| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/01703/И |
| Дугаар | 101/ШШ2023/02106 |
| Огноо | 2023-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/02106
2023 04 26 101/ШШ2023/02106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.О холбогдох 740,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О 2018-03-30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 900,000 төгрөгийн бараа авч хугацаандаа төлж байсан. 2019 оны 5-р сард шинэ дөрвөн ширхэг дугуйг зээлж авахаар гуйхаар нь Өгөөмөр зах дээр байрладаг 49 тоот контейнероос Тоуота маркийн машины 275/70/16 номерын 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг дугуйг 30 хоногийн дараа төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр худалдсан. 2022-01-06-ны өдөр 250,000 төгрөг, 2022-03-07-ны өдөр 10,000 төгрөг, нийт 260,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 740,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-06-23-ны өдрийн ... шийдвэр, Б.Б иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2021-11-19-ний өдрийн .... албан тоот, 2018-03-30-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, Баянгол дүүргийн 2023-02-27-ны өдрийн 86 тодорхойлолт, Г.С ХААН банкны дансны хуулга зэргийг тус тус баримтаар гаргасан өгсөн, хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Х.О холбогдуулан гаргасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 740,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч 2019 оны 5-р сард Өгөөмөр зах дээр байрладаг 49 тоот контейнероос Тоуота маркийн машины 275/70/16 номерын 4 ширхэг дугуйг 1,000,000 төгрөгөөр худалдсан. Төлбөрийг 30 хоногийн дараа төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдсан. 2022-01-06-ны өдөр 250,000 төгрөг, 2022-03-07-ны өдөр 10,000 төгрөг, нийт 260,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 740,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч Х.О 2023-03-31-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж, 2023-04-14-ний өдөр хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй болохыг танилцуулсан. Хариуцагч хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй тул 2023-04-18-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамжийг гаргаж, шүүх хуралдааны товыг утсаар мессеж бичиж мэдэгдсэн, 2023-04-18-ны өдөр шуудангаар хурлын товыг мэдэгдэхээр хүргүүлсэн.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Х.О 2023-03-31-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Иймд, дээрхи үндэслэлээр хариуцагч Х.Оээс 740,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
6. Нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22,310 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Оээс 22,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Ос 740,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 22,310 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Онээс 22,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-нд олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА