Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102

 

“А т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Шүүгч Ч.Тунгалаг  

Шүүгчид:                   Г.Банзрагч,

                                    Д.Мөнхтуяа,

П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:         Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Ш.Мөнхжаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсгээр “Эб-Ө” ХК-д Баян-Өлгий аймгийн 13 дугаар багт 23981 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2017/0067 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0885 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2017/0067 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.4, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д заасныг тус тус баримтлан “А т” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/327 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 3 дахь хэсэгт заасан үйлдвэрийн бассейн ба конторын зориулалтаар “Эб-Ө” ХК-д эзэмшүүлсэн 23981 м.кв газрыг хүчингүй болгуулах шаардлагын зарим хэсгийг хангаж, 128 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох 23853 м.кв газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0885 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль бус байна.

4. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааж өгсөн.

5. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Эб-Ө” ХК-д нэр солигдсон үндэслэлээр өмнө нь эзэмшиж байсан газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан болохоос биш шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн зохицуулалт нь шинээр газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчиж байна.

6. Нэхэмжлэгчид Өлгий сумын Засаг даргын 1996 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамжийг үндэслэн Газрын албаны газрын асуудал хариуцсан албан тушаалтан газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь үнэн боловч Өлгий сумын Засаг даргын 1996 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамж огт гараагүй болох нь аймгийн Архивын тасгийн тодорхойлолтоор тогтоогдсон. Тухайн үед албан ёсоор газар эзэмшүүлсэн захирамж гараагүй байхад гэрээ байгуулсан нь тухайн албан тушаалтны буруутай үйл ажиллагаа болохоос биш хууль ёсоор газар эзэмшиж байгаа гуравдагч этгээдийн буруу биш юм.

7. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна.

8. Манай компани нь тухайн газрыг 1999 оноос одоо хүртэл хуулийн дагуу эзэмшиж ирсэн. Энэ нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас 1999 оны 3 дугаар сарын 08-ны өдөр олгосон 030100008 дугаартай газар эзэмших гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 409 дүгээр захирамж, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас манай компанитай 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, 0230961 дугаар бүхий гэрчилгээ, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000313783 дугаартай газар эзэмших гэрчилгээ зэрэг холбогдох нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байхад зөвхөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжийн хүрээнд асуудлыг авч үзэж дээрх захирамж гарснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн мэтээр дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай байна.

9. Нэхэмжлэгч нь тухайн газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан бол Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан газар эзэмшигчийн үүргийг биелүүлэх ёстой. 2003 оноос хойш энэ талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй мөртлөө Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөр А/327 дугаар захирамж гарсныг далимдуулан 2017 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хууль бус юм.

10. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж зааж өгсөн. “А т” ХХК нь маргаан бүхий газрыг 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр эзэмшиж байсан гэж маргаж байгаа боловч гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан байдаг. Гэрээний хугацаа дууссанаас хойшх 13 жилийн хугацаанд тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших талаар ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэр гаргуулж байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, газар эзэмших гэрээг сунгуулаагүй, ямар нэгэн газрын төлбөр төлж байгаагүй мөртлөө хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байхад 2017 онд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчиж байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

11. Иймд хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

13. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Гуравдагч этгээд “Эб-Ө” ХК-д нэр солигдсон гэх үндэслэлээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 128 м.кв газрыг давхцуулсан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон байна” гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй.

14. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжаар гуравдагч этгээд болох “Эб-Ө” ХК-д шинээр газар эзэмшүүлээгүй, зөвхөн тус компанийн улсын бүртгэл дэх нэр өөрчлөгдсөн учир өмнө нь эзэмшиж байсан газрыг шинэ нэрээр үргэлжлүүлэн ашиглах шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзэхгүйгээр дээрх захирамж гарснаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт зөрчигдсөн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай.

15. Мөн шүүхээс ...“нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ хээрийн болон суурийн судалгаа хийхгүйгээр зөвхөн хариуцагчийн зааж өгсөн газраар, шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн, хариуцагч манай компанийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг бусдад эзэмшүүлсэн болохоо шүүхийн маргаан гаргах хүртэл огт мэдээгүй байсан” гэсэн давж заалдах гомдолд дурдсан тайлбар үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

16. Иргэн, аж ахуйн нэгжид анх удаа газар эзэмшүүлэхдээ хээрийн болон суурийн судалгаа хийдэг болохоос биш эзэмшигчийн нэр өөрчлөгдсөн үндэслэлээр шийдвэр гаргахдаа дахин судалгаа хийх шаардлагагүй. Тэгээд ч тухайн газрыг гуравдагч этгээд 1999 оноос эрхийн гэрчилгээгээр эзэмшиж ирсэн байхад 2016 онд шийдвэр гаргахдаа дахин судалгаа хийх ёстой байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн газарт байсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч урьдчилан мэдэх боломжгүй, энэ асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс манайд огт хандаж байгаагүй, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдээллийн санд нэхэмжлэгчийн талаарх ямар нэгэн мэдээлэл, газар эзэмшүүлсэн хувийн хэрэг, холбогдох материал байхгүй байхад огт мэдээгүй байсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

17. Нэхэмжлэгч тухайн газрыг эзэмшиж байсан бол Газрын тухай хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлэх ёстой. “А т” ХХК нь маргаан бүхий газрыг 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээгээр эзэмшиж байсан гэж маргаж байгаа боловч гэрээний хугацаа 2004 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан байдаг. Гэрээний хугацаа дууссанаас хойшх 13 жилийн хугацаанд тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших талаар манай байгууллагад ямар нэгэн хүсэлт гаргаж шийдвэр гаргуулж байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, газар эзэмших гэрээг сунгуулаагүй, ямар нэгэн газрын төлбөр төлж байгаагүй мөртлөө 2016 онд гарсан захирамжийг далимдуулан 2017 онд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчиж байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

18. “А т” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ хийсэн М.Базархан нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Газар эзэмшүүлэх тухай шийдвэр, гэрчилгээ байсан байх” гэж мэдүүлснийг давж заалдах шатны шүүх газар эзэмшиж байсныг үгүйсгээгүй гэжээ. Гэтэл хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших, ашиглах асуудлаар гэрээ хийж, эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасан. Хуулийн дээрх заалтаар гэрээ хийсэн газрын мэргэжилтэн нь нэгэн зэрэг газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох ёстой ба Базарханы “гэрчилгээ нь байсан байх” гэж мэдүүлгийг нь гэрчилгээ байсан гэж үзэх боломжгүй. Мөн гэрээнд заасан Засаг даргын шийдвэр байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

19. Иймд хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна.  

21. Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/327 дугаар захирамжаар “Эрчим” ХК-ийн нэр нь “Эб-Ө” ХК болж өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр хуучин газар эзэмших эрхийн зөрүүтэй мэдээллийг арилган газрыг зориулалтаар нь эзэмшүүлэхээр /хавсралтаар/ шийдвэрлэжээ.

22. Нэхэмжлэгч “А т” ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дээрх Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3-д заасан “Эб-Ө” ХК-д Өлгий сумын 13 дугаар багт 23981 м.кв газрыг үйлдвэрийн бассейн ба конторын зориулалтаар эзэмшүүлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

23. Нэхэмжлэгчээс “манай компани 128 м.кв талбай бүхий үйлдвэрийн конторын барилга, тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах 3372 м.кв газрыг газар эзэмших гэрээний үндсэн дээр 2003 оноос эзэмшсээр ирсэн. Аймгийн Засаг дарга манай байгууллагын хууль ёсны өмчлөх эрхэд халдаж, 2016 оны А/327 дугаар захирамжаар “Эб-Ө” ХК-д 2.3 га газрыг эзэмшүүлэхдээ манай газартай давхцуулан хууль бусаар газар олгож манай эрхийг зөрчсөн” гэж маргажээ.  

24. Давж заалдах шатны шүүхийн “...анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зааж өгснөөр схем зураг үйлдэж, эрх бүхий этгээдээс холбогдох баримтуудыг цуглуулахгүйгээр тэдгээрийн тайлбарт тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн, ...нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэхэмжлэгчийн гэрчилгээгээр эзэмшиж буй гэх 3372 м.кв газар болон гуравдагч этгээдийн нэр солигдохоос өмнө эзэмшиж байсан газар хаана байрлаж, хэдий хэмжээтэй байсан талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.

25. Хэрэгт “А т” ХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 3372 м.кв газрыг эзэмшихээр аймгийн Газрын албатай байгуулсан 2003 оны газар эзэмших гэрээ авагдсан байх ба нэхэмжлэгчийг уг гэрээний дагуу газар эзэмших эрхтэй гэж үзэх эсэх, уг газар эзэмших гэрээ дуусгавар болсон эсэх, эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон эсэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

26. Нэхэмжлэгчээс 3372 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж тайлбарлан, газрын давхцлын талаар маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй газар болон гуравдагч этгээдийн нэр солигдохоос өмнө эзэмшиж байсан /маргаан бүхий захирамжийн хүрээнд/ газрын байршил хаана болох, эдгээр газрууд нь хоорондоо давхцалтай, эсхүл давхцаагүй байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийх байтал эдгээр үндэслэлийн талаарх баримтыг цуглуулахгүйгээр, нэхэмжлэгч “А т” ХХК-ийг зөвхөн конторын барилгын сууриар буюу 128 м.кв талбай бүхий газрыг эзэмших боломжтой гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

27. Мөн шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзэмшлийн газрыг үйлдвэрийн конторын газар, бассейны газар, гаражын газар хэмээн зааж өгсний дагуу схем зураг үйлдэгдсэн байх ба тус схем зурагт талбайн нийт хэмжээ 7842 м.кв гэж тодорхойлсон, гэвч анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн маргаж байгаа 3372 м.кв газар нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон 7842 м.кв газрын хэмжээтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт ойлгомжгүй, шүүх эдгээр объектуудын өмчлөгчийн талаарх баримтыг тодруулж, тухайн объектуудын доорх газрын талаар дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

28. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, “А т” ХХК нь 2003 оны газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөрийг гэрээний хугацаанд төлж байсан гэж тайлбарлах тул газрын төлбөрийг хэн, хэрхэн төлж байсан баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой юм.

29. Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үндэслэл болсон хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай болно.

30. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0885 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нарын хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ч.ТУНГАЛАГ

                             ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА