| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/06224/И |
| Дугаар | 101/ШШ2023/00050 |
| Огноо | 2022-12-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2023/00050
| 2022 12 23 | 101/ШШ2023/00050 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК холбогдох
65,200,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Г,
Нэхэмжлэчийн өмгөөлөгч Д.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие АХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 0 хаягт баригдах 30 айлын орон сууцнаас 2 дугаар давхарт 43,06 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,850,000 төгрөгөөр тооцон нийт 79,661,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлж, үлдэх мөнгийг сар бүр 700,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар тохиролцсон. Орон сууцыг надад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч өгөөгүй бөгөөд тухайн орон сууцанд өөр хүн орчихсон байсан. Улмаар надад давхрын өөрчлөлт гарсан хэмээгээд асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн ч шийдвэрлэж өгөөгүй. Иймд байрны урьдчилгаанд төлсөн 40,000,000 төгрөг болон байрыг эзэмшилдээ хүлээн авах байсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тооцсон алданги 20,000,000 төгрөгийг гаргуулна. Алданги гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 40,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон нэхэмжилж байна. Орон сууцыг хугацаанд нь надад хүлээлгэж өгөөгүйн улмаас би эхнэр хүүхдийн хамт эцэг эхийнхээ гэрт амьдарч, байр хөлсөлж 4,200,000 төгрөгийн нэмэлт зардал гаргасан. Түүнчлэн хууль зүйн мэдлэггүйн улмаас шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай болсны улмаас өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж зардал гаргасан.
Иймд хариуцагчаас нийт 65,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөг болон 350,000 төгрөгөөр нийт 500,000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр багасгаж байна гэв.
2. Хариуцагч АХХК шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Гын иргэний үнэмлэхний лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Захиалгын гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Захилгын гэрээний нэмэлт өөрчлөлт, Б.Гын 0, 0 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн и/34 дугаартай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, уг гэрээний хавсралтыг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлж, хариуцагч нь хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа-г нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч АХХК-д холбогдуулан захилганы гэрээний урьдчилгаанд төлсөн 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардал 4,200,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 65,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч АХХК нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөг болон 350,000 төгрөгөөр нийт 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Год шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, 64,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагч АХХК-ийн захирал Б.Д болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа-гаар тогтоогдож байх бөгөөд түүнд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түүний 0 дугаарын утсаар мэдэгдсэн, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
2а. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Б.Г болон АХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч Б.Г нь Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, 43,06 мкв талбайтай, 1 мкв-ын үнэ нь 1,850,000 төгрөг ба нийт 79,661,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг захиалж, гүйцэтгэгч АХХК нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.
3б. Дээрх гэрээний дагуу Б.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа 40,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг сард 700,000 төгрөгөөр төлөхөөр, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор дуусгахаар, төлбөрийг 0 тоот дансанд шилжүүлэхээр гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тохирсон, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгөөр 27,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 4,700,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, нийт 35,700,000 төгрөгийг дансаар, 4,300,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, Гэрээний нэмэлт өөрчлөлт-ийн ...Урьдчилгаа 40,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгөв... гэх баримт зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
3в. Нэхэмжлэгч нь урьдчилгаанд төлсөн 40,000,000 төгрөгийг буцаан шаардаж байх бөгөөд энэ нь захиалгын гэрээний дагуу орон сууцыг хүлээн авахгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, мөн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Захилгын гэрээний нэмэлт өөрчлөлт гэх баримтын АХХК-ийн барьсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны газар нутагт байрлах 30 айлын орон сууцанд захиалга өгсөн Б.Г 43 мкв 2 давхарт авсан болно. Үүнд манай компаниас давхрын өөрчлөлт гарсан тул 2 сарын 15-ны дотор шийдэж өгнө гэх бичилт зэргээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан захиалгын гэрээний дагуу захиалсан орон сууцыг хэн алин нь хүлээлцэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
3г. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд тэрээр энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Эдгээрээс үзвэл Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагчийг гэрээний дагуу орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээнд заасан орон сууцны хувьд давхрын өөрчлөлт гарч, энэхүү асуудлаа шийдвэрлэх хугацааг хариуцагч хүлээсэн боловч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
4. Б.Г нь гэрээний дагуу хариуцагч нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэр бүлийн хамт Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, 31 мкв орон сууцыг сарын 700,000 төгрөгөөр хөлслөхөөр, 12 сарын хугацаатай гэрээг иргэн Э.Саранцэцэгтэй 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр /гэрээнд огоо 2021 он гэж бичсэн/ байгуулж, гэрээнд заасан Хаан банкны 0 тоот дансанд байрны урьдчилгаа болон байрны түрээс гэсэн утгаар өөрийн Хаан банкны 0 тоот данснаас 3,400,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба гэрээний 2 дугаар хуудсанд 6 сарын түрээсийн төлбөрт 4,200,000 төгрөгийг төлсөн болохыг тодорхойлсон болох нь Орон сууц хөлслөх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
5. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... хууль зүйн туслалцаа авах, ... зэргийг Монгол Улсын иргэн эдлэх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй иргэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Г нь өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ авахаар өмгөөлөгч Д.Мд хандаж, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр и/34 дугаартай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ-г байгуулж, гэрээний хавсралтад заасны дагуу ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө өмгөөлөгчийн 5585484919 тоот дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
6. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авсан, мөн орон сууц хөлслөн амьдарсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар нэхэмжлэгчээс тодорхой зардлууд гарсан буюу гэрээнээс татгалзсантай холбоотой өөрт учирсан хохирол болох урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 40,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн 4,200,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 45,200,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өгсөн 500,000 төгрөгийг 45,200,000 төгрөгөөс хасч тооцон 44,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан атлаа зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.8-д Гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн тал хоног тутам 0,5 хувийн алдангийг төлнө гэж зааснаар алданги нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасан зохицуулалтад нийцэхгүй, шаардах эрхгүй байна.
Учир нь гэрээ хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж буй тохиолдолд гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэл бий болсон үед гэрээ болон хуульд зааснаар алдангийг шаардах эрх үүснэ, харин гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан шаардаж буй тохиолдолд алдангийг шаардах эрх үүсэхгүй, алдангид 20,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зохигчдын мэтгэлцэх эрхийг хангах, хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлснийг хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 12 дугаар сарын 23-ны өдрийн 1500 цагт товлож, товыг 12 дугаар сарын 16-ны өдөр захирал Б.Дийн 0 дугаарын утсаар мэдэгдсэн байна.
Ийнхүү шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Хариуцагчийн шүүхэд өгсөн Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаарх мэдэгдэх хуудасны хариу ирсэн, мөн хэргийн оролцогч нар нь өөрийн оршин суух /байрлах/ хаяг өөрчилөгдсөн үед шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 381,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Год олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч АХХК -иас 44,700,000 /дөчин дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Год олгож, нэхэмжлэлээс алданги 20,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 381,450 /гурван зуун наян нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Год олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ