| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/06838/И |
| Дугаар | 101/ШШ2023/01711 |
| Огноо | 2023-04-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/01711
2023 04 05 101/ШШ2023/01711
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У ХХК-д холбогдох 14,463,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УХХК-тай 2017-11-20-ны өдөр 03/17 тоот “Хайгуулын сорьцод лабораторийн шинжилгээ гүйцэтгэх гэрээ”-г Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд үндэслэн харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний 2.2 дугаар зүйлд гүйцэтгэгч нь гэрээт ажлыг 2018-01-06-ны өдрийн дотор багтаан бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид актаар хүлээлгэж өгөхөөр заасан бөгөөд 3.3, 3.4 дэх зүйлүүдэд захиалагч гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор урьдчилгаа төлбөр 10 сая төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлж, үлдсэн төлбөрийг 2018 оноос өмнө шилжүүлэхээр заасан. Гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, 2017 ондоо багтаан захиалагчийн өгсөн захиалгын дагуу холбогдох дүрэм, журам, стандартад нийцүүлэн 359 сорьцод химийн шинжилгээ хийн хүлээлгэж өгсөн ч төлбөрөө төлөөгүй. Иргэний Хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйл, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэг болон талуудын байгуулсан гэрээний 1.1, 3.3, 3.4 дүгээр зүйлийг тус тус зөрчиж байна.
Гүйцэтгэгч Х ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын дутуу хөлс 14,463,350 төгрөгийг ХХБ дахь 499201758 тоот дансанд шилжүүлэхийг шаардаж нэхэмжлэлийг удаа дараа хүргүүлсэн боловч үр дүн гараагүй тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Түүнчлэн, УХХК-ийг шүүхэд хариуцагчаар татахаар 2020 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ байхгүй байсан учир Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, тус дүүргийн шүүхийн .... дугаар шийдвэрээр УХХК-ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллагааг гүйцэтгэж байсан бөгөөд тус компани 2022-07-25-ны өдөр хаяг өөрчлөгдөж, гүйцэтгэх удирдлага солигдсон байна. Иймд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн УХХК-аас Х ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 14,463,350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь ашигт малтмал хөрсний шинжилгээнд сорьц хийдэг лабораторийн үйл ажиллагаа явуулдаг компани нь юм. Х ХХК нь УХХК-тай 2017-11-20-ны өдөр Хайгуулын сорьцод лабораторийн шинжилгээ хийх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд үндэслэн харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний дагуу УХХК-иас хүлээлгэн өгсөн хайгуулын дээжийг үндэслэж нийт 886 сорьцод химийн шинжилгээ хийж хүлээлгэн өгсөн. 2018 он гарахаас өмнө төлбөрийг шилжүүлэхээр гэрээний 3.3 болон 3.4 дүгээр зүйлд заасан. Ажил гүйцэтгэгчийн зүгээс ажлуудыг хийж, шинжилгээний дээжүүдийг бүгдийг хүлээн авч сорьцуудад шинжилгээ хийж, шинжилгээний хариуг гэрээнд заасны дагуу цахим шуудан болон эх хувиар хүлээлгэн өгсөн байдаг. Шинжилгээний нийт төлбөр 14,463,350 төгрөг болсон. Энэ төлбөрийг хэрхэн тогтоож байна вэ гэвэл хайгуулын ажил, сорьцод лабораторийн шинжилгээ хийх гэрээний хавсралтаар бол ямар элементэд ямар шинжилгээ хийхээс хамаарч төлбөр, жишээ нь 28 элементэд 1 дээжийн үнэ 19,000 байна гэж хавсралт 1-д зааснаар тохиролцсон байдаг. Нийт 14,463,350 төгрөг гарсан боловч өнөөдрийг хүртэл УХХК нь төлбөрийг төлөөгүй, дээж болон хариуг авсан байгаа. Иймд төлбөрийг гаргуулж өгнө үү. Гэрээгээр алданги тохиролцоогүй тул алданги нэхэмжлээгүй, зөвхөн үндсэн төлбөрийг 6 жилийн дараа гаргуулна гэж байгаа юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БНХАУ-ын иргэн А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь манай компанитай 2017-11-20-ны өдөр Хайгуулын сорьцод лабораторийн шинжилгээ гүйцэтгэх гэрээг байгуулан ажил гүйцэтгэж ажлын дүнг хүлээлгэн өгсөн, гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. УХХК нь нэхэмжлэгч компанид ямар нэгэн гэрээний төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй, гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт нэхэмжлэгч талаас тухайн байгуулсан гэх гэрээг өгсөн байдаг. Энэ гэрээ байгуулагдсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт алга. Харин тухайн гэрээний 2 дугаар зүйлд гэрээний зүйл болон хугацааг тодорхойлж өгсөн. Гэрээний 2.2-т “гүйцэтгэгчийн гэрээт ажлыг 2018 оны 01 сарын 06-ны өдрийн дотор багтаан бүрэн гүйцэтгэж үр дүнг захиалагчид актаар хүлээлгэн өгнө” гэж заасан. Сая нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ярихдаа дээжийг хүлээлгэн өгсөн, хариуг авсан, хариуг мэйл хаягаар явуулсан гэж байна. Гэтэл хэрэгт актаар хүлээлгэн өгнө гэх үүргээ биелүүлсэн баримтыг өгөөгүй байна, өгөөгүй байна гэдэг нь юуг хэлж байна вэ гэвэл хүлээлгэн өгөөгүй гэсэн үг. Гэрээний 4.6-т “гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд Монгол улсын стандарт, захиалагчийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, гэрээт ажлын үр дүнг (шинжилгээний бүх хариуны эх хувийг захиалагчид актаар хүлээлгэн өгнө)” гэж заасан. Мөн 4.8-т “гүйцэтгэгч нь гэрээний 4.6-т заасан шинжилгээний хариуг хүлээлгэн өгөхдөө дубликат дээжийн хамт захиалагчид хүлээлгэн өгнө” гэж заасан. Хариуг өгөх юм байна, мөн дээжийг актаар хүлээлгэн өгөх юм байна. Үүнд акт гэх зүйл яагаад яригдаж байна вэ гэвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлд ажил гүйцэтгэх гэрээг тодорхойлсон, үүнд “захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж байгаа, нөгөө талаас ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж байна. Ажлын үр дүн гэдэг нь сайн болон муу байж болно, захиалсан ажлын шаардлагад нийцсэн байж болно, нийцээгүй байж болно. Үүнийг яаж тогтоодог вэ гэвэл үр дүнг актаар 2 тал харилцан тохиролцож сууж байгаад нөгөө тал нь хүлээж авч болж байна, ажлын үр дүн хангалттай биелэгдсэн байна, эсхүл дутуу гүйцэтгэсэн байна гэвэл тухайн үед шаардлага гаргах юм уу, төлбөрийн асуудал яригдах байх. Иргэний хуульд үр дүнг хүлээн авснаар үр дүнд нь нийцсэн ажлын хөлсийг төлөхөөр хуульчилсан байдаг. Мөн гэрээний 3.6-д “хүлээлгэн өгсөн ажлын үр дүнд тохирох төлбөрийг тооцож төлөх” гэж байгаа, энэ нь юутай холбоотой вэ гэвэл актыг үндэслэж энэ ажил хангалттай сайн хийгдсэн үү, хэр хэмжээнд хийгдсэн бэ гэх зүйлийг тогтоосны үндсэнд төлбөрийн дүн эцсийн байдлаар гарч ирэх ёстой. Миний хэлэх гэж байгаа зүйл юу вэ гэвэл хариуцагч компанийн зүгээс гэрээний дагуу төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй, хууль зүйн болон бодит нөхцөл байдал үндэслэлгүй байна гэж тайлбар өгсөн. Хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь үр дүн хүлээн аваагүй бол төлбөр төлөх үүрэг үүсэхгүй. Бодит нөхцөл байдал гэж юуг хэлэх гэж байна вэ гэвэл акт бүрэн хүлээлцсэн баримт байхгүй байна, иймд энэ ажлыг хийсэн гэдэг нь тодорхойгүй, хэдий хэмжээнд хийсэн нь тодорхойгүй байх тул үүнээс үүссэн төлбөрийн асуудал гарахгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Компанийн хувьцааг БНХАУ-ын иргэд худалдан авсан байдаг юм байна, тухайн үед байсан гүйцэтгэх захирал солигдсон. Бид нар яасан бэ гэвэл тухайн үед юу болсон, ийм ажил хийгдсэн үү, үр дүнг хүлээлцсэн үү гэх асуудлыг тодруулж, тухайн үед байсан гүйцэтгэх захирал хувьцаагаа шилжүүлсэн, мөн нэхэмжлэгч хариуцагч нар сууж байгаад яг ямар ажил байсан юм, акт үйлдэх боломжтой юм уу, хэрвээ үнэхээр бодитоор ажлын үр дүнг дүгнэж актыг үйлдэж, төлбөр мөнгөний асуудал тогтоогдсон юм уу, ажил нь гүйцэтгэгдсэн байх юм бол эвлэрэх боломж байсан гэдэг. Гэвч тухайн үед ажиллаж байсан захирал болон хувьцаа эзэмшигч нар маань ер нь тийм зүйлээс зугтаасан. Бидний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ гэвэл ямар нэгэн хувьцаа шилжүүлж байгаагүй, ямар нэгэн компанид өр төлбөртэй гэх баримт бичгийг шилжүүлж өгөөгүй, шилжүүлэн өгөхдөө ямар нэгэн компанид эрхийн зөрчилтэй, доголдолтой компани шилжүүлээгүй, өр төлбөрийн асуудал яригдаагүй тул бид төлбөрийн асуудал байхгүй гэж үзэж байна. Тухайн үед байсан гэх захиралтай нэхэмжлэгч тал ямар харилцаатай байсан гэдгийг мэдэхгүй, ийм нөхцөл байдал байна гэв.
Нэхэмжлэгчээс: 2017-11-20-ны өдрийн . дугаартай Хайгуулын сорьцод лабораторийн шинжилгээ гүйцэтгэх гэрээ, шинжилгээний төрөл, аргачлал, гэрээний үнийн задаргаа, итгэмжлэл, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Стандарт хэмжил зүйн газрын итгэмжлэлийн гэрчилгээний хуулбар, Шинжилгээний захиалга хүлээн авах захиалгын 2017/1058, 2017/1057, 2017/1059, 2017/1068, 201/1067, 2017/1065, 2017/1060 хуудас, нэхэмжлэх 472, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-12-14-ний өдрийн ...... дугаар шийдвэр, 2021-05-14-ний өдөр Г.Нгийн гаргасан тайлбар, 2017/1061, №2017/1066 дугаартай захилгын хуудас зэрэг баримтыг гарган өгсөн, хариуцагчаас 2022-11-03-ны өдрийн итгэмжлэл, бичгийн нотлох баримт ирүүлээгүй.
Шүүхээс: 2023-02-17-ны өдөр ........майл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас УХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 14,463,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Х ХХК-ийн 2017-11-20-ны өдөр 03/17 тоот “Хайгуулын сорьцод лабораторийн шинжилгээ гүйцэтгэх гэрээг У ХХК-иас ирүүлсэн 2017/1058, 2017/1057, 2017/1059, 2017/1068, 201/1067, 2017/1065, 2017/1060 2017/1061, 2017/1066 сорьцод шинжилгээг хийж дүгнэлтийг тухай бүрд нь мэйлээр болон цаасан хэлбэрээр хүргүүлсэн. Хариуцагч тухай бүрд нь сорьцийн шинжилгээг хүлээн авч байсан тул ажлын хөлс 14,463,350 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч УХХК-иас нэхэмжлэгч компанид ямар нэгэн гэрээний төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй, гэрээний дагуу хийсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн гэдэг нь нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хайгуулын сорьцод лабораторийн шинжилгээ гүйцэтгэх 2017-11-20-ны өдөр 03/17 гэрээг байгуулж УХХК-ийг төлөөлж захирал Г.Н, Х ХХК-ийг төлөөлж захирал Ц.О нар гарын үсэг зурж, байгууллагын тамга дарагдсан байна. 2017-11-07-ны өдөр УХХК-ийн гүйцэтгэх захирал нь Г.Нүү байсан болох нь Улсын бүртгэлийн 2023-03-21-ний өдөр гаргуулсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдож байна.
Мөн Г.Н шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “хайгуулын сорьцод лабораторийн шинжилгээ гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, 14,463,350 төгрөг дээр маргаагүй” гэжээ.
Нэхэмжлэгч Х ХХК гэрээнд заасны дагуу сорьцийг 8 удаа хүлээн авч, гэрээний 4.5-д зааснаар “............com” хаягаар хүргүүлсэн гэдгээ бичгийн баримтаар болон мэйлээр хүргүүлсэн байдлаа үзлэг хийлгэж нотлох үүргээ хэрэгжүүлсэн.
5. Хариуцагч 2017-11-20-ны өдөр 03/17 хайгуулын сорьцод лаборторийн шинжилгээ гүйцэтгэх гэрээг өмнө байсан захирал хийсэн, 2022-07-25-ны өдөр Хятад улсын иргэн ......... томилогдсон, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж маргаж тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
7. Нэхэмжлэгч 2017-11-20-ны өдөр 03/17 хайгуулын сорьцод лаборторийн шинжилгээ гүйцэтгэх гэрээг байгуулж, хариуцагч УХХК-иас 2017/1058, 2017/1057, 2017/1059, 2017/1068, 201/1067, 2017/1065, 2017/1060 2017/1061, 2017/1066 сорьцод шинжилгээг хийж дүгнэлтийг хүлээлгэн өгсөн гэдгээ нотолж байх тул 14,463,350 төгрөгийг шаардах эрхтэй байна.
8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,226.75 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч УХХК-иас 230,226.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УХХК-иас 14,463,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,226.75 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч УХХК-иас 230,226.75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА