Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 53

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Т.Төмөртулга,

хохирогч Ч.*******,

шүүгдэгч Ө.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт *******ний *******д холбогдох 2017 0108 0087 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ний *******.

Ө.******* нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хорооны нутаг дэвсгэрт уурхай ажиллуулж байх үедээ Хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс тус бичил уурхайд ажиллаж байсан иргэн Ч.******* нь кобшинд цохиулж бие махбодид нь хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.******* нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хороо 57 дугаар укланд байрлах газарт зохих зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа Хөдөлмөр аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс ковшны тросс тасарч уурхай дотор байсан иргэн Ч.*******ыг цохиж түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэлд гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.*******ын өгсөн “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.*******ын өгсөн “2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уурхайд ажиллаж байгаад  ковшны хөтлөгч тасраад би ковшинд даруулаад унасан. Энэ уурхайн аманд урьд нь нэг сар ажилласан юм. Тэгээд хэсэг хугацаанд ажиллахгүй байж байгаад, дахин ажиллаж байгаад ийм хэрэг гарсан. Уурхайд ажиллаж байхдаа цалин мөнгөө тогтмол авдаг байсан. ...Осол гардаг өдөр Баянцэнгэл хариуцаж ажиллаж байсан. Шөнийн 23 цаг өнгөрч байхад гарын үсэг зураад ажилдаа орцгоосон. Хохирол төлбөрөө авсан. Цаашид 2 хагалгаанд орно. Хагалгааны бүх зардлыг ******* өгнө гэсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгчээс 2.480.000 төгрөгийг хагалгаа болон эмчилгээний төлбөрт авсан. Цаашид хагалгаанд орох мөнгийг өгнө гэсэн. *******д бүрэн итгэж байна, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстой гэдгийг мэднэ. Гурвалсан гэрээ хийж байхад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ёстой, сургалт зохион байгуулах ёстой гэдгийг хэлж байсан Одоо бид сайн дураараа эвлэрсэн. Цаашид гарах зардлыг бүгдийг төлнө. ******* намайг дахин хоёр хагалгаанд ороход бүх төлбөрийг төлнө гэсэнд нь  итгэж байгаа болохоор гомдол санал байхгүй гэв.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.*******ын сэжигтэн яллагдагчаар өгсөн “2017 оны 02 дугаар сарын 23-ны үүрээр найз Мягмарсүрэнгийн эхнэр Цэцэгээ над руу залгаад “уурхайд осол гараад ковшинд хүн даруулчихлаа” гэж хэлсэн ба тэгэхээр нь би юу болсон талаар асуусан чинь “түргэн ирээд *******ыг аваад явсан” гэж хэлсэн юм. Тэгээд би Баярцэнгэл рүү утасдаад”юу болсон бэ” гээд асуусан чинь “ковшны хөтлөгчөөс тросс тасраад хүн дайрчихлаа” гэхээр нь “хүн нь гайгүй юу” гээд асуусан чинь “ямар ч байсан хөл нь хугарсан түргэн ирээд Улаанбаатар хотын гэмтэл рүү аваад явсан” гэж хэлэхээр нь би өглөө 8 цагийн үед ГССҮТ дээр очоод *******ын ар гэрийнхэн гээд түүний төрсөн эгч, дүү, үеэл Болд гэх залуу байсан ба тэд нартай уулзсан. Тэгээд бид нар тухайн үед ярилцаад өнгөрсөн ба ******* шокийн байдалтай байсан учраас хагалгаа хийгээгүй. Маргааш өглөө нь 8 цагт хагалгаанд ороод 14 цагийн үед хагалгаанаас гарч ирээд би шаардлагатай гэх 853,500 төгрөгийн зардлыг өөрөө төлсөн юм. Үүнээс хойш хагалгааны төлбөр болох 1,630,000 төгрөгийг төлсөн. ...манай найз Мягмарсүрэн гэх залуу бид 2 хамтарч ажиллуулдаг байсан ба ерөнхийдөө санхүү бусад бүх үйл ажиллагааг би өөрөө хариуцдаг байсан. Мягмарсүрэн бид 2 байгаа үедээ ээлжлээд Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж өгөөд дэвтэр дээр гарын үсэг зуруулан ажилд гаргадаг байсан. Тухайн орой зааварчилгааг Баянцэнгэл буюу Баавай өгч гарын үсэг зуруулан ажилд гаргасан байсан. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна ухаарч ойлгон буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 44-52 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн өвчний түүхээр хийгдсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №08шэ/151 дүгээр:

  1. “*******ын биед баруун талын сүүжний дэлбэн бяцарсан, баруун талын умдаг ясны дээд болон доод салаа, зүүн талын умдаг ясны доод салаа сэтэрсэн зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөг ясны диафиз хэсгийн дунд 3/1 хэсгийн хөндлөн зөрөөтэй тогтворгүй хугарал, цээжний хөндийн битүү гэмтэл: баруун 4, 5, 6, 7, 8-р хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл, баруун гуяны дотор болон ар тал, гадна бэлэг эрхтэнд шарх тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/хх-ийн 35 дугаар тал/

Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн

“Нэг. Шинжээчийн дүгнэлт гаргэх үндэслэл:

Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах далд уурхайн малталтаар нүүрсний олборлолт явуулж буй иргэн Ө.*******ын хувийн гэх ам цооногт ажиллаж байсан иргэн Б.Баяртогтох нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр уурхайн ам цооногт ажиллаж байхдаа кобшинд цохиулж биед нь хүнд гэмтсэн учирсан гэх 201701080087 тоот хавтаст хэрэгтэй танилцаж "Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол" ирүүлсний дагуу А.Оюунтүлхүүр би шинжээчээр ажиллаж байна. Үүнд:

Асуулт-1 Ө.******* нь бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байхдаа хөдөлмөриин аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг хангаж ажиллуулсан эсэх, хэрэв хөдөпмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам хангаж ажиллаагүй бол ямар дүрэм, журам зөрчигдсөнийг тодорхой гаргах?

Хариулт 1. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг,

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дах /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх" заалтыг,

"Хөдөпмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дах /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эруул мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг тус тус зөрчсөн байна.

Асуулт-2 Ө.******* уурхайд ажиллаж байсан ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг хангаж ажиллаж байсан эсэх.

Хариулт-2 Осолдогч Ч.******* нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дах заалтөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг зөрчсөн байна.

- "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 "Ажил, хөдөлмөр эрхлэж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна". 18.2.6 /ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоо сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшисэн байх/ гэсэн заалтууд т зөрчсөн байна.

Асуулт-3 Ө.*******ын уурхайд ажиллаж байсан Ч.******* нь кобшинд цохиулж биед нь хүндэвтэр гэмтсэн эсуудал нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх?

Хариулт-3 Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 1.7 дах заалт /Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмжийг түрээслэх, бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэргэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ.

-"Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 3.2-т /Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан (Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болох ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй) комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно.

Асуулт-4 Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам, зааварчилгаа өгч ажиллаж байсан эсэх?

Хариупт-4 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай жулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 "Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургал явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй, зааварчлага аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, “Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 153 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар "Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн Дөрөв. Аюулгүй ажиллагааны давтан зааварчилгаа өгөх 4.2.3 "Ажлын байран дахь өдөр тутмын давтан зааварчилгаа өгөх" гэсний дагуу зааварчилгааг өгөөгүй байна.

Асуупт-5 Ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж нь Монгол Улсын мөрдөгдөж байгаа стандартыг хангасан эсэх?

Хариулт-5 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь "Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна" гэсний дагуу туршилт хийлгээгүй, зохих зөвшөөрөл аваагүй байна.

Асуупт-6 Осол нь ямар ажилтан, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болсон бэ?

Хариупт-6 Осолдогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэрэгжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшисэн байх/,

- 27 дугаар зүйлийн 27.1 дахь заалт "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна" гэж заасны дагуу уурхайн эзэн хариуцана” гэх дүгнэлт,

/хх-ийн 38-40 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 61 дүгээр тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 62 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба хохирогч Ч.******* нь шүүгдэгч /яллагдагч/ Ө.*******д гомдол саналгүй учир уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нь хууль зөрчөөгүй байх тул *******ний *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-93/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч Ж.*******д ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ний *******ыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******ний *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.*******д бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ