Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/193

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Арсланбаатар,  

Шүүгдэгч Я.Г,  

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн Я Г-ад холбогдох 2508030130214 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт:  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Г нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг Шивээхүрэн хилийн боомтын нутаг дэвсгэрт иргэн Б.Дгийн эзэмшлийн “Samsung Zflip6” загварын гар утсыг шууд санаатай үйлдлээр хугалж устгасны улмаас 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Я.Г-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би эхнэрээсээ тусдаа амьдраад жил гаран болж байсан. Д бид хоёр дотно харилцаатай болоод 06-07 сар болсон. Бид хоёр нэг хэсэг хамт амьдарсан юм. Хардалтаас болоод л бид хоёр муудалцсан. Намайг алгадахаар нь уурандаа утсыг чинь эвдэнэ шүү гэж хэлсэн. Эхлээд би утсыг нь хугалаагүй юм, утасных нь нугалардаг кейсийг хугалсан. Тэгэхэд намайг дахиад 2-3 удаа алгадсан. Тэгээд уурандаа утсыг хугалсан. Өөр зүйл болоогүй гэв.

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Я.Г-тай 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр танилцсан юм. Тэрнээс хойш бид хоёр хоорондоо харьцаж байгаад 2024 оны 12 дугаар сараас хойш үерхэж эхэлсэн. Г хөдөө том оврын машин барьдаг ажил хийдэг юм. Би 2025 оны 02 дугаар арын 22-ны өдөр Г ажил дээр нь очсон. Г Өмнөговь аймгийн Гурвантэс сум Шивээ хүрэнгийн боомт дээр ажиллаж байсан. Тэгээд би тэр өдрөө Г-ын машин дотор хоноод маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Г машин дотор гар утсаа фейсбүүкээр ороод юм үзэж байгаад өмнө найзалж байсан найз дээрээ зүрх дарсан чинь Г уурлаад бид хоёр маргалдсан. Тэгээд би явах гэтэл миний гар утсыг авчхаад өгөхгүй яв гээд байхаар нь маргалдаж намайг хараагаад байхаар нь би Г-ыг алгадсан. Тэгтэл гар утсыг эвдлээ шүү гэхээр нь чи чадахгүй шүү дээ гэхэд гар утсыг голыг хугалаад хаяхаар нь чи миний гар утсыг эвдчихлээ гээд дахиад хоёр алгадсан. Тэгээд би явлаа гэхэд намайг явуулахгүй байсан. Хэсэг байж байгаад эвлэрсэн ба Г миний гар утсыг төлж өгнө гэж хэлсэн. Тэгээд хотод ирээд гар утасны зээлийг 2 сар төлөөд одоо хүртэл төлөөгүй байна. Samsung Zflip6 512gb гар утас байсан ба 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр лизингээр 4,699,900 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс Г хоёр удаа зээлийн мөнгө 440,000 төгрөгийг өгсөн, би одоо үлдсэн мөнгийг өгөөд явж байгаа. Тэгээд гар утас төлөхгүй гэхээр нь цагдаа хандсан.” (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

Шүүгдэгч Я.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Гурвантэс сум Шивээ хүрэн боомт дээр хувиараа нүүрс тээврийн машин барьдаг ажил хийдэг юм. Би хэсэг эхнэр хүүхдээсээ салаад Д гэдэг эмэгтэйтэй хамт 2 сар гаран амьдарсан. Би Өмнөговь аймгийн Гурвантэс сум Шивээ хүрэн боомт дээр ажил хийж байхад 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д ирсэн. Тэгээд бид хоёр машин дотор хоноод маргааш буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр машин дотроо сууж байхад Д хуучин найз залуутай чатлаад зүрх дараад байхаар нь миний уур хүрээд энэ асуудлаас болоод бид хоёр маргалдсан. Д яв аа гэхээр нь би маргааш яв аа одоо эндээс унаа тэрэг олдохгүй гэхэд одоо явна гээд байхаар нь гар утсыг авчихсан. Тэгтэл намайг 2-3 удаа алгадахаар нь би болохгүй бол утсыг чинь эвдлээ шүү гэхэд Д тоохгүй намайг цохиод байхаар нь утсыг нь голоор нь хугалчихсан. Намайг цохиод байхаар нь би эмэгтэй хүн цохилтой нь биш гээд утсыг нь эвдэлчихсэн. Өөр болсон зүйл байхгүй. (хавтаст хэргийн 36-37 дахь тал)  

Шүүгдэгч Я.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би хохирлыг нь төлж байгаа. Өмнө нь зээлийнх нь 2 сарын төлөлт болох 400,000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлснээс хойш нийт 2,120,000 төгрөгийг хохирогчид төлсөн байгаа. (хавтаст хэргийн 40-41 дэх тал)  

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/002 дугаартай хөрөнгийн үнийн магадлагаанд: “Samsung фирм, Zflip-6 загварын, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр худалдан авсан гэх, гар утас 1 ширхэг, 4,200,000 төгрөг.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал)

Б.Д-гийн Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 7 дахь тал)

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 910 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 57-79 дэх тал)

Хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 88-90 дэх тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Я.Г-ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.       

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Я.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, үлдэгдэл 2,080,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Я.Г нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар баг Шивээхүрэн хилийн боомтын нутаг дэвсгэрт иргэн Б.Дгийн эзэмшлийн “Samsung Zflip6” загварын гар утсыг шууд санаатай үйлдлээр хугалж устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Б.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/002 дугаартай хөрөнгийн үнийн магадлагаа (хавтаст хэргийн 26-27 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал) шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 40-41 дэх тал), шүүх хуралдааны явцад шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Я.Г-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Д-д 4,200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/002 дугаартай хөрөнгийн үнийн магадлагаа (хавтаст хэргийн 26-27 дахь тал)-аар тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирлыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан тул хохирогч Б.Д-д учирсан 4,200,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Үнэлгээний дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлгээчин тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг үнэлгээг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо. 

Мөн шүүгдэгч Я.Г нь бусдын эд хөрөнгөд халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Я.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Я.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-гийн эд хөрөнгөд 4,200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/002 дугаартай хөрөнгийн үнийн магадлагаа (хавтаст хэргийн 26-27 дахь тал)-аар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 2,120,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 88-90 дэх тал) болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул үлдэх 2,080,000 төгрөгийг шүүгдэгч Я.Г-аас гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Б.Д-д учирсан хохирлын хэмжээг 4,590,000 төгрөг гэж тодорхойлж техникийн шинжтэй алдаа гаргасныг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хохирлын хэмжээг 4,200,000 төгрөг болгож зөвтгөв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.        

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Я.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд би машинаа ачаатай нь үлдээгээд, компанидаа хэлэхгүйгээр ирсэн юм, ажил хийж байгаа байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Я.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.          

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Я.Г-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-ад оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

Бусад асуудлаар.    

Шүүгдэгч Я.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Д-д 2,120,000 (хоёр сая нэг зуун хорин мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.     

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Г-ад авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овгийн Я Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-ад шүүхээс оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-аас 2,080,000 (хоёр сая наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-д олгосугай. 

6. Шүүгдэгч Я.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Д-д 2,120,000 (хоёр сая нэг зуун хорин мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.        

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ