Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 404

 

А.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлалтай, А.Ц-д холбогдох 201618010134 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлсэн, З овогт А-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, шүүгдэгч А.Ц-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. О.Ц, Ө.Г нарын үйлдлийн улмаас А.Ц толгойдоо гэмтэл авч нүүр нь тэгширч хавдсан байдалтай байсан нь эмчийн үзлэгийн дүгнэлт, шүүхэд өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Харин А.Ц тухайн үед Ө.М-ын гуйлт, хүсэлтээр өөрийн биед учирсан гэмтлийн зэргийг шинжилгээ хийлгэсэн баримтдаа тулгуурлаж гаргуулалгүй, хөнгөн гэмтэл гэж дүгнэлтээ гаргуулсан талаараа шүүх хуралдааны явцад мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ө.М, О.Ц, Ө.Г, О.У, О.Б, Ө.Г нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь тэд хэргийн талаар үнэн байдлыг мэдүүлээгүй, нэг нэгнийгээ хамгаалах, өөрсдийн үйлдлийг хаацайлах гэж үгсэн хуйвалдсаныг илэрхийлж байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд А.Ц-ыг Ө.Г, Ө.М, О.Ц нар бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан, тэдний халдлагаас мултарч гараад зугтах гээд мотоцикл дээрээ суухад том бетоноор мотоциклийг цохиж унагасан байдал нотлогддог. Мөн гэрч З.Т мөрдөн байцаалт болон шүүхэд мэдүүлэхдээ А.Ц-ыг О.Ц, Ө.Г, Ө.М нар гэрт эхлээд зодсон, гадаа гарсны дараа дахин зодсон нь хохирогч О.Ц, О.У, Ө.Б нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Ах, дүү нараараа цугларч өөрөөс нь насаар бага залуучууд хүч хавсраад бүгд нийлж ганц түүн рүү чиглэсэн үйлдлийг хийж, нүүрийг нь тэгширтэл, ухаан балартал нь цохиж зодоод байгаа тохиолдолд А.Ц-ны хувьд айх, сэтгэл санаа нь хүчтэй цочирдох байдал үүссэн нь тодорхой юм. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ц-ыг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж бусдын биед хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй, түүний үйлдэл, хэргийн бодит байдал, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэм бурууд бодитой үнэлэлт дүгнэлт өгсөн гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “О.Ц-ийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас А.Ц-ны санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгаагүй” хэмээн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хохирогч нь шүүгдэгч А.Ц-ны эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн зодсон, дахиж зодохоор хөөсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн. Мөн шүүгдэгч нь өөрийн амь насанд аюул учирч болзошгүй байдлаас зугтаж гэрээс гарахад Ө.Г, О.Ц, Ө.М нар нь түүнийг зодох гэж дайрсан байдал нь тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ц нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг “Нарст” гэх газарт Ө.Г-ийн хүч хэрэглэсэн, мөн Ө.Г, О.Ц, Ө.М нарын хүч хэрэглэхээр дайрсан хууль бус, зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэлийн гэнэтийн цочролд автаж, өөрийн амь насыг хамгаалж хохирогч О.Ц-г хутгалж, хүнд гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнээд А.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх нь яллах талын буюу гэрч О.У, З.Т нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудын агуулгад дүн шинжилгээ хийгээгүй, дүгнэлтэд нөлөөлж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, хохирогч О.Ц-ийн ямар хууль бус, зүй бус үйлдлийн улмаас А.Ц-ны санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан болохыг тодорхой тусгаагүй атлаа зөвхөн шүүгдэгч А.Ц-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, прокурорын эсэргүүцлийн дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрүүдийн зөрүүтэй байдал нь тогтоогдсон үйл баримт, түүнээс шалтгаалан хийгдсэн хууль зүйн дүгнэлттэй холбоотой байх бөгөөд анхан шатны шүүх прокуророос А.Ц-ыг яллаж буй нотлох баримтуудыг А.Ц-ны мэдүүлэг, А.Ц-ны мэдүүлгийг яллаж буй нотлох баримтууд тус тус харилцан үгүйсгэж байхад уг нотлох баримтуудыг харьцуулж, нэгийг нь үгүйсгэж, нөгөөг нь шийдвэрийн үндэслэл болгосон дүгнэлтийг бүхэлд нь хийлгүйгээр үйл баримтыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй бөгөөд энэхүү зөрчил нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарах тул үүнтэй холбоотой Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан бөгөөд уг шийдвэрийн үндэслэлд дээрх үндэслэлийг нэмж тайлбарласан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүүгийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 54 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүүгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН