Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
Хэргийн индекс | 117/2020/0017/З/Н |
Дугаар | 117/ШШ2023/0001 |
Огноо | 2023-02-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 117/ШШ2023/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ерөнхий шүүгч Б.С даргалж, Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.О, мөн шүүхийн шүүгч М.Ц нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.У, Д.Э, Ж.Э
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ж.Ч
Хариуцагч: Д аймгийн Г ахлах мэргэжилтэн Э.Э
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д,
Гуравдагч этгээд: Д аймгийн Н э
Гуравдагч этгээд: “Т т” ХХК
Нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд нарын хооронд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, Д.Э, Н.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, гуравдагч этгээд Э.Э, иргэдийн төлөөлөгч П.Д, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ж.Э, Н.У, Д.Э нар нь Дундговь аймгийн Г газрын ахлах мэргэжилтэн Э.Эд холбогдуулан “2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах” гэж анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж, маргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
3. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд “... Д аймгийн Н э оноосон нэр, ХАА-н машин, механизмын хашаа, гараж газрын зориулалт, 2650.0 м.кв талбайн хэмжээ, 30 жил газар эзэмших хугацаа, 48.. кадастрын код, барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2020.03.10-ны өдрөөс 2020.12.31-ны өдөр хүртэл барилгын ажил гүйцэтгэх графикт хугацаа, барилгын зураг төсөл зохиогчийн талаарх мэдээлэлд Г а С ХХК, барилгын ажлын гүйцэтгэгчийн талаарх мэдээлэлд Т т ХХК, барилгын ажлын зөвшөөрөл олгосон албан тушаалтны мэдээлэлд Д аймгийн Г газрын ахлах мэргэжилтэн Э.Э” гэжээ.
4. Нэхэмжлэгч Ж.Э, Н.У, Д.Э нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ ... 2020 оны Засгийн газар, ЭМЯ-ны шийдвэрээр тус аймгийн төв С суманд эмнэлгийн 100 ор бүхий шинэ эмнэлэг барих улсын төсөв батлагдсан. Гэтэл Д аймгийн Г газрын н ахлах мэргэжилтэн Э.Э нь 2020 оны 03 сарын 10-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгож, Д аймгийн С сум 7-р баг, Худалдааны гудамж-2, .. тоот хаягт “100 ор хүчин чадалтай, нэгдсэн эмнэлэг зориулалттай, цутгамал төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетон арагт бүтээцтэй үндсэн хийц 34.0м*25.0м хэмжээ, зоорьтой, 6 давхар” барилга барих зөвшөөрлийг олгосноор уг барилга баригдаж байна.
Бид С сумын иргэдийн хувьд эмнэлгийн шинэ барилга баригдаж байгаад таатай байгаа боловч хууль бус зөвшөөрлийн улмаас шаардлага хангахгүй газарт, хөршийн эрх, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин байж эмнэлгийн барилга баригдсанаар бидний амьдардаг ..-р байрны ... тоотууд нь баруун тийшээ харсан цонхтой тул байгалийн гэрэл, нар үзэхээ больсон бөгөөд салхин дор байрлаж байгаа тул агаар дуслаар халдварлах халдварын эрсдэл цаашид үүсэх болно.
- Барилгын ажлын зургийг хянуулаагүй, эрүүл ахуйн дүгнэлт гаргаагүй байхад зураг төслийг магадлалаар оруулсан байгаа нь Барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 6.12.2 дахь заалтыг зөрчсөн.
- Нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын эдэлбэр газар нь 2650м2 хэмжээтэй 1 оронд 26.5 м2 талбай ногдож байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандартад заасан 50-100 ортой эрүүл мэндийн байгууллагаас эдэлбэр газрын хэмжээг 1 оронд 200-300м2-аар тооцох гэснийг хангахгүй.
- ХАА-н машин механизмын засварын газар гэсэн зориулалттайгаар нэгдсэн эмнэлгийн автомашины гараж, засварын зориулалттай ашиглагдаж байсан газар буюу эмнэлгийн барилгын ажлын зургийг хянуулаагүй нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангаж байгаа эсэх нь тодорхойгүй,
- Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй,
- Баригдаж буй эмнэлгийн барилга нь нэхэмжлэгч нарын орон сууцнаас 8.6метрт байгаа нь БНбД31-01-10-ийн 4 дүгээр хавсралтын 2.5 дахь заалтыг хангаагүй.
Дээрх нөхцөл байдлаас нэхэмжлэгч нарын оршин суугаа орон сууц нь байгалийн гэрэл, нар үзэхгүй, орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй, аюулгүй байдал алдагдсан нөхцөлд амьдарч байгаа нь нэхэмжлэгч нарын амьдрах эрхийг зөрчиж байна. Бид анх шүүхэд 2020.06.29-ний өдөр “2020.03.10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан “Барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2020.12.31-ний өдөр дуусч нэхэмжлэгч нараас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тухайн захиргааны акт эрх зүйн үйлчлэлгүй болсон. Иймээс Д аймгийн г ахлах мэргэжилтэн Э.Эийн 2020 оны 03 сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн” гэжээ.
5. Нэхэмжлэгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах гэсэн заалтаар бидэнд олгогдсон эрхэд халдаж барилгын зөвшөөрлийг олгосон. 1-т Барилга хоорондын зайг стандарт, дүрэм журмын дагуу баримтлаагүй. 2-т барилгын тухай хуулийн 28-р зүйлийн 28.2-т дараах бичиг баримтыг хавсаргана, 28.2.1-т техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр гэдэг дээр Мэргэжлийн хяналтын газрын эрүүл, ахуйн дүгнэлтийг гаргаагүй. Дүгнэлт нь энэ газар тохирохгүй гэж гарсаар байтал үргэлжлүүлсэн. 28.2.4-т байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэх гэсний дагуу энэ үнэлгээг хийлгээгүй. Одоо бол байгалийн нар үздэггүй учраас өдрийн 14 цагт гэртээ байхдаа гэрэл асаадаг болсон. Одоогоор эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй боловч алсдаа бидэнд сөргөөр нөлөөлөх юм. Эмнэлгийн барилгыг миний бие эсэргүүцээгүй. Энэ бол Д аймгийн иргэд болон миний ажиллах орчин сайжрахтай холбоотой учир иргэний болоод эмнэлгийн ажилтны хувьд дэмжиж байгаа. Гэвч нийтийн эрх ашгийн төлөө миний эрх ашгийг зөрчиж амьдрах орчинг дордуулж, байрыг үнэгүйдүүлсэн. 2019 оны 12 сард эмнэлэг барих шийдвэр гарсан гэж яригдаад удирдлагын багийн хурал зарлаж хуралдахад би саналаа хэлж байсан. Дахин эмнэлэгтэй асуудал үүсгээгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндийн хувьд хохирч байна. Нар үзэхгүйгээс болж хүүхдүүд их ханиад хүрч, биен дээр нь юм туурч байна. Ванны өрөөнөөс авхуулаад мөөгөнцөртөж байна. Одоогоор өвчнөө нотолсон баримт байхгүй. Цаашдаа барилгын зөвшөөрөл хууль бус байсан болохыг тогтоолгосноор хохирлоо нэхэмжилнэ, энэ байранд амьдарч чадахгүй. Барилгын ажлын зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. Шүүхэд шинжээч томилуулах хүсэлтийг би гаргасан” гэв.
7. Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ээмчтэй санал нэг байна. Ж.Э эмчийн дээд айл нь манайх. Цонхны цан буудаггүй гадуур хувцастай байдаг. Хүүхдүүд ханиад салдаггүй. Манай цонхны доод болон Ж.Э эмчийн цонхны харалдаа шинэ эмнэлгийн гаражийн орц гарц байдаг. Байнга эмнэлгийн машины дуут дохио дуугарч гаражид амьдарч байгаа юм шиг байна байх гэв.
8. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын зүгээс анх барилгын зөвшөөрлийг хүчингүй болгоё гэж байснаа өөрчилсөн шаардлага гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэсэн. Яагаад өөрчилсөн бэ гэхээр 1-т зөвшөөрлийн хугацаа 2020 оны 12 сарын 30-нд дууссан. Сунгасан талаар баримт ирүүлээгүй учир өөр эрх зүйн акттай маргах боломжгүй. 2-т энэ барилгын ажлын зөвшөөрөл анхнаасаа хууль бус явагдсан. Үүнээс болж ..-р байрны .. тоотод оршин суух Н.У, Ж.Э, Д.Э нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Энэ айлуудад нар үзэх оргил цаг болох 12-14 цагийн хооронд нар цонхны тавцангийн тал хувьд л тусдаг. Мөн байр үнэгүйдсэн тул Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Барилгын ажлын зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан 5 шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж байж олгох ёстой. Эрүүл ахуйн дүгнэлтийг гаргуулаагүй байж магадлалын ерөнхий дүгнэлтийг хийлгэдэг. Мөн М хотын ерөнхий төлөвлөгөөнд энэ барилга тусгагдаагүй. Барилга хоорондын зайг баримтлаагүй. Эмнэлгийн нэг ор нь 200-300 метр зайг эзлэх ёстой гэдэг. Гэвч ХАА-н зориулалттай 2600 м.кв газарт барьж байгаа нь хууль бус. Төлөвлөгдөөгүй, газрын хувьд зөвшөөрөгдөөгүй газарт зөвшөөрөл өгсөн нь анхнаасаа хууль бус. Маргаан үүсгээд ирэнгүүт зориулалтыг өөрчилсөн юм билээ. Нийтийн эрх ашгийн төлөө бусдын эрхийг зөрчиж болохгүй. Сая барилгын хөгжлийн төвөөс хэмжихэд урд талаараа 7.5, хойд талаараа 8.5 метрийн зайтай байна гэсэн, гаднах чимээ байнга гэрт сонсогдоод амьдрах эрх тэр чигээрээ зөрчигдсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Э, Д.Э, Н.У нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Цаашид нэхэмжлэгч нарт Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд заасан хохирол нэхэмжлэх эрх нээгдэнэ, шинжээч томилуулах хүсэлтийг нэхэмжлэгч нар гурвуулаа гаргасан” гэв.
9. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус аймгийн С суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 100 ортой Н эийн барилгын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь заалт, Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн дагуу олгосон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”
Энэ зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2017 оны 68-р тогтоолын дагуу олгосон. Техникийн нөхцөлийг батлуулсан шийдвэр хэрэгт байдаг. Барилгын тухай хуулийн 28.2.4-т үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан гэж заасан байх боловч Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж зааснаас үзвэл энэ барилгад үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Барилга барих дарааллаа хэлье. Эхлээд архитектур төлөвлөлтийн даалгавар гарна. Түүнийг нь аймгийн ерөнхий архитектур баталж боловсруулна. Даалгаврын дагуу тухайн газарт эх загвар зургийг боловсруулна. Ингээд аймгийн ерөнхий архитектур, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Инженер шугам сүлжээний байгууллагатай зөвшилцөж барилга барих барихгүйгээ шийдвэрлээд явдаг. Ажлын зургийн шатанд мөн аймгийн ерөнхий архитектур Мэргэжлийн хяналтын газраар эрүүл ахуйн дүгнэлт, Онцгой байдлын газраар галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах зэргээр хангагч байгууллагаас техникийн нөхцөлөө аваад зургаа боловсруулаад хамгийн эцсийн шатанд магадлалаар ордог. Эмнэлгийн барилгын хувьд дүгнэлт нь барьж болно гэж гарсан. Дээрх байгууллагын зөвшөөрлийг үндэслэн Барилгын тухай хууль болон барилга байгууламж барих зөвшөөрөл олгох дүрэмд үндэслэн зөвшөөрлийг олгосон. Ажлын зураг боловсруулах болон бусад шатанд яагаад энэ асуудлаа нэхэмжлэгч нар тавиагүй юм. Д аймгийн Ерөнхий архитектур даалгаврын 6, 7-д заасан шаардлагыг хангаж байна гэж үзээд баталсан болов уу. Энэ даалгаврыг надад биш зургийг боловсруулсан компанид өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь барилгын ажлын магадлалын зурган дээр гарын үсэг зураад тамга дарсан. Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн баримтад байгаа байх. Энэ нь техникийн нөхцөлд орохгүй. Барилга барьсан бүс нь олон нийтийн бүс. Газрын зориулалтыг нь өөрчилсөн болохоор барилгыг барьж болно. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтээр барилга хоорондын зай хангахгүй байна гэж гарсан байдаг. Урагш шилжүүлсэн асуудал надад хамаагүй, ерөнхий архитектур болон зургийг зохиогч гүйцэтгэгч байгууллагуудын асуудал. Би одоо ерөнхий архитектур ажилтай ч тэр үед Нэргүй ажиллаж байсан болохоор би мэдэхгүй. Гараж зураг дээр хойноосоо байсан. Өөрчлөгдсөн гэдэг нь бас л зохиогчийн асуудал. Барилгын ажлын зөвшөөрлийг сунгаагүй. Сунгах ёстой боловч тухайн байгууллага болон зохиогчоос хүсэлт ирээгүй байна. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй учраас сунгаагүй. Манай байгууллага өдөр тутам очдоггүй, үе шатны ажил дээр хяналтаа хэрэгжүүлдэг. Хот байгуулалтын тухай хууль дагаж мөрдөгдөнө. Би 2015 оны 11 сараас 2020 оны 11 сарыг хүртэл барилгын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан... Эмнэлгийн барилга 90-95 хувьтай баригдаж байна. Иймд уг зөвшөөрлийг хууль болон дүрэмд нийцүүлэн олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
10.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Э нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу энэ барилгын зөвшөөрлийг олгосон. Эмнэлгийн энэ барилгыг хэн хүнгүй сайшаалтай хүлээж авдаг. Нэхэмжлэгч нар холбогдох дүрэм, журам зөрчсөн, мөн өөрсдийн эрх ашиг хохирч байгаа асуудлыг ярьж байна. Хэдий тийм боловч хэнийг буруутгах вэ гэж хариуцагчаа зөв тодорхойлох асуудал дээр алджээ гэж үзэж байна. Барилгын ажлын дарааллыг тогтоосон зургаас үзэхэд /хэрэгт байгаа/ байгаа барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох асуудал нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан. Энэ үе шатнаас өмнө энэ ажлын зураглал боловсруулах, ажлын зураглалыг зөвшөөрөлцөх буюу энэ зургийг хийж байгаа тэр “Г А С” компани 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын зургийг зурсан. Мөн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн 1981/2019 дугаартай магадлалаар Барилгын хөгжлийн төв баталгаажуулж,магадлалд дүгнэлт гаргасан. Тэгэхээр Эийн барилгын ажлын зөвшөөрөл олгохоос өмнөх үе шатны ажлуудад хариуцагдах этгээдэд хамаарах асуудал байхад Э.Эд холбогдуулсан нь үндэслэлгүй. Энэ ажлын зургийг боловсруулсан “Г А С” ХХК, мөн энэ зургийг холбогдох дүрэм, журам норм стандартад нийцсэн гэж баталгаажуулаад байгаа Барилгын хөгжлийн төв энэ асуудалд хамааралтай. Э.Эийн тайлбарлаад байгаа тайлбарыг Барилгын тухай хуулийн 27.2, 28.2-т заасныг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг ажлын 10 хоногт олгоно гэж заасан. Э.Э энэ дагуу баримт бичгийн бүрдлийг шалгаад хууль болон дүрэмд зааснаар зөвшөөрлийг олгосон. Зөвшөөрлийг ямар тохиолдолд олгохоос татгалзах вэ гэдэг 2 үндэслэл байна. 1-т Магадлал хийгээгүй бол, гэтэл Барилгын хөгжлийн төв магадлал хийгээд ороод ирсэн. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т бий. 2-т Энэ магадлалын дүгнэлтийг хийхдээ Барилгын хөгжлийн төв татгалзсан байх юм бол зөвшөөрөл олгохоос татгалзаж болох юм байна. Нэгэнт хуульд заасан татгалзах дээрх 2 үндэслэл тогтоогдоогүй тул зөвшөөрлийг олгохоор хуульчилсан.. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
11. Гуравдагч этгээд Д аймгийн н эийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн нэгдсэн эмнэлэг бол Д аймгийн нийт хүн ам болон тухайн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа бүх хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага. 1980 онд 90 ортой хүүхдийн эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгад эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Бид 2014 оноос хойш энэ эмнэлгийн барилгын даац нь хэтэрч, стандарт шаардлагыг хангахгүй, зай талбайн хувьд хүрэлцээгүй гэж шат шатны байгууллагад шинэ барилгын асуудлыг тавьсан. Ингээд 2020 оноос Засгийн газар эрүүл мэндийн яамны шийдвэрээр энэ барилгыг барихаар улсын төсвийн хөрөнгөд 8 тэрбум 752.9 мянган төгрөгийг улсын төсвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ төсвийг 3 жил 2020, 2021, 2022 онд хуваан өгч ашиглалтад оруулахаар болсон. Барилга барих гол шалтгаан нь үйлчлүүлэгчийн орчин нөхцөл сайжирч үйлчилгээ хүртээмжтэй болохоос гадна эмнэлэг орчин үеийн техник технологиор хангагдаж тэдгээрийг нэвтрүүлэхэд одоо байгаа байр талбай хүрэлцэхгүйгээс үүдэн шинэ барилгыг бариулахаар шийдвэрлүүлсэн байдаг юм. Барилгын ажил 90 хувьтай явагдаж гадна пасад хийгдэж байна. Нэхэмжлэгч нараас эмнэлэгт холбогдуулан ямар нэгэн асуудал гаргаагүй” гэв.
12. Гуравдагч этгээд “Т т” ХХК-ий төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...манай компани 2019 онд зарлагдсан тендерт шалгарч тухайн обьектыг 2020 оны 04-р сараас эрүүл мэндийн яам, аймаг орон нутгаас гаргасан шийдвэр газар олголт, ажил гүйцэтгэх зөвшөөрлийн дагуу ажиллаж байна.Одоогийн байдлаар угсралтын ажил 95%, дүүргэлтийн ажил 60% гүйцэтгэлтэй байна. Гараж болон орон сууцны хана бодит байдал дээр орон сууцнаас барилга хүртэл 10.2 метр байгаа...” гэжээ.
13. Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэх талаас ярьж байгааг сонслоо, эдгээр иргэд айл өрхийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин зөрчигдөж байгааг анзаарлаа. Энэ асуудлыг шийдэх гэж маргаан үүссэн байна. Нөгөө талаас нэгдсэн эмнэлэг өөрийн эзэмшлийн газар дээрээ шинэ эмнэлэг барьж энэ орон нутагт олон мянган иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх, эрсдэл хоцрогдолгүй байхад тустай гэж үзэж байна. Барилга баригдаад үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа. Ингээд харахад миний бодлоор газартай холбоотой маргаан байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Э, Н.У, Д.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хариуцагчийн 2020.03.10-ны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний улмаас бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, ..-р байрны .. тоот байр нар үзэхээ байсан, сүүлийн 2 жилд хорхой шавж ихэссэн, нар үзэхгүйгээс хүүхдүүдийн дархлаа суларч биен дээр юм гарч ханиад хурдан хүрэх зэргээр эрх ашиг сонирхол зөрчигдсөн. Баригдаж байгаа эмнэлгийн гараж анх зурагдсан зурагнаасаа өөрчлөгдөж, цонхны дор буюу тухайн барилгынхаа зүүн талд баригдсан. Энэ нь үргэлжид түргэний машины дуут дохионд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн. Бид цаашид энэ байранд удаан амьдрахгүй зарж борлуулна, байрыг үнэгүйдүүлсэн. Мөн Барилгын тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй олгогдсон...” гэж, хариуцагч нь “...Энэ зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2017 оны 68-р тогтоолд заасанчлан зохих шаардлагыг хангасан гэж үзэж олгосон...” гэж тус тус маргадаг.
Нэхэмжлэгч Ж.Э 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, Н.У Д.Э нар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд Д аймгийн Г газрын даргад бичгээр[1] гомдол гаргаж улмаар хариуг өгөөгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
1. Нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн нарын эрх зүйн байдлын тухайд:
1.1 Нэхэмжлэгч Ж.Эаас хариуцагч Эд холбогдуулан 2020 оны 06 сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020.03.10-ны 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[2] хүчингүй болгуулах[3], нэхэмжлэгч Н.У, Д.Э нар 2020.07.30-ны өдөр мөн хариуцагчийн 01/2020 дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрөл олгох гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл[4] тус тус гаргасныг 2020.08.18-ны өдрийн шүүгчийн захирамжаар хоёр хэргийг нэгтгэсэн[5] болно.
1.2 Нэхэмжлэгч нар нь 2021.07.05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа[6] хариуцагч Э.Эийн 2020.03.10-ны өдрийн 01/2020 дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэдгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
1.3 Нэхэмжлэгч нараас бид ..-р байрны оршин суугчид гэж тайлбарлах бөгөөд анх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 93-р тогтоолоор[7] нэгдсэн эмнэлгийн 8 айлын орон сууцыг орон нутагт олон жил нарийн мэргэжлийн эмч ажилтнаар үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эмч ажилчдад худалдсан ба улсын бүртгэлийн гэрчилгээнд[8] Ж.Э 2 хүний өмч, С сум 7-р баг, .. байр, ... тоот 38,5 м2 1давхарт гэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд[9] Н.У... 2 хүний өмч С сум 7-р баг, ..-р байр, ... тоот орон сууц, 32 м2, 1 өрөө гэж, улсын бүртгэлийн гэрчилгээнд[10] Д.Э. /1хүний өмч/ С. сум 7-р баг ..-р байр, .. тоот 38,5 м2 2 өрөө байрны өмчлөгч гэжээ.
1.4 Хэргийн оролцогчид хэрэг материалтай бүрэн гүйцэд танилцсан, шүүхэд нэмж гаргаж өгөх санал хүсэлт баримтгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн[11] хийгээд нэхэмжлэгч Ж.Эын иргэний үнэмлэхэд[12] Д, С 7-р баг, н ..-р байр.. тоот гэх хаягаар, Н.Уийн 2019.10.02-ны өдөр олгосон иргэний үнэмлэхэд[13] Д аймаг, Ө сум, 2-р баг, Б 2 гэх хаягаар, Д.Эд иргэний үнэмлэхэд[14] Д, Х 2-р баг, О гэх хаягаар тус тус бүртгэгдсэн байна.
1.5 Тодруулбал нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэх дэх оршин суугаа хаяг нь тус ..-р байранд бүртгэлгүй байгаа нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 16 дугаар зүйлийн 16.1 “Монгол Улсын 16, түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна”, 18 дугаар зүйлийн 18.1 “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ”, 18.3 “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд аймаг, сум, нийслэл, дүүргийн нэр, баг, хорооны нэр, дугаар, хороолол, гудамжны нэр, байр, хаалганы дугаар, газар зүйн нэр /газар, усны/-ийг бүртгэнэ” гэж хуульчилсантай тус тус нийцэхгүй байна.
1.6.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р зүйлийн 1.1, 20-р зүйлийн 20.1.1-т зааснаар хариуцагчийн барилгын ажлын зөвшөөрөл олгох гэрчилгээний улмаас эдгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд тайлбарласанчлан нэхэмжлэгч нар ..-р байрны оршин суугчид /өмчлөгчөөр бүртгэгдсэн ч/ болох нь тогтоогдохгүй тул “шинжээчийн дүгнэлтэд заасанчлан оршин суугчдын амьдрах эрх зөрчигдөж нар үзэхгүй байна, байр үнэгүйдсэн, эрүүл мэндэд асуудал үүснэ“ гэх зэрэг эрх ашиг сонирхол тодорхойлогдохгүйд хүрч байна.
1.7 Нэхэмжлэгч нар нь өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцааны гэрээг[15] 2020.07.10 болон 2020.07.29-ний өдөр тус тус байгуулжээ.
2.Маргаан бүхий актын тухайд:
2.1 Хариуцагчаас 2020 оны 3 сарын 10-ны өдөр 01/2020 дугаар бүхий барилгын
ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[16] Д. аймгийн нэгдсэн эмнэлгийн эзэмшлийн /ХАА-машин механизмын хашаанд 2650 м2 газарт /4809001431 кадастрын код/ 100 ор хүчин чадалтай нэгдсэн эмнэлгийн зориулалтаар, цутгамал төмөр бетон баганан суурьтай, цутгамал төмөр бетон арагт бүтээцтэй үндсэн хийц 34.0х25,0 хэмжээ, зоорьтой, 6 давхар, 1 хэсэг блок, ГАС-05/19 зураг төслийн шифр дугаар бүхий, өндөр төвөгшилтэй барилга байгууламж ангиллаар Монгол Улсын эрүүл мэндийн яамны захиалгаар Г а с ХХК-ий зураг төслөөр, Т т ХХК-ий барилгын ажлыг гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл зэрэг бусад мэдээллийг тусгаж 2020.03.10-ны өдрөөс 2020.12.31-ний өдөр хүртэл хүчинтэй байх хугацаагаар Д аймаг, С сум, 7-р баг, Худалдааны гудамж - 2, 224 тоот хаягт гэж хүсэлт бүхий этгээдийн хавсаргасан баримт бичигт[17] болон хууль Монгол Улсын Засгийн газрын 2017 оны өдрийн 68 дугаартай тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх,үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-д зааснаар олгохыг хуульчилжээ.
2.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн үндэслэлийг 1-рт хугацаа дууссан, 2-рт анхнаасаа хууль бус байсан учраас маргаан бүхий актыг хүчингүй болгуулахыг өөрчилж хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ өөрчилснийг дэмжиж байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус болохыг тогтоож өгнө үү мөн нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бид дараа нь хохирлоо албан тушаалтнаас нэхнэ гэж тайлбарладаг.
2.3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар хуулийн энэ заалттай нийцэхгүй буюу акт нь анхнаасаа хууль бус байсан тул гэх үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа хугацаа дууссан актыг хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн “нэхэмжлэгчийн эрх ашиг байгаа бол” гэх үндэслэл зэргэлдээ байрны оршин суугч биш гэдгээр үгүйсгэгдсэнийг өмнө тайлбарласан ба маргаан бүхий актын үйлчлэл 2020.12.31-ний өдөр дуусгавар[18] болсон.
2.4 Уг маргаан бүхий актыг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан, шинэчлэн олгосон эсэх талаарх шийдвэр олгоогүй гэж аймгийн газрын албаны 2023.02.03-ны өдрийн 1/61 дугаартай албан бичигт[19] заажээ.
3. Газар олголтын тухайд:
3.1 Д аймгийн Н э нь газар эзэмших эрхийн 00... дугаар гэрчилгээгээр[20] 2650 м.кв газрыг ХАА-н машин,механизмын хашаа, гаражийн зориулалтаар эзэмшсэн, улмаар тус эмнэлгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/154 дүгээр албан бичгээр[21] мэдэгдсэн хүсэлтэд үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт өөрчлөх тухай” А/166 дугаар захирамжаар[22] зориулалтыг өөрчилж, газар эзэмших эрхийн 00... дугаар гэрчилгээгээр[23] уг газрыг “Эрүүл мэндийн байгууллага” зориулалтаар өөрчилж эзэмшүүлсэн ба энэ шийдвэрт нэхэмжлэгч нар маргаагүй.
3.2 М хотын ерөнхий төлөвлөгөөнд[24] “нэгдсэн эмнэлэг 150 ор, 2015-2020”, газар ашиглалт болон бүсүүдийн байршлыг тогтооход “эмнэлгийн бүс, одоо байгаа болон төлөвлөж буй эмнэлгүүд байрлана” гэж тус тус төлөвлөжээ.
3.3 Нэгдсэн эмнэлгийн даргын 2011.05.27-ны 302 тоот газрын эзэмшил шилжүүлэх тухай хүсэлт[25] илэрхийлснийг аймгийн засаг даргын 2012.04.04-ний А/185-р захирамжаар[26] нэгдсэн эмнэлгийн 2490 м2 газраас 226 м2 газрыг хасахаар заасан байх ба шүүх хуралдаан дээр тодруулахад газар бидний эзэмшилд шилжээгүй гэж нэхэмжлэгч нар тайлбарласан бөгөөд аймгийн газрын албаны 2020.09.04-ны 2/343 тоот албан бичгээр[27] 140-р байр нь нийтийн зориулалттай орон сууц тул газрын гэрчилгээгүй болно гэж тайлбарласнаар оршин суугчдын эзэмшил ашиглалтад нэгдсэн эмнэлгийн газраас зохих хэмжээгээр шилжиж олгогдоогүй байна.
4. Нэхэмжлэгч хариуцагч нарын зөрүүтэй тайлбарын тухайд:
4.1. Нэхэмжлэгч болон тэдний өмгөөлөгчөөс “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ,эрүүл ахуйн дүгнэлтийг гаргуулаагүй” гэж, хариуцагчаас “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжид л үнэлгээг хийхээс барилга бүрт хийхгүй” гэж тус тус маргах ба Барилгын тухай хуулийн 28-р зүйлийн 28.2.4-т зааснаар “шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайланг хариуцагчийн хувьд нэгдсэн эмнэлгээс шаардах эрхтэйгээс өөр бусад баримт бичиг шаардахгүйг хуулийн 28-р зүйлийн 28.6, 25-р зүйлийн 25.4-т зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг олгохоор тус тус хуульчилжээ.
4.2 Аймгийн М газрын барилгын техникийн улсын байцаагчийн Шүүхэд гаргасан дүгнэлтэд[28] дүгнэлт гаргуулахаар тавьсан асуултуудад шинжээчдийн гаргасан дүгнэлт хэсгийн 3, 10 дахь заалтад “МХГ-ын 2019.09.30-ны өдрийн 13-03-006/130 дугаартай дүгнэлтийг[29] гаргасан нь эрүүл ахуйн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасныг үндэслэнэ гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
4.3 Нэхэмжлэгч нар болон өмгөөлөгчөөс “шинжээчийн дүгнэлтэд заасанчлан нар үзэхгүй,өдөрт цонхны тавцанд нар тусах төдий үзэгдээд өнгөрдөг болсон” гэж, хариуцагчийн өмгөөлөгчөөс барилга хөгжлийн төв шинжээчээр томилогдож гаргасан дүгнэлтдээ “нар үзэгдэхгүй“гэж дүгнэсэн атлаа анх уг барилгын ажилд өгсөн магадлалд шаардлага хангах гэж заасан нь ойлгомжгүй” гэж тус тус тайлбарлах бөгөөд шинжээчийн дүгнэлтийн[30] болон барилга хөгжлийн төвийн магадлал[31] түүний хавсралтад заасанчлан аймгийн нэгдсэн эмнэлэг өөрийн эзэмшлийн газарт 30 жилийн хугацаанд зориулалтын дагуу газраа эзэмшиж ашиглах эрхтэй..
4.4 Нэхэмжлэгч нараас “барилгын байршлыг урагш зөөсөн, эхэс байрладаг газар таарсан, гаражийг өөрчилсөн” гэж, хариуцагчаас“Барилгын газрыг урагш шилжүүлсэн болон гараж анхны зураг дээр хойноосоо байсныг өөрчилсөн гэх зэрэг асуудал нь ерөнхий архитектур болон зургийг зохиогч гүйцэтгэгч байгууллагуудын асуудал” гэж тайлбарлах бөгөөд эмнэлгийн барилгын газрыг урагш шилжүүлсэн болон гаражийг зураг дээрээс өөрчилсөн зэргийг маргаан бүхий актад заагаагүй тул дүгнэхгүй.
4.5 Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр хариуцагчаа зөв тогтоогоогүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс газрын албаны ахлах мэргэжилтэн Эийн шийдвэрт л маргасан” гэж тус тус тайлбарлах ба нэхэмжлэгч нараас ямар актад маргах нь хуулиар олгогдсон эрх бөгөөд нэхэмжлэлд тухайн актыг гаргасан захиргааны байгууллага албан тушаалтныг хариуцагчаар нэрлэн заах нь хуулийн шаардлага юм.
5.Гуравдагч этгээд нарын тайлбарын тухайд:
5.1 “Т т” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “...манай компани 2019 онд зарлагдсан тендерт шалгарч тухайн обьектыг 2020.04 сараас эрүүл мэндийн яам, аймаг орон нутгаас гаргасан шийдвэр газар олголт, ажил гүйцэтгэх зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа болно. Одоогийн байдлаар угсралтын ажил 95%, дүүргэлтийн ажил 60% гүйцэтгэлтэй байна... Гараж болон орон сууцны хана бодит байдал дээр орон сууцнаас барилга хүртэл 10.2 метр байна...” гэж тайлбарласан ба шүүх хуралдаанд оролцохгүй[32] гэж мэдэгдсэн.
5.2 Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Х.Ж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөж Э.Э түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон[33] байх тул шүүх хуралдаанд оролцож шүүхэд гаргасан тайлбарт “Эмнэлгийн барилгын даац нь хэтэрч, стандарт шаардлагыг хангахгүй, зай талбайн хувьд хүрэлцээгүй гэж шат шатны байгууллагад шинэ барилгын асуудлыг тавьсан. Ингээд 2020 оноос энэ барилгыг барихад 8,620,000,113 мянган төгрөгийг улсын төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн. Барилгын гүйцэтгэл одоогоор 90хувьтай явж 1, 2-р давхрын дотоод засал, гадна пасад хийгдэж байна. Эмнэлгийн барилгыг барьж ашиглалтад оруулах нь иргэд олон нийтэд төдийгүй манай эмнэлэгт,аймаг орон нутагт ч маш чухал шийдвэр” гэв.
6. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:
6.1 Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ “нэгдсэн эмнэлэг өөрийн эзэмшлийн газар дээрээ шинэ эмнэлэг барьж орон нутагт олон мянган иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх,эрсдэл хоцрогдолгүй байхад тустай. Барилга баригдаад үйл ажиллагаа үргэлжилсээр байна. Иймд миний бодлоор газартай холбоотой маргаан” гэж дүгнэснийг[34] шүүх үнэлэв.
7. Шүүхийн зардлын тухайд:
7.1 Д аймаг дахь З хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаартай захирамж[35], 2022.02.15-ны өдрийн 16 дугаартай захирамжаар[36] Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсноор дүгнэлт[37] ирүүлсэн ба 4.652.800 /дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжилж[38], тус шүүхийн Тамгын газраас шилжүүлжээ[39]. Энэ хэрэгт нэхэмжлэгч Э, У, Э нараас шинжээч томилуулах хүсэлтийг бичгээр[40] гаргасан,нэхэмжлэгч нар болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “тийм 3уул шинжээч томилуулсан” гэж тайлбарласан зэргээс дүгнэвэл шүүхийн зардлыг нэхэмжлэгч нарт тэнцүү хуваарилан гаргуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараах журмаар тодорхойлно”, 47 дугаар зүйлийн 47.1-д заасанд тус тус нийцнэ
8.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан баримтыг[41] хэрэгт хавсаргав. Иймд дээрх үндэслэлүүдээр хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэрэг материалыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э, Н.У, Д.Э нарын нэхэмжлэлтэй хариуцагч аймгийн газрын ахлах мэргэжилтэн /Э.Э/-д хариуцагдах нэхэмжлэлийг буюу хариуцагчийн 2020 оны 03-р сарын 10-ны өдрийн 01/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3,45 дугаар зүйлийн 45.1.2, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шүүхийн зардалд төлсөн 4.652.800 /дөрвөн сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжлэгч нарт тэнцүү хуваарилан Ж.Э, Н.У, Д.Э нараас тус бүр 1550934 /нэг сая таван зуун тавин мянга есөн зуун гучин дөрвөн/төгрөгийг тус тус гаргуулж Д аймаг дахь шүүхийн тамгын газарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.О
ШҮҮГЧ М.
[1] 1-р хавтаст хэргийн 15-16, 120
[2] 1-р хавтаст хэргийн 37-38
[3] 1-р хавтаст хэргийн -25-27
[4] 1-р хавтаст хэргийн 110-112
[5] 1-р хавтаст хэргийн 137-138
[6] 2-р хавтаст хэргийн 150-151
[7] 1-р хавтаст хэргийн 199
[8] 1-р хавтаст хэргийн 8
[9] 1-р хавтаст хэргийн 116
[10] 3-р хавтаст хэргийн 80-82
[11] 3-р хавтаст хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд
[12] 2-р хавтаст хэргийн 152 талын арын нүүрэнд.
[13] 1-р хавтаст хэргийн 115
[14] 1-р хавтаст хэргийн 117, 2-р хавтаст хэргийн 152 арын нүүрэнд.
[15] 1-р хавтаст хэргийн 33, 134-135
[16] 1-р хавтаст хэргийн 9, 37-38
[17] 1-р хавтаст хэргийн 35-36, 41-97
[18] 1-р хавтаст хэргийн 37-38
[19] 3-р хавтаст хэргийн 195-196
[20] 1-р хавтаст хэргийн 186
[21] 1-р хавтаст хэргийн 208
[22] 1-р хавтаст хэргийн 207
[23] 1-р хавтаст хэргийн 209
[24] 3-р хавтаст хэргийн 215
[25] 1-р хавтаст хэргийн 198
[26] 1-р хавтаст хэргийн 203
[27] 1-р хавтаст хэргийн 176
[28] 2-р хавтаст хэргийн 117-120
[29] 1-р хавтаст хэргийн 13-14
[30] 3-р хавтаст хэргийн 29-34
[31] 1-р хавтаст хэргийн 211-221
[32] 3-р хавтаст хэргийн 176
[33] 3-р хавтаст хэргийн 184, 187
[34] 3-р хавтаст хэргийн 246
[35] 2-р хавтаст хэргийн 206-211
[36] 3-р хавтаст хэргийн 12-13
[37] 3-р хавтаст хэргийн 29-34
[38] 3-р хавтаст хэргийн 15-25
[39] 3-р хавтаст хэргийн 230-231
[40] 1-р хавтаст хэргийн 165-167, 2-р хавтаст хэргийн 86-87, 128-130, 177-178
[41] 2-р хавтаст хэргийн 240, 3-р хавтаст хэргийн 156-158,