч Я.Дд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр түүний 0 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тэрээр өмнөх шүүх хуралдаануудад шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэх хүсэлтийг гаргаж байсан зэргээс үзээд хариуцагч болон гуравдагч этгээдийн эзгүйд шүүх хуралдааныг хийх нь зүйтэй гэж үзэв.

 

9. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2023/06694 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Э.Мыг оролцуулахаар шийдвэрлэсэн боловч уг гэрч нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, шүүхээс хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч оролцуулах хүсэлтээ дэмжиж байгаа боловч гэрчтэй холбоотой холбогдох өөр мэдээллийг шүүхэд ирүүлээгүй тул цаашид гэрчтэй холбоотой ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Дг Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байрлах 48.97 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгч Р.Дд гаргаж өгөхийг хариуцагч С ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 619,910 /зургаан зуун арван есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Дд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2022/18151 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ