| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/05488/И |
| Дугаар | 101/ШШ2023/00695 |
| Огноо | 2023-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2023/00695
| 2023 01 30 | 101/ШШ2023/00693 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.Б нь 2012 оны 9 дүгээр сард 2,000,000 төгрөгийг зээлсэн, мөн дараа нь 200,000 төгрөгийг зээлсэн, мөн түүний эхнэр Д.О нь надаас мөнгө зээлж, энэ хоёрын зээл нийтдээ 6,000,000 төгрөг болсныг миний бие анх нэхэмжилсэн. Д.О нь хилээр гарсан байсан тул энэ үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан. Миний бие энэ 2 хүнд хангалттай хугацаа өгсөн, өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн, шүүхийн шийдвэр гаргуулж, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж, хаягийг нь олж авсан.
Иймд Ж.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгөөс төлсөн 750,000 төгрөгийг хасч, 2,250,000 төгрөг болгож багасгасан байсан боловч энэхүү шаардлагаа 2,200,000 төгрөгөөс Ж.Б болон Б.Оийн нийт төлсөн 750,000 төгрөгийг хасч, 1,450,000 төгрөгийг хариуцагч Ж.Бэс гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ж.Б 2012 онд сайн таньдаг Ц.Наас өөрийн эхнэр байсан Д.Оийн хамт тухайн үед лангуу түрээсэлж, бараа татан авч, зардаг байсан ба эргэлтийн хөрөнгө дутагдалтай байсан учир нийт 3,000,000 төгрөгийн зээлийг 2 үе шаттайгаар зээлж авсан болно. Эхний үед эхнэр Б.О нь Ц.Наас 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Дараа нь мөнгө дутагдаж байсан учир миний бие 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр нэмж зээлсэн нь үнэн болно. Гэтэл иргэн Ц.Н нь бид хоёрыг тус тусдаа мөнгө зээлсэн мэтээр шүүхэд хандаж, 6,000,000 төгрөг нэхэмжилж буйд санал нийлэхгүй байгаа бөгөөд тийм хэмжээний мөнгийг бид аваагүй. Тухайн үед зээл авахад иргэн Ц.Н нь зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд өөрийн хар дэвтэртээ биднээр гарын үсэг зуруулж авсан болно. Зээлийн дэлгэрэнгүйг танилцуулахад миний хувьд 2,000,000 төгрөгийг зээлж авахдаа манай гэр бүлийн зээлсэн мөнгө нийт 3,000,000 төгрөг гэдгийг нотолсон бичиг үйлдсэн. Харин түүний дараа гэр бүлийн хүн болох Б.О нь Ц.Нт зээлийн 2 сарын хүү 1,000,000 төгрөгийн 200,000 төгрөг, мөн үндсэн мөнгөний төлбөр болох 200,000 төгрөгийг төлж хасуулаад нийт манай гэр бүлийн өр 2,800,000 төгрөг боллоо гэж баталгаажуулсан байдаг. Б.Оийн хувьд анх 1,000,000 төгрөг зээлсэн, гэтэл Ц.Н түүнийг засаад 2,800,000 төгрөг болгон өөрчилсөн, хууль зөрчиж хүнийг гүжирдэж буй тул бид хоёр анх мөнгө зээлэхэд хийсэн гар бичмэлийг түүнээс шаардаж байна. Бидний хувьд зээлсэн мөнгөө төлөхгүй гээгүй. Хуулийн дагуу зээлсэн мөнгөө төлж барагдуулах хүсэлтэй байна.
Иймд үнэн зөвийг олж шийдвэрлэж өгөхийг шүүхийн байгууллагаас хүсч байна гэжээ.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мөнгө хүлээлцсэн баримт, Ц.Нын иргэний үнэмлэх, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг, зээлийг тэмдэглэсэн тэмдэглэлийн дэвтрийн хуудас зэргийг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь хариу тайлбараа ирүүлж, өөр бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2-4в/4475 дугаартай албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2-4в/5875 дугаартай албан бичгийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ж.Бд холбогдуулан зээлийн үүрэгт 1,450,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1а. Нэхэмжлэгч Ц.Н нь анх хариуцагч Ж.Б, Б.О нарт холбогдуулан 6,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О нь улсын хилээр гараад, буцаж орж ирсэн бүртгэлд авагдаагүйг үндэслэлээд хариуцагч Ж.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна.
1б. Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Бд холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаад ажиллагааны явцад түүний зээлсэн 2,200,000 төгрөгөөс төлсөн 750,000 төгрөгийг хасч, 1,450,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч Ж.Б нь Б.О бид 2 тус тусдаа зээл аваагүй, манай гэр бүлийн нийт авсан зээлийг нэгтгэн Ц.Нын дэвтэрт бичиж, зээл авсан нь үнэн, хуулийн дагуу зээлсэн мөнгөө төлөхөд татгалзах зүйлгүй гэж маргаж байна.
2а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
3. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4а. Нэхэмжлэгч Ц.Н нь 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нийт 2,200,000 төгрөгийг Ж.Бд зээлүүлсэн, ийнхүү талууд бичгийн гэрээ байгуулаагүй, амаар харилцан тохиролцсон, уг төлбөрөөс Ж.Б болон Б.О нар нь 750,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагджээ.
Хавтаст хэргийн материалд ирүүлсэн мөнгө хүлээлцсэнтэй холбоотой баримт нь хуулбар хувь байх тул уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.
5. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба зохигчдын хооронд 2012 оны 9 дүгээр сард зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 9 дүгээр сард дууссан гэж үзэхээр байх боловч нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ж.Бат-Эрдэнийн оршин суух хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулж, цагдаагийн байгууллагаар оршин хаягийг тогтоолгож, шүүхэд зээлийн гэрээний үүргээ шаардсан нэхэмжлэлээ гаргасан болох нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Мөн хариуцагч нь хуулийн дагуу зээлийг төлөх хүсэл зоригоо тайлбараараа илэрхийлсэн зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ж.Бэс зээлийн гэрээний үүрэгт 1,450,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нт олгох нь зүйтэй байна.
6. Хариуцагч Ж.Б нь тус шүүхийн товлосон 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 12 дугаар сарын 21-ний өдрийн 1030 цагт хийхээр товлосон боловч мөн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн, харин холбогдох баримтыг ирүүлээгүй тул шүүх хуралдааныг дахин хойшлуулж, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1000 цагт хийхээр товлож, шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч холбогдох боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдааны товыг өөрчилж, 01 дүгээр сарын 30-ны өдөр товлосон байна.
6а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж зааснаар хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон, ийнхүү дараагийн шүүх хуралдаан хэзээ товлогдсон талаар лавлах үүрэгтэй байна, хэдийгээр ийм үүрэгтэй боловч мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна, 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1500 цагт болох шүүх хуралдааны товыг хариуцагчийн оршин суугаа газрын хорооны Засаг даргад мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн, мэдэгдэх хуудсыг хүргэгдсэн тооцох нь зүйтэй байна.
6б. Ийнхүү хариуцагч нь товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь түүний эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бэс нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 38,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Бэс 1,450,000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 38,150 /гучин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ