Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/721

 

   

 

 

 

                                                          М.М, Ц.Х нарт

                                        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

хохирогч Г.Б, Б.С,

шүүгдэгч М.М,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/1481 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М., Ц.Х нарт холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  М.М, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эмэг эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...дугаар хороо, .. дүгээр байрны ...тоотод оршин суух, /РД: ...../,

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

2. Ц.Х, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., эмэг эх, эх, ах нарын хамт ...... дүүргийн ... дугаар хороо, ....  тоотод оршин суух, /РД: ......./,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан;

М.М нь 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” худалдааны төвийн 1 давхарт байрлах Төрийн банкны АТМ дээр хохирогч Г.Б  эзэмшлийн виза картыг буцааж өгөхдөө “E T” гэсэн өөр хүний картыг сольж өгч хуурч залилан авч, улмаар уг картнаас нь 1.355.000 төгрөгийг уншуулж авсан,

мөн хохирогч Б.С барьцаалан зээлдүүлэх газар тавихыг зөвшөөрч итгэмжлэн хариуцуулж өгсөн “Айфон Х” загварын гар утсыг 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н Ц” ХХК-ийн барьцаат зээлийн газраас авч түүнд буцааж өгөлгүй завшиж, 1.341.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ц.Х нь 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” худалдааны төвийн 1 давхарт байрлах Төрийн банкны АТМ дээр хохирогч Г.Б эзэмшлийн виза картыг М.М нь буцааж өгөхдөө өөр хүний картыг сольж өгч хуурч, залилан авсан гэдгийг нь мэдсээр байж уг картнаас авсан мөнгийг ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

...........дүүргийн прокурорын газраас: М.М үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ц.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

...........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Г.Б “... АТМ дээр байсан 20 орчим насны залууг “миний дүү ахдаа АТМ-с мөнгө аваад өгөөч бас үлдэгдэл мөнгийг нь шалгаад өг” гээд Төрийн банкны виза картаа өгөхөд нөгөө залуу зөвшөөрөөд миний виза картыг аваад “кодоо хэл” гэхээр нь би .....гээд кодоо хэлтэл нөгөө залуу АТМ-с 5000 төгрөг авч өгөөд, миний картыг надад өгчхөөд яваад өгсөн. Тэгээд би гартаа барьсан виза картаа харахад уг карт миний карт биш “........” гэсэн нэртэй хүний Хаан банкны карт байсан. ... 1.355.000 төгрөг үлдсэн байсныг уг залуу авчихсан байсан. ... Мөн уг залуу бас 20 гаран насны цайвар бор царайтай 165-168 см орчим өндөртэй туранхайдуу залуутай хамт явж байсан....” /хх 11-14/, яллагдагч М.М “...Х-г  Драгон төвөөс гаръя гэж хэлээд гадаа байхдаа би энэ ахын виза картыг солиод авсан мөнгөтэй байна гэж хэлэхэд Х надаас хэдэн төгрөг байсан юм гэж асуухаар нь дансанд байсан мөнгийг нь хэлээд бид хоёр Драгон төвийн ойролцоо байрлах АТМ-ээс 1.350.000 төгрөгийг авсан. Тэгээд бид өөрсдийн хэрэгцээнд хэрэглээд дууссан...” /хх 194/, яллагдагч Б.Х-ын “... Драгон төвөөс гараад автобусны буудал руу алхаж байх үед М надад “би саяны хүний картыг авсан, дотор нь мөнгө байна” гэж хэлсэн. Бид хоорондоо ярилцаад АТМ дээр очоод ... дансны үлдэгдэл нь 1.355.000 төгрөг байхаар нь аваад өөрсдийн хэрэгцээндээ хэрэглээд дууссан. ...” /хх 81-82/ зэргээс дүгнэн үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

М.М, Ц.Х нар нь хамт “Драгон” худалдааны төвийн 1 давхарт байрлах Төрийн банкны АТМ дээр очиход хохирогч Г.Б түүнд картнаас мөнгө аваад өгөөч хэмээн гуйхад нь 5.000 төгрөг авч өгөөд түүний эзэмшлийн виза картыг буцааж өгөхдөө “............” гэсэн өөр хүний картыг сольж өгч, улмаар Ц.Х-ын хамт уг байршлаас холдон хоёулаа хамт өөр АТМ дээрээс картыг уншуулан 1.355.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь хүч хэрэглээгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй, залилах гэмт хэргийн хувьд ихэвчлэн гэмт хэрэг үйлдэж буй этгээдээс бусдын эд хөрөнгийг салгаж авах санаачилга гарах бөгөөд хохирогч өөрийн эд хөрөнгийг хууртагдах болон бусад нөхцөл байдлаар төөрөлдөж түүний захиран зарцуулах эрхэд эд хөрөнгийг бүр мөсөн шилжүүлж өгсөн байдаг зэргээрээ ялгаатай болно.

Хэргийн үйл баримтад тулгуурлан Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр ангилан зүйлчлэхдээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дээрх шинжүүдийг анхаарахын зэрэгцээ гэмт үйлдэл эхэлж төгсөж буй цаг хугацааг, түүний оролцогчдын санаа зорилго, үйлдлийн оролцоо, арга зэргийг нарийн тогтоох, тодорхой сэдэлт бий болсон болон гэмт үйлдэл хаана төгсөж байгаа цаг үеийг нарийн тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө.

Дээрхээс үзэхэд М.М картыг авсны дараа Ц.Х-ыг аваад хамт хохирогчоос холдож өөр АТМ дээр очиж түүнд мэдэгдэхгүйгээр уг карт дахь мөнгийг авч, хамтран захиран зарцуулсан.

М.М нь хохирогчийн картыг авч үлдэгдэл болон нууц дугаарыг мэдэж авсны дараа буцаан өгөхгүй байх гэмт санаа төрсөн бол түүний картнаас мөнгө авч өгөх нэрийдлээр хохирогчийн картыг авч оронд нь өөр карт өгсөн нь хүч хэрэглээгүй болохыг нотлохоос залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх боломжгүй байна. Залилах гэмт хэргийн хохирогч нь эд хөрөнгө, түүнийг захиран зарцуулах эрхийг гэмт этгээдэд сайн дураар бүр мөсөн шилжүүлсэн байдаг бол дээрх хэргийн үйл баримтаар хохирогч картнаас мөнгө авахуулахаар түр хугацаагаар өгсөн байдаг. Энэ хэргийн санаа зорилго буюу гэмт хэрэг ямар үйлдлээр эхлээд хаана дуусаж байгаа /виза карт, мөнгө авсан үйлдлийн алинаар нь тооцох/, оролцогч нарын оролцоо, үйлдлийг зөв тогтоож хэргийн үйл баримтад прокуророос хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх.

Гэмт хэргийн холбогдогч Ц.Х-с гэрчийн мэдүүлэг /хх 25-26, 110-111/ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6, 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6, хавтаст хэргийн 27, 28 дугаар хуудсан дахь баримтаас үзэхэд М.М-д гэрчийн эрх, үүрэг танилцуулсан, 29 дүгээр хуудас дахь мөрдөгчийн тавьсан асуултаас үзэхэд сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан гэж ойлгохоор зөрүүтэй баримтууд авагдсан нь мөн хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчсөн. Виза карт 1 ширхэгийг хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулахдаа мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, виза картыг эд мөрийн баримтаар хураан авах ажиллагааг мөрдөгч бие даан явуулахаас өмнө прокурорт мэдэгдсэн талаар баримтгүй учраас хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан Мөрдөгчийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэж гарсан байх бөгөөд уг заалтаар ямар ямар эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож болохыг тодорхойлсон ойлголт болохоос мөрдөгч уг заалтыг баримтлан эд мөрийн баримтаар тооцох тогтоол гаргах эрх мөн хуулийн 6.2 дугаар зүйлээр түүнд олгогдоогүй.

Мөн хавтаст хэргийн 117-125 дугаар хуудсанд авагдсан хувь хүний мэдээлэл, баримт бичгүүдийг холбогдох байгууллагаас гаргуулж авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн, байгууллага хувь хүнээс баримт, мэдээлэл гаргуулан авахдаа мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангуулж аваагүй, хавтаст хэргийн 127 дугаар хуудсан дахь “Баримт мэдээлэл гаргуулах” тухай Мөрдөгчийн тогтоол дээр прокурор зөвшөөрөв хэмээн гарын үсэг зурсан нь мөн хуулийн 22.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдийг зөрчсөн зэрэг ажиллагааг нөхөн гүйцэтгүүлж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн бол гэсэн үндэслэлүүд тус тус тогтоогдож байх тул холбогдох нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэв.

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Х, Ц.М нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Отгонтөгс бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...............дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2021/ШЗ/1481 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичив.

Хэрэгт хохирогч Г.Б /хх 11-14/, насанд хүрээгүй хохирогч Т.Э /хх 19-22/, яллагдагч М.М /хх 75-76/, Ц.Х /хх 81-82/ нарын мэдүүлэг авагсан. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн үед эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшиж ашиглаж, хамгаалж байгаа хүн эд зүйлээ гэмт этгээдэд зөвшөөрч өгсөн байдаг бөгөөд эд хөрөнгийг нь авах санаачлагыг гэмт этгээд гаргасан байдаг, мөн залилан мэхлэх аргын хувьд худал хэлэх, хуурамч бичиг баримт ашиглах, өөр эд зүйлээр солио хийх гэхчилэн аргуудаар үйлдэгдсэн байдаг.

Хэргийн үйл баримтын хувьд хохирогч Г.Б нь өөрийн эзэмшлийн хаан банкны виза картнаас мөнгө авахуулахаар М.М-д нууц кодоо хэлж өөрийн виза картаа зөвшөөрч өгсөн, М.М нь хохирогчийн картын нууц код, дансны үлдэгдлийг мэдэж авсны дараа түүнд картыг нь авах гэмт санаа төрж, хохирогч Г.Б-ыг хуурч түүнд өөр хүний буюу гэрч Т.Э-гийн картыг сольж өгч улмаар тухайн газраас гараад хамт явсан Ц.Х-т энэ тухайгаа хэлээд, өөр АТМ дээр очиж, өөрийн өмч мэт картнаас нь 1.355.000 төгрөгийг авч Ц.Хо-тай хамт захиран зарцуулснаар дээрх гэмт хэрэг төгссөн байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Х-ыг яллагдагчаар татсан ба хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа дээрх асуудлыг хэлэлцэх боломжтой байсан.

           2. Гэмт хэргийн холбогдогч Ц.Х-аас гэрчийн мэдүүлэг авсан, М.М-д гэрчийн эрх үүрэг танилцуулсан, мөрдөгчийн тавьсан асуултаас үзэхэд сэжигтнээр тооцож мэдүүлэг авсан гэж ойлгохоор зөрүүтэй баримт авагдсан гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу мөрдөгч гэрчийн эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан байгаа ба хэргийн 29 дүгээр хуудсанд “сэжигтнээр мэдүүлэг авах гэж байна” гэж бичсэн нь бичиг техникийн алдаа гаргасан байх ба үүнийг сэжигтнээр мэдүүлэг авсан гэж ойлгох үндэслэлгүй байна.

Хохирогч Г.Б нь М.М, Ц.Х нарыг урьд таньж мэдэхгүй учраас биеийн гадаад төрх байдлыг тодорхойлж, картаа өгсөн хүний талаар мэдүүлэг өгсөн байдаг тул дээрх байдлыг шалгаж тогтоохын тулд мөрдөгч нь Ц.Х, М.М нараас гэрчийн мэдүүлэг авсан, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дээрх хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, тусгаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүх хуралдаанаар дээрх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, тооцохгүй байх эсэхийг шүүх шийдвэрлэх боломжтой байна.

          3. Хохирогч Г.Б-аас “E T” гэсэн нэртэй виза картыг хураан авах мөрдөн шалгах ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг мөрдөгч 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр прокурорт танилцуулснаар прокуророос уг өдөр “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” 28 дугаартай зөвшөөрлийг олгосон /хх 35, 37/ учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан байна. Улсын ерөнхий прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А/14 тоот “Мөрдөн шалгах ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварыг шинэчлэн батлах тухай” тушаалын “Мөрдөгчөөс гаргах эрх зүйн хэлбэрүүдийн жагсаалт” хэсэгт заасны дагуу Мөрдөгч эд мөрийн баримтаар тооцох тогтоол үйлдэж, Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг/-ыг хураан авах, Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай заасан загварын дагуу “Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журам”-ыг баримтлан мөрдөгч тогтоол үйлдэж, санал гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын ерөнхий прокурорын А/14 тоот тушаалд заасан журмын дагуу үйлдэгдсэн 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр мөрдөгч “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах” тогтоол үйлдэж М.М-ын дансны лавлагаа, Хас банкны дансны орлого зарлагын талаарх хуулга зэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос батлах хэлбэрээр зөвшөөрч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан нь хууль зөрчөөгүй /хх 127/, дээрх мөрдөгчийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа биш учир хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шүүгчийн 202/ШЗ/1481 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хүмүүс намайг залилсан гэж бодож байна. Өөр хэлэх зүйлгүй. ...” гэв.

Хохирогч Б.С тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ц.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх М.М нь хохирогчийн картыг авч үлдэгдэл болон нууц дугаарыг мэдэж авсны дараа буцаан өгөхгүй байх гэмт санаа төрсөн бол түүний картнаас мөнгө авч өгөх нэрийдлээр хохирогчийн картыг авч оронд нь өөр карт өгсөн нь хүч хэрэглээгүй болохыг нотлохоос залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх боломжгүй, энэ хэргийн санаа зорилго буюу гэмт хэрэг ямар үйлдлээр эхлээд хаана дуусаж байгаа /виза карт, мөнгө авсан үйлдлийн алинаар нь тооцох/, оролцогч нарын оролцоо, үйлдлийг зөв тогтоож хэргийн үйл баримтад прокуророос хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүд тус тус тогтоогдсон гэж үзэн М.М, Ц.Х нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад ч нотолдог болохыг зохицуулан хуульчилсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрч, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад М.М, Ц.Х нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад баримтуудыг үндэслэн М.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан аль гэмт хэргийн шинжид тохирч байгааг мөн оролцогч нарын оролцоо зэргийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоох бүрэн боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Үүнээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Т.Отгонтөгсийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, М.М, Ц.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/1481 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.М, Ц.Х нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл М.М, Ц.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ  

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР