Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/MA2017/0280

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр           Дугаар 221/МА2017/0280              Улаанбаатар хот

А.Хыдырын нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлоор,  А.Хыдырын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэролэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч А.Хыдыр нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын А.Хыдырыг тус газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Цагааннуур тосгоны мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А.Хыдырыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Цагааннуур тосгоны мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан 2 сар 19 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1470538 /нэг сая дөрвөн зуун далан мянга таван зуун гучин найм/ төгрөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Сьезхан давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын /цаашид ХХҮГазар гэх/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 27-ний өдрийн 110/ШШ2017/0006 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна. Үндэслэл: 1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгуудад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэж байгуулагдсан. 09 дүгээр тогтоолтой холбогдуулан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга байсан Б.Цэрэндорж болон Хөдөлмөрийн хэлтсийн дарга байсан А.Галияг ажлаас чөлөөлсөн байгаа. Б.Цэрэндорж дарга чөлөөлөгдөхөөс өмнө А.Хыдыр нарын хүмүүсийг 6/32 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Цалингийн санг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т зааснаар "байгууллага нь татан буугдсан ажилтнуудад тухайн ажиллаж байсан албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний 3 сарын тэтгэмжийг бүрэн олгоно" гэснээр цалинг нь байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 8, 9 ,10 дугаар саруудад ажиллуулж цалин хөлс өгч байсан гэжээ. Ямар албан тушаалд хэний шийдвэрээр ажиллаж, ямар цалин авч байсан нь нотлогдохгүй байгаа. "Чи ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа, чиний орон тоо байхгүй, цомхтголд орсон" гэж мэдэгдэх нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэг гэж буруутгах боломж байхгүй. Б.Цэрэндоржийн тушаалаар халагдсан байхад шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг буруутгах үндэслэл байхгүй гэж намайг үзэж байна. Хоёр байгууллагыг нэптэсэн гэж яриад байдаг. гэтэл дээд шатны байгууллагын дарга нараас гарсан нэг ч шийдвэр байхгүй. Ингэж нэгтгэнэ шүү гэж албан ёсоор шийдвэр гаргах ёстой. Цаана нь албан хаагчдын, эд хөрөнгө, цалин хөлс, бичиг баримтын асуудлууд байгаа.

1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийн шинэчлэн тогтоох тухай" 09 дүгээр тогтолд "Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож, хоёр хэлтсийн ажилтнуудыг шилжүүлэн ажиглуулах" гэсэн талаар дурдаагүй байхад нэхэмжлэгч нь Засгийн газар хоёр хэлтсийн ажилтнуудыг нэптэ гэсэн гэж худал хуурмаг бичжээ.

2. А.Хыдыр нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хэлтсийн даргын 6//32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөө мэдэнгүүтээ хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2.2, мөн ЗХХШТХулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд нэг сарын дотор гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн.

3. Ажилтан А.Хыдыр нь 2016 оны 08 дугаар сарын 18-наас 9, 10 дугаар сарын хооронд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаагүй бөгөөд түүнд бид цалин тавьж олгоогүй байдаг. Учир нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 6/32 дугаар тушаалын хоёр дахь хэсэгт зааснаар цалинг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүргүүлсэн байгаа. Энэ тушаалд урьд өмнө аймагт халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан бүтэц орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэптээд тийм, тийм нэртэй ажилтныг нь дахин тийм албан тушаалд нь авч томилох талаар дурдаж бичээгүй байна. "Ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээгүй чөлөөлөгдсөн тушаалыг аваагүй" гэж А.Хыдырын гомдолтой байгаа нь шинээр байгуулагдсан хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт огт хамаагүй юм. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөнөө 4 сар болсны дараа мэдээд 12 дугаар сард нэхэмжлэл гаргасан гэвэл хэн ч итгэхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 4 дэх хэсэгт зааснаар Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар гэсэн шинэ байгууллага бий болгож өгсөн бөгөөд тус газрын орон тоо бүтэц зохион байгуулалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 6/21 дүгээр тушаалаар баталсан байна. Энэ тушаалд урьд өмнө аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн ажиллаж байсан бүтэц орон тоог Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэгтгэх , тийм, тийм нэртэй ажилтныг нь дахин тийм албан тушаалаар нь авч томилох талаар дурдаж бичээгүй байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 3-ний өдрийн 09 дүгээр тогтоолд мөн Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын болон ХХҮЕГазрын даргаас урьд ажиллаж байсан хоёр хэлтсийг нэгтгэх тухай тушаал шийдвэр эрхийн акт удирдамж гаргаагүй байна. Харин ерөнхий газрын 1/2 гэсэн албан бичигт хоёр хэлтсийг нэгтгэх гэсэн өгүүлбэр байдаг. Энэ нь эрхийн акт биш. Бүхэл бүтэн хоёр хэлтсийн эрх зүйн байдал хөндөгдөж гэж байгаа. Хоёр хэлтэс нь урьд өмнө нийт 60 гаруй ажилтантай байсан. Мөн орон байр, эд хөрөнгө, баримт бичигтэй бие даасан үйл ажиллагааг явуулж ирсэн. Эднийх яах талаар, яаж зохицуулах тухай эрхийн акт журам, заавар зөвлөмж чиглэл дээрээс ирээгүй. Одоогийн баталж өгсөн ХХҮГазрын нийт орон тоо 45 хүн байгаа, урьд 2 хэлтэст 60 гаруй хүнтэй байсан гэж анхан шатны шүүх нь бүгдийг нь энэ газарт ажилд оруулаад байх янзтай бөгөөд ингэлээ гээд төрийн залгамж үйл ажиллагааны хэм хэмжээ алдагдах байх. Яам, Ерөнхий газар нь энэ байдлын талаар урьд өмнөх хоёр  хэлтэс татан буугдсан. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 -д зааснаар татан буугдсан байгууллагын урьд ажиллаж байсан ажилтнууд нь урьдах авч байсан цалинг 8, 9, 10 дугаар сараар урьдчилан авсан. Тэд хөдөлмөр хийлгүй байж 3 сарын цалинг сул авч дээр нь 3 сарын тэтгэмжийг улсаас хувийн дансандаа хийлгүүлж авлаа. Одоогийн ХХҮГазрын ажлын чиг үүрэг зохион байгуулалт, бүтэц орон тоо нь урьд он хоёр хэлтсээс өөр болохоор ажилтнуудаа шийлж ав. Тэгээд хяналт тавьж ажилла" гэсэн чиглэл, зөвлөмжийг хэлдэг Ерөнхийдөө би энэ байдлыг мөрдлөгөө болгон ажиллаж байна. Анхан шатны шүүх нь: Хоёр хэлтэс татан буугдаагүй ажлын байр, ажлын чиг үүрэг нь ХХҮГазарт байгаа тул тэд орох ёстой гэж тус байгууллагад 60 хэдэн хүнийг бүгдийг нь оруулахаар шийдвэр гаргаж байна. 2016 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн Б.Досжан нь чөлөөлөгдсөнөө мэдсэнээс хойш 3-4 сарын дараа "дөнгөж мэдээд" гэж худал хэлж хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсний дараа шүүхэд гомдол гаргасныг шүүх үнэлж дүгнээгүй. Цаашид А.Хыдырын нэхэмжлэлийг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн 110/ШШ2017/0006 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль  ёсны  бөгөөд  үндэслэл  бүхий байна.

            Анхан шатны шүүх “...Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн чиг үүргийг шинээр бий болсон байгууллагад шилжүүлсэн, өөрөөр хэлбэл уг 2 хуулийн этгээдийг нийлүүлснээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсанаар ... нэхэмжлэгч А.Хыдырын ажиллаж байсан ажлын байр одоогийн өөрчлөн байгуулагдсан газрын бүтцэд хэвээр хадгалагдан үлдсэн, зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чиг үүрэг нэмэгдсэн ... хариуцагч Цагааннуур тосгоны мэргэжилтнээр томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч А.Хыдырыг Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон хариуцсан нийгмийн халамж, үйлчилгээний мэргэжилтнээр томилсон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн б/27 дугаар тушаал[1], тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “А.Хыдырыг туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэсэн тухай” 02 дугаар  тогтоол[2], Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоол[3], Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 албан бичиг[4], Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар тушаал[5], Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаал[6], А.Хыдырын /...Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллаж 2016 оны 08, 09, 10 саруудад цалин авсан.../ цалингийн хүснэгт[7]  зэрэг баримтууд тус тус авагджээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаас үзвэл Монгол Улсын Засгийн газраас аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэх хоёр байгууллагыг нэгтгэж, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болгон зохион байгуулсан, улмаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан газарт цалингийн сангийн хамт шилжүүлж, тушаал гаргахыг аймгуудын Нийгмийн халамж, үйлчилгээний газарт даалгасан, орон тоо бүтэц нь шинээр батлагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт нэхэмжлэгч А.Хыдыр нь 2016 оны 08, 09, 10 дугаар саруудад ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь тус тус тогтоогджээ. 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрийн албаны шалгалт өгөөгүй Х.Гумырсерикийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Цагааннуур тосгоны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилж, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Хыдырт урьд эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь хууль бус байна. Тодруулбал, 

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын “Нэг удаагийн тэтгэмж олгох тухай” 52 дугаар тушаалд байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдсөн, татан буугдсан эсэх зэрэг шалтгаан үндэслэлийг түүнчлэн, нэхэмжлэгч А.Хыдырыг ажлаас чөлөөлсөн эсэхийг заагаагүй атлаа тушаалын хууль зүйн үндэслэлийг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4 дэх заалт” гэж тодорхойлсон, гэрч Х.Назымгүлийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “... 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын даргаар шинээр томилогдсон дарга Б.Сьезхан нь ... шинэ бүтцийн дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн зарим албан хаагчид ажиллахаар болж зарим нь орон тооны цомхтголоор чөлөөлөгдөх болсныг мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг[8], хариуцагчийн өмгөөлөгчийн “... Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг татан буулгаж, даргыг нь чөлөөлсөн ... татан буулгасан гэж ойлгож байгаа  ...” гэх тайлбар[9] зэргээс үзвэл хариуцагч нь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг татан буугдсан, нэхэмжлэгч А.Хыдырын өмнө ажиллаж байсан ажил, албан тушаал нь хасагдсан гэж үзэж урьд эрхэлж байсан албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл төрийн албан хаагчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан тохиолдолд тухайн төрийн байгууллагын захиргаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.4-д заасны дагуу цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлж, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг нь олгох, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангах эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох зэрэг хувилбаруудын аль боломжтойг сонгож тухайн төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэлт баталгааг хангах үүрэгтэй.

Шинээр өөрчлөн байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар гэх бүтцийн нэгжид нэхэмжлэгч А.Хыдырын ажиллаж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх ажил, албан тушаалын чиг үүрэг нь хасагдаагүй буюу өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг дээр хөдөлмөр эрхлэлттэй холбоотой чиг үүрэг нэмэгдэж бусад чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан Сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт[10], сүүлд батлагдсан Сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтууд[11]-аар тогтоогдож байна.

Түүнчлэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “... Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулсан ...” гэх “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаал[12]-аас үзвэл Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаас үзвэл захиргааны хэргийн шүүх  “захиргааны актыг гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэхээр байна.  

            Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс татан буугдаагүй, харин Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэн өөрчлөн байгуулагдсан, өмнө ажиллаж байсан ажлын байр нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын нэхэмжлэгч А.Хыдырыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд томилоогүй эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ..., эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж заасантай тус тус нийцээгүйн улмаас төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг алдагдуулсан, хууль бус байх тул шүүх нэхэмжлэгч А.Хыдырыг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан Цагааннуур тосгоны мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Түүнчлэн, шүүх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай тус тус нийцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч А.Хыдыр нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргаж, хариу авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэх, түүнчлэн “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс нь татан буугдаагүй, нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаагүй, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдсон” талаарх дүгнэлтүүд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн “...А.Хыдыр ...шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн ... хоёр хэлтсийн нэгтгэх тухай тушаал шийдвэр гараагүй, ... А.Хыдыр нь 8, 9, 10 дугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллаагүй ...” гэх  агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Сьезханы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                        ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

       ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

       ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

       ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ