| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/00536/И |
| Дугаар | 101/ШШ2023/01946 |
| Огноо | 2023-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2023/01946
2023 04 18 101/ШШ2023/01946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ү.А холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,375,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022-06-24-ний өдөр 15,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хугацаандаа мөнгийг төлөөгүй тул үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 7,350,000 төгрөг, алданги 8,025,000 төгрөг, нийт 30,375,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлсэн мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг нь А өгсөн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үндсэн зээлд 10,000,000 төгрөг, 2022-06-24-ний өдрөөс 2023-06-24-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацааны хүү 8,400,000 төгрөг, нийт 18,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.
Хариуцагч Ү.А шүүхэд гаргасан тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022-06-24-ний өдөр Э.О 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж авсан. 15,000,000 төгрөгийг миний данс руу тэр өдрөө шилжүүлсэн ч 5,000,000 төгрөгийг нь А данс руу шилжүүлсэн. Миний бизнес зогсонги байдалд орж зээлийг төлж чадаагүй. Зээл авахдаа алданги, хүү төлөхөөр тохиролцоогүй, бичгээр гэрээ хийгээгүй тул үндсэн зээл 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, бусдыг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс ХААНбанкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагчаас ХААН банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.О нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хангаж, 8,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.О 2022-06-24-ний өдөр Ү.Ад харилцан тохиролцсоны үндсэн дээр 15,000,000 төгрөгийг данс руу шилжүүлж үүргээ биелүүлсэн. Иргэний хуулийн 281, 282.4, 282.3, 421.1, 37 дугаар зүйлүүдэд зааснаар зээлийн гэрээг байгуулсан гэж үзнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч Ү.А 2022-06-24-ний өдөр зээлсэн 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээг бичгээр хийгээгүй, хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй тул 8,400,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн хооронд 2022-06-24-ний өдөр нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Ү.Ад 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна. Зохигч энэ үйл баримт дээр маргаагүй.
Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан. Зохигч зээлийн гэрээг бичгээр хийгээгүй гэдэгт маргаагүй. Иймд нэхэмжлэгч Э.Одчимэг нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхгүй байна.
Үндсэн зээл 10,000,000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
6. Нэхэмжлэгч Э.О улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 309,825 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ү.Агаас 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ү.Агаас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 309,825 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ү.Агаас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.От олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА